| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2021/0051/э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж,
Улсын яллагч Ц.Л,
Шүүгдэгч Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нарыг оролцуулан,
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2025000000047 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.М 2021 оны 01 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сум Уртбулаг багт байх “Хүлэг” зочид буудлын өрөөнөөс Т.Э-ы өвлийн куртик, гутал, малгай, виза карт, зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас нь 62.000 төгрөгийг авч нийт 498.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 01 сарын 11-ний шөнө Гарьд бид хоёр 11-р хороололд очиж тэнд туслах ажилтан авна гэсний дагуу О.Э гэдэг хүнтэй уулзсан. О.Э хоёр дүүтэйгээ архи ууж байсан. Тэгээд бид хоёр нэмэгдэж архи авч уусан. Тэгээд байрлаж байгаа буудалд нь хамт ирж архи, пиво уусан. Тэгээд тасраад өглөө 05 цагийн үед пиво авч ууна гээд гарсан байсан. Гарахдаа виза картыг нь авч гарсан байсан. Урьд нь картаа өгч гаргаж юм авахуулж байсан. Мөн гутал, 2 ширхэг куртик, утас, виза карт, малгай зэргийг авч гарсан байсан. Гутал 1 цамц зэргийг буцааж өгсөн. Гар утсыг нь 60.000 төгрөгөөр зарсан. Бусад хувцсыг нь яаснаа мэдэхгүй байгаа. Хохирол төлөх гэсэн боловч хохирогчийн утас нь холбогдохгүй байгаа. Виза картнаас нь 60.000 төгрөг авсан. Хохиролд 408.500 төгрөгийг төлнө. Маргах зүйлгүй. Миний буруу гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: М, Г нартай очин Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 3 шил архи хуваан ууж байгаад 16 цагийн уед уг газраасаа гаран 5 дугаар микрийн Хүлэг нэртэй зочид буудал руу орон Сэнгүр болон Боргио нэртэй 2 литрийн хэмжээтэй 4 ширхэг пиво ууж байгаад 2021 оны 01 сарын 12-ны шөнийн 02 цагаас 03 цагийн хооронд би согтоод тасран унтаад, өглөө 07 цагийн үед сэрэхэд М болон Г нар явсан байсан бөгөөд явахдаа миний Huawei Ү-6 маркийн гар утас, Хаан банкны 5597014234 дугаарын дансны карт, бор өнгийн өвлийн куртик, хар нимгэн куртик, хар өнгийн ноосон малгай, хар өнгийн өвлийн гутал зэргийг авч яван, банкны картнаас минь 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 05 цаг 17 минутад 60.000 төгрөг, мөн 2021 оны 01 сарын 13-ны өдөр 2.000 төгрөгний зарлагын гүйлгээ тус тус хийж надад хохирол учруулсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,
-Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 01 сарын 11-ний өдөр 5 дугаар микрийн Хүлэг зочид буудалд 3 давхрын заслын ажил хийж байхад орой 18 цагийн үед Э нь танихгүй 2 залуутай орж ирэн өөрийнхөө байрлаж байсан өрөө рүү дагуулан орсон. Орж ирэхдээ 3 ширхэг том пивотой орж ирсэн санагдаж байна. Буудлын орох гарах хаалганы түлхүүр зөвхөн надад байдаг болохоор шөнийн 05 цаг болж байхад миний байрлаж байсан өрөөний хаалгыг танихгүй 2 залуу нь тогшин бид 2 гарчихаад эргээд ороод ирнэ гэхээр нь буудлын хаалгыг онгойлгон өгч гаргасан. Эргээд буудлын хаалгаа түгжээд цаг гаран хүлээгээд ирэхгүй байхаар нь би унтаад өгсөн. Тэгээд өглөө нь 8 цагийн үед Эрдэнэчулуун нь хаалга тогшин миний өрөөнд орж ирэн миний эд зүйлс алга болсон байна, хамт байсан 2 эрэгтэй хүнийг хараагүй биз гэсэн. Эрдэнэчулуун нь утас, куртик, гутал, банкны виза карт зэргийг 2 залуу аваад явчихлаа гээд байсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,
-Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 01 сарын 11-ний өдөр 14 цагийн үед Ц.М найзтайгаа уулзаад байж байтал Ц.М миний нэг таньдаг ах байгаа гээд Т.Э ахын ажил хийж байгаа 11 дүгээр хороолол руу очин 2 ширхэг 2.5 литрийн Боргио нэртэй пиво бид 3 хуваан ууж байгаад орой 18 цагийн үед Т.Э ахын байрлаж байгаа 5 дугаар микрийн Хүлэг нэртэй зочид буудал руу яван 3 ширхэг 2.5 литрийн Боргио нэртэй пиво бид 3 хуваан ууж дуустал Т.Э ах согтоод, тасраад унтаад өгсөн. М бид хоёр шөнийн 5 цаг болж байхад пиво авах гээд гарах гэж байтал М Э ахын хар өнгийн, хар үдээстэй, хагас түрийтэй өвлийн гутал, хар ноосон малгайг нь тус тус өмсөн гарч Төгөл дэлгүүрийн үүдэнд байж байдаг архи зардаг шаг руу бид 2 пивонд явсан. М Урт цагаанд байрлах Хаан банкны АТМ-рүү орон банкны карт гаргаж ирэн мөнгө авах гээд байхаар нь юун карт вэ гэж асуухад би Эрдэнэчулуун ахын банкны картыг шаасан юм аа гэж надад хэлэхээр нь чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь би өөрөө мэдэж байна гэхээр нь би урт цагааны урд талын зам дээрээс такси барин явсан гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/,
-Ашид Билгүүн ХХК-ийн 2021 оны 01 сарын 19-ний өдрийн ОРХ/21-018 дугаартай дүгнэлтэнд: Huawei Ү-6 маркийн гар утасны үнэ 280.000 төгрөг, бор өнгийн өвлийн куртик 40.000 төгрөг, хар өнгийн нимгэн куртик 10.000 төгрөг, хар өнгийн өвлийн гутал 90.000 төгрөг, хар өнгийн ноосон малгай 13.500 төгрөг, хаан банкны виза карт 3.000 төгрөг нийт 436.500 төгрөггэсэн үнэлгээ /хх 28ху/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 07-14 ху/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53 ху/,
-Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 58 ху/,
-Мөрдөгчийн тэмдэглэл /хх 69 ху/,
-Ц.М-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01,37-38 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 01 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багт байрлах “Хүлэг” зочид буудлын өрөөнөөс Т.Э-ны өвлийн куртик, гутал, малгай, виза карт, зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас нь 62.000 төгрөгийг авч нийт 498.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...тасраад өглөө 05 цагийн үед пиво авч ууна гээд гарсан байсан. Гарахдаа виза картыг нь авч гарсан байсан. Урьд нь картаа өгч гаргаж юм авахуулж байсан. Мөн гутал, 2 ширхэг куртик, утас, виза карт, малгай зэргийг авч гарсан байсан. Гутал 1 цамц зэргийг буцааж өгсөн. Гар утсыг нь 60.000 төгрөгөөр зарсан. Бусад хувцсыг нь яаснаа мэдэхгүй байгаа. Виза картнаас нь 60.000 төгрөг авсан. Хохиролд 408.500 төгрөгийг төлнө. Маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Э-ны “М болон Г нар явсан байсан бөгөөд явахдаа миний Huawei Ү-6 маркийн гар утас, Хаан банкны 5597014234 дугаарын дансны карт, бор өнгийн өвлийн куртик, хар нимгэн куртик, хар өнгийн ноосон малгай, хар өнгийн өвлийн гутал зэргийг авч яван, банкны картнаас минь 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 05 цаг 17 минутад 60.000 төгрөг, мөн 2021 оны 01 сарын 13-ны өдөр 2.000 төгрөгний зарлагын гүйлгээ хийж надад хохирол учруулсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Г /хх 19-20 ху/, Э.Б /хх 18 ху/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдохыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэргийн улмаас хохирогч Т.Э-д Huawei Ү-6 маркийн гар утасны үнэ 280.000 төгрөг, бор өнгийн өвлийн куртик 40.000 төгрөг, хар өнгийн нимгэн куртик 10.000 төгрөг, хар өнгийн өвлийн гутал 90.000 төгрөг, хар өнгийн ноосон малгай 13.500 төгрөг, хаан банкны виза карт 3.000 төгрөг, бэлэн мөнгө 62.000 төгрөг, нийт 498.500 төгрөгний хохирол учруулсан болох нь Ашид Билгүүн ХХК-ийн 2021 оны 01 сарын 19-ний өдрийн ОРХ/21-018 дугаартай дүгнэлт, мөн “62.000 төгрөгийг АТМ-аас карт уншуулж авсан” гэсэн шүүгдэгч Ц.М-ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нь дээрхи хохирлыг бүрэн хариуцах үндэслэлтэй тул түүний хохирогчид буцаан өгсөн 90.000 төгрөгний үнэлгээ бүхий хар өнгийн өвлийн гутлыг хохирлоос хасч тооцон, үлдэх 408.500 төгрөгний хохирлыг төлж барагдуулахаар шийдвэрлэснийг шүүх хуралдааны явцад бүрэн төлсөн тул түүнийг хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага тооцохдоо учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овгийн Ц-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын эдлэх 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.Б