Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 07

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй С.Гантулгад холбогдох “Баривчлах байрны зардал 100.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:                   

     

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг 35 дугаар хэсгийн 03 тоотод оршин суух Сүрэнжавын Гантулга нь 2016 оны 06-р сарын 09-ний өдөр Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 тоот шийтгэврээр  саатуулах байранд 10 хоног баривчлагдан 2016 оны 12-р сарын 02-ны өдөр Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 136 тоот шийтгэврээр 20 хоног тус тус баривчлагдсан шүүхийн шийдвэр биелэгдсэн тул энэ хугацааны байрны зардал болох 100.500 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 2-р баг 35-3 тоотод оршин суух Сүрэнжавын Гантулга /МА-74112215/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баривчлах байранд 30 хоног баривчлагдсан нь үнэн. Түүний зардал 100.500 төгрөгийг төлж барагдуулна. Энэ зардлыг 30 хоногийн дотор төлж барагдуулна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч С.Гантулгад холбогдуулан гаргасан “Баривчлах байрны зардал 100.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөлвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Баривчлах байранд 30 хоног баривчлагдсан нь үнэн. Түүний зардал 100.500 төгрөгийг төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

  Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 100.500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 4550 төгрөгний  тал хувь 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч С.Гантулгад холбогдох “Баривчлах байрны зардал 100.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 100.500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний  тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА