Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 149/ШТ/0022

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Э даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                      Нарийн бичгийн дарга                                             С.Т

                      Улсын яллагч                                                           О.Н

                     Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч               Ч.М

                     Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           А.Х

                      Шүүгдэгч                                                             Э.Х  нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Хд холбогдох 2032000000138 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, //*/// өдөр Сэлэнгэ аймгийн  Мандал суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, //*/// тоотод оршин суух хаягтай. Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ан овогт Э-ын Ха /РД://*///

 

Холбогдсон хэргийн талаар: Э.Х нь “Зүүнхараа төв зар” гэх нэртэй олон нийтийн сүлжээнд /фейсбүүк/ насанд хүрээгүй Э.Э, В.О нарын зургийг байршуулан “энэ охидуудаас болгоомжил гэр эзгүйчилж хүний нөхөртэй явалдаж, айл гэр үймүүлдэг балиар юмнууд 4 дүгээр сургуульд сурдаг эцэг эхийг нь таньж мэддэг хүн байна уу. Би олон удаа сануулж хэлсэн” гэх мэдээллийг байршуулж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ:...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хавьцаа би Улаанбаатар хотод жолооны сургалтад суухаар эндээс хүүхэдтэйгээ очоод сургалтад сууж байсан юм. Тэр үеэрээ мөнгө олох  халтуурын ажил хийдэг байсан юм. “Эрдэм транс” автобусны компанид ажиллаж байсан. Тэр хэрэг гардаг өдөр манай гэрт О,Б болон Ж нарыг хамт архи ууж байгааг нь би шөнө мэдсэн юм. Намайг гэртээ байхгүй үед манай гэрийг эзгүйчлээд Жийн найзууд архидан согтуурч байгаад гадаа хүмүүс орилоод байна гэсэн мэдээ надад ирсэн. Урд өмнө нь 2020 оны хавар О манай нөхөр Жтэй хамт манай гэрт архи ууж байсан. Тэгээд дахиад манай нөхөр эмэгтэй хүнтэй архи ууж байна гэж сонсоод би О руу чат бичээд залгаад “чи манай гэрт байгаа юм уу” гэхэд “би айлын ажил явдал дээр байна” гэхэд нь би шууд тулгахад “уучлаарай би танайд байна” гэж үнэнээ хэлсэн. “Манай гэрээс яв чи хэнтэй байгаа юм бэ” гэхэд “Б гэдэг охинтой байна. Б танай нөхөртэй хөтлөлцөөд сууж байна. Хэд хоногийн өмнө танай нөхөртэй энэ хоёр хоносон” гэж надад хэлсэн, “Б гэдэг охин танайхаас ерөөсөө явахгүй байна” гэж хэлсэн. Би тэгээд нөхөр Жтэй Огийн чатаар харилцсан. Тэгэхэд манай нөхөр  О,Б нарыг өөрт хамааралгүй гэж надад тайлбарласан. Тэр хоёрыг би “манай гэрээс яв, Бтэй чинь ярья” гэхэд надтай чатаар харилцуулсан. Б “танайхаас явж чадахгүй. Чи нөхрөөсөө салсан шүү дээ” гэдэг хариу өгсөн. Тэгээд би “зургийг чинь тавилаа шүү, ээжид чинь хэлье, та нар насанд хүрээгүй хүүхдүүд хоёр дахь удаагаа манайхыг эзгүйчилж архи ууж байна” гэхэд О тэр Бийг л “танай нөхөртэй чинь явдаг, архи уудаг, би харилаа” гэж хэлсэн. Би “за за явахгүй бол би зургийг чинь тавилаа” гэсэн. Би Бийн царайг харж байгаагүй. Ог харж байсан болохоор Огийн фэйс рүү нь ороод нэг охинтой зураг авхуулсан байсан. Тэрийг нь би Э би Б гэж бодсон. Зургийг нь би үүрээр сүлжээнд тавьсан. Үүрээр тавиад тэрийгээ өглөө устгасан. Тэр 2 манайд хоносон байсан. Бийн ээж рүү яриад хэлэхэд ээж Э нь цагдаад дуудлага өгөөд тэд нар бөөнөөрөө цагдаад баригдаж ирсэн байна лээ. Өөр бас 2 залуу байсан. Тэгээд би Улаанбаатар хотоос өглөө галт тэргэнд суугаад өдөр Зүүнхараад ирэхэд Э, Б нар бөөнөөрөө манайд очоод архи ууж байсан. Тэгээд Э намайг элдэв бусаар хэлээд над руу дайраад “манай охин танай нөхөртэй  явалддаг юм бол би зөвшөөрнө. Чи нөхрөөсөө салчихсан шүү дээ” гэсэн. Тэгээд согтуурхаад сүүлдээ “манай охин явалддаггүй гэж байна” гэж хэлээд  охиныхоо хажууд намайг элдвээр хэлж байсан. Манай цонхыг хагалаад, хаалга үүд эвдээд сүүлдээ цагдаа дуудаад явуулсан. О Б хоёр зугтаагаад явсан. Од би “та нар жаахан охидууд юм даа дахиж битгий тэгээрэй” гэж байхад дахиж манайд архи уусан байсан. Би Эн зургийг андуурч фэйсбүүкт байршуулснаа зөвшөөрч байгаа. Э буруугүй. Би Зүүнхараа төв зар дээр “хүний нөхөртэй явж байсан олон дахин сануулсан гэж л...” би тэр хоёрыг өөрт нь залгаж хэлж байсан “сүлжээнд тавилаа шүү” гэж. Э зургийг Бийн зураг гэж андуурсан юм... гэжээ.

 

    Эрүүгийн  2032000000138 тоот хавтаст хэргээс:

 

                Насанд хүрээгүй хохирогч Э.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... би тэр хүмүүсийг танихгүй. Тухайн зураг фейсбүүкт тавигдсаны дараа л тэр зургийг тавьсан хүн болон нөхрийг нь манай ангийн хүүхэд О таньдаг гэж ярьсан. Би тэдний гэрт нь очиж байгаагүй. Би тэр зургийг фейсбүүкт тавьсан Х гэх хүн болон түүний нөхрийг нь огт танихгүй. Урьд нь уулзаж байгаагүй. О тэднийг таньдаг гэсэн. Манай ангийн хүүхдүүд болон манай төрсөн ах, хамаатны хүмүүс над руу залгаж буруугаар ойлгож миний хувьд эвгүй байдалд орсон. Ангийн хүүхдүүд маш их шоолсон. Танихгүй хүмүүс хүртэл айл гэр үймүүлсэн чи тийм явдалтай юм уу гэж утсаар ярьж элдвээр доромжилж байсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч В.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тэр шөнө Б бид 2 Ж ахын гэрт хоносон. Ж ах бид хоёрын хооронд ямар нэг харилцаа байхгүй. Б Ж ах хоёрын хооронд ямар нэгэн харилцаа байдаг эсэхийг мэдэхгүй. Би тэр шөнө унтаагүй, Ж ахын буйдан дээр  нь суугаад өнжсөн. Гэтэл өглөө нь Бийн ээж цагдаа дуудсан юм байна лээ. Тэгээд л тэдний гэрээс явсан. Түүнээс хойш би Ж ахтай уулзаагүй. Харин эхнэр Х нь байнга утсаар хэл амаар доромжилж, дарамтлах болсон...Э.Э нь манай ангийн охин байгаа юм. Сүүлд Э бид хоёрын авхуулаад фейсбүүкт тавьсан зургийн Х нь манай нөхөртэй явалддаг гэсэн утгатайгаар тавьсан байсан. Манай ангийн хүүхдүүд болон манай төрсөн ах, хамаатны хүмүүс над руу залгаж буруугаар ойлгож намайг загнаж миний хувьд эвгүй байдалд орсон гомдолтой байна..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бийн “...Ж ахын гэрт байх хугацаанд түүний эхнэр Х Огийн утас руу “чи манай гэрт байгаа юм уу одоо манай гэрээс яв” гэсэн утгатай чат бичсэн гэсэн. Огийн утсаар Ж ах эхнэр Хтайгаа чатаар харьцаад байсан гэсэн. Тэр шөнөдөө О бид хоёр Жгийн гэрт хоносон. О явахгүй гээд байсан. Шөнө үүр цайж байхад О “миний зургийг фейсбүүкт тавьчихсан байна” гэж ярьж байсан. Х л О, Э нарын зургийг нөхөртэй нь явалдаж байна гэх утгатай пост оруулж тавьсан байсан. Надтай цуг О л Ж ахын гэрт очсон. Э тэдний гэрт очоогүй. Түүнийг хэлмэгдчихсэн гэж бодож байна..../ХХ-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Н.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:....Манай охин Э.Э ангийнх нь охин О гэдэг охин өчигдөр манай охинд “Зүүнхараа төв зар гэсэн цахим хаягт чиний зургийг тавиад гэр бүл үймүүлэгч гэж олон нийтэд түгээсэн байна” гэж хэлээд зургийг нь үзүүлсэн байна. Тэгээд би миний охины зургийг олон нийтийн сүлжээнд байрлуулсан зураг болон бичсэн зүйлийнх нь зургийг аваад өргөдөлдөө хавсаргасан. “Э” гэсэн цахим хаягтай хүн “Зүүнхараа төв зар” гэх нэртэй олон нийтийн сүлжээнд насанд хүрээгүй Э.Э, В.О нарын зургийг байршуулан “энэ охидуудаас болгоомжил гэр эзгүйчилж хүний нөхөртэй явалдаж айл гэр үймүүлдэг балиар юмнууд 4 сургуульд сурдаг эцэг эхийн таньж мэддэг хүн байна уу би олон удаа сануулж хэлсэн” гэж бичээд миний охин Э болон ангийнх нь охин Огийн зургийг хамтад нь тавьсан байсан.... гэх мэдүүлэг /ХХ-ийн 28 дугаар хуудас

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчөөс Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Э.Хгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 48 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Э.Хг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч Э.Х нь “Зүүнхараа төв зар” гэх нэртэй олон нийтийн сүлжээнд /Facebook/-д насанд хүрээгүй Э.Э, В.О нарын зургийг байршуулан “энэ охидуудаас болгоомжил гэр эзгүйчилж хүний нөхөртэй явалдаж, айл гэр үймүүлдэг балиар юмнууд 4 дүгээр сургуульд сурдаг эцэг эхийг нь таньж мэддэг хүн байна уу. Би олон удаа сануулж хэлсэн” гэх мэдээллийг байршуулж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Насанд хүрээгүй хохирогч Э.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26 дугаар хуудас/, Гэрч Н.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Э.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...насанд хүрээгүй Э.Э хувьд хэрэг гардаг өдөр манай гэрт очоогүй, надад буруу зүйл хийгээгүй тул гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин В.О нь “...урд өмнө нь 2020 оны хавар манай нөхөр Жтэй хамт манай гэрт архи ууж байсан, тэгээд дахиад манай нөхөртэй хамт архи уусан...” гэж мэдүүлдэг ба энэ нь шүүгдэгч Э.Хгийн интернэт сүлжээ буюу /Facebook/-ээр олон нийтэд тараасан “энэ охидуудаас болгоомжил гэр эзгүйчилж хүний нөхөртэй явалдаж айл гэр үймүүлдэг балиар юмнууд 4 сургуульд сурдаг эцэг эхийн таньж мэддэг хүн байна уу би олон удаа сануулж хэлсэн” гэх хүний нэр хүндэд халдсан дээрх мэдээлэл үнэн гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж үзэв.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

   Иймд шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, илтэд худал мэдээллийг олон нийтэд тарааж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Насанд хүрээгүй хохирогч Э.Э, В.О, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс мөнгөн төгрөгөөр илэрхийлэгдэх хохирол, төлбөр нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

         Гурав. Шүүгдэгч Э.Хд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.Х нь “Зүүнхараа төв зар” гэх нэртэй олон нийтийн сүлжээнд /Facebook/-ээр насанд хүрээгүй Э.Э, В.О нарын зургийг байршуулан “энэ охидуудаас болгоомжил гэр эзгүйчилж хүний нөхөртэй явалдаж, айл гэр үймүүлдэг балиар юмнууд 4 дүгээр сургуульд сурдаг эцэг эхийг нь таньж мэддэг хүн байна уу. Би олон удаа сануулж хэлсэн” гэх мэдээллийг байршуулж хүний нэр төрд халдсан илт худал мэдээлэл тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байгаа ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Э.Хд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10-н сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан “насанд хүрээгүй хохирогч нараас уучлалт гуйж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ан овогт Э-ын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Х торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Хг “насанд хүрээгүй хохирогч Э.Э, В.О нараас уучлалт гуйж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Энэ хэргийн улмаас Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ж.Э