Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 474

 

У.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                          

            прокурор А.Мөнхзул,

            хохирогч Ц.Чимгээ, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

яллагдагч У.Ч-ын өмгөөлөгч Н.Цэрэндулам,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 467 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр У.Ч-т холбогдох 1708023020413 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Саарай овогт У-ийн Ч-, 1986 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

У.Ч- нь 2017 оны 10 дугаар сарын 3-ны шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн задгай тоотод оршин суух Ц.Чимгээг гэртээ унтаж байхад нь очиж, хоорондын таарамжгүй харьцааны улмаас хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас У.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Ч-т холбогдох хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг прокурорт буцаажээ. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг шалгаж тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Чимгээгийн /хх-ийн 14-15/, гэрч Б.Батсайханы /хх-ийн 19-20/ өгсөн мэдүүлэг болон хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №13841 дүгээр дүгнэлт зэргээс үзэхэд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нягтлан шалгаж тогтоогоогүйн гадна, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тогтоон Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлэх нь зүйтэй. Учир нь хүнийг алахыг завдсан эсэх, мөн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх зэрэгт хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай.

Түүнчлэн прокурор яллах дүгнэлтдээ хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хэрэгт авагдаагүй буюу тогтоогдоогүй гэмтэл, хохирол /зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий/ гэж дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн болохыг тэмдэглэж, яллагдагч У.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор А.Мөнхзул давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...улсын яллагчийн зүгээс шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Гэмт хэргийн сэдэлт, зорилго нь Ч-ын Чимгээгийн гэрт очиж “Батчимэгийг хүнтэй суусныг надад хэлсэнгүй” гэх шалтгаанаар хохирогч маргалдаж, улмаар шүүгээнээс нь хутга авч түүнийг хутгалж байгаа үйлдлээр, өөрөөр хэлбэл хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл хийж байгаа байдлаар илэрнэ.

Яллагдагч Ч- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн болох нь гэрч Батсайханы “намайг гэрээсээ гараад бие засаад ороод ирэхийн хооронд хутга аваад эхнэр Чимгээгийн биед гэмтэл учруулсан байсан. Батчимэгийг өөр хүнтэй суусныг надад хэлсэнгүй, одоо очиж нөгөө хүнийг нь ална гэж хэрэлдэж байсан” гэж, яллагдагч Ч-ын “Чимгээ надад хандаж чамд ямар хамаатай юм. Батчимэг ажилтай байгаа гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Чимгээг зүүн талын орон дээр хэвтэж байхад нь гараараа цохих шиг болсон. Тэгтэл Баажий ах намайг ингэж болохгүй гээд хашаанаас гаргасан. Би Чимгээг хутгалснаа сайн санахгүй байна. Ухаан санаа согтуу байсан. Фейсбүүкээс Батчимэгийн зургийг хараад уурласан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь гэр бүлийн асуудал, тухайлбал хамт амьдарч байгаад салсан эхнэрийнхээ зургийг цахим хэрэгслээр харсан, Батчимэгийг хүнтэй суулаа гэдэгт өөрийнх нь сэтгэл санаанд төрсөн бухимдал юм. Тухайн хэрэг нь ямар нэгэн учир битүүлэг байдлаар үйлдэгдсэн хэрэг биш, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэгт шалтгаан нөхцөл тодорхой харагдана.

Ч- гаднаас гэрийн хаалгыг тогшиж, согтуу орж ирсэн. Хохирогч Чимгээтэй Батчимэгийг хүнтэй суусныг хэлсэнгүй гэж хэрэлдсэн. Тухайн үед Батсайхан босоод бие засахаар гарсан. Орж ирэхэд нь Ч- тэдний шүүгээн дотроос авсан хутгаараа хохирогч руу дайрч эрүүл мэндэд нь гэмтэл учруулах зорилгоор хийсэн санаатай үйлдэл, довтолгоон дуусчихсан байсан ба үргэлжлүүлэн Батсайхан руу дайрч довтолгоон хийгээгүй. Ч-т хүн алах санаа зорилго байсан бол Батсайханыг байсан байгаагүй хохирогчийн амь насыг хохироох боломж цаг хугацаа байсан.

Яллагдагч тийм үйлдэл хийгээгүй, харин өөрийгөө ална гэж согтуурхан агсарч байхад нь орж ирээд ингэж болохгүй, одоо харьж амар гэж аргадаж учирласан Батсайханы үгэнд ороод тэднийхээс гарч явсан. Тухайн үед нөхцөл байдал үнэхээр аймшигтай байсан бол Батсайхан эхнэр, хүүхдүүдээ Ч-той хамт орхичихоод гарахгүй байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хохирогч мэдүүлэгтээ “манай нөхрийг ална гээд дайрсан” гэдэг боловч нотлогдоогүй, Батсайханы мэдүүлэгт энэ тухай байдаггүй. Харин өөрийгөө ална гэхэд нь болохгүй гэж тайвшруулж, хутгатай нь булаацалдсан тухай мэдүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан. Гэтэл яллагдагч Ч-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд түүний хүсэл зоригоос үл хамаарах зүйл болоогүй, өөрөөр хэлбэл Ч- нь хэн нэгний хориглосон, таслан зогсоох үйлдлийн улмаас гэмт халдлагыг зогсоогоогүй болохыг шалгаж тогтоосон. Харин иргэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас ахуй хүрээнд үйлдэгдсэн хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байхад шүүхээс яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулан хийсвэр дүгнэлт хийж, шууд таамаглалд үндэслэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтэд бичигдсэн “зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий” гэсэн техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан боловч шүүх шийдвэрлээгүй. Яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааг шүүхийн шатанд прокурор хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэрлэх буюу нөхөн гүйцэтгэх боломжтой байсан.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Хохирогч Ц.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

Хохирогч Ц.Чимгээгийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан зөрчлийг зөвтгүүлэх шаардлагатай. Мөн яллагдагч У.Ч-ын гэм буруугийн сэдэлт, зорилгыг тогтоохоор хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй...” гэв.

Яллагдагч У.Ч-ын өмгөөлөгч Н.Цэрэндулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн үед У.Ч-, Ц.Чимгээ нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэний улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. У.Ч-ын үйлдэлд хүнийг алахыг завдсан гэмт хэргийн шинж байхгүй. Иймээс прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

  ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, хэрэг бүртгэлтийн явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсны гадна, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн материалыг судлахад, хохирогч Ц.Чимгээ нь “...шөнө унтаж байхад гэрийн хаалгыг хүн тогшсон. Нөхөр Батсайхан хаалгаа нээж өгөхөд охин Батчимэгийн 2 жилийн өмнө салсан нөхөр болох Ч- ганцаараа согтуу орж ирээд “Танай охин Батчимэг хүнтэй сууж байгаа гэл үү, чи үхмээр байна уу, би чамайг өнөөдөр нэг мөсөн ална” гэж надад хэлсэн. Нөхөр Батсайхан бие засах гээд гарсны дараа ... Ч- гэрийн зүүн урд талын гал тогооны шүүгээг уудалж эхэлсэн ба эргэж хараад миний нөмөрч байсан хөнжил дээр гараараа цохих шиг болсон. Тэгэхэд Ч-ын баруун гарт манай гэрийн хутга байсан ба би хөнжлөө яртал миний зүүн суган дор хавирганы орчмоос цус урсаж байсан...” /хх-ийн 14-15/ гэж, гэрч Б.Батсайхан нь “...гаднаас Ч- нэлээд согтуу орж ирээд манай эхнэр Чимгээд хандаж “Танайхныг бүгдийг чинь ална, танай охин чинь өөр хүнтэй суусан байхад надаас нуулаа” гэж ярьж байсан. Би гарч бие засчихаад орж ирэхэд Ч- гартаа манай гэрийн хутгыг барьчихсан “Би өөрийгөө аллаа” гэж орилж хашгираад байсан... эхнэр маань надад хандан “Ч- намайг хутгаллаа” гэж хэлсэн...” /хх-ийн 19-20/ гэж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар тус тус мэдүүлсэн байхад яллагдагч У.Ч-ын үйлдлийн субъектив санаа, зорилго, түүний үйлдэлд хүнийг алахыг завдсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгалгүй орхигдуулсан байна.

 Иймээс хэрэг бүртгэлтийн явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих асуудал буюу гэм буруугийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №13841 дугаартай дүгнэлтэд /хх-ийн 26/ хохирогч Ц.Чимгээгийн биед хэвлийн зүүн хажуу хананд гүн хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэн гэжээ.

Гэтэл прокурор яллах дүгнэлтийн “тэмдэглэх” болон “тогтоох” хэсэгт Ц.Чимгээгийн эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан гэж хэрэгт тогтоогдоогүй хохирлын шинж байдлыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан яллах дүгнэлтэд тавигдах шаардлагад нийцээгүй байна.     

Хэрэг бүртгэлтийн явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг болон прокурорын яллах дүгнэлтэд дурьдагдсан зөрчлийг шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 467 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                            Н.БАТСАЙХАН