Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/103

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2125000000050 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шандын баруун задгай 8-02 тоот гэртээ өөрийн төрсөн хүү 03 сартай О.Б-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөлнөөс нь барьж, шидсэний улмаас “тархи доргилт” гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шандын баруун задгай 8-02 тоотод гэртээ өөрийн төрсөн хүү 9 настай А.Б руу аяга шидэж, толгойн тус газар нь онож, өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж, хүү А.Б-ийг дан цамцтай гэрээсээ хөөж гаргасан, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн газрын байранд 03 сартай хүү О.Б-г чимхэж уйлуулж, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэргий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны зовиур, шаналал үүсгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, өөрийн төрсөн хүү 9 настай А.Б-г, 03 сартай О.Б нарын аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын сэтгэл санааны зовиур, шаналал үүсгэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-ийн мэдүүлэхдээ “2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болсон явдлаа өөрөө мэдэхгүй байгаа. Би согтуу байсан нь үнэн гэхдээ би хүүхдүүдээ зодсоноо мэдэхгүй байна. Батзоригийг гаднаас түлээ аваад ир гэж гаргасан. Манай хаалганы ручик нь хугарсан тул гаднаасаа онгойдоггүй. Аяга шийдсэнээ санахгүй байна. Тийм учраас би хүүхдийнхээ мэдүүлсэн мэдүүлгийг худлаа гэж хэлэхгүй хүлээн зөвшөөрч байна. 01 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн газар хүүхдээ чимхэж уйлуулсан гэдэг нь худлаа. Хоёр давхар өлгийтэй хүүхдийг чимхэж уйлуулна гэж байхгүй. Б-гоос асуухад ээжээ би тийм мэдүүлэг өгөөгүй, намайг энэ дээр гарын үсэг зур гэхээр нь нэрээ бичсэн гэж хэлсэн” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн хууль ёсны төлөөлөгч У.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Миний хувьд М.Б төлөөлөгчийн байр суурьтай ижил байр суурьтай байна. Б манай түр хамгаалах байранд хоёр удаагийн үйлчилгээ авсан. 12 дугаар сарын 29-ны өдөр ирээд 01 дүгээр сарын 02-ны өдөр хамтарсан багт нь хүлээлгэж өгөх гэсэн боловч амралтын өдөр байсан. Хүүхдэд баримт бүрдүүлээд материалжуулсан. Хүүтэй ярилцахад цовоо сэргэлэн, хэлэх гэсэн зүйлээ хэлдэг цовоо сэргэлэн хүүхэд байсан. Хүүтэй ярилцаж байх үед ээжтэйгээ байх үедээ сэтгэл зүйн хувьд бие мабод болон сэтгэл зүйн хувьд маш их дарамтанд байдаг тухайгаа ярьж байсан” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Б-гийн хууль ёсны төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд 6 сартай хохирогч Б-гийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Б.О-ийн хувьд 2020 оны 12 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхдүүдтэй харгис хэрцгий хандсан гэх гомдол удаа дараа Цагдаагийн байгууллагаас ирсэн. Хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.О нь амиа хорлох үйлдэл гаргасан. Энэ хугацаанд 6 сартай хүүхдийг нь харах хүнгүй гэх үндэслэлээр хүүхдийг Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасгагт 8 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Хүүхдийг хэвтэн эмчлүүлэх хугацаан хэнээр харуулах вэ гэх асууудал үүссэн. Цэцэрлэгийн багш болон сувилагч мэргэжилтэй гурван хүнтэй гэрээ байгуулж ажилласан. Яагаад гурван хүнтэй гэрээ байгуулсан бэ гэхээр найм хоног хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байхад Б хүү энхий 3-4 хоног шөнө унтахгүй, хөхөө ирж хайдаг байсан учраас нэг хүн асархад хүндрэлтэй байсан тул гурван хүүхэд асрагчтай гэрээ байгуулсан. Найм хоногийн хугацаанд хүүхдэд нөхөн сэргээх эмчилгээ болон амин дэмжүүлэх эмчилгээ хийгдсэн. Эмнэлгээс гараад түр  хамгаалах байранд нийтдээ сар гарангийн хугацаанд ажилласан. Хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулиар хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй хүүхдээ үл хайхарсан гэх үндэслэлээр 200 000 төгрөгөөр торгосон. Мөн хүүхдэд памперс, сүү орлуулагч гэх зүйлийг манай байгууллагын зүгээс хангаж байгаа. Энэ хугацаанд хүүхдэд нийт 2 000 000 гаруй төгрөгийг хэрэгцээнд нь зарцуулсан. Б.О нь баривчилгаанаас гарч ирээд хүүхдээ буцааж авъя би аав болон хүүхдүүддээ бие махбод болон сэтгэлийн зовуурь үүсгэхгүй гэж амлалт бичиж өгсөн боловч 03 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагаас дахин Б-ийн бие махбодид халдсан гэх мэдээлэл ирсэн. Хүүхдийг очоод харахад маажсан юм уу, чимхсэн юм уу, хазчихсан юм уу гэмээр ул мөр үлдсэн байсан. Би хувьдаа түүнийг хазсан гэж үзэж байгаа. Яаж эмэгтэй хүн, эх хүнээс 6 сартай хүүхдээ хаана нь хүрч гэмтээх юм бэ. Бид нар 6 сартай байтугай 2 настай хүүхдээ зодож чаддаггүй байхад энэ хүн 6 сартай хүүхдэдээ халдаж чадаж байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Манай байгууллагын зүгээс хүүхдэд нь аваагүй арга хэмжээ гэж байхгүй. Хэрэгцээтэй бүхий л зүйлээр нь хангаж анхаарал халамж тавьж байна. Миний зүгээс хүүхэд асрагчтайгаа байнга холбогдож байнга очиж уулзаж байна. Тийм учраас миний хувьд Б.О хуулинд заасан арга хэмжээг нь авч өгнө үү гэх хүсэлтэй байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Насанд хүрээгүй хохирогч А.Б-гийн” Миний ээж Б.О нь 2020 оны 12 сарын 29-ний өдөр архи уусан байсан юм. Тэгээд 2020 оны 12 сарын 30-ны өдөр өлөө эрүүл болоод сэрсэн. Өглөө дүү бид хоёрыг аваад “Сайхан” дэлгүүрээс 2 шил том шампонсик, 1 архи, 2 шил 100 граммын архи авсан. Өвөөд нэг шампанск өгөөд бусдыг нь өөрөө уусан. Тэгээд өвөө город руу явж  усанд орно гээд явсан. Өвөө ирэхгүй байсан юм. Орой ээж архиа уучихаад дүү бид хоёрт  агсам тавиад намайг өшиглөж унагаагаад гараараа цохиод халбага шидсэн. Дүүг ор руу шидээд, нуруу руу нь цохиод, газар унагаахаар нь би дүүг тэврээд явж байсан чинь намайг зодоод байсан. Удалгүй ээж унтаад би дүүгээ угжсан. Гаднаас 4 цагдаа орж ирээд гал түлж өгсөн. Гал түлчихээд гараад явсан. Гал унтарчихаар нь ээжийг дуудаад гал түлээд өг гэсэн. Ээж босоод гал түлж өгсөн. Тэгээд нойл ороод ирье гээд гэрээд нээх удаагүй гэрт ороод ирсэн. Орж ирэхдээ нилээн согтсон, гунхаад байсан. Ээж гэрт орж ирээд бид хоёрт агсан тавиад дүүг буйдан дээр хэвтэж байхад нэг хөлнөөс нь бариад буйдангийн нэг тал руу саваад тэгээд дүүг аваад намайг дан ганц цамц, өмдтэй,  гуталтай гэрээс хөөж гаргаад хаалгаа түгжчихсэн. Тэгээд би цагдаа нар руу залгахад цагдаа нар ирж. 3 цагдаа гэр рүү ороод би нэг цагдаатай машин дотор байсан. Ээж өмнө дүүг минь зодож байгаагүй, харин өчигдөр бид хоёрыг зодсон. Дүүг нэг хөлнөөс нь бариад буйдан руу саваад, нуруу руу нь нэг удаа цохиод, газар унагаасан. Тэгээд би айгаад дүүгээ тэвэрсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 15-р хуудас/

 

2. Гэрч Ж.Б-ны “2020 оны 12 сарын 29-ний өдөр охин Отгонсүрэн архи уусан байсан юм. Тэгээд 3 сартай хүүгээ орноос нэг удаа унагаагаад, 9 настай хүү Б-ийг цохих гэж байгаад дахиж унагаагаад, мээмээрээ дарчихаад байсан юм. Согтуу үедээ хүүхдээ алчих гээд байдаг юм. Тийм юм аваад ирье гээд л архи уугаад ороод ирдэг. Тэгээд тэр өдөр нэг юм дуусаад маргааш нь би усанд орох гээд город руу явсан юм. Урьд шөнө нь О архи уучихаад надтай хэрэлдээд унтуулахгүй амарч чадаагүй болохоор би город руу явчихсан юм. Би чинь амьд хүн болохоор уурлахаас өөр аргагүй юм. Тэгээд городод усанд орчихоод тэнд хоньё гэж бодоод байж байтал цагдаа нар орой залгасан. Шандын хэсгийн хэсгийн байцаагч залгаад та ирэх юм уу гэхээр нь би очиж чадахгүй ээ урьд шөнө нойр муутай хоносон гэж хэлсэн. Тэгээд городод хоносон. Маргааш нь Их залуу багийн нийгмийн ажилтан түр хамгаалах байранд намайг хүргэж өгсөн. Очиход 3 сартай хүү Баясгалан байсан. Араас нь Б-ийг хамгаалах байрны ажилтан оруулж ирсэн. Бид гурав 2020 оны 12 сарын 31-ний өдөр түр хамгаалах байранд хоносон. Би эмнэлэгт 5 хонож байгаад саяхан гарсан юм. Миний бие өвдөөд байгаа юм. Миний даралт ихсээд 2021 оны 01 сарын 01-ний өдөр даралтаа үзэхэд 80 хүрээд бүүр буурсан байсан. Шөнө орой 3 сартай хүү Б уйлаад унтуулахгүй, угжных нь сүүг бас тааруулж чадахгүй, миний бие өвдөөд түр хамгаалах байрнаас гарахгүй бол хэцүү байна. Би хамгаалах байрнаас гарч гэр рүүгээ явах хүсэлтэй байна. Би хамгаалах байрнаас гараад гэртээ очоод О-г хараад байж байна. Бид 4 цуг амьдардаг юм. Манай охин 10 гаруй жил архи уусан. Архинаас гарна гэж байхгүй юм байна. Цуг байхын аргагүй болчихоод байна. Ер нь байнга л уудаг шүү дээ. Архи уучихаараа аймар, алчих гээд агсам тавиад, зүгээр унтчихгүй байж байгаад л чарлаад, орилоод, хүүхдүүдийг болон намайг унтуулахгүй маш хэцүү байдаг. Архи уух болгондоо л зодоод байдаг юм. Тэгж чадсангүй, ингэж чадсангүй гээд цохиод, өшиглөөд л алчих гээд байдаг. Архи уучихсан үедээ та нар ямар гэж бодож байна. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхөөр хэд хоноод л гараад ирдэг гараад ирээд л мөн адил. Уг нь уучихаараа унтаад өгвөл яах уу болж байна. Унтахгүй агсам тавиад архийг том том шилээр нь авч уугаад ингээд бараг хэдэн жил ч болж байгаа юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16-17 хуудас/,

 

3. Гэрч Б.Ц-гийн “Б.О гэх өрх толгойлсон 3 хүүхэдтэй эмэгтэй манай багт байгаа, энэ нь яг манай багийн харъяаллын хүн биш. Улаанбаатар хотод байдаг хүн байгаа юм. Одоо манай багт байгаа хаяг дээр нь Б гэх хүний хамаатны хүний хаяг буюу Г гэх хүний хаяг дээр аав, 3 хүүхдийн хамтаар байгаад байгаа юм. О нь сүүлийн хэдэн жил ажил төрөл хийдэггүй, архины байнгын хамааралтай хүн байгаа юм. Өрх толгойлсон эх, 3 хүүтэй хамгийн том хүү нь 15 настай, дундах нь 9 настай бага нь 3 сартай хүүхдүүдтэй, эцгүүд нь тодорхойгүй. Хамгийн анх 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэртээ архидан согтуурсан гэж би хүүхдийн эмчийн хамтаар очиход О гэртээ архи уучихсан, аав Б-тай маргалдсан байдалтай байсан. Тэгээд цагдаа нар авч явсан, 2 сартай хүүг нь эмнэлэг авч явсан. Тэр үед хүүхдүүдээ зодсон асуудал байгаагүй, 9 настай Батзоригийг хүүхдийн ордны түр хамгаалах байранд байлгасан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-р хуудас/,

 

4.Гэрч Г.Т “Би он сар өдрүүдийг нь сайн санахгүй байна, гэхдээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би гэрээр нь 17-18 цагийн үед ороход “О нь согтуу гэртээ унтаж байсан, тэгээд түүний 9 настай хүү 3 сартай дүүгээ тэврээд сууж байсан, тухайн үед гэр нь галгүй, даарсан байдалтай байсан бөгөөд би галыг нь түлж өгөөд ээжийгээ сэрээд ямар нэгэн асуудал болвол залгаарай” гээд гараад явсан. Тэгээд удаа ч үгүй 20 цагийн алдад цагдаагийн 102 дугаараас надруу залгаад “Согтуу хүн хүүхдээ гудамжинд хөөж гаргасан байна, гэсэн дуудлага ирлээ” гэсэн. Тэгээд хаягыг нь асуухад О-ийн хаяг байсан бөгөөд би гэрт нь очиход “О-гийн 9 настай хүү Б гэрийнхээ гадаа дан цамц, өмдтэй, даарсан байдалтай хашааны хаалгыг налаад зогсож байсан. Тэгээд би тэр хүүхдийг машинд суулгаад, гэрт нь ороход О нь тасарч унасан байдалтай, 2 сартай хуүгээ 1 хөхөөрөө дарсан, нөгөө хүүхэд нь уйлж байсан. Тэгээд би нөгөө 2 сартай хүүг тэвэрч авсан. Тэгээд цагдаагийн газраас бүрэлдэхүүн дуудсан юм. О нь гэртээ 2 хүүхэдтэйгээ байсан, аав нь байгаагүй, Тухайн өдөр А.Б ээжийнх нь уусан архийг асуухад манай ээж 2 шил оргилуун дарс, вино 1 шил, хөөрөг шиг шилтэй архи уусан. Тэгээд шилнүүдийг гаргаад хаячихсан, хаана хаясныг мэдэхгүй гэсэн юм. О нь нэлээн согтолттой, ухаангүй тасраад унасан байсан. Тэгээд 9 настай хүүг Энэрэлд төвд хүргээд 2 сартай хүүг эмнэлэг хүргээд, биеийн байдлыг нь хүүхдийн байцаагч, Т.Ц үзүүлэхээр явсан. Тухайн материалыг хүүхдийг байцаагч Т.Ц шалгасан юм гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 62-р хуудас/

 

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 74 дугаартай “ А.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 76-77-р хуудас/

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаартай “О.Б-ийн биед тархи доргилт үүсчээ, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг            удаагийн       үйлчлэлээр,  ямар ч чиглэлд үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 82-83-р хуудас/,

 

7. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 95-97-р хуудас/,

 

8. Их залуу багийн хамтарсан багийн хурлаас гарсан шийдвэр /1-р хх-ийн 136-137, 139-143-р хуудас/

 

9. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1-р хх-ийн 156-158-р  хуудас/

 

10. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хх-ийн 178-184-р хуудас/,

 

11. Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 17-20-х хуудас/  болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.О нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын баруун задгайгийн 8 тоотод гэртээ  өөрийн төрсөн хүү 3 сартай Баясгаланг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр  хөлнөөс нь барьж ор луу савсны улмаас Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын баруун задгайгийн 8 тоотод гэртээ 9 настай хүү Б-ийн толгой руу аяга шидсэн мөн цохисон өшиглөсөн, өвлийн хүйтэнд дан цамцтай гэрээсээ хөөж гаргасан мөн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн газарт согтуурсан үедээ хүү Б-г чимхэж уйлуулж, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн хүүхдийг үйлдэл эс үйлдэхүйн төлөө удаа дараа харгис хэрцгий харьцаж бие махбод сэтгэл санааны шаналал үүсгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох насанд хүрээгүй хохирогч Батзоригийн мэдүүлэг, гэрч Б, Ц, Т-ийн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Их залуу багийн хамтарсан багийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд насанд хүрээгүй хохирогч нарын хууль  ёсны төлөөлөгч нарын зүгээс ямар нэгэн нотлох баримт гаргаж хохирлоо нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Б.О нь зүйлчлэл болон гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчтай маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Шүүгдэгчид ял оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн ангилалын гэмт хэрэг байгаа. Мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа. Энэ талаараа нотлох баримтаа шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд гаргаж өгсөн. Шүүгдэгчид оногдуулах ялын хувьд торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Нийтэд тустай ажил хийх ял оногдуулах юм бол шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал дордох гэмтэй тул торгуулийн ял оногдуулж өгнө үү. Мөн оногдуулсан ялыг 18 сараас багагүй хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч А.Б-гийн “ээж архиа уучихаад дүү бид хоёрт  агсам тавиад намайг өшиглөж унагаагаад гараараа цохиод халбага шидсэн. Дүүг ор руу шидээд, нуруу руу нь цохиод, газар унагаахаар нь би дүүг тэврээд явж байсан чинь намайг зодоод байсан. Удалгүй ээж унтаад би дүүгээ угжсан. Гаднаас 4 цагдаа орж ирээд гал түлж өгсөн. Гал түлчихээд гараад явсан. Гал унтарчихаар нь ээжийг дуудаад гал түлээд өг гэсэн. Ээж босоод гал түлж өгсөн. Тэгээд нойл ороод ирье гээд гэрээд нээх удаагүй гэрт ороод ирсэн. Орж ирэхдээ нилээн согтсон, гунхаад байсан. Ээж гэрт орж ирээд бид хоёрт агсан тавиад дүүг буйдан дээр хэвтэж байхад нэг хөлнөөс нь бариад буйдангийн нэг тал руу саваад тэгээд дүүг аваад намайг дан ганц цамц, өмдтэй,  гуталтай гэрээс хөөж гаргаад хаалгаа түгжчихсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч Ж.Б, Б.Ц, Г.Т нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шандын баруун задгай 8-02 тоот гэртээ өөрийн төрсөн хүү 3 сартай О.Б биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөлнөөс нь барьж, шидсэний улмаас “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шандын баруун задгай 8-02 тоотод гэртээ өөрийн төрсөн хүү 9 настай А.Б руу аяга шидэх, өшиглөх, цохих зэргээр биед нь халдсан, хүү А.Б-ийг дан цамцтай нь гэрээсээ хөөж гаргасан, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн газрын байранд 03 сартай хүү О.Б-г чимхэж уйлуулж, хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны зовиур, шаналал үүсгэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,  асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны зовиур, шаналал үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдрийн 8 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 27 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжлэл гаргаагүй байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ы О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн хүүхэдтэй удаа дараа хэрцгий харьцаж, бие махбод, сэтгэл санааны зовиур шаналал үүсгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гийн цагдан хоригдсон 27 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 216 цагаар тоооцон хасч, эдлэх ялыг 384 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 384 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А