Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

2021          04             22                                            2021/ШЦТ/121

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч И.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Э-д холбогдох эрүүгийн 2038002800281 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И.Э.

Шүүгдэгч И.Э- нь 2020 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Г-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч И.Э-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч И.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж бие махбод сэтгэл санаагаараа хохирч байсан. Энэ байдлаас болж үр хүүхдийн минь сэтгэл санаа хүмүүжилд сөргөөр нөлөөлж олон удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Тухайн бүрт нь би цагдаагийн байгууллагад хандаж байсан. Хамгийн анх 2019 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө намайг зодож байсан. Тэр үед цагаан сарын баяр болох гэж байсан тул чимээгүй өнгөрнө гэж бодож байтал аав минь намайг хараад “нүд, ам чинь яасан юм, шинжээчийн дүгнэлт гаргуул” гэж хэлсэн. Тэгээд албан байгууллагууд амралтын байдалтай байсан тул би “Тусгалт гангар” зургийн газраас зураг угаалгаад гарч байсан юм. Түүнээс хойш удаа дараа биеэрээ хүчирхийлэлд өртөж байсан. Ингээд хамгийн сүүлд болсон явдал 2020 оны 3 дугаар сарын 26-ны шөнө 02 цаг 10 минутын үед аавынхаа гэрт буюу Мөрөн сумын 9-... тоотод хүүтэйгээ унтаж байтал хашааны хаалга нүдээд байсан. Гэтэл Х.Г- шууд хашаа даваад орж ирээд гэрийн хаалга эвдлэх гээд байхаар нь онгойлгож өгсөн. Манай гэрт тэгж ирэхдээ л хувцас нь шороотой ирсэн. Энэ угаасаа архины хамааралтай байнга архи уудаг хүн. Тухайн үед би унтлагын хувцастай байсан байх орж ирээд намайг үсдээд чирээд гаргасан. Тэгээд би алуулах юм байна гэж бодоод хүүгээ цагдаа дууд гэж хэлсэн. Х.Г- манайд ирэхдээ л хувцас нь шороо тоостой архидан согтуурсан байдалтай ирсэн. ... дугаартай хүнтэй хамт байсан. Тэр нь хамт архи уудаг найз нь байсан байх. Тэр шөнө хүйтэн салхитай шөнө байсан. Хүүг минь ганц бандаштай нь гаргасан ээжээ гээд уйлаад гүйгээд байсан. Хүүг минь хүртэл байнга ийм дарамттай байлгадаг байсан. Тэгээд хүү маань цагдаа дуудтал Х.Г- зугтаагаад алга болсон. Х.Г- үнэхээр надад зодуулсан юм бол тэр үедээ гомдол гаргаад хэргийн газраа байж байх байсан. Ахлах дэслэгч н.А- дуудлагаар цагаан өнгийн фургонтой ирж байсан. Тэгээд би Х.Г- зугтаачихлаа, удаа дараа надад гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж байсан би гэрийг нь заагаад өгөх үү гэхэд цагдаа тэг гээд би өөрийн машинаараа цагдаагийн машиныг дагуулаад Х.Г-ийн гэр рүү явсан. Гэрт яваад очтол түүний хүү У- нь ганцаараа унтаж байсан. Тэгж явсаар байгаад шөнийн 03 цаг болж би цагдаад мэдүүлэг өгөөд хүүтэйгээ хамт харьж байсан. Ингээд би маргааш нь цагдаагийн газар руу залгаад нөгөө хүнийг олоо юу заавал олуулж баривчлуулмаар байна гэхэд би хоёр цагдаагийн хамт Мөрөн сумын ... тоотод очоод асуутал хүү нь хаалгаа алдаж зогсоод миний ааваар яах гэсэн юм, аавыг минь барих гэлээ гээд уурласан. Би түүний дараа мөнгөний хэрэг гараад машинаа зарах гээд Улаанбаатар хот руу яваад аав маань хөл гараа бэртээгээд 5 дугаар сарын сүүлээр ирсэн юм. Гэтэл цагдаагаас намайг дуудсан. Эхлээд би хохирогчийн байдалтай явж байтал сүүлдээ надад өөрт минь эрүүгийн хэрэг үүссэн байсан. Би өөрөө эмэгтэй хүн гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсан атлаа өнөөдөр би шүүгдэгч болоод энд зогсож байна. Одоо хүртэл миний тархи, толгой байнга өвддөг. Х.Г-ийн зодуур нүдүүрээс болж би бие сэтгэлээрээ хохироод явж байна. Хууль шүүх нь шийдэж өгч чаддаггүй юм аа гэхэд бурхан хараад шийтгээд өгөх байх гэж бодож байна. Би уг нь эв эрүүл биетэй хүн байсан. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж зодуулсаар байгаад зүрх муутай, толгой тархиар байнга хатгаж өвддөг болсон. Улсын яллагчийн дүгнэлтийг сонсоход намайг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж хэлдэг боловч нотлогдохгүй байна гэх зүйлийг тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт би нотлох баримт болгож зураг гаргаж өгсөн. Тэр бүгд он сар өдөртэйгөө хэрэгт авагдсан. Мөн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн зөрчлийн тухай хуулиар Х.Г- шийтгүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх болгондоо би дуудлага өгч байсан талаар цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байгаа. Х.Г- 3 дугаар сарын 26-ны өдөр зодуулсан гэх мэдүүлэг өгсөн байсан. Тэр өдөр өдөржингөө архи уугаад орой хувцас нь халтар шороо болсон байдалтай ирж байсан. Манайд тэр орой ирэхдээ хашаа давж орж ирсэн, гарахдаа ч хашаа давж гарсан. Тэгэх явцдаа унаж бэртсэн байхыг үгүйсгэхгүй. Өөр хэн нэгэнтэй зодоон хийгээд зодуулсан байх юм билүү мэдэхгүй шүү дээ. Тийм учраас миний зүгээс тэр хүнд гар хүрээгүй учраас эсрэг байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцож байна. Иймд гэм буруугийн тал дээр маргаж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
  • Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эрүүгийн 2038002800281 дугаартай хэрэгт И.Э-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
  • Хохирогч И.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн өглөө би өөрийн хүү Б.Э-ын хамтаар хамтран амьдрагч Х.Г-ийнхоо гэрт очсон. Тэдний гэрт очиход Х.Г- гэртээ байхгүй, Х.Г-ийн хүүхэд У- л ганцаараа байсан. Би тухайн үед хүүхдүүдтэйгээ хамт хоол хийж идсэн. Үдээс хойш 15 цагийн үед хүүхдийнхээ хамтаар аав И-ийнхээ гэрт очсон. Би аавынхаа гэрт байж байхад Х.Г-ийн гэрээр очиж хүүхдийг нь эргэж тойрч байсан. Тухайн өдөр хамтран амьдрагч Х.Г- маань архи уугаад алга болсон байсан. Би тухайн үед Х.Г-ийг байгаа газраас очиж авах зорилгоор түүнтэй хамт байгаа ... гэсэн дугаартай хүний утас руу залгахад: Х.Г- надтай хамт байхгүй гээд утсаараа яриулахгүй байсан. Тухайн үед Х.Г- өөрийнхөө гар утсыг унтраачихсан байсан. Би тухайн шөнө Х.Г-ийн гэрт хонодог юм билүү гэж бодож байгаад шөнө ирээд согтуудаа зодчихож магадгүй гэж бодоод тухайн шөнө хүүгийнхээ хамтаар аавынхаа гэрт очиж хоносон. Манай аав, ээж хоёр хөдөө байдаг учраас аавынхаа гэрт хүү бид хоёр хоёулхнаа байсан. Би орой аавынхаа гэр рүү явахынхаа өмнө Х.Г-ийн ээж О-ы ... дугаарын гар утас руу залгаж холбогдоод: танай хүүхэд чинь архи уугаад алга болсон шүү, У-ыг гэрт нь ганцаараа үлдээлээ гэдгээ хэлчихээд явсан. Тухайн өдрийн шөнө хүү Б.Э-ынхаа хамтаар аав И-ийнхээ гэрт унтаж амарч байхад Х.Г- нь гэрийн хаалга цохиод пизда минь хаалгаа онгойлго гээд гэрийн хаалга үүд эвдэлчих гээд байхаар нь би босож гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. Хаалга онгойлгож өгөхөд Х.Г- гаднаас согтуу орж ирснээ пизда минь хөөе гэснээ гараараа нүүр лүү чичилж, дух руу нясалж байсан. Ингэж намайг өдөж байхдаа хүү Б.Э-ыг маань гэрээс нүцгэн хөөж гаргасан. Тэгж байснаа Х.Г- намайг үсдэж чирээд гэрээс гаргасан. Гэрээс гараад Х.Г- бид хоёр ноцолдсон. Х.Г-той ноцолдож байхад Х.Г- миний биеийн зүүн талын хэсэг рүү өшиглөж цохиж зодсон. Намайг гэрийн гадаа зодуулж байхад хүү Б.Э- маань хувцасгүй нүцгэн /ганцхан бандааштайгаа/ бид хоёрыг тойроод уйлаад гүйгээд байсан. Тухайн үед Х.Г-той ноцолдож байгаад түүнийг өөрөөсөө тавиулж холдуулаад хүү Б.Э-ыгаа бушуухан цагдаа дуудаарай гэж хэлэхэд Х.Г- хашаа даваад зугтаагаад явчихсан. Би түүнийг явсны дараа хүүгээ дагуулж гэртээ орсон. Би гэртээ оронгуутаа цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн. Цагдаа ирэхээр нь хамтран амьдрагчдаа зодууллаа, цагдаа дуудлаа гэсэн чинь зугтаагаад явчихлаа гэж хэлэхэд гэр нь хаана байдаг юм бэ заагаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа асаагаад цагдаа нарт Х.Г-ийн гэрийг зааж өгсөн. Тухайн үед Х.Г- гэртээ очоогүй, хүүхэд нь гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгээд би цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгчихөөд гэртээ харьж амарсан. Тухайн үед ийм л зүйл болсон. ..Би Х.Г-той 2016 оны сүүлээр танилцаж байсан. Түүнтэй танилцсанаасаа хойш уулзаж байгаад 2018 оны дундуур нэг гэрт орон хамтран амьдрах болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Х.Г-той 2019 оны дундаас эхлэн тусдаа амьдрах болсон. Х.Г- бид хоёрын дундаас гарсан хүүхэд байхгүй. Х.Г- бид хоёр хамтран амьдрах үедээ өөр өөрсдийн нэг нэг хүүхэдтэй байсан. Х.Г- маш их хартай, намайг найз нөхөд ажил төрөлгүй болгосон. Х.Г- намайг юунаас болж харддаг болохыг нь мэдэхгүй байна. Манай найз нөхдийг надруу залгах үед л янханууд гээд хэл амаар доромжилж байдаг. Утсаар хүнтэй ярьсны дараа утас байнгын шалгаж үздэг байсан. Үүнээс болоод түүний хажууд хүнтэй утсаар ярихаас ч айдаг байсан. Х.Г- бид хоёрын гэр бүлийн харилцаа хамтран амьдрах хугацаанд хэрүүлтэй маргаантай байсан. Би сүүлдээ Х.Г-оос айгаад гар утасныхаа дууг хаачихдаг байсан. Гар утасныхаа дууг хаачихаар юугаа нуугаад байдаг юм бэ гээд хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Манай гэрт орж ирсэн ямар ч хүнтэй намайг хардаад байдаг. ..Хамгийн анх Х.Г- намайг 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шөнө Мөрөн сумын ... тоотод амьдардаг байхдаа согтуу ирээд намайг зодож байсан. Ингэж зодох үедээ миний хамрыг тэгшилж, хоёр нүдийг маань хөхөртөл цохиж байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч утсыг маань Х.Г- хана руу шидээд эвдэлсэн байсан учир цагдаагийн байгууллагад хандах ямарч боломж бололцоо байхгүй байсан. Энэ асуудал болох үед Х.Г-ийн хүүхэд У- байсан. Харин миний хүү Б.Э-, миний төрсөн дүүгийн хүүхдүүд болох Э-, Э- нар маань шөнө ирэх үедээ намайг зодуулсан байхыг харсан. Гэтэл Х.Г- Б.Э-, Э-, Э- нарыг дахиж битгий манайхаар ирээрэй гээд хөөсөн. Тухайн үед Б.Э- маань уйлаад надтай хамт үлдсэн. Харин Э-, Э- нар явсан. Тэр хоёр яваад манай аавын гэрт очиж хоносон байсан /Үүнийг ярьж байхдаа уйлаад байлаа/. Тухайн үед цагаан сар болох гэж байсан учраас би цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн үед миний аав И- намайг Х.Г-т зодуулсныг мэдээд намайг зохих байгууллагад нь ханд гэж хэлж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зодуулсан. Энэ зодуулсан асуудлыг шалгаад шүүхэд шилжүүлж байсан. Х.Г- нь шүүхээр ороод 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн. Энэ асуудлаас хойш байнгын хэрүүл маргаантай байсан.Архи уух тоолондоо гар хүрчихгээд байдаг. ..2019 оны 11 дүгээр сарын дундуур Х.Г- гэртээ байж байгаад гэнэт л татаад уначихсан. Тэр үед би түргэн тусламж дуудсан, мөн ээжийг нь ч дуудсан. Удалгүй түргэн тусламж ирээд Х.Г-ийг аваад явсан. Эмнэлэг дээр очиход Х.Г-т булчин суллах тариа хийлгээд буцаасан. Үүнээс хойш 1-ээс 2 хоногийн дараа байх Х.Г- гэртээ байж байхдаа дахиж ухаан алдаж унасан. Түүнийг татаж унахаар дахиж түргэн тусламж дуудаад эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт хүргүүлэхэд Ганзорийг шууд мэдрэлийн тасагт хэвтүүлсэн. Би түүнийг эмнэлэгт хэвтэж байхад нь сахиж байсан. Х.Г- эмнэлэгт хэвтэж байхдаа унаж татаад байсан. Би тухайн үед Х.Г-ийн ээж рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь Х.Г-ийн дүү Г- руу залгахад би ажилтай байна гэж хэлж байсан. Х.Г-ийн ээж утсаа авахгүй байж байснаа өөрөө надруу эргэж залгаад: миний бүжгийн тэмцээн дуусчихлаа, одоо би очлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжийнх нь урдаас та хүүхдээ эмнэлэгт хэвтчихээд байхад бүжиг эргүүлээд явлаа гэж хэлэхэд: чи хэрэггүй зайл, тэр чигээрээ зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х.Г-ийг үлдээгээд шууд явсан. Би тухайн үед Х.Г-ийн гэрээс очиж өөрийнхөө хувцас хунарыг аваад аавынхаа гэр рүү явсан. Үүнээс хойш Х.Г-той ирэн очин уулздаг байсан. ..Миний толгой байнгын таллаж өвдөж байгаа. Мөн бөөрөндөө бөөрний эм ууж хэрэглэж байгаа. Биеийн байдлаас илүү сэтгэл санаагаар маш их хохирч байна. Би гэхээсээ илүү хүүхдээ өрөвдөж байна. ..би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
  • Хохирогч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн орой 18 цагийн үед намайг Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт адууны хашаа барьж байхад И.Э- намайг янхандаж явлаа гээд хэл амаар доромжилсон. Мөн гар утас руу маань дахин дахин залгаад байсан. Би тухайн үед гар утсаа авахгүй байхад миний гар утас руу есөн шидээр мессэж бичээд байсан. Би орой 19 цагийн үед гэртээ харихад хүү У- маань ганцаараа байсан. ..И.Э- гэртээ байхгүй, хүү У-ыг маань гэрт үлдээгээд явчихсан байсан. Би тухайн үед хүүгээсээ И.Э- эгч чинь хаачсан юм бэ гэж асуухад орой төмстэй хоол хийж өгчихөөд намайг хуцалгүй дуугүй гудар гэж загначихаад аав чинь банзалдаж яваа гэж хэлчихээд хаалга саваад явсан гэж хэлсэн. Би үүнийг сонсоод И.Э-тай учраа олох зорилгоор гэрт нь очиход хаалга нь цоожтой байсан. Би тухайн үед хаалгыг нь И.Э-аар тайлуулж гэрт нь ороод, чи юунд хүүхдийг маань гэрт нь ганцааранг нь үлдээгээд явчихаж байгаа юм бэ, хүүхдэд маань хоол хийж өгөхдөө хүртэл айлгаж сүрдүүлсэн байна. Намайг хүртэл гадуур ажилтай явж байхад араас янз янзаар хэлж доромжиллоо гэж хэлэхэд битгий солиор, хуц, зайл би унтаж амармаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яахаараа намайг хөөдөг юм бэ, би танай хүүхдийг хөөж тууж байгаагүй, чи хүүхдээ хүртэл босгоод асуу гэж хэлсэн. Тэгэхэд И.Э- Т- миний хүү босоод ир, энийг хөөж гаргая гэж хэлснээ миний зүүн шанаа руу гараараа 3 удаа цохисон. ..Тэгснээ галын хайч байсан уу, төмөр байсан уу нэг тийм зүйлээр толгой дундуур маань 2 удаа цохисон. ...Тэгэхэд би манараад газарт суусан. Намайг газарт суусан байхад гэрээс хойш түлхэж гаргаад гадаа миний толгой тархи руу олон удаа цохисон. И.Э- намайг цохиж зодож байхдаа хүүгээ цагдаа дуудаарай гэж хэлж байсан. Би тухайн үед И.Э-д гар хүрээгүй. Харин би өөрөө согтуу байсан болохоор цагдаа намайг ирээд буруутгах байх гэж бодоод шууд яваад өгсөн. Би тэдний гэрээс гараад Мөрөн сумын 6 дугаар багт байдаг Ш- найзынхаа гэрт нь очсон. Би найз Ш-ынхаа гэрт нь очоод амнаас гарсан цусаа угааж, шороо тоос болсон хувцасаа цэвэрлэсэн. Тухайн үед ийм л зүйл болсон. ..Би анх мэдүүлэг өгөхдөө шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй гээд мэдүүлчихсэн байсан. Гэтэл үүнээс хойш биеийн байдал дордсон учир шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгох болсон. Намайг шүүх эмнэлэгт үзүүлэхэд уруулан дахь шарх маань арилсан байсан. ..Би тархиндаа ямар нэгэн байдлаар гэмтэл авч байгаагүй. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард би тал харваж, эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан. ..би гомдолтой байгаа”гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 51-52, 171-172 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 26-ны шөнө 02.00 цагийн үед гэртээ унтаж байтал Х.Г- ах хаалга эвдэлчихгээд чанга нүдээд байсан. Ээж маань хэн бэ гэхэд Х.Г- байна, хүүр минь хаалгаа онгойлго гэхэд ээж хаалга онгойлгохгүй нэлээд байсан. Х.Г- ах бараг хаалга эвдэлчихээд нүдээд байсан учраас ээжийг хаалга тайлахад Х.Г- ах орж ирээд шууд л ээжийн нүүр рүү нь гараараа цохиод ор руу түлхэж унагаасан. Намайг орноосоо босоод иртэл Х.Г- ах надад чи гар гээд миний нуруу руу цохиж намайг нүцгэн гадаа гаргасан. Би ганцхан плавктай, өөр ямар ч хувцасгүй нүцгэн байсан учраас даараад жорлонд ороод байж байтал Х.Г- ах ээжийн үснээс чирж гаргаад гэрийн хаалга руу толгойгоор нь мөргүүлээд газарт хавсарч унагаасан. Тэгэхэд ээж маань надад гар утсаа өгөөд цагдаад дуудлага өгөөрэй гээд утсаа өгтөл Х.Г- ах цагдаа дуудах нь гэж мэдээд хашаа даваад зугатаачихсан. Би нүцгэн 20 орчим минут байсан, гутал ч өмсүүлээгүй, хөл нүцгэн байсан би их даарсан. ..Х.Г- ах намайг гэрээс хөөж гаргахдаа миний нуруу руу цохисон. Х.Г- ах ээжийг зодож байхдаа намайг чи муу гөлөг цаашаа байж бай гээд байсан. ..Тэгэхэд би маш их даарсан, бас нуруу их өвдөж байсан ч хөлдсөн, бэртэж гэмтсэн зүйл бол байхгүй. ..2018 оноос хойш Х.Г- ах ээжийн найз гээд манайхаар орж гардаг байсан. ..Х.Г- ах архи уусан үедээ гэрт орж ирээд хэрүүл хийгээд ээжийг дандаа зодож цохидог. Бүүр аймаар зодож байсан нь гэвэл 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Х.Г- ах архи уух гэж гарч яваад, би орой нь өвөөгийндөө очиж байж байгаад 01.00 цагийн үед үеэл Э-, Э- нарын хамт гэртээ иртэл Х.Г- ах ээжийг зодож байсан ба намайг болиоч гэхэд Х.Г- ах ээжийн баруун талын нүд руу гараараа цохисон. Тэгээд Х.Г- ах Э-.Э- бид гурвыг золбин гөлөгнүүд минь явцгаа гэж хөөгөөд Э-, Э- хоёр яваад би гэртээ үлдсэн. Тэгэхэд Х.Г- ах ээжийн утсыг нь эвдлээд хүн рүү ярих боломжгүй болгосон байсан. Тэгэхэд ээж Х.Г- ахад зодуулснаас болоод ээжийн баруун талын нүд хамартайгаа тэгшрээд хавдчихсан, уруул нь сэтэрчихсэн байсан. Тухайн үед ээж утасгүй учраас цагдаад дуудлага өгч чадаагүй. Тэрний дараа буюу 2019 оны 08 дугаар сард намайг хөдөө байхад Х.Г- ах ээжийг зодсон байсан. Тэр асуудлыг ээж цагдаагаар шалгуулсан гэсэн. ..Х.Г- ах ээж бид хоёрыг дандаа дээрэлхдэг, бас Х.Г- хүүхдүүд нь хүртэл намайг дээрэлхдэг. Х.Г- ахад гомдолтой байна. Х.Г- ахыг ээжтэй ахиж уулзуулахыг хүсэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 39-40 дүгээр хуудас/,
  • Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..И.Э-, Х.Г- хоёр суух гэж байна гээд л яваад байдаг байсан. И.Э- надад ярихдаа Х.Г- намайг хардаж сэрдээд байх юм гэж удаа дараа хэлж байсан, тэр хоёр байнга л маргалдаж байсан. Би И.Э-, Х.Г- хоёрт хэд хэдэн удаа хэрүүл маргаангүй байгаач ээ гэсэн утсаар зөвлөгөө өгч байсан. Хэд хэдэн удаа И.Э- над руу залгаж Х.Г-т зодуулчихлаа гэж хэлж байсан. Би гэр бүлийн хэрүүлд оролцоод хэрэгггүй байх гэж бодоод очдоггүй байсан. И.Э- 3 дахь удаагаа буюу 2019 оны 01-р сард /өдрийг нь санахгүй байна/ 02.00 цагийн үед над руу залгаад “Х.Г-т зодуулчихлаа, хоёр нүд нь улаанаараа эргэлдээд аймаар болоод байна. Чи хүрээд ирээч” гэхээр нь би тэднийд очсон. Очиход И.Э- хашааныхааа гадаа хүүтэйгээ зогсож байсан ба И.Э- надад ингээд цохиод зодуулчихлаа гэдгээ хэлсэн. Би И.Э-ыг хүүтэй нь тэндээс аваад аавынх нь хашаа байшинд хүргэж өгсөн. Маргааш өглөө нь И.Э- манай ажил дээр ирээд нөгөө Х.Г-т цохиулсан нүд маань ингээд хөхөрчихлөө, эмнэлгээр үзүүлчихлээ гээд явж байсан, би тэгэхэд нь И.Э-ыг эход харуулж өгсөн. Тухайн үед И.Э-ы баруун нүд, хамар нь хөхөрчихсөн харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
  • Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...”2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 173 дугаартай дүгнэлтийнхээ талаар ярина уу” гэсэн асуултанд “Би тухайн дүгнэлтийг гаргасан. Үзлэг хийх үед зүүн талын гар, хавирга, бөөр, өвгөөр өвдөнө, толгой зүүн талаараа таллаж өвдөнө гэнэ. Хэсэг газрын үзлэгт зүүн бугалганы гадна, дунд хэсэгт 7x1.5 см, зүүн өвдгөнд 2x2.5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Гадна биений үзлэгийг дээрээс доош, буруунаас зүүн зүгт чиглэлтэйгээр бүтэн биеийн хувцасыг тайлж нэг бүрчлэн үзлэг хийгдсэн. ..Мэдүүлэгт зүүн талын гарын булчин, зүүн бөөр, зүүн хавирга, хөл хөхөрсөн, мөн баруун талын гар тохойгоор шалбарсан гэж мэдүүлсэн байна. Үзлэг хийх үед зүүн бугалга, зүүн өвдөгнөөс өөр газарт, биед ил харагдах гэмтэлгүй байсан. ..Үсэнд гэмтэл гарах боломжгүй. Үснээс зулгаах үед хуйх гэмтэж цус хуралт, шарх, зулгаралт үүссэн тохиолдолд гэмтэлд хамааруулан үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоодог. И.Э-ы биед үзлэгээр хуйханд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй”, “2020 оны 04-р сарын 09-ний өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлтийнхээ талаар ярина уу” гэсэн асуултанд “Х.Г-ийн биед үзлэг хийх үед зүүн талын шанаагаар хатгаж өвдөнө, хүзүү рүү хөшинө, байнга өвдөнө, зүүн талын нүдний ухархайгаар хатгаж өвдөнө, дотор муухай оргино, толгой эргэнэ гэсэн. Мэдрэлийн үзлэг хийх үед нүдний алимны чичирхийлэл хөндлөн чиглэлд, дагзны булчингийн хөшингө 1 хуруу илэрсэн. Мөн гавал тархины КТГ шинжилгээнд тархины бор, цагаан бодисын ялгарал бага, тархины эдэд бага зэрэг хавантай, хажуугийн ховдолд хоёр талбай жигд бус бага зэрэг өргөссөн. Эдгээр шинжүүд нь тархи доргилтыг илтгэж байна. Уг тархины доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Х.Г-ийн биед хуучин гэмтлийн гаралтай өөрчлөлт илрээгүй, харин тархи доргилт нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. ..Хүчтэй үсрэх, юмнаас унах, гадны биед болон мохой зүйлээр цохих зэрэгт үүссэн эсэхийг тархи доргилтоор ялгах боломжгүй. Гавал ясны хугарал болон тархины цусан хураа зэргээр уналтаас уу, цохилтоос үүссэн эсэхийг тодорхой шинж тэмдэг өгөгдсөн тохиолдолд ялгах боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..И.Э- эгч нь миний аав Х.Г-той намайг 1 дүгээр ангид байх үеэс хамтран амьдарч эхэлсэн. Тийм болохоор И.Э- эгчийг танина. И.Э- эгч намайг өөрийнхөө хүүхдээс доогуур үздэг байсан. И.Э- эгч намайг юм л бол загнаж, цохиж авдаг байсан. И.Э- эгч дэлгүүрийн бараа зардаг байхдаа намайг хулгайд сэрдэж нүүр, толгой руу гутлаар цохиж зодож байсан. И.Э- эгч аавыг маань байхад надад огт гар хүрдэггүй. Харин аавыг байхгүй хойгуур загнаж зандарч цохиж авдаг байсан. Мөн ээжийг маань доромжилдог байсан. Би ээжийгээ өмөөрч хэрэлдэхээр цохиж авдаг байсан. ..Заримдаа И.Э- эгч аав Х.Г-той маань хэрүүл маргаан хийж, ааваас мөнгө төгрөг нэхдэг байсан. Энэ хоёр хоорондоо хэрэлддэг л байсан, тэрнээс биш зодолддоггүй байсан. ..Намайг зодож дээрэлхэх явдал аавыг байхгүй хойгуур л болдог байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
  • Гэрч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2020 оны 03 сарын 25-26-нд шилжих шөнө Мөрөн сумын ... тоотод оршин суух хаягт манай найз Х.Г- маань шөнийн 01 цаг өнгөрч байхад байх, би хэдэн цагийн үед гэдгээ сайн санахгүй байна цус нөжтэйгөө холилдсон, хувцас нь шороо тоос болсон байдалтай ирсэн. Тухайн үед толгой нь хагарсан, хамраас нь цус гоожсон, уруул нь язарсан байдалтай байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гэж асуухад авгай, хүүхэд хоёртоо зодуулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд хэсэг манайд байж байгаад толгой, хүзүүгээ угаачихаад гэртээ харилаа гээд гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаартай: “1. И.Э-ы биед зүүн бугалга, зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 4. И.Э-ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. И.Э-ы биед хуучин гэмтэл шарх тогтоогдсонгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 55 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч И.Э-ы амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 194 дугаартай: “1. Х.Г-ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Х.Г-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Гавал тархины КТГ шинжилгээний хариу болон зургийн харьцуулан үзэхэд хуучин ямар нэгэн гэмтлийн гаралтай өөрчлөлт тогтоогүй бөгөөд дээрх үүссэн гэмтэл хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 692 дугаартай: “1. Х.Г-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Тархи доргилт гэмтэл нь цохих доргих үед үүснэ, хөдөлгөөн, ажлын ачаалалын үед үүсэхгүй. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, доргих үйлдлээр үүсгэгдэнэ. 5. Тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. 6. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч И.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “..Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн. Би Х.Г-той хамтран амьдарснаасаа хойш хэд хэдэн удаа зодуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Ё.Ш-н 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн: “..И.Э- нь харилцаа нээлттэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай. Энгийн, нээлттэй, илэн далангуй харилцаатай. Сонсох чадвар сайн. Үгийн сонголт, өгүүлбэрийг бүтэц зөв. Төрөхөөс өмнө болон төрсний дараа гэр бүлийн ямар нэгэн асуудал байхгүй, гэр бүлд сэтгэцийн өвчтэй хүн байхгүй. Сэтгэл хөдлөлийн илрэлээ гаргахгүйг хичээж, өөрт таагүй мэдрэмж төрүүлсэн зүйлсийг бодохгүй байхыг хичээж сэтгэл хөдлөлөө албадсан шинжтэй. Хувь хүний онцлог нь сэтгэл хөдлөл ихтэй, амархан бухимддаг ч удалгүй тайвширдаг, аливаад хандах хандлага нь эерэг, бусдыг сонсох, ойлгох чадвартай гэж ажиглагдсан. Бие хүний сэтгэл зовнил, түгшүүрийг оношлох асуулгаар 49 оноо буюу “санаа зовнил, түгшүүрийн түвшин өндөр”, сэтгэл гутралын түвшин тогтоох сорилоор 51 оноо буюу “сэтгэл гутралын дээд түвшинд”, гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэрэг “өндөр” үзүүлэлттэй тус тус дүгнэгдсэн. Уур бухимдал, ганцаардал, эрч хүчгүй болж сульдах, цөхрөх, уй гашуу мэдрэх, хүмүүсээс зугатах мэдрэмж төрж байгаа ч амиа хорлох бодол төрөөгүй. Сэтгэл зүйн эдгээр асуудал нь 2019 онд анх хамтран амьдрагч Х.Г-т зодуулснаас эхэлсэн гэж үзсэн” гэх сэтгэл зүйчийн дүгнэлт /хх-ийн 93 дугаар хуудас/,
  • Хохирогч Х.Г-ийн өвчний түүхийн “клиникийн урьдчилсан онош: Тархины доргилт” гэх хуулбар /хх-ийн 94-103 дугаар хуудас/,
  • 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зөрчил шалгагчийн: “И.Э-аас 5 ширхэг гэрэл зураг ирүүлснийг зөрчлийн материалд хавсаргасан” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 104-107 дугаар хуудас/,
  • Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Энэ жил буюу 2020 оны хавар яг сар өдрийг мартсан байна. Манайхаар орж гарч явдаг И.Э- гэдэг найз маань нэг өдөр хүүхэдтэйгээ манайд орж ирээд гал тогооны өрөөнд байхдаа урд шөнө машин барьж яваад цагдаад журамлагдсан. Нөхөртэйгээ муудалцсан тухай яриад мөн тэр үед яасан юм байгаа юм мэдэхгүй энд хөхөрсөн байна гээд баруун гарын бугалганыхаа дотор талд хэсэг газар хөхөрснийг надад харуулаад энэ хөхөрсөн зургийг нь дараад Ганааг зодсон болгоод цагдаад өгчихье гэж байсан. Би тэр үед гэр бүлийнхээ асуудлыг өөрсдөө учраа ол битгий гэр оронд хэрүүл уруул яриад бай гээд ажилдаа явахаар гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 159-160 дугаар хуудас/, 
  • Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Тийм ээ би тухайн дуудлагыг аваад очиход 09-... тоот байсан бөгөөд тэр хашаанаас эмэгтэй хүн гарч ирээд зөрчил гаргагчийг зугтаачихлаа гэж хэлээд ээжийнхээ хаягт очсон байх гэж хэлээд би хаягийг нь заагаад өгье гээд өөрийнхөө машинаараа гэрийг нь зааж өгөөд ... тоотод очоод гэрт ороход зөрчил гаргагч байхгүй хүүхэд нь унтаж байсан. ..Дуудлага гомдол гаргагч иргэний биед гэмтэл шарх анзаарагдаагүй, тухайн үед хохирогчоор И.Э-аас мэдүүлэг аваад шүүх эмнэлэгт үзүүлэх талаар асуухад өөрөө үзүүлэхгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174 дүгээр хуудас/,
  • Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн ирүүлсэн тогтоолтой хавсаргасан гэрэл зураг дээр шинжилгээ хийх боломжгүй. Учир нь зурган дээр фотошоп ашигласан засвар бичилт хийсэн мөн үзүүлэгч өөрийн биеэр ирээгүй. Дээрх гэмтэл нь авсан гэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 27-ны үүсгэгдсэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 175-176 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Прокурор яллах дүгнэлтдээ “Шүүгдэгч И.Э-ыг 2020 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Г-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж буруутгажээ.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдагдаж, шүүгдэгчийг буруутгаж байгаа нотлох баримтууд болох хохирогч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29, 51-52, 171-172/, шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 194 дугаартай дүгнэлт /хх-ийн 60/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 692 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67/, хохирогч Х.Г-ийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 94-103/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.И.Э- нь 2020 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод Х.Г-ийн биед халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тогтоогдож байх хэдий ч шүүгдэгчийн үйлдэл нь бодит агуулгаараа өөрийн ...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”-ын шинжийг агуулсан гэж шүүх дүгнэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ..шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч И.Э-д холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч И.Э-ыг цагаатгаж шийдвэрлэв.

Хэргийн үйл баримтаас үзвэл 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч И.Э-, хохирогч Х.Г- нарын хооронд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, 2020 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө шүүгдэгч И.Э- өөрийн хүү Б.Э-ын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод байрлах аав И-ийн гэрт унтаж амарч байхад хохирогч Х.Г- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи хүүгийн маань яагаад ганцааранг нь орхисон юм бэ, чи өөрийнхөө хүүг байсан бол ганцааранг нь хаяхгүй шүү дээ, чи хүүхдийг хоол унд, ид, гудар гэж хэлсэн юм бэ” хэрүүл маргаан үүсгэж харилцан зодолдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Э-ы хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хэдийгээр санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл боловч хохирогч Х.Г-ийн согтуурсан үедээ шөнийн цагаар бусдын орон байранд хүч түрэн орж ирсэн хууль бус үйлдэл, гэрт нь орж хэрүүл маргаан үүсгэж, шүүгдэгчийг үсдэн чирч гэм хор учруулахаар гэрээс гаргаж байгаа хүч хэрэглэсэн буюу довтолгоон эхэлсэн үед түүний эсрэг хариу үйлдлийг хийж, хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзлээ.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан:

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “И.Э-аас 9-... тоотод Х.Г- гэх хүн зодлоо” гэх зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-13/, хохирогч И.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24/, хохирогч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29, 51-52, 171-172/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32, 39-40/, гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34/, арван найман насанд хүрээгүй гэрч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48/, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Ё.Ш-н 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн сэтгэл зүйчийн дүгнэлт /хх-ийн 93/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Х.Г- нь шүүгдэгч И.Э-тай хамтран амьдрах явцдаа Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т заасан “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэх заалтуудыг зөрчиж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т заасан “...сэтгэл санаанд дарамт учруулах, ...бие махбодод халдсан үйлдэл” хийж байсан нь нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг хохирогчид учрах хохирлын хэмжээг үл харгалзан шүүгдэгч И.Э-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна.

Нөгөөтэйгүүр хохирогч Х.Г- мөрдөн шалгах ажиллагааны үед “..И.Э- намайг янхандаж явлаа гээд хэл амаар доромжилсон. ..Би тухайн үед гар утсаа авахгүй байхад миний гар утас руу есөн шидээр мессэж бичээд байсан” /хх-ийн 28/ гэж мэдүүлдэг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй,

Шүүгдэгч И.Э- мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт “2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ...хамтран амьдрагч Х.Г- маань архи уугаад алга болсон байсан. ..Тухайн үед Х.Г- өөрийнхөө гар утсыг унтраачихсан байсан. ...Х.Г- манайд ирэхдээ л хувцас нь шороо тоостой архидан согтуурсан байдалтай ирсэн. ... дугаартай хүнтэй хамт байсан” /хх-ийн 23/, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэж мэдүүлсэн, шүүгдэгч И.Э-ы хувьд хохирогч Х.Г-ийн эсрэг санаатай өдөөн хатгалт хийж гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлсний улмаас маргалдаж, улмаар халдахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, санаатай гэмтэл учруулсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүйг дурдаж байна. 

Шүүгдэгч И.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс хүчингүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Х.Г- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй” тул шүүгдэгч И.Э- нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар төрөөс нэхэмжлэх эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон          

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2038002800281 дугаартай хэргийг шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч И.Э-ыг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч И.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР