Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 115/ШШ2019/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: “БТ” ХХК-ийн гомдлоор,

Хариуцагч: Дорноговь аймгийн Т-ын улсын байцаагч Г.О, С.Б нарт холбогдуулан үүсгэсэн

Дорноговь аймгийн Т-ын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн № 0602201804 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “БТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч татварын улсын байцаагч Г.О, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч БТ ХХК нь шүүхэд гаргасан гомдол болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 онд Улаанбаатар хотоос БНСУ-аас сэлбэг оруулан ирдэг хүнээс экскаваторын сэлбэг авч байсан. Хэд хэдэн удаагийн худалдан авалт хийж НӨАТ-ын падаан авах талаар шаардлага тавьснаар “ШТ “ХХК-ийн тамга тэмдэг бүхий албан ёсны падаан дээр бичилт хийсэн бичиг баримтыг манай талд таксины жолоочоор явуулсан байсан. Энэ падаанаар 2015 оны 7 дугаар сард манайх татварын тайлан гаргахад мөн адил борлуулагч тал борлуулалтын тайландаа тусгасан байснаар энэ худалдан авалт баталгаажсан болно. Тухайн үед энэ падааны үнэн худлыг шалгах ганц шалгуур бол худалдан авагч, борлуулагч талууд тайландаа харилцан мэдээлснээр тодорхойлогдох ёстой. Бид энэ падааны үнэн зөвийг өөрөөр шалгах боломж байхгүй байсан.

Гэтэл одоо бараг 3 жилийн дараа энэ падаан хуурамч тэр компани нь тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан гэж байгаа нь нэг талыг барьсан үйлдэл байна. Аж ахуйн нэгжүүд сар бүр НӨАТ-ын тайлан, улирал бүр санхүүгийн тайлан гаргаж татварын байгууллагуудад мэдээлж түүнийг татварын газар нэгтгэж хянаж байдаг байх. Гэтэл их хэмжээний борлуулалт хийж НӨАТ-ын тайлан бичиж байсан компаний санхүүгийн тайланг тухайн үед шалгаж илрүүлээгүй байгаа нь Татварын газрын ажлын хариуцлага ямар байгааг харуулж байна.

Энэ падаанийг тухайн үед нь хуурамч байна, энэ компани үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг илрүүлсэн бол өнөөдөр ийм асуудалд орохгүй тухайн үед нь засаж залруулах боломж бүрэн байсан. Тэгсэн бол ийм хэмжээний төлбөрт орохгүй байх байсан. Энэ нь хэсэг бүлэг зальтай этгээдүүдийн хуулийн цоорхойг ашиглан луйвар хийж байгаа үйлдэл мэт харагдаж байна. Бүх бурууг худалдан авагч тал руу хийж хохирлыг төлүүлэх сонирхол их байгаа юм биш үү. Тийм учир манай компани татварын газрын гаргаж буй энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхэд гомдол гаргаж байна гэсэн гомдлыг бичгээр гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“БТ” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сард  “ШТ” ХХК-тай хийсэн худалдан авалтанд бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар зөрчлийн хэрэг үүсгэсэн байсан. Бид тухайн үед Улаанбаатар хотоос Солонгос авто сэлбэг худалддаг хүнээс сэлбэг худалдан аваад борлуулсан гэх падаан хүсэхэд таксины жолоочоор тус падааныг ирүүлсэн байсан. Энэ падаан нь тамга тэмдэгтэй, улсаас баталсан маягт, бланк дээр бичигдсэн баримт байсан. Үүнийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа 07 дугаар сард мэдээлсэн. Бидний ойлгож байгаагаар худалдан авсан, борлуулсан хоёр тал хоёулаа мэдээлсэн тохиолдолд тэр тайлан, тухайн баримт бичиг баталгааждаг гэж боддог.

Ингээд 2016 онд “БТ” ХХК-д аймгийн татварын хэлтсийн шалгалт хийгдсэн бөгөөд шалгалтаар дээрх падаантай холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй, гэтэл 2018 онд уг падаан нь хуурамч байна гэх бичиг ирсэн. 2015-2018 оныг хүртэл 3 жилийн хугацаанд “ШТ” ХХК үйл ажиллагаа явуулаагүй байхад уг падааныг үйлдсэн байна гэх гомдол гарсан байсан. Бидний ойлгож байгаагаар татварын газар бүх харилцагч байгууллагуудаасаа тайлан мэдээ авч  баталгаажуулж явдаг. Хэрвээ “ШТ” ХХК тэр онуудад ажил үйлчилгээ явуулаагүй байсан бол Улаанбаатар хотын харьяалагдаж байгаа дүүргийнхээ татварын хэлтэст үйл ажиллагаа явуулаагүй байгууллага нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичээд тайлан мэдээ явуулж байгаа талаар тэр үед нь шалгаад илрүүлсэн бол өнөөдөр ийм асуудал яригдахгүй байсан.

Тэгэхээр татварын байгууллага бол харилцагч байгууллагуудынхаа санхүүгийн эрсдэлийг давхар хамгаалдаг баймаар байна. Энэ нь ганцхан манай компанид биш нэлээн хэдэн компанид их хэмжээний үнийн дүнтэй падааны зөрчил байдаг юм билээ. Тиймээс 2018 оныг хүртэл илрүүлээгүй байж Цагдаагийн байгууллагын мэдээллийн дагуу шалгалтаар илэрсэн гээд манай компанийг нэг тал руу нь бүх асуудлаар буруутгаж байгаа нь хуульд нийцэж байгаа юм уу? Хэрвээ 2016 онд манай байгууллагад татварын шалгалт орж байхад энэ падааныг хуурамч байна гэж хэлсэн бол тухайн үед нь арга хэмжээ авч болох байсан. Мөн уг шийтгэх хуудсаар алданги, торгууль тооцож байгаа. Хэрвээ 2015 онд энэ асуудлыг хэлсэн бол тухайн үед нь шийдээд ядаж хүү, алданги тооцохгүй байж болох байсан. Ийм учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гол шаардлага бол татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0602201804 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахтай холбоотой байгаа. Үндэслэлийн талаар миний үйлчлүүлэгч болох “БТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э тайлбараа тавьсан байгаа. 2016 онд татварын улсын байцаагчийн хяналт шалгалт орсон. Тухайн цаг үедээ энэ нөхцөл байдлыг илрүүлэх боломжтой байсан боловч илрүүлээгүй. Татварын хэлтэс өөрөө илрүүлээгүй байхад харилцагч байгууллага ямар журмаар яаж илрүүлэх вэ? Байгууллага хоорондын уялдаа холбоо харилцан бие биенээ дээдэлж, хүндэлж, ажиллаж ойлголцдогийнхоо хувьд энэ байдалдаа үнэлэлт дүгнэлт хийгээд арай өөр байр сууринаас хандах нөхцөл байхгүй юм уу?, гэтэл татварын хэлтсээс энэ байдлыг илрүүлээгүй атал татвар төлөгч байгууллагаа буруутгаж энэ нөхцөл байдлыг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэмэгдсэн өртгийн албан татвар оногдуулж болно, үүндээ алданги хүүг нь нэмээд үндсэн торгуулийн тавин хувьтай тэнцэх үнийн дүнг нэмээд нийтдээ 9 312 321 төгрөгийн торгууль оногдуулсанд нь гомдолтой байна. Өөрөөр хэлбэл татварын хэлтэс, татвар төлөгч, хариуцагч байгууллагуудынхаа эрх ашгийг татвар төлснийх нь хэрээр хамгаалж бусад татвар төлөгч байгууллагуудын нуугдмал баримтуудыг илрүүлэх ёстой энэ үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь хоёр талын үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотой байна гэсэн гомдлыг гаргаж байна. Үүнийг хууль зүйн талаас нь анхаарч үзэх нь зүйтэй.

2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, тайлан тэр чигээрээ хэрэгт авагдсан. Тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татварын 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсгээр шийтгэх үндэслэл байгаа эсэхэд эргэлзээ төрж байна. “БТ” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн тайланг бусад баримтад тусгагдаагүй гэсэн хууль зүйн үндэслэл нотлогдон тогтоогдох боломжгүй юм.  Шийтгэлийн хуудсанд нэмэгдсэн өртгийн албан татварын 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсгийг баримталсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, татварын ерөнхий хуультай зөрчилдөж байгаа. Мөн энэ зөрчил хэдийд гарсан бэ гэдгийг харгалзан үзэж Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийг авч үзэх нь зүйтэй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн нь тодорхой байна. Энэ бүгдийг давхцуулан оногдуулж байгаа нь хуулийн эрх хэмжээд бүрэн нийцэхгүй байх эргэлзээг төрүүлж байгаа учраас “БТ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсгийг үндэслэн “БТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0602201804 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Т-ын улсын байцаагч С.Б, Г.О бид Нийслэлийн Татварын газрын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02/282 тоот албан бичгийг үндэслэн “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, “Татварын хяналт шалгалтын тасгийн даргын хяналт шалгалт хийх 06180300012 тоот томилолт”-ын дагуу 3311007 тоот регистрийн дугаартай, 0611004049 тоот улсын бүртгэлийн дугаартай, барилгын материалын худалдаа, элс, дайрга бутлан ангилах үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, Энхтайваны Уранчимэг захиралтай, “БТ” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 2015 оны 07 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 16-аас 19-ний өдрийн хооронд хийж, 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 0602201804 тоот шийтгэлийн хуудсаар 5483254.55 төгрөгийн зөрчилд нийт 9312321 төгрөгийн төлбөр ногдуулсныг захирал Э.У эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн татварын газраас 2018 оны 02 дугаар сарын 12-нд албаны дотоод сүлжээгээр: “ШТ” ХХК нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр татварын хяналт шалгалтад хамрагдаж байгаа ба 2013-2016 онуудад хэд хэдэн аж ахуйн нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа, үйлчилгээг борлуулснаар тусгасныг үнэн, бодитой эсэх, худалдан авагч аж ахуйн нэгж нь татварын хяналт шалгалтад хамрагдсан эсэхийг тодруулж хариуг мэдэгдэх талаар албан бичиг ирүүлсний дагуу “БТ” ХХК-ийн захирал Э.У ранчимэгээс мэдүүлэг авч, урьд хийгдсэн татварын хяналт шалгалтын материалыг хүргүүлсэн.

 Дахин Нийслэлийн татварын газраас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02/282 тоот албан бичигт: 2626314 тоот регистрийн дугаартай “ШТ” ХХК нь 2014-2016 онд бараа, ажил, үйлчилгээ импортлоогүй, дотоодын зах зээлээс худалдан аваагүй боловч танай татварын хэлтэстэй харилцагч 3311007 тоот регистрийн дугаартай “БТ” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгосон байгаа тул “БТ” ХХК-ийг татварын хэсэгчилсэн хяналт шалгалтад хамруулж, шалгалтын дүнг ирүүлэх тухай албан тоотыг үндэслэн татварын хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийсэн.

Тус компанийн 2012 оны 03 дугаар сарын 06-наас 2015 оны 12 дугаар сарын 31-ныг дуусталх хугацааны татвар ногдуулалт төлөлтөд Татварын улсын байцаагч С.Дэлгэрсуурь, Ч.Цолмонбаяр нар иж бүрэн татварын хяналт шалгалт хийж 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 060014522 тоот актаар 63263080.60 төгрөгийн зөрчилд 9751758.60 төгрөгийн төлбөр ногдуулсныг бүрэн төлж барагдуулсан байна.

Тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 07 дугаар сарын тайлангаар 65619091 төгрөгийн борлуулалтын орлоготой, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч газраас 58950727.45 төгрөгийн худалдан авалттай, 666836.35 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлагнасан байна.

“БТ” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтын тайланд хяналт шалгалт хийхэд “БТ” ХХК-нь 2015 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод байршилтай 2626314 тоот регистрийн дугаартай, “ШТ” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0014613164 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын /борлуулалт/ падаанаар 54832545.45 төгрөгийн үнийн дүнтэй, 5483254.55 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийж, уг худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ‘'Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 5483254.55 төгрөгөөр бууруулан тайлагнасан.

Гэтэл “ШТ” ХХК-д Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллээр Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалт хийгдэж, тухайн падаан үйлдсэн 2015 онд уг компани нь бараа материал импортлоогүй, дотоодын зах зээлээс худалдан авалт хийгээгүй гэдэг нь нотлогдож, уг падаанаарх борлуулалт нь хуурамч гэдгийг тогтоосон тул “БТ” ХХК нь 2015 оны төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 5483254.55 төгрөгөөр бууруулсан зөрчил гаргасан байна.

“БТ” ХХК-ийн захирал Э.У нь Солонгос улсаас сэлбэг оруулж ирдэг хувь хүнтэй интернетээр холбогдож сэлбэг захиалан авдаг байсан ба уг хүнээсээ 2015 оны 7 дугаар сард 60315800 төгрөгийн үнэ бүхий экскаваторын сэлбэгийг захиалан авсан гэх ба нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь сүүлд нь ирсэн байна. Тус сэлбэг хэрэгслийг мөнгөөр худалдан авсан нь нотлогдохгүй, мөнгө төлсөн, авсан баримт байхгүй, захирал Э.У хэлэхдээ дээрх хувь хүнд бэлнээр өгсөн гэдэг боловч тус иргэнийхээ нэрийг санахгүй байна гэх зэргээр бодитоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлж худалдан авалт хийсэн нь нотлогдохгүй байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зуйл: Нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх, 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно.”, 14.1.1. “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа...” 14.3. “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол ут албан татварыг хасч тооцохгүй.” гэж заасныг зөрчсөн.

Гэтэл “ШТ” ХХК нь дээрх тайлангийн хугацаанд бараа бүтээгдэхүүн импортлоогүй, дотоодын зах зээлээс бараа, үйлчилгээ худалдан аваагүй, бараа худалдан борлуулалт хийгдээгүй гэдэг нь Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтаар тогтоогдсон нь тус нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх борлуулалт хуурамч болохыг нотолж байна.

Харин “БТ” ХХК-ийн захирал Э.У тайлбарлахдаа “манай компани нь БНСУлсаас сэлбэг оруулж ирдэг хүнээс хэд хэдэн удаа захиалга өгч худалдан авалт хийсэн, энэ хүнээсээ 2015 оны 7 дугаар сард экскаваторын сэлбэг захиалан авсан. НӨАТ-ын падаан нь сүүлд хүнээр ирсэн. Тус падааныг худалдан авалтандаа шивэхэд борлуулагч тал нь бас шивсэн байсан болохоор эргэлзэх зүйл байгаагүй. Бидний зүгээс падаан хуурамч эсэхийг шалгаж мэдэх ямар ч боломж байхгүй, татварын алба татвар төлөгчдөө эрсдэлээс хамгаалж мэдээллээр хангаагүй, олон жил өнгөрсөн хойно татвар, торгууль, алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй, шүүхэд гомдлоо гаргах болно” гэсэн юм.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; гэж заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг бүртгэлтийг хялбаршуулсан журмаар явуулж, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:” 74.1.4 “тоо хэмжээ үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлсийг өсгөх”, 74.3 “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”, мөн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2- т “...алдангийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно”, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №25 дугаар тогтоолын 1-д: “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон... татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.052 хувь байхаар тогтоож 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж тус тус заасныг үндэслэн “БТ” ХХК нь Улаанбаатар хотын “ШТ” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0014613164 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаанаар 54832545.45 төгрөгийн үнийн дүнтэй, 5483254.55 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 5483254.55 төгрөгөөр бууруулсан зөрчилд 5483254.60 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 1644976.40 төгрөгийн торгууль, 2184090 төгрөгийн алданги, нийт 9312321 төгрөгийн төлбөр ногдуулж төлүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 0602201804 тоот шийтгэлийн хуудас бичсэн.

Тус шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг “БТ” ХХК-ийн захирал Э.У эс зөвшөөрч, тайлбараа бичгээр гаргаж өгсөн ба, татварын улсын байцаагчийн үйлдсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бичиг баримтуудтай уншиж танилцсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан болно гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба шүүх хуралдаанд хариуцагч татварын улсын байцаагч нараас тайлбарлахдаа:

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Бишрэлт түшлэг” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсэгчлэн хяналт шалгалт хийх талаар Нийслэлийн татварын газраас албан бичгээр 2626314 тоот регистрийн  дугаартай “ШТ ” ХХК нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр татварын хяналт шалгалтад хамрагдаж байна. Тухайн компани нь 2013-2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдворын тайландаа хэд хэдэн аж ахуй нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа, ажил үйлчилгээ борлуулснаар тусгасан байгаа тул уг бараа ажил үйлчилгээ бодит хэсгийг худалдан авагч  талууд хяналт шалгалтад хамрагдсан эсэх талаар холбогдох мэдээллийг тодруулж хариу яаралтай ирүүлнэ үү гэсний дагуу “БТ” ХХК-ийн захирал Уранчимэгийг дуудаж мэдүүлэг аваад өмнөх шалгалтын шийдвэрээр нь явуулсан.

Түүний дараа 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нийслэлийн татварын газраас “ШТ” ХХК нь 2014-2016 онд бараа, ажил үйлчилгээ импортлоогүй, дотоодын зах зээлээс худалдан аваагүй боловч танай татварын хэлтэстэй харилцагч  3311007 регистрийн дугаартай “БТ” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа, ажил үйлчилгээг борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгосон байна.

Иймд “БТ” ХХК-ийг хэсэгчилсэн хяналт шалгалтад хамруулж шалгалтын дүнг яаралтай ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирсний дагуу татварын хяналт шалгалтын тасгийн даргын томилолт олгогдсоноор татварын улсын байцаагч С.Б Г.О бид татварын хяналт шалгалтыг зөвхөн 2015 оны 07 дугаар сарын үйл ажиллагааны нэмэгдсэн өртгийн албан татварт хэсэгчлэн хяналт шалгалтыг хийсэн.

 Хяналт шалгалтаар 2015 оны 07 дугаар сард хийгдсэн гэх худалдан авалтанд нэмэгдсэн өртгийн албан татвар бичигдсэн падааныг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэлийн хуудсыг гаргасан. Гэхдээ 03 дугаар сарын 16-нд “БТ” ХХК-ийн захирал Э.У ранчимэгийг дуудаж тайлбар, мэдүүлэг авсан ба тэгэхэд машины сэлбэг хэрэгслийг хувь хүнээс интернетээр захиалж авсан, өмнө нь хэд хэдэн удаа худалдан авалт хийгээд сүүлийн удаад нь өндөр дүнтэй худалдан авалт хийснийхээ падааныг тэр үед нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн падаан өгнө биздээ гэхэд өгнө гэж хэлээд араас нь уг падаан нь таксигаар ирсэн гэж мэдүүлсэн.

Нэгэнтээ хуулийн этгээд, аж ахуй нэгж нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн бүртгэл тооцоогоо хуулийн дагуу нарийн хийх ёстой. Гэтэл хувь хүнээс утсаар ярилцаж бараа аваад мөнгөө өгөлцөж авалцсан гэж байгаа. Худалдаж авч байх үедээ мөнгөний баримт үйлдэж авч байсан уу гэхэд тийм гэж хэлсэн. Дараа нь уг баримтаа гаргаж өгөөгүй. Нягтлан бодох анхан шатны бүртгэлийг хөтлөх заавар байдаг, тухайн зааврын дагуу мөнгөөр үйл ажиллагаа явуулаад бэлэн мөнгө өгч байгаа бол Сангийн сайдын тушаалаар батлагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны маягт бүртгэлийг хөтөлж байж түүнээсээ үндэслэн санхүүгийн тайлан тооцоо гарч байх ёстой.

Мөн хуульд зааснаар бэлэн мөнгөөр барааг худалдаад авсан бол тухайн газраас бэлэн мөнгөний орлогын баримт авах ёстой. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бараа материалын орлогын баримтын хувьд “ШТ” ХХК нь “БТ” ХХК-д сэлбэг зарж, бэлэн мөнгө кассдаа хүлээн авлаа гэсэн гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй орлогын баримт байж энэ нь анхан шатны баримт болно, хэрэв мөнгөөр аваагүй бол нэхэмжлэхээр өглөг, авлага үүсэх ёстой.

Гэтэл энэ хүмүүс бэлэн мөнгөөр авсан гэдэг тэгэхээр ямар нэгэн өр авлага үүсээгүй гэж бид ойлгож байгаа. Үүнийгээ үндэслээд нэмэгдсэн өртгийн албан  татварын падаан дараа нь бичиж өгсөн байж болно. Гэхдээ  гомдол гаргагч талаас нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хууль, журмын дагуу хийгээгүй гэж үзэж байна. Бараа материал авсан нь эргэлзээтэй, тавь гаруй сая төгрөгөөр сэлбэг авсан байхад хөрөнгө нэмэгдэж байх ёстой гэтэл балансыг нь харахад хөрөнгө нэмэгдээгүй байх жишээтэй.

“ШТ” ХХК нь цагдаагийн газарт шалгагдах явцад 9 гаруй газар яг энэ асуудлаар улсын хэмжээнд шалгагдсаны нэг нь “БТ” ХХК байгаа. Манай зүгээс яагаад энэ компанид нөхөн татвар, алданги, торгууль оногдуулсан бэ гэхээр “ШТ” ХХК нь ямар нэгэн борлуулалт хийгээгүй, хий бичилттэй падаан өгсөн гэдэг нь тогтоогдчихсон байгаа. “ШТ” ХХК-ийг Цагдаагийн байгууллага тогтоогоод, татварын ерөнхий газар үндсэн баримтыг нь шалгаад ирэхээр энэ газрууд үйл ажиллагаа явуулаагүй, бараа материал аваагүй атлаа борлуулалт хийсэн  байна гэдэг, гэтэл тэр бараа материалыг аль нэгэн газраас худалдаж авч байгаа болон гадаадаас импортлон оруулж ирж байгаа ямар нэг мэдээлэл байхгүй байгаа нь тогтоогдсон.

Тэгэхээр тухайн падааны хувьд “БТ” ХХК бол ямар нэг байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлж авсан худалдан авалт биш болж таарна, яагаад гэвэл цаад газар нь борлуулалт хийгээгүй гэдгийг нотолчихсон учраас тавин дөрвөн сая төгрөгийн бараанд таван сая дөрвөн зуун мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж худалдаж авсан гэж үзэх боломжгүй байтал эднийх 5483254 төгрөгийн татварыг, төлөх ёстой татвараас бууруулж төлсөн. Тэгтэл цаад газар нь 5483254 төгрөгийн хэмжээний нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас улсад төлөх гэж байсан татвар энэ хэмжээгээр буурч байгаа юм.

Үүнийг хяналт шалгалтаар илрүүлж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн нөхөж ногдуулж байгаа болохоор татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж нөхөн төлүүлэх татварын гучин хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж заасны дагуу 30 хувьд нь торгууль тооцож, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт 74.1, 74.2 дахь зүйлд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаандаа төлөгдөөгүй татварт алданги тооцохоор зааснаар нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэснийг үндэслэн алданги тооцож хариуцлага тооцсон байгаа.

“БТ” ХХК нь анхан шатны бүртгэл дээр тусгасан ямар нэгэн мөнгө төлсөн баримт байхгүй мөн “ШТ” ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдгийг нотолж өгсөн учир үүнийг үндэслэн ийм шийтгэл оногдуулсан.

Өмнөх хяналт шалгалтаар илрүүлж болох байсан гэдэг асуудал яригдаад байгаагийн тухайд манай татварын албанд баримталж байгаа зарчим гэвэл татвар төлөгч орлого, зарлагаа өөрөө тодорхойлоод, өөрөө татварын тайлангаа цахимаар илгээхэд бид анхан шатны санхүүгийн баримтад нь хяналт шалгалт хийж  гүнзгийрүү нь орж үзэхгүй. Татвар төлөгч нар нь өөрсдөө орлого, зарлагаа үнэн зөв тодорхойлж төлөх үүргээ хуулиар хүлээчихсэн, хариуцлагаа ч өөрөө хүлээх үүрэгтэй учраас тайланг шивсэн байгаа байдлаар нь хянаж явуулдаг.

2016 онд 2015 оны татварын хяналт шалгалтыг хийж байх явцад ч гэсэн эдний борлуулалт нь “ШТ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хасалтад нь орчихсон байсан учраас тайлан хүлээн авах явцад ямарваа нэгэн зөрчил илрээгүй. Харин сүүлийн хэсэгчилсэн хяналт шалгалт хийж байх явцад анхан шатны бүх баримтыг нь татаж аваад бүртгэлтэй байгаа эсэхийг үзэхээр зөрчил нь илэрч байгаа юм. Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь мөнгө төлсөн гэдгийг нотолж байгаа баримт биш бөгөөд харин уг падаан нь тухайн барааг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авч байна гэдгийг нотлох баримт юм. Мөнгө төлж авсан гэж байгаа боловч төлсөн гэх баримт нь нягтлан бодох бүртгэлийнхээ анхан шатны баримтад тусгагдаагүй, хөрөнгөдөө бүртгэгдээгүй байгаа. Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг зөрчсөн үйлдэлд нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлээр хариуцлага тооцсон. Нэгэнт “ШТ” ХХК хуурамч падаан бичсэн нь Өршөөлийн хуульд хамрагдан 2015 оны 07 дугаар сарын 02-оос хойшхи үйлдлийг нь зөрчил гэж үзээд торгууль, алданги оногдуулсан бөгөөд үүний цаана Улаанбаатар хотын хэмжээнд 7 газар, орон нутагт 2 газар байгаа гэж байсан. Тус газрууд нь уг зөрчлөө хүлээн зөвшөөрөөд төлчихсөн, Дорноговь дахь хэрэг нь үлдчихсэн байгаа гэж холбогдох татварын байцаагч нараас хэлсэн. Иймд тухайн цаад газар нь орлого аваагүй, борлуулалт хийгээгүй учраас хүлээж авч байгаа газар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэдэг нь нотлогдож байгаа учир “БТ” ХХК төлөх нь гарцаагүй гэдэг байр суурьтай байна гэв.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагын хүрээнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон шүүх хуралдаан дахь хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнэн доорх үндэслэлээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            1. Гомдол гаргагч “БТ” ХХК нь тус компанид нэмэгдсэн өртгийн албан татварыг торгууль, алдангийн хамт төлүүлэхээр шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Т-ын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн № 0602201804 дугаартай Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан ба тэрээр уг гомдлын шаардлагын үндэслэлээ;

            “ШЦ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан /цаашид НӨАТ-ын падаан гэх/-ыг хуурамч гэх үндэслэлээр, худалдан авалт хийснээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсний дараа их хэмжээний төлбөр ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татварын байгууллагаас 2016 онд хийж байсан хяналт шалгалтаар ямар нэг зөрчил илэрч байгаагүй. Тухайн үед уг НӨАТ-ын падааныг борлуулагч талаас борлуулалтын тайландаа шивсэн байсан тул манайх татварын тайландаа тусгасан, манай компанийн хувьд уг падааны үнэн зөв болохыг худалдан авагч болон борлуулагч талууд тайландаа харилцан мэдээлсэн байгаагаар тодорхойлохоос өөр боломжгүй. Хэрэв татварын байгууллагын зүгээс 2016 онд хийсэн татварын хяналт шалгалтаараа үүнийг зөрчил гэж үзэж, илрүүлсэн бол одоо ийм их хэмжээний төлбөрт орохгүй байх байсан, энэ нь татварын байгууллагын зүгээс татвар төлөгчдийнхөө эрх ашигийг хамгаалах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэсэн агуулгаар тодорхойлон маргаж байх бөгөөд,

Хариуцагч нараас үүнийг эс зөвшөөрч, 2016 онд хийгдсэн татварын хяналт шалгалтын хувьд татвар төлөгч нараас зөвхөн цахимаар ирүүлсэн тайлангийн хүрээнд хянагддаг учир санхүүгийн анхан шатны баримт шалгагдах боломжгүй байдаг ба 2016 онд тус компанийн тайлан мөн дээрх байдлаар шалгагдсан учир зөрчил илрээгүй. Харин 2018 онд Нийслэлийн татварын газраас “ШЦ” ХХК нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр татварын хяналт шалгалтад хамрагдаж байгаатай холбогдуулан тус компанитай худалдан авалт хийсэн “БТ” ХХК–ийг татварын хэсэгчилсэн хяналт шалгалтад хамруулахаар ирүүлсэн албан бичгийг үндэслэн, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж болон хяналт шалгалт хийх томилолтын дагуу “БТ” ХХК–ийн 2015 оны 07 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтын тайланд хяналт шалгалтыг явуулсан бөгөөд Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтаар “ШЦ” ХХК нь 2015-2016 онд бараа материал импортлоогүй, дотоодын зах зээлээс худалдан авалт хийгээгүй нь тогтоогдсноор уг НӨАТ-ын падаанаар хийсэн борлуулалт нь хуурамч болох нь нотлогдсонтой холбоотойгоор тухайн падаанаар худалдан авалт хийсэн “БТ” ХХК–ийг 2015 оны төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, уг зөрчилд төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээр торгууль, алдангийн хамт төлбөр оногдуулсан хэмээн тайлбарлаж байна.

2. Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллээр “ШЦ” ХХК-ийг татварын хяналт шалгалтад хамруулж байгаатай холбогдуулан “БТ” ХХК–ийг татварын хэсэгчилсэн хяналт шалгалтад хамруулах талаар Дорноговь аймгийн Татварын хэлтэст ирүүлсэн Нийслэлийн татварын  газрын 2018 оны 03 дугаар сарын 06 –ны өдрийн 02/282 тоот албан бичиг /хх-ийн 29-р хуудас/-ийн дагуу хариуцагч татварын улсын байцаагч нар нь Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, татварын хяналт шалгалт хийх 06180300012 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн томилолт /хх-ийн 27, 120,121-р хуудас/ зэргийг үндэслэн гомдол гаргагч “БТ” ХХК–ийн 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 31-нийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 16-аас 19-ны өдрийн хооронд /хх-ийн 27-51-р хуудас/ хийж, улмаар 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №0602201804 дугаартай “Шийтгэлийн хуудас” /хх-ийн 9,10-р хуудас/-аар “БТ” ХХК–ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3 дахь зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж, уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл (уг зүйлийг  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх үеийн)-ийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-т “тоо хэмжээ үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна”, 60 дугаар зүйлийн 60.2-т “ ... алдангийн хэмжээг арилжааны банкнаас олгож буй зээлийн хүүгийн дунджийн хэмжээнд Засгийн газар жил бүр тогтоож байна” гэж заасны дагуу гарсан Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1-д “Хуулиар тогтоосон хугацаанд  төлөөгүй болон ... татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.052 хувь байхаар тогтоож, ... мөрдсүгэй” гэж заасныг тус тус баримтлан 5483254,60 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээр, уг татварт 1644976,40 төгрөгийн торгууль, 2184090 төгрөгийн алданги, нийт 9312321 /есөн сая гурван зуун арван хоёр мянга гурван зуун хорин нэг/ төгрөгийн төлбөр оногдуулсан хариуцлага хүлээлгэжээ.

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагч “БТ” ХХК–ийн худалдан авалт хийсэн гэх “ШЦ” ХХК нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн дагуу Нийслэлийн Татварын газраас 2018 онд хийсэн татварын хяналт шалгалтаар 2013-2016 онд ямар нэгэн бараа, ажил үйлчилгээ импортлоогүй, худалдан аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан бараа борлуулсан, ажил, үйлчилгээ үзүүлсэн мэтээр хуурамч бичилт хийж, аж ахуйн нэгжүүдэд тараан бусдад татвараас зайлсхийх боломж олгосон зөрчил гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардсаны дагуу Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн 2019 оны 5г/3748 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 10а-2/4089 тоот албан бичиг /хх-ийн 112,113-р хуудас/, Нийслэлийн татварын газрын 2019 оны 02/737 тоот албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн тус татварын газраас “ШЦ” ХХК-д шийтгэл оногдуулсан 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №220180020 дугаартай “Шийтгэлийн хуудас” /хх-ийн 99,100-р хуудас/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2019 оны 2/3532 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн тус Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2018/6698 дугаартай захирамж /хх-ийн 108-110-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл “БТ” ХХК нь “ШЦ” ХХК-аас худалдан авалт хийсэн гэснээр тухайн компанийн нэр, тамга, тэмдэг бүхий 0014613164 дугаартай 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн НӨАТ-ын падааныг үндэслэн худалдан авалтын тайлан бүртгэл хийж, улмаар түүнийгээ 2015 оны 07 дугаар сард төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч татварт тайлагнасан нь шүүхийн шаардсаны дагуу “БТ” ХХК-аас эх хувиар ирүүлсэн 0014613164 дугаартай НӨАТ-ын падаан, мөн тус компанийн 2015 оны 07 дугаар сарын “Худалдан авалтын дэвтэр” /хх-ийн 75,76-р хуудас/ болон Дорноговь аймгийн Татварын хэлтсээс гарган ирүүлсэн “БТ” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан /хх-ийн 118-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Гэвч гомдол гаргагч “БТ” ХХК-ийн захирал Э.У ранчимэгийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан “...Солонгос улсаас сэлбэг нийлүүлнэ гэсэн зарын дагуу нэг залуутай холбогдож эксковаторын сэлбэг захиалж авсан, одоо нэрийг нь санахгүй байна. Өмнө нь хоёр ч удаа сэлбэг захиалаад ирж байсан болохоор дахин энэ үнэтэй сэлбэгийг захиалж аваад, НӨАТ-ын падаан нэхсэн чинь хүнээр өгч явуулсан ...” гэх тайлбар /хх-ийн 43,44-р хуудас/ болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж буй “ ... худалдан авалтыг хийж байхдаа “ШЦ” ХХК-тай хийж байна гэж мэдээгүй, падаан ирэх үед нь мэдсэн ...” гэх тайлбарууд,

Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн тус компанийн захирлаас “... нөгөө хувь хүнтэйгээ бэлнээр тооцоо хийсэн ба өгсөн, авсан гарын үсэгтэй баримт байгаа ...” гэсэн боловч уг баримтыг татварын хяналт шалгалтын үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардахад гаргаж өгөөгүй байдал, мөн энэ талаар шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн худалдан авалтын төлбөр хэрхэн хийгдсэн болохыг сайн мэдэхгүй талаар гаргаж буй тайлбар,

Түүнчлэн хуурамч буюу хий бичилттэй болох нь тогтоогдсон дээрх падаан, түүнийг үндэслэж хийсэн худалдан авалтын бүртгэлийн тайлан зэргээс өөр нэхэмжлэл болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримт байхгүй зэрэг байдлуудаас үндэслэн дүгнэхэд гомдол гаргагч “БТ” ХХК нь хувь хүнтэй худалдан авалт хийсэн байж болох ч харин тухайн худалдан авалтыг “ШЦ” ХХК-тай хийсэн нь тогтоогдохгүй байх тул тус хоёр компанийн хооронд хийгдсэн борлуулалт болон худалдан авалт бодит биш байна.

Дээрх байдлаар “БТ” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/  14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасны дагуу “ШЦ” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь баримтаар нотлогдохгүй байх тул гомдол гаргагч “БТ” ХХК-ийг зөвхөн худалдан авалтын хасалт хийх зорилгоор буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа ... нд төлсөн” нэмэгдсэн өртгийн албан татварыг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх зүйлд зааснаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор заасны дагуу уг зорилгоор хуурамч буюу хий бичилт хийсэн “ШЦ” ХХК-ийн НӨАТ-ын падааныг авч тухайн худалдан авалтанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг хасч, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг санаатайгаар бууруулсан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх зөрчилд хариуцагч нар нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасныг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх ...”-аар заасан хугацааны дотор 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 0602201804 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар гомдол гаргагч “БТ” ХХК-д нөхөн татварыг торгууль, алдангийн хамт төлүүлэхээр хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

            Хариуцагч нар нь дээрх “Шийтгэлийн хуудас”-аар хариуцлага оногдуулахдаа түүний шийдвэрлэх хэсэгт дүгнэснээр уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн байх боловч мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дүгээрт болон уг зүйлийн “Тайлбар”-т тус тус зааснаар оногдуулах шийтгэл болон тухайн “Шийтгэл хуудас”-д баримталсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл (уг зүйлийг  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх үеийн)-ийн 74.1, 74.3 дахь зүйлд зааснаар оногдуулсан шийтгэлүүд нь нөхөн татвар оногдуулах, түүнд торгууль, алданги тооцох, мөн торгууль /30 хувиас хэтрэхгүй/, алданги /50 хувиас хэтрэхгүй/ зэрэг нь хэмжээний хувьд адил зохицуулагдсан байгаагаараа оногдуулах хариуцлагын хувьд ижил байна.

            Гэтэл Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын хуулиар өөрчлөлт орж, уг хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөний дагуу Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх ... татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасан байгаагаар нөхөн төлүүлэх татварт тооцох алдангийн хэмжээг хөнгөрүүлсэн байна.

Үүнтэй холбогдуулан хэдийгээр гомдол гаргагч “БТ” ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил нь дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд өөрчлөлт орж, дагаж мөрдөгдөх хуулиас өмнө үйлдэгдсэн байх боловч Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд ... оногдуулах шийтгэл ... г хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн ... хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” заасныг үндэслэн “БТ” ХХК-д № 0602201804 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар оногдуулсан хариуцлага дахь зөвхөн алданги тооцох хэсгийг зөрчилд оногдуулах шийтгэлийн нэг хэсэг болох алдангийн хэмжээг хөнгөрүүлж, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн дагуу тооцох үндэслэлтэй байна.

 Иймд дээрх “Шийтгэлийн хуудас”-аар Татварын ерөнхий хуулийн тухайн зүйлийг өөрчлөн найруулахаас өмнөх үеийн хууль буюу Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх ... татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасны дагуу оногдуулсан  2184090 /хоёр сая нэг зуун наян дөрвөн мянга ер/ төгрөгийн алдангийн хэмжээг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл (2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан үеийн)-ийн 74.1-д “ ...алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасны дагуу 1096650 /нэг сая ерэн зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөг болгон багасгаж, алдангийн үлдэх хэсэг болох 1087439 /нэг сая наян долоон мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг буюу № 0602201804 дугаартай “Шийтгэлийн хуудас” дахь 5483254,60 төгрөгийн нөхөн татвар, 1644976,40 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл (уг зүйлийг  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх үеийн)-ийн 74.1 дэх зүйлд зөвхөн нөхөн төлүүлэх татварт холбогдох зөрчлүүдийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь зүйлүүдэд хугацаандаа төлөгдөөгүй татварт холбогдох зөрчил болон түүнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алдангий тооцох асуудлыг тус тус зохицуулсан байх ба харин уг хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь зүйлд заасан зохицуулалт нь мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасан зөрчлүүдэд тус тус тооцох алдангийн хэмжээ нь 50 хувиас хэтрэхээргүй байх агуулгыг илэрхийлж байна.

Гэтэл хариуцагч нар нь гомдол гаргагч “БТ” ХХК-д шийтгэл оногдуулсан “Шийтгэлийн хуудас”-д алдангийг тооцохдоо түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг санаатайгаар бууруулсан зөрчилд нөхөн татвар төлүүлэхээр алданги тооцож байгаа атлаа хугацаандаа төлөгдөөгүй татварт холбогдох зөрчилд тооцох алдангид хамаарах заалт болох Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь зүйлийг давхар баримталсан нь үндэслэлгүй байх боловч энэ нь тус “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.