| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0088/э |
| Дугаар | 2021/ШЦТ/93 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Н.Д,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О холбогдох эрүүгийн 2125000000124 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө эхнэр Д.Б толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр маань өөр утсаар хүнтэй яриад байдаг. Тэр утсыг нь олоод халаасандаа хийчихсэн байсан чинь надаас авах гээд ноцолдоод байсан. Эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-07-р хуудас/
2. Хохирогч Д.Б-ын “2021.03.03-ны орой 23 цаг 40 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-24-46 тоот гэртээ 2 хүүхдийн хамт байж байхад манай нөхөр Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу гэрт орж ирээд намайг босож ир гээд гар утсаа шидэн орноос минь сэрээн босгож зайл гэж хөөн гэрээс гаргачихаар нь орцонд зогсоод байж байтал удалгүй эргэж гарч ирээд намайг эргүүлэн гэрт оруулж үүдний хэсэгт ална гэж хоолойг минь гараараа багалзуурдаж, толгой хэсэг рүү баруун гарын дотор хэсгээрээ нилээд хэдэн удаа цохиж байгаад ална гээд над руу гал тогооноос заазуур аван шидсэн. Уг заазуур нь намайг оноогүй, тэгээд намайг унтлагын өрөө рүү чирэн оруулж газар унагаан хоолойг минь гараараа багалзуурдаж байгаад ална гээд баруун гарын дотор хэсгээрээ толгой хэсэг рүу алгадаад, биеийн нуруу болон зүүн хөлийн гуя хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд дахиад том өрөөнд орж ирж намайг ална гээд буйдан руу түлхэж унагаан, толгой хэсэг рүү баруун гарын дотор хэсгээрээ алгадан зодож мөн 2 гарыг минь барьж байгаад мушгиад байсан. Тэгээд байж байтал манай төрсөн эгч Золжаргал гэрийн хаалгыг түлхүүрээр онгойлгон орж ирэн манай нөхрийг надаас салгасан. Тэгээд удалгүй байж байтал цагдаа ирэн манай нөхрийг авч явсан. Миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй. Миний мэдүүлгийг нууцлаж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 13-р хуудас/
3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182 дугаартай “Д.Б-ын биед зүүн хацар, зүүн чихний дэлбээ, хоёр гарын бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт үүсчээ, уг гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цус хуралтууд нь нэг цаг хугацаанд үүссэн ба шинэ гэмтэл байна, зүүн хацар, зүүн чихний дэлбээ, хоёр гарын бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 19-20-р хуудас/
4. Яллагдагч Б.О-ын “Тухайн үед эхнэрийнхээ зүүн талын хацар луу баруун гараараа 2 удаа алгадсан. Олсон утсаа би халаасандаа хийчихсэн байхад өмдний халааснаас авах гэж нилээн их ноцолдсон, эхнэр маань өмдний халаастай хамтад нь ураад гар утсыг булаагаад авсан. Тэгээд л удалгүй гаднаас цагдаа нар ороод ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь 2021 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум 2-24-46 тоотод эхнэр Д.Б-ын толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтууд болох хохирогч Д.Б-ын мэдүүлэг, шүүгдэгч Б.О-ын мэдүүлэг, шинжээч 182 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож, тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Д.Б-ын тухайд эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан. Хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх. Энэ гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан энэ хэрэгт иргэний нэхэмжлэл байхгүй. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-ын “хоолойг минь гараараа багалзуурдаж, толгой хэсэг рүү баруун гарын дотор хэсгээрээ нилээд хэдэн удаа цохиж байгаад ална гээд над руу гал тогооноос заазуур аван шидсэн, уг заазуур нь намайг оноогүй, тэгээд намайг унтлагын өрөө рүү чирэн оруулж газар унагаан хоолойг минь гараараа багалзуурдаж байгаад ална гээд намайг баруун гарын дотор хэсгээрээ толгой хэсэг рүу алгадаад, биеийн нуруу болон зүүн хөлийн гуя хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд дахиад том өрөөнд орж ирэн намайг ална гээд буйдан руу түлхэж унагаан, толгой хэсэг рүү баруун гарын дотор хэсгээрээ алгадан намайг зодож мөн 2 гарыг минь барьж байгаад мушгиад байсан” гэсэн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2021 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө эхнэр Д.Батжаргалтай маргалдаж, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-ын яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А