| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2021/0268/э |
| Дугаар | 2021/ШЦТ/68 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж,
Улсын яллагч Ц.Л,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С,
Шүүгдэгч М.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нарыг оролцуулан шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х-д холбогдох эрүүгийн 2025000000292 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Х нь 2020 оны 06 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан багийн нутаг Согоотын амны өвөр Баруун баг гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 32-56 ОРО дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.Х-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Мод бэлтгэхэд зөвшөөрөл авдаг гэдгийг мэднэ. Зөвшөөрөл авах боломж байгаагүй. Урьд нь мод бэлтгэж байгаагүй. Цахилгаан хөрөө бол минийх, айлын мод хөлсөөр хөрөөддөг байсан. Урьд нь 700.000 төгрөгийн хохирол төлсөн. Үлдэгдэл 541.133 төгрөгийн хохирлыг төлөөгүй байгаа. Хорио цээрийн дэглэмээс болж хохирлоо төлж чадаагүй байгаа. Одоо айлын мал харж байгаа. Хохирлоо 2 хувааж төлнө. Манайх 7 хүүхэдтэй. Одоогоор хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа. Тэр үед түлэх модгүй болчихоод бас эмчилгээнд явах гээд ийм асуудал болсон. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Шүүхээс хохирол төлөх зорилгоор завсарлага авсан боловч төлж барагдуулж чадаагүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрт орших Согоотын амны өврийн баруун булаг гэх газар, талбай нь тусгаарлалтын ажил хийгдээгүй. Энэ нь тухайн жилд мод бэлтгэх зөвшөөрөл олгохгүй гэсэн үг. М.Х нь мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийн дугаар аваагүй байна. Зохих эрхийн бичиггүйгээр мод бэлтгэсэн учир ойн ангийн дүгнэлтэд үндэслэн 413.711 төгрөгийн мод бэлтгэсэн байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлэн 1.241.133 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх 26 ху/
-Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 06 сарын 23-ны өдөр эрүүгийн мөрдөгч, Г.Э, ахлах ахлагч Ш.Б нарын хамт эргүүлд гаран шалгалт хийж явахад 22 цагийн үед “Таван-Эрдэнэ” захын урд М.Х нь 32-56 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мод ачсан байхаар нь шалгахад гарал, үүсэл зөвшөөрөл байхгүй мод бэлтгэсэн байсан тул 102-ын жижүүрт хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 95 ху/,
-Гэрч Т.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манайд манай нөхрийн эзэмшлийн хар гадаргуутай бензинээр ажилладаг автомат хөрөө байдаг. Уг хөрөө нь манай гэрт байдаг. Хаанаас, хэдэн төгрөгөөр худалдан авч байсанг нь мэдэхгүй байна аа, надад хэлж байгаагүй, би ч асууж байгаагүй. 2018 билүү 2019 онд л авч байсан санагдаж байна, нэг өдөр л хөрөө аваад ороод ирсэн. Энэ зурган дээрх хөрөө нь манай нөхрийн хөрөө мөн байна. Хөрөөгөөрөө ажил хийн мөнгө олохын тулд худалдан авч байсан. Манай нөхрийг хүмүүс дуудан гэртэй мод хөрөөдүүлдэг. Манай нөхөр анх удаа л ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн. Өмнө нь огт мод бэлтгэж тээвэрлэж байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 190 ху/,
-Шинжээч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 32-56 ОРО дугаартай тээврийн хэрэгсэл дээр байгаа моднууд нь 2,453 м3 28 ширхэг хуурай шинэс мод байна. Мод бэлтгэх зөвшөөрлийг тухайн орон нутгийн байгаль хамгаалагчаас авна гэсэн мэдүүлэг /хх 36-37 ху/
-Яллагдагч М.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манайх түлээний модгүй болсон учир 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг Согоотын амны өвөр Баруун булаг гэх газраас 4 ширхэг босоо байсан модыг хөрөөдөж унагаад 32-56 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэн “Таван-Эрдэнэ” захын урд замаар явж байгаад цагдаа зогсоон шалгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104 ху/,
-Орхон аймаг дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 08 дугаарай дүгнэлтэнд: 32-56 ОРО тээврийн хэрэгсэлд ачсан 2,453 м3 шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ 1.413.711 төгрөгөөр тогтоогдсон” гэсэн дүгнэлт /хх 31-32 ху/
-Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаартай албан бичигт: “Ө 490 01I 21, У 1040 14I 17II гэх цэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул баг Согоотын амны өвөр, баруун баруун булаг гэх газарт байрлаж байна” гэсэн албан бичиг /хх 96-98 ху/,
-Ашид Билгүүн”ХХК-ийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн ОРХ/21-020 дугаартай дүгнэлтэнд: Цахилгаан хөрөө 144.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэсэн дүгнэлт /хх 198 ху/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 5-7 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 8 ху/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 9-12 ху,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-15 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 82 ху/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 07 сарын 16-ны өдрийн 04 дугаартай тогтоол /хх 94 ху/,
-М.Х-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1, 103-104 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Х нь 2020 оны 06 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан багийн нутаг Согоотын амны өвөр Баруун баг гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 32-56 ОРО дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэн оруулж ойн санд 413.711 /дөрвөн зуун арван гурван мянга долоон зуун арван нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мод бэлтгэхэд зөвшөөрөл авдаг гэдгийг мэднэ. Зөвшөөрөл авах боломж байгаагүй. Урьд нь мод бэлтгэж байгаагүй. Урьд нь 700.000 төгрөгийн хохирол төлсөн. Үлдэгдэл 541.133 төгрөгийн хохирлыг төлөөгүй байгаа. Хорио цээрийн дэглэмээс болж хохирлоо төлж чадаагүй байгаа. Тэр үед түлэх модгүй болчихоод бас эмчилгээнд явах гээд ийм асуудал болсон. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Б-ийн ”...Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрт орших Согоотын амны өврийн баруун булаг гэх газар, талбай нь тусгаарлалтын ажил хийгдээгүй. Энэ нь тухайн жилд мод бэлтгэх бэлтгэх зөвшөөрөл олгохгүй гэсэн үг. М.Х нь мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийн дугаар аваагүй байна” гэсэн, гэрч А.Б-н “...эрүүгийн мөрдөгч, Г.Э, ахлах ахлагч Ш.Б нарын хамт эргүүлд гаран шалгалт хийж явахад 22 цагийн үед “Таван-Эрдэнэ” захын урд М.Х нь 32-56 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мод ачсан байхаар нь шалгахад гарал, үүсэл зөвшөөрөл байхгүй мод бэлтгэсэн байсан тул 102-ын жижүүрт хүлээлгэж өгсөн” гэсэн, гэрч Т.А-ийн “...Манай нөхөр анх удаа л ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн. Өмнө нь огт мод бэлтгэж тээвэрлэж байгаагүй” гэсэн, шинжээч Х.Э-ын “...32-56 ОРО дугаартай тээврийн хэрэгсэл дээр байгаа моднууд нь 2,453 м3 28 ширхэг хуурай шинэс мод байна” гэсэн мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, Байгал орчин, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна.
Иймд Орхон аймгийн прокуророос шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэж түүнийг зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гар үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүгдэгч М.Х нь экологи эдийн засагт 413.711 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1.241.133 төгрөгөөр тооцсон бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 700.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх 129 ху/ тогтоогдож байна. Үлдэгдэл хохирол 541.133 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Ойн санд олгох нь зүйтэй.
Шүүгдэгч М.Х-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлоос зарим хэсгийг төлсөн, үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан /Орхон аймгийг Цагдаагийн байгууллагын хашаанд/ 28 ширхэг 2453 м.куб хэмжээтэй мод, цахилгаан хөрөө, битүүмжилсэн М.Х-ний эзэмшлийн 32-56 ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хохирол төлүүлэх, улсын орлого болохоор Орхон улсын аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У овгийн М-н Х-ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гар үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээш цагаар тогтоож, энэ ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Х-ээс 541.133 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сан болох Ойн санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг хөрөө, 28 ширхэг 2453 м3 түлээний мод, битүүмжлэгдсэн М.Х-ий эзэмшлийн 32-56 ОРО улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлүүлэх, улсын орлого болгохоор Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.Б