Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

2021          04             22                                          2021/ШЦТ/120

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-ад холбогдох эрүүгийн 2138000000148 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Э.

Шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн .... тоотод оршин суух иргэн Ч.Д-ын гэрт хамтран амьдрагч Б.А-гийн нүүрэн тус газарт нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн .... тоотод оршин суух иргэн Ч.Д-ын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Б.А-гийн нүүрэн тус газарт нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь “хамрын нуруу хэсэг зөөлөн эдийн няцралт, хамарт шарх, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 03 дугаар сарын 31-ний шөнийн 03 цагийн орчим Б.Э- танай дүүг би хараана, хараарай гээд байхаар нь би тэг ээ тэг гэж хэлээд сууж байсан чинь Б.Э- ширээн дээр байсан шилэн сэнжтэй стакан аваад над руу шидсэн. Тэр шидсэн аяга нь миний нүүр хэсгийг оносон юм. Би нүүр рүүгээ цохиулсныхаа дараа миний хамар хэсгээс их хэмжээний цус гараад би доошоо тонгойгоод байж байсан чинь удалгүй цагдаа ирсэн. ..надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18 дугаар хуудас/,
  • Гэрч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 03 дугаар сарын 30-ны орой ..би гэрт байсан “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгсөн. Тэр архийг би манай эхнэр О.Ү-, Б.Э-, Б.А- бид дөрөв хувааж ууж дуусгасан. ..Тухайн үед Б.А- Б.Э- хоёр хоорондоо муудалцсан байсан юм. ..Тэгээд тэр хоёрын яриаг чагнаад хэвтэж байхад аяга хагарах чимээ гарахаар нь би байсан өрөөнөөсөө гүйгээд гараад ирэхэд Б.А- цустайгаа холилдсон Б.Э- намайг цохичихлоо гэсэн зогсож байсан. ..Тэгээд би Б.А-гийн цусыг дарж тогтоогоод цагдаа дуудсан. Б.Э- намайг цагдаа дуудахаар зугтаад алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
  • Гэрч О.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 30-нд ...тухайн үед Б.А- Б.Э- нар нь маргалдсан байсан. ...Ч.Д- бид хоёр Б.А- Б.Э- хоёрыг эвлэрүүлэх гэж үзсэн юм. Тэгээд юм ярьж сууж байснаа Б.Э- хамгийн анх Ч.Д- бид хоёроос архи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь цагаан сараар үлдсэн байсан “Соёрхол” гэдэг нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Тэр архийг бид дөрөв хувааж ууж дуусгаад ..аймаар дуу чимээ гараад байхаар нь өрөөнөөсөө гараад харахад шал цус болсон Б.А- нүүрээ дарсан байсан. ..Би шалан дээр байсан цусыг арчиж угаасан. ...Тухайн үед Б.А- нь Б.Э- намайг аягаар цохичихлоо гэж хэлсэн. Б.А-гийн хөлийн яг урд нь 200 граммын сэнжтэй аяга хагарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 165 дугаартай: “1. Б.А-гийн биед хамрын нуруу хэсэг зөөлөн эдийн няцралт, хамарт шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгджээ. 3. Б.А-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ..2021 оны 03 дугаар сарын 31-нд ...найз Ч.Д-ынд очсон. ...Би тэднийд очиход Ч.Д-, О.Ү- нар хүүхдүүдээ хараад байж байсан. ...Мөн миний найз охин болох Б.А- нар байсан. Тэгээд бид дөрөв нэг шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи хувааж уусан юм. ..Тэгээд би найз охинтойгоо муудалцсан байж байгаад ярилцаж суугаад ойлголцохгүй болохоор нь айлгах санаатай аяга аваад шидсэн чинь миний шидсэн аяга Б.А-гийн нүүр хэсгийг оносон. ..Ийм асуудал болсон их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч, хохирогч нар нь тухайн үед ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Э- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.А-, шүүгдэгч Б.Э- нар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “...талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /хх-ийн 49-50/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Э- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 58/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР