Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2017/00047/И |
Дугаар | 37 |
Огноо | 2017-01-07 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 37
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Вишнфанд ББСБ-ын нэхэмжлэлтэй Н.Мөнгөнсэлэнгэд холбогдох Зээл, зээлийн хүү 83.180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Нацагдорж овогтой Мөнгөнсэлэнгэ нь 2014 оны 12-р сарын 16-ны өдөр Вишнфанд ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703193 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Н.Мөнгөнсэлэнгэ нь үндсэн зээл 61.380 төгрөг, хүү 11.700 төгрөг, торгуулийн хүү 900 төгрөг, нотариатын хөлс 9200 төгрөг, нийт 83.180 төгрөгний төлбөртэй байна. Иймд манай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5-р баг 1-р хэсэг 136 тоотод оршин суух Намсрай овогт Нацагдоржийн Мөнгөнсэлэнгэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Вишнфанд ББСБ-ийн нэхэмжилсэн 83.180 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ нь хариуцагч Н.Мөнгөнсэлэнгэд холбогдуулан гаргасан Зээл, зээлийн хүү 83.180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Вишнфанд ББСБ-ын нэхэмжлэлтэй Н.Мөнгөнсэлэнгэд холбогдох Зээл, зээлийн хүү 83.180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА