| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0026/Э |
| Дугаар | 149/ШТ/0025 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 149/ШТ/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Э даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Тө
Улсын яллагч Д.Ш
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ш-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Ат холбогдох 2032001970010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, //*/// төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, //*/// тоотод оршин суух хаягтай. Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Эм овогт ЦА-р /РД:**//**/
Холбогдсон хэргийн талаар:
Ц.А нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд тус сумын 3 дугаар сургуулийн урд байх засмал зам дээр “явж байсан машинаас буулаа” гэсэн шалтгаанаар уурлаж эхнэр Б.Н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй...гэжээ.
Эрүүгийн 2032001970010 тоот хавтаст хэргээс:
Яллагдагч Ц.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2020 оны 10 дугаар сарын 19-ний орой цагийг нь сайн санахгүй байна. Манай эхнэр Б.Н ажлынхаа хүмүүстэй нэг газар хэсэг сууж байгаад ирье гээд гэрээсээ гарсан. Тэгээд цаг нэлээн орой болсон байхад манай эхнэр гэртээ ирэхгүй утасдахаар утсаа авахгүй байгаад байсан. Тэгснээ нэлээн олон дуудуулж байж нэг удаа утсаа авснаа би “А” бааранд сууж байна гэхээр нь ирэх болоогүй юм уу, бага охин чинь чамайг хайгаад уйлаад байна гэхэд болоогүй байна гээд нэлээн согтуу ярьсан. Тэгэхээр нь би “А” баарнаас эхнэр Б.Нийг авахаар гадаа нь очоод утасдаж дуудаж гаргаж ирсэн. Манай эхнэр баарнаас гарч ирчхээд нэлээн согтуу байж харих болоогүй байна, дахин айлд очно гээд байсан тул бид хоёр хэсэг маргалдаад би эхнэрээ машинд суусан байхад нь машинаа асаагаад гэр лүүгээ харихаар 3 дугаар сургуулийн урдуур явсан. Тухайн үед манайх **// тоотод байсан юм. Нэгдсэн эмнэлэг дөнгөж өнгөрөөд явж байтал арын суудалд сууж явсан манай эхнэр Б.Н нь гэнэт хаалга онгойлгоод буух гэхээр нь би зогссон. Намайг машинаа зогсоох үед манай эхнэр машинаас үсрээд буухаар нь би бууж очоод чи үхэх гээ юу, хүн хэрэгт хийх нь байна гэж уурлаад нүүр лүү нь нэг удаа цохисон.Тэгээд эхнэрээ машинд буцааж суулгаад харьсан... гэжээ.
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би 19 цагийн үед ажлынхаа эгч О хамт гадагшаа гарч ойрд хамт сууж юм яриагүй гээд эхлээд С бааранд орж тэнд хэсэг сууж байгаад дараа нь А бааранд орж суусан. Баар хаах дөхөж байтал манай нөхөр А над руу утасдаад хаана байна гэхээр нь “А” бааранд байна гэхэд удалгүй баарны гадаа ирээд намайг гараад ир гэсэн. Намайг баарнаас гарч ирэхэд манай нөхөр машинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд намайг харъя гэхээр нь би ажлынхаа эгчтэй жаал сууя гээд чи харьж бай гэхэд уурлаад байсан. Тухайн үед би нэлээн пиво уугаад халсан байсан тул ажлынхаа эгчтэй тэднийд очиж дахиж пиво уух гэж байсан юм. Тэгээд намайг авч харина гээд машинаа асаагаад явсан. Эмнэлэг өнгөрөөд 3 дугаар сургуулийн урд явж байхад нь би машиныхаа хаалгыг нээгээд үсрээд буусан чинь А машинаа зогсоогоод бууж ирснээ чи үхэх гээ юу, үр хүүхдээ яасан боддоггүй юм бэ, намайг хэрэгт хийх нь үү гэж уурлаад миний нүүр лүү цохисон. Тухайн үед миний хамраас цус гарахаар нь цусаа цэвэрлэж буцаж машиндаа суугаад харьсан. Маргаашаас нь миний хамар өвчин орж хөндүүрлэж эхэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд хамрын ясны хугарал байна гэсэн. Хот руу явж харуул гэсэн боловч би явж үзүүлж чадаагүй. Уг асуудлаас хойш 2020 оны 11 сарын сүүлээр дахин найз нөхдийнхөө хамт гарч нэг газар хэсэг сууж байгаад ирье гэснээс болж нөхөр бид хоёр маргалдсан. Тэгэхэд би уурлаж гарч яваад 2 хоногийн дараа гэртээ орох гэтэл манай нөхөр намайг хөөгөөд гэрт оруулахгүй гээд байхаар нь би цагдаад нөхөр Аыг миний хамрыг хугалсан талаар гомдол мэдүүлсэн. Намайг авч харина гээд байхаар нь би машины явдал дунд арын суудалд сууж явахдаа үсрээд буусан чинь уурлаад миний нүүр лүү цохисон. Биеийн байдал зүгээр. Хамар хааяа амьсгалж болохгүй битүүрээд байдаг. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ хамар луугаа цохиулсандаа гомдолтой байна. Ер нь миний буруутай үйлдлийн улмаас үүссэн. Гэхдээ надад гэмтэл учруулдаг нь манай нөхрийн буруу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 09-11 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тэр өдөр ээж ажлынхаа хүмүүстэй гадагшаа гарсан. Нэлээн орой болтол ээж ирээгүй тул аав ээжийг авчрах гээд явсан. Тухайн үед ээж архи уугаад нэлээн согтоод аавын үгэнд орохгүй, харихгүй гээд маргалдсан тул нүүр лүү нь цохиж гэмтээсэн байсан. Маргааш өглөө нь босоод харахад ээжийн хамар бага зэрэг гэмтсэн байсан. Аав ээжийг хэрхэн яаж зодож, цохисныг би хараагүй. Ээжийн хамар хаагуураа яаж хугарсныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хамар нь бага зэрэг далийсан байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр намайг ажил дээрээ байхад **//** тоотод оршин суух Б.Н гэх эмэгтэй ирж үзүүлсэн. Уг хүн нь нөхөртөө зодуулсны улмаас хамар гэмтсэн гэж ирсэн. Үзлэгээр ил харагдах гэмтэл байгаагүй. Тухайн үед би гэмтэл авсан даруй ирж үзүүлэхгүй яасан юм бэ? Өөрийн чинь хэлсэн зовуурь өгүүлэмжээр хамрын ясны хугарал гэсэн урьдчилгаа онош тавилаа. Уг урьдчилгаа оношийг баталгаажуулахын тулд Улаанбаатар хот явж тархины томографт харуулж шинжилгээ өгөх хэрэгтэй, мөн Улсын 1-р төв эмнэлэгт очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гээд амбулаторийн үзлэгийн картад нь тэмдэглэл хийсэн..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч Эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “1.Б.Н биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдсон, 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн №220 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 38 дугаар хуудас/, Шүүгдэгч Ц.Аын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /55-56 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Ц.Аыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд тус сумын Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн урд байх засмал зам дээр “явж байсан машинаас буулаа” гэсэн шалтгаанаар уурлаж эхнэр Б.Н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 09-11 дүгээр хуудас/, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээчийн №220 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/, Насанд хүрээгүй гэрч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/, Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Б.Н нь гомдол саналгүй, ямар нэгэн хохирол, эмчилгээний зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Ц.Ат оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд тус сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн урд байх засмал зам дээр “явж байсан машинаас буулаа” гэсэн шалтгаанаар уурлаж эхнэр Б.Н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Ат эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эм овогт Цэ-ын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Аын торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд 10 /арав/ хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэргийн улмаас Ц.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.Э