Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 08

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр баг Оргих фермд оршин суух, 51 настай, эмэгтэй, одоо хувиараа мал малладаг Гомжин овогт Дашнямын Нарантуяагийн /МХ-65061200/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Цагааннуур сумын Оргихын фермийн бага сургуульд тогоочоор ажиллаж байгаад 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бага сургууль татан буугдсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон, чөлөөлсөн тушаалууд нь архивт байхгүй учраас ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн. Хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдсэн байгаа.

Иймд намайг Цагааннуур сумын Оргихын бага сургуульд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.    

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь “...намайг Цагааннуур сумын Оргихын бага сургуульд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 Д.Нарантуяа нь Цагааннуур сумын Оргихын бага сургуульд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Д.Нарантуяагийн 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн 447713 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 2-3 талд авагдсан Цагааннуур сумын Оргихын бага сургуульд тогоочоор ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн талаарх тушаалуудын бичилтүүд, 1985 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээлгэсэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний №589913 дугаартай бат илэрхийлэх, 1985 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин А.Уянга, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин А.Одончимэг нарын “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд, гэрч З.Болдбаатар, Ч.Зина, П.Баасай нарын шүүхэд Д.Нарантуяагийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Д.Нарантуяаг Цагааннуур сумын Оргихын бага сургуульд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дашнямын Нарантуяаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргихын бага сургуульд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор ажилласан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА