Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 473

 

А.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Ж-д холбогдох 201301060191 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт А-ын Ж-, 1975 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Оорцог-Уул” ХХК-д бетончиноор ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

А.Ж- нь согтуугаар 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 21-22 цагийн үед, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Авто засварын 27 тоотод иргэн Т.Доржбаатарын зүүн мөрөнд хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Ж-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 833 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар А.Ж-аас 9.214.450 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Байгалмаад олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 3 ширхэг “CиДи”-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь 2013 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн эрүүлжүүлэх байранд болсон алба хаагчийн ёс бус харьцаанаас Доржбаатарын амь нас хохирч, улмаар тэд өөрсдийн үйлдсэн тус хүн амины онц ноцтой гэмт хэргээ үгсэн тохирч нуун дарагдуулж, эзэн холбогдогч тогтоохын тулд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бусаар гэрчүүдийн мэдүүлгийг зөрүүтэй авч, өөрсдөө хуурамчаар мэдүүлэг өгөх зэргээр баримт бүрдүүлж намайг хохироолоо.

Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 10 жилийн хорих ял шийтгэснийг миний бие эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхээс хэргийг дахин мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг. Тухайлбал, уг хэрэг нь 2013 оны 3 дугаар сарын 6-ны орой 21-22 цагийн үед Доржбаатар нь сэтгэл санаа хямралтай байсан, мөн согтуугаар өөрөө өөрийгөө хутгаар хатгасан байдаг. Үүнийг хажуу талын айлын Наранцэцэг мэдэж 103-т дуудлага өгсөн. 103-ийн эмч Доржбаатарын биед үзлэг хийх гэхэд “үзүүлэхгүй, миний яах нь та нарт хамаагүй” гэж агсарч байсан. Тэгэхэд нь би Доржбаатарыг аргадаж хамт түргэний машинаар эмнэлэгт хүргэж өгөхөд 103-ын эмч, сувилагч нар эмнэлэг рүү авч орсон. Намайг үүдэнд хэсэг хүлээгээд сууж байхад хоёр цагдаа Доржбаатарын хамт гарч ирээд надаас “хамт яваа хүн нь мөн үү” гэж асуухад нь би “тийм байна” гэж хэлэхэд өнөөх цагдаа “энэ хүнийг чинь эрүүлжүүлэх гэж байна, та харьж чадах юм уу” гэхэд би “хамт яваа хүнээ орхихгүй” гэхэд “тэгвэл хамт яв” гээд цуг гавлаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд очсон. Тэнд бид хоёроос юу болсон талаар бүртгэл хөтөлж байх үед Доржбаатар өөрийн овог, нэрээ Төмөрчөдөрийн Нэргүйбаатар гэж худал хэлж, мөн би өөрийгөө хатгасан гэж тэмдэглүүлж эрүүлжүүлэх байрны ахлах цагдаатай маргалдсан, улмаар тус цагдаа нь хоёр дадлагын сонсогчид “наад муу новшоо ганцааранг нь гавал” гэж үүрэг өгөхөд, гарыг нь мушгиж ард нь гавлаад “маргааш чамайг энэ чигээрээ байхыг чинь харнаа” гэж заналхийлж байсан. Мөн надаас бүртгэл авч дууссаны дараа №5 камерт хийсэн. Удалгүй сандал, ширээ дуугарч Доржбаатарын “больёо, ёо ёо” гэж зодуулж байгаа орь дуу чимээ сонсогдож, уг дуу чимээ орилж байгааг эрүүлжүүлэх байранд байсан хүмүүс сонсож “та нар болиоч ээ, яргачид аа, хүн аллаа” гэж цагдаа нарт хандан хашгирч байсан. Үүнийг тоох нэг ч ажилтан байгаагүй, би ч бас хашгирч байсан. Удалгүй чимээ тасарч би түр зүүрмэглэсэн байдаг. Гэтэл шөнийн 04 цагийн үед хаалга онгойж энгийн хувцастай цол, нэрээ танилцуулаагүй хүн “Ж- гараад ир” гэж дуудсан. Араас нь дагаж явах замдаа Доржбаатарыг камерын үүдээр харсан, гарах үедээ “Доржоо” гэж 2-3 удаа дуудсан боловч хөдлөөгүй, сэрээгүй бөгөөд орон дээр сууж байсан залуугаас Доржоог унтаж байгаа юм уу гэхэд “тийм” гэж толгой дохиж байсан. Тэгээд Мягмарынд дадлагын хоёр сонсогч дүрэмт хувцастай эмэгтэй /шинжээч гэж дуудаж байсан/ хамт тавуулаа очиж зураг авч байсан. Тэгээд буцаж эрүүлжүүлэхэд ирэхэд намайг камерт оруулаагүй, үүдний сандал дээр сууж бай гэж хэлээд цааш явсан, би сандал дээр унтсан байсан. Бие засах гээд 00-ын өрөө лүү явахад Доржбаатар нь камертаа орон дээрээ 04 цагийн үед миний харсан байрлал нь өөрчлөгдөөгүй хэвтэж байхад нь очоод хөнжлийг нь сөхөхөд чармай нүцгэн хэвтэж байсан. Тэгтэл нэг ахлагч тус өрөөнөөс намайг дагуулж гараад цагдаагийн хэлтсийн хоёр давхарт нэг өрөөнд оруулаад байж бай гээд гарсан. Юу болоод байгааг би ойлгоогүй зогсч байтал хослолтой 3-4 хүн 5-10 минутын зайтай орж ирээд өчигдөрийн талаар мэдэж байгаа юмаа ярь гээд тус тусын бичгийн цаасан дээр тэмдэглэж байсан. Би юу болоод байгаа талаар асуухад юу ч хэлээгүй. Тэгээд 14 цагийн үед тус дүүргийн цагдаагийн ахмад Ганхүү ярихдаа “та хоёр өчигдөр эрүүлжүүлэх байранд ирэхдээ хутганы шархтай ирсэн юм байна. Танай найз чинь ухаан алдсан, тийм учир ухаан орохоор нь та нарыг шалгах шаардлагатай байна” гэж хэлээд намайг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Үүнээс хойш арван хоёр хоногийн дараа буюу 3 дугаар сарын 19-ний өдөр тус дүүргийн эрүүгийн төлөөлөгч Саранболд ирээд танай найз чинь нас барчихлаа одоо байцаагч, прокурор хоёр чинь ирж байцаалт авна, хэргээ хүлээчих, танай гэр чинь хөдөө байдаг гэсэн, бид нар тамхи тариаг чинь өгч байя эргэлт тойролтоор санаа зоволтгүй гэж хэлээд явсан. Удалгүй 30 минутын дараа байцаагч Ганхүү, прокурор Цэцэгмаа нар ирж танай найз чинь нас барсан, сая эрүүгийн төлөөлөгч Саранболд ирж хэлсэн биз дээ гэж хэлээд таныг яллагдагчаар татаж байна. Тогтоолтойгоо танилц гэхэд нь “наад хэрэг чинь надад хамаагүй, би гомдолтой байна” гэж хэлээд мэдүүлэг өгөөгүй. Уг гэмт хэргийн бодин үнэн зөвийг олж тогтоохыг хүсэж байна.

Үүнд. 1. БХХСАХ-ийн нэгдсэн эмнэлэгт Доржбаатарын 2013 оны 3 дугаар сарын 6-наас 7-д шилжих шөнийн өөрийн биеэр тэмдэглүүлсэн бүртгэлийг тус эмнэлгийн архивын сангаас гаргуулах;

2. Хан-Уул дүүргийн Эрүүлжүүлэх байрны тухайн өдрийн камерын бичлэгийг үзэх, мөн Доржбаатарын тус байранд Төмөрчөдөрийн Нэргүйбаатар гэх худал нэрээр тэмдэглүүлсэн ба өөрөө өөрийгөө хатгасан гэж тэмдэглүүлсэн бүртгэлийг гаргуулах;

3. Баримт болох хутган дээр шинжилгээ хийлгэж 2 см, 20 см уу гэдгийг тогтоолгох;

Иймд онцгой ач холбогдолтой нотлох баримт, бичгийг үгүйсгэж, устгаж байгаад маш их гомдолтой байгаа тул дээрх байдлыг нягтлан үзэж, намайг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгаж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч А.Ж-ын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүх А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг эцэслэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15-д зааснаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг үндэслэлтэйгээр гаргаж хэлэлцүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлээгүй болно.

Хуульд заасан үндэслэл тогтоогдсон байхад шүүх хэргийг өөрийн санаачилгаар прокурорт буцаах эрх, үүрэгтэй байсан боловч 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар уг асуудлыг хүлээн аваагүй хэргийг эцэслэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон гэж үзэж байна. Амь хохирогч Т.Доржбаатарыг 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн орой 23 цаг 43 минутад БХХСАХ-ийн нэгдсэн эмнэлэг (Цэргийн госпиталь)-т яаралтай тусламжийн эмч Болормаа хүргэж өгч хэвтүүлсэн. Гэтэл тус эмнэлэгт Т.Доржбаатарын зүүн мөрний урд хэсэг буюу цээжний зүүн дээд хэсэгт үүссэн гүн шарханд оёдол тавьж, цээжний жижиг рентген зургийг (флюрогарамм) аваад цагдаагийн ажилтанд өгч явуулж хяналт хийгээгүй эмнэлгийн тусламжийг зохих журмын дагуу үзүүлээгүй, цээжний хөндий рүү нэвтэрсэн шархыг оношлоогүй болох нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт, дүгнэлт №1982 /1хх-ийн 177/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 678 дугаартай дүгнэлтийн 4, 6 дахь хэсэг, мөн давтан шинжилгээний №1230 дугаартай дүгнэлт, талийгаачийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-ийн 35-38, 40-45/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Үүнийг шүүх анхаарч үнэлээгүй болно.

Шүүх А.Ж-ын хутгалсан үйлдлээс хохирогч шууд нас барсан гэж шалтгаант холбоог үнэлсэн нь үндэслэлгүй. Учир нь хохирогч Т.Доржбаатарын биед учирсан цээжний хөндий рүү нэвтэрч, цээжний хөндийд цус аажмаар хуримтлагдаж үхэлд хүргэсэн гэмтлийг бүх шинжээчдийн дүгнэлтэд “оношлож, мэс заслын эмчилгээ хийгдсэн бол амь насыг аврах боломжтой” гэж дүгнэснийг шүүх анхаарч үзээгүй.

Гэмтэл учирснаас хойш цус алдалтыг оношлох, эмчилгээ хийх хангалттай цаг хугацаа байсан боловч эрүүлжүүлэх журмыг зөрчиж гэмтэлтэй, илтэд их цус алдсан нь мэдэгдэж буй /хувцас/ хүнийг эрүүлжүүлж, түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, түргэн тусламж дуудан эмнэлэгт шилжүүлэхгүй орхисноос хохирогч 2013 оны 3 дугаар сарын 3-ны өглөө 07 цаг 40 минутад нас барсан. Хохирогч Т.Доржбаатарын биед учирсан зүүн мөрний буюу цээжний урд дээд хэсгийн шархыг “нэвтэрсэн эсэх”-ийг анх үзсэн түргэн тусламжийн эмч Болормаа “нэвтэрсэн” байсан, би гараар шалгаад шууд эмнэлэгт хүргэж өгсөн тухай шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн. /2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /4хх-ийн 173/,

Цээжний шархыг нэвтэрсэн эсэхийг тогтоох нь нарийн төвөгтэй үйлдэл биш бөгөөд уг шархнаас хий, цус амьсгал гаргах үед илт түрэгдэж гардаг энгийн шинж тэмдэг заавал гардаг. Мөн шархыг ангайлгаж харах, сэтгүүр, хуруу зэргээр тэмтрэхэд нэвтэрсэн эсэх нь мэдрэгдэнэ. Ийм шинж тэмдгээр нь түргэний их эмч Болормаа оношилж БХХСАХН эмнэлэгт яаралтай хүргэж хэвтүүлсэн нь нотлогдсон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, хийсэн гэх давтан нарийн мэргэжлийн зөвлөлийн эмч нарын дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг илтэд зөрчсөн байгааг шүүх буруу дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан заалт нь илт үндэслэлгүй буюу эсхүл үнэн зөв болох нь илтэд эргэлзээтэй дүгнэлт гаргасан шинжээчийг дахин оролцуулахыг хориглосон зохицуулалт. Дээрх шинжээчдийн дүгнэлтийг “гэмтэл мэс заслын салбар зөвлөл болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 830 дугаартай дүгнэлт” үндэслэлгүй, үнэн зөв нь эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй болно гэсэн нь дахин шинжилгээний зорилго, түүнд тавигдах шаардлага, зарчим зэргийг илтэд буруу ойлгосон болохыг харуулж байна. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа хийгдсэн шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн 223 дугаартай дүгнэлт /4хх-ийн 67-70/-ийг гаргахад оролцсон шинжээч Эрдэмбилэг, Нямхүү нар нь гарын үсгээ хувийн тамгаар баталгаажуулаагүй, мөрдөн байцаагчийн тавьсан асуултад бүрэн дүүрэн үндэслэлтэй хариулж дүгнэлт гаргаагүй тул 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн яамны гэмтэл, мэс заслын салбар зөвлөлийн шинжээчдийг томилж, дахин шинжилгээ хийлгэх тогтоол /4хх-ийн 74/ гаргаж томилжээ. Уг гэмтэл, мэс заслын салбар зөвлөлийн гишүүн шинжээч Амгалан, Ганбат, Жавхлантөр нар дээрх тогтоолын дагуу 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлт гаргажээ. Мөрдөн байцаагч 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дахин 5 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах тогтоол үйлдэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон /5хх-ийн 81/ боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 830 дугаартай дүгнэлтийг шинжээч Батбаяр, Амгалан, Ганбат, Цэнд-Очир, Ганцэнгэл нарын шинжээчид 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлт /5хх-ийн 82-90/ гаргажээ.

Дээрх дүгнэлтийг гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчиж, урьд дүгнэлт гаргасан шинжээч дахин оролцуулсан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Дахин шинжилгээ хийхэд 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ. Хууль зүйн болон шинжлэх ухааны талаас “дахин” шинжилгээн нь хяналтын шинж чанар, зорилгоор хийгддэг тул урьд дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулах нь уг дүгнэлтийг үнэн зөв гарахад нөлөөлөх боломжийг бүрдүүлэхээс сэргийлж, мөн дахин хийгдсэн дүгнэлтийг үнэлэхэд эргэлзээ гаргуулахгүй байх шаардлагад нийцсэн байх ёстой.

Гэтэл дээрх заалт, зарчим, ойлголтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж, ойлгож байгааг онцгой анхаарч үзнэ үү.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын баталсан “Албадан эрүүлжүүлэх байрны ажиллах журам”-д зааснаар цусны даралт буурсан, нэмэгдсэн, судасны цохилт ихэссэн,  бусад зовиур илэрсэн тохиолдолд нэн даруй түргэн тусламж дуудан эмнэлэгт шилжүүлнэ гэсэн журмыг зөрчсөн эсэхийг шалгаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

Эцэст нь энэ хэргийн мөрдөн байцаалтын шатанд “цээжний гэмтэлтэй өвчтөнд оношилгоо, эмчилгээ хийх үйлдлийн стандарт”-ыг хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж бэхжүүлээгүй байж шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эсэхийг үнэлэх ямар ч боломжгүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

Шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ бусад эрх зүйн акт /оношилгоо, эмчилгээний стандарт/-тай харьцуулж үнэлэх шаардлагатай. Шинжээч нарын дүгнэлтэдээ бичсэн “стандарт зөрчөөгүй байна” гэсэн өгүүлбэрийг шууд үнэн гэж үнэлэх нь уг стандартын эх сурвалж байхгүй тохиолдолд буруу үнэлэлт хийсвэр ойлголт л болно. Шүүх хуралд оролцсон шинжээч Ганбат нь стандарт байдаг гэсэн бол Цэнд-Очир нь “цээжний гэмтлийн үеийн оношилгоо, эмчилгээний стандарт, удирдамж байхгүй” гэж эрс зөрүүтэй мэдүүлж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн тавьж буй асуудлыг хангалттай шалгасан. Одоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Талийгаачийг А.Ж- хутгалсан...” гэв.

            Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар талийгаачид учирсан гэмтлийн талаар хангалттай тогтоосон. Тухайн үед эмч, эмнэлгийн байгууллага нь талийгаачийн биед учирсан гэмтэлд зохих журмын дагуу үзлэг, оношилгоо хийсэн байдаг. Анхны үзлэгээр талийгаачийн цээжний хөндийд цус хуралт үүсээгүй байсан ба түүний венийн судас гэмтсэнийг мэдэх боломж байгаагүй гэдэг. Харин явцын дунд цээжний хөндийд цус хуралдалт үүсч улмаар нас барсан байгаа. Эрүүл мэндийн салбар зөвлөлөөс шинжилгээ хийх шинжээч эмч нарыг томилж өгсөн. Үүний дагуу гаргасан шинжээчийн дүгнэлтийг нь шүүхээс үнэлсэн бөгөөд хууль зөрчигдсөн зүйлгүй. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтас хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч Ш.Наранцэцэг /1хх-ийн 111-113/, Ю.Мягмар /5хх-ийн 58-59/, О.Чулуунбат /1хх-114-116/, Д.Батчулуун /1хх-128-129, 2хх-ийн 76/, Э.Солонго /1хх-ийн 132/, Д.Болормаа /1хх-ийн 133, 3хх-ийн 164/, Ж.Мөнхболор /1хх-ийн 126-127, 153-165, 2хх-ийн 75/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №470 /1хх-ийн 184-186/, №426 /1хх-ийн 193-196/, №678 /3хх-ийн 140-144/, №1230 /4хх-ийн 55-59/, №223 /4хх-ийн 67-72/ дугаартай дүгнэлтүүдэд дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 21-22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Авто засварын 27 тоотод А.Ж- нь Т.Доржбаатарын зүүн мөрөн тус газарт хутгалж “зүүн мөрнөөс цээжний хөндий рүү нэвтэрч дээд хөндийн вен гэмтээсэн дээрээс доош, баруунаас зүүн, араас урагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн” шарх бүхий гэмтэл буюу хүнд хохирол учруулжээ.

Т.Доржбаатар нь дээрх шарх, гэмтлийг авсан даруй яаралтай түргэн тусламжийн төвд хандсанаар Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж авч, дараа нь Хан-Уул дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байранд хүргэгдэн, эрүүлжүүлэгдэж байх үедээ “цээжний хөндийд цочмог цус алдсан”-аас нас барсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Талийгаач Т.Доржбаатарын үхлийн шалтгааныг тогтоохоор хийсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд, түүнтэй холбогдуулан өгсөн шинжээч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс үзэхэд “талийгаачид учирсан гэмтлийг цаг алдалгүй оношилж, мэс ажилбар хийсэн тохиолдолд амь аврагдах, цааш ажиглалтыг үргэлжлүүлэн давтан рентгенд харсан бол үхэлд хүргэх хүнд гэмтлийг оношлох боломжтой байсан” гэх бөгөөд энэ нөхцөл байдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхээс “талийгаач Т.Доржбаатарт үзлэг хийсэн эмнэлгийн байгууллагын эмч зохих журмын дагуу эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээгүйгээс хариуцлага алдсан эсэх, шарх гэмтэлтэй хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээн авсан цагдаагийн алба хаагч нарын буруутай үйлдэл байгаа эсэх”-ийг тодруулахаар хэргийг удаа дараа мөрдөн байцаалтад буцааж байжээ.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар /4-5 жилийн хугацаанд явагдсан/ талийгаач Т.Доржбаатарын биед үзлэг хийсэн жижүүр эмч нар, эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн алба хаагч нарыг холбогдуулан шалгасан боловч тэдний буруутай үйлдэл тогтоогдоогүй үндэслэлээр прокуророос үйлдэл холбогдлыг нь тус тус хэрэгсэхгүй болгож, А.Ж-ыг 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Авто засварын 27 тоотод талийгаач Т.Доржбаатарыг хутгалсаны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул А.Ж-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Ж-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Учир нь Т.Доржбаатарын биед учирсан “зүүн мөрнөөс цээжний хөндий рүү нэвтэрч дээд хөндийн вен гэмтээсэн дээрээс доош, баруунаас зүүн, араас урагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэлд Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар гадна үзлэг, рентген шинжилгээ хийхэд “цээжний хөндийд нэвтэрсэн шинж тэмдэг илрээгүй” гэдэг боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн гаргасан №470, №426, №678, №1230, №223 дугаартай дүгнэлтүүдээр хохирогчийн биеийн байдлыг үргэлжлүүлэн хянаж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг цаг алдалгүй оношилж, яаралтай мэс заслын эмчилгээ хийсэн бол тэрээр амь нас аврагдах боломжтой байсныг нь тогтоожээ.

            Дээрх байдлаас дүгнэхэд, талийгаач Т.Доржбаатарын биед учирсан “зүүн мөрнөөс цээжний хөндий рүү нэвтэрч дээд хөндийн вен гэмтээсэн дээрээс доош, баруунаас зүүн, араас урагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч А.Ж-ын хутгалсан үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Харин талийгаачийн нас барсан шалтгаан нь тухайн цаг хугацаанд түүний гэмтлийг гүйцэд оношилж, эмчлэх үйл ажиллагааг цаг алдалгүйгээр, бүрэн дүүрэн хийгээгүйгээс болсон байх бөгөөд хохирогчийг эмнэлгийн нөхцөлд, эмчийн хяналтанд байлгаж цааш ажиглалтыг үргэлжлүүлэн давтан шинжилгээ хийгээгүй нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх талаар эмчилгээ, оношлогооны стандарт дүрэм журамд нийцэхгүй байна.

            Түүнчлэн амь хохирогч нь цагдаагийн ажилтан ирсэн үед дахин зохисгүй авир гаргалгүйгээр шинжилгээгээ зохих журмын дагуу хийлгэснээс гадна, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа хүнд гэмтэлтэй хүнийг эрүүлжүүлэх байр луу хүргүүлсэн нь түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан болжээ.

            Үүнээс гадна эрүүлжүүлэх байрны эмч мөрөндөө хутгалагдсан гүн шархтай, шархнаас их хэмжээний цус алдсан хүний биеийн байдлыг мөн бүрэн үзэж шалгалгүйгээр тусгаарлах өрөөнд оруулснаас амь хохирогч эмнэлгийн болон бусад ямар нэгэн тусламж авах бололцоогүйгээр тус өрөөнд гэмтлийн улмаас цээжний хөндийд цочмог цус алдаж, орон дээр таталт өгөн хэвтэж байхад эрүүлжүүлэх байрны хариуцлагатай жижүүр ажлын байранд заагдсан ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй зэрэг олон хүний хариуцлагагүй буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь хохирчээ.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан шүүгдэгч А.Ж-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйлд зааснаар 7 жилийн хорих ялыг оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            А.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэнтэй холбогдуулан, талийгаач Т.Доржбаатарын оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болголоо.

            Түүнчлэн талийгаач Т.Доржбаатарт зохих журмын дагуу эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээгүй, мөн эрүүлжүүлэх байрны холбогдох хууль, журам зөрчсөн байж болзошгүй алба хаагч нарын асуудлаар гомдол гарган шалгуулах эрх оролцогч нарт нээлттэй байгаа ба ийнхүү гомдол гаргахад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Прокуророос А.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Боржигон овогт Аюурын Ж-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Боржигон овогт Аюурын Ж-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтад "2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ж-ыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ж-ыг 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ж-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ж-д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                             ШҮҮГЧИД                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                          Н.БАТСАЙХАН