Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Н.И, түүний өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Өсвөр насны шүүгдэгч Б.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Н-ийн И, Т овогт Б-ын Э,  өсвөр насны шүүгдэгч Х овогт Б-ын Д, нарт холбогдох 2016001530119 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.И, Б.Э, өсвөр насны яллагдагч Б.Д нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 08-наас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн **** сумын *** гол багийн **** гэх газар байрлах хохирогч Г.М-ийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэлж тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн товчтой, ногоон өнгөтэй даавуун гадартай, сэгсүүргэн дээл 1 ширхэг, мөнгөн товчтой, саарал өнгөтэй даавуун гадартай, хөдсөн дээл 1 ширхэг, мөнгөн товчтой, хар ногоон өнгөтэй гадартай, хурган дээл 1 ширхэг, сайра торгон гадартай, хиймэл үстэй дотортой дээл 1 ширхэг, үнэгэн лоовуузан малгай 1 ширхэг, хурган лоовуузан малгай 1 ширхгийг авч 1.990.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.И, Б.Э, өсвөр насны яллагдагч Б.Д нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 10-наас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн **** сумын ***** гол багийн ***** гэх газар байрлах хохирогч С.Ж-ын өвөлжөөний амбаар, гэрийн хаалганы цоожийг эвдэлж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч С.Ж-ын өмчлөлийн дугуй хээтэй, бор торгон сампин зангидаж хийсэн товчтой, хуучин хурган дээл 1 ширхэг, ягаан өнгийн даавуутай, сампин зангидаж хийсэн товчтой, хуучин хурган дээл 1 ширхэг, дунд гарын, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, “Winchister” нэртэй Америк хутга 1 ширхэг, 38 размерын хромон гутал 1 хос, 0.5 граммтай “Шар Чингис” архи 1 ширхэг, 0.75 граммтай “Шар Чингис” архи 2 ширхэг, 1 литрийн “Evok” архи 2 ширхгийг авч 2.077.000 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн үйлдлээр саахалт айл болох хохирогч Ж.Т-ийн өвөлжөөний гэрийн хаалганы цоожийг эвдэлж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 0.75 граммтай “Хар экс” архи 1 ширхэг, 1 литрийн “Комидирский” Орос виски 1 ширхгийг авч 67.500 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Н.И, Б.Э, өсвөр насны яллагдагч Б.Д нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн *****сумын **** гол баг *****” гэх нэртэй газар байрлах Б.Б-ийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэлж буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монгол ширэн гөлөм 1 хос, гар аргаар бэлтгэсэн 1 боодлыг нь 15 метрээр багцалсан 5 боодол сур /75 метр/ зэргийг авч 775.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Н.И, Б.Э, өсвөр насны яллагдагч Б.Д нар нь дээрх хулгайн үйлдлээр С.Ж-д 2.077.000 төгрөгийн хохирол, Ж.Т-д 67.500 төгрөгийн хохирол, Г.М-д 1.999.000 төгрөгийн хохирол, Б.Б-д 775.000 төгрөгийн буюу нийт 4.918.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ./ Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Н.И, Б.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 08-наас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд  нэг шөнийн хугацаанд Говь-Алтай аймгийн ***сумын *** гол багийн ***” гэх газар байрлах хохирогч Г.М-ийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг нь эвдлэн нэвтэрч мөнгөн товчтой, ногоон өнгөтэй даавуун гадартай, сэгсүүргэн дээл 1 ширхэг, мөнгөн товчтой, саарал өнгөтэй даавуун гадартай, хөдсөн дээл 1 ширхэг, мөнгөн товчтой, хар ногоон өнгөтэй гадартай, хурган дээл 1 ширхэг, сайра торгон гадартай, хиймэл үстэй дотортой дээл 1 ширхэг, үнэгэн лоовуузан малгай 1 ширхэг, хурган лоовуузан малгай 1 ширхгийг авч 1.990.000 төгрөгийн хохирол, “Хаяа” гэх газар байрлах хохирогч С.Ж-ийн өвөлжөөний амбаар, гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч С.Ж-ийн өмчлөлийн дугуй хээтэй, бор торгон сампин зангидаж хийсэн товчтой, хуучин хурган дээл 1 ширхэг, ягаан өнгийн даавуутай, сампин зангидаж хийсэн товчтой, хуучин хурган дээл 1 ширхэг, дунд гарын, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, “Winchister” нэртэй Америк хутга 1 ширхэг, 38 размерын хромон гутал 1 хос, 0.5 граммтай “Шар Чингис” архи 1 ширхэг, 0.75 граммтай “Шар Чингис” архи 2 ширхэг, 1 литрийн “Evok” архи 2 ширхгийг авч 2.077.000 төгрөгийн хохирол, саахалт айл болох хохирогч Ж.Т-гийн өвөлжөөний гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн нэвтэрч 0.75 граммтай “Хар экс” архи 1 ширхэг, 1 литрийн “Комидирский” Орос виски 1 ширхгийг авч 67.500 төгрөгийн хохирол, “***” гэх газар байрлах Б.Б-ийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдлэн нэвтэрч монгол ширэн гөлөм 1 хос, гар аргаар бэлтгэсэн 1 боодлыг нь 15 метрээр багцалсан 5 боодол сур /75 метр/ зэргийг авч 775.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Н.И шүүх хуралдаанд өгсөн “...М ахын амбаараас 2 дээл авсан. Ж ахын амбаараас авсан юм аа шуудайнд хийгээд ард талд нь тавьсан байсан чинь буцаагаад өөрсдөө олж авсан. Б ахын амбаараас гөлөм, сур 2 авсан... Дээлийг гэрийн тэнд байлгаж байгаад сумын хэсгийн төлөөлөгчид өгсөн...Үйлдлээ 1 өдөр хийсэн. Эхлээд М ахын амбаараар орсон. Тэгээд тэр шөнө Ж, Т, Б ахын амбаараар орсон...М ахын амбаараас хоёр дээл авсан...Би гэртээ аваачиж хадгалсан байсан. Намайг чи нууж, аргал гэсэн. Би өөртөө хадгалж байсан...Намайг аргалчих гээд би нуусан байсан...Гурвуулаа санаа нийлсэн... 2019 оны 03 дугаар сарын сүүлээр хийсэн. Эхлээд М ахын өвөлжөө дээр гурвуулаа очсон...М ахын өвөлжөөний амбаарын цоожийг би эвдэлсэн. Бид 3 амбаарт орсон. Тэгээд амбаараас нь хоёр дээл авч гэрийн тэнд аваачиж тавьчихаад Б.Э, Б.Д хоёрыг хүргэж өгөх гээд явж байхдаа Ж ахын өвөлжөө орж Б.Э үүдэн дээр зогсож Б.Д бид хоёр орж авсан юм аа шуудайнд хийж гарч ирсэн. Тэгээд шуудайтай юм аа өвөлжөөний ард талд тавьсан. Тэгээд Т ахын гэрлүү орж хоёр архи авч шуудайтай юмандаа хийж үлдээсэн. Дараа Б ахын өвөлжөөний амбаарыг цоожийг Ж ахынхаас авсан хутгаар эвдэлж орсон. Авсан хутгаар ууттай хэвгийг нь хэрчсэн...Миний буруу. Би хохирлоо бүгдийн барагдуулна... Гэм буруугаа сайн ойлгож, ухаарч байгаа. Энэ цагаас хойш дахиж би ийм зүйл хийхгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан. Хүмүүстэйгээ уулзаж уучлалт гуйсан...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Шүүгдэгч Б.Э-ын шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 04 дүгээр 01-ний өдрийн хооронд энэ үйлдлүүдээ хийсэн. Би өвөлжөөн дээр Б гэдэг ахтай юм хийж байхад намайг ирж авсан. Шил бензин авч 3-уулаа явж манай өвөлжөөнд юм хийе гэж хэлээд намайг аваад явсан...Хойшоо үхэр үзнэ гэж яваад М ахын өвөлжөөн дээр очсон. Мотоцикльтой явж байгаад онхолдож Б.Д-ийн хөл эвгүй болсон тул үлдээсэн байсан. Тэгээд Н.И-г буулгачихаад Б.Д-ийг аваад очих хооронд Н.И хаалганы цоожийг эвдсэн байсан. Тэгээд 2 дээлийг Н.И өвөлжөөн дээр нууж намайг хүргэж өгөх гээд явах замд Ж ахын өвөлжөө дээр очсон. Ж ахын амбаарын цоожийг Н.И эвдэж ороод юм авч уутанд хийж өвөлжөөний ард талд тавьсан. Тэгээд манай урд талд байдаг Б ахын амбаарын цоожийг эвдэлж ороод сур, гөлөм 2 гадаа нь хаячихаад намайг хүргэж өгсөн...М ахын өвөлжөөнд очсон. 2 дээл, үнэгэн малгай авсан...Би бүгдийн нэг бүрчлэн хараагүй. Амбаарын үүдэн дээр тамхи татаад зогсож байсан...Уутанд хийсэн гарч ирээд өвөлжөөний ард үлдээсэн. 2 дээлийг мотоциклын ард тохож надад хэрэгтэй гэж өвөлжөө дээрээ очиж нуусан. Ууттай юмыг Б.Д хажуу талаас нь өргөлцөж өвөлжөөний ард тавьсан. Winchester нэртэй хутгыг надаа хэрэгтэй гэж авсан. Архийг ямар нэгэн зорилготой аваагүй...Өвөлжөөний ард талд уутанд хийгээд үлдээсэн...1 сур, 1 гөлөм авсан. Н.И гадаа нь гаргаад үлдээсэн. Маргааш нь намайг очиж аваадах гэсэн. Би очиж аваагүй...Н.И цоожийг эвдээд барьж байсан хутгаа надад өгсөн. Тэгээд би Н.Ин араас ороод налахдаа овьёос тэжээлийг хутгаар бүлсэн...Н.И намайг гэрэл тусгаж бай гээд орж өлгүүртэй байсан сур, гөлөм авч үүдэнд гаргаж шидсэн. Тэгээд өөр юм авах гээд байхаар нь манайхтай ойрхон айл. Арай дэндлээ гээд болиулсан... Гэрлүү Н.И, Б.Д хоёр орсон...Бүүр их ухчих байх гээд айлгах гэж хүн дуугарч байна. Машин ирж байна гэсэн. Н.И энэ хэргийг санаачилсан. Эхлээд үхэр харъя гээд явсан. Тэрнээс бүх зүйл эхэлж цаашаа амбаар ухсан...Н.И хоёр дээлийг надад хэрэгтэй гэж авсан. Тэгэхээр нь би дээл өмсөх биш хүн нь танина гэхэд дотрын хуулаад зарчихдаг юм надаа хэрэгтэй. Би*** руу хүнд зарна гэж байсан. Хутгыг Ж ахын гэр дотор орсон байж байгаад гоё хутга байна гээд авсан...Амбаарын цоож эвдлэх гэж байгаад өөрийнхөө тонгорогыг хугалсан. Тэгээд шинэ хутга авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Өсвөр насны шүүгдэгч Б.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Б.Э-ын ярьсан зүйлтэй адилхан. Би хөлөө гэмтээсэн. Би амбаарын цоожийг эвдлээгүй. Б.Э бид хоёрыг хүргэж өгөх гээд явж байсан. Б ахын амбаарын тэндээс Б.Э ахыг чи ингээд явчих гээд алхуулсан. Тэгээд одоо намайг хүргэж өгнө биз дээ гэхэд би ганцаараа айгаад байна. Би чамайг гэгээтэй хүргээд өгье гээд хүргэж өгөх замдаа Ж ахын өвөлжөө дээр очсон. Ж ахын өвөлжөөний амбаарын цоожийг эвдэж ороод Н.И дотроос юм уутанд хийгээд өвөлжөөний ард талд тавьсан. Тэгээд манай урд байдаг Б ахын гадаа очиж бас цоожийг эвдэж ороод сур, гөлөм 2 авч гадаа нь хаячхаад намайг хүргэж өгсөн...Тухайн үедээ ийм зүйл болно гэдгийг мэдээгүй... Тийм зүйл байхгүй. Гэр лүү ороход чи жоохноороо ор гэсэн. Тэгээд би орохгүй. Хөл өвдөөд байна гэсэн чинь чи юун сүртэй юм гээд байсан...Би амбаар луу ороогүй. Гэр лүү Н.И ор гээд байсан...Тэгээд намайг дуудаад энэ юмны хажуу талаас барилцаж мотоциклын хажууд тавилцаад өгчих гэсэн. Наадах чинь юу юм гэхэд хэлээгүй...Бид хоёр очиход Н.И амбаар онгойлгон 2 дээл авсан байсан...Зам дагуу Ж, Т, Б, Тогоохүү нарын өвөлжөө байдаг...Н.И зогсож амбаар онгойлгож юм авсан. Би мотоциклын хажуу талаас хөдлөөгүй байсан. Н.И Б.Э-ыг дуудаад юм өргө гэхэд өргөөгүй. Тэгээд би яваад очиход Н.И нэг шуудайтай юм барьсан үүний нэг булангаас өргөчих гээд би өргөлцөөд хашаа налуулж тавьсан. Тэгээд Б.Э одоо больё явъя гээд явсан. Тэгээд хойно нэг айлын гадаа очиж зогссон...Б. Н.И амбаарын цоожийг эвдэлсэн. Би яах гэж байгаа вэ? гэхэд Н.И, Б.Э хоёр амбаар луу орсон. Тэгээд Б.Э уурлаад гараад ирсэн. Тэгээд Н.И намайг чи жоохноороо гэр лүү орчих гэхээр нь би ормооргүй байна гэсэн чинь сүртэй юм бэ, баригдвал би арын даая гэсэн. Үйлдэл дээрээ баригдахгүй бол үг ярианд юу гэж баригддаг юм чамайг орчих гэж байгаа юм биш үү гэсэн...Н.И намайг өргөж оруулж, татаж гаргасан... 2019 оны 03 дугаар сарын сүүлээр энэ хэрэг болсон....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Хохирогч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайх **** сумын ***** гол багийн нутаг **** гэх газар өвөлжиж байгаад 2019 оны 03 сарын 08-ны өвөлжөөнөөсөө нүүгээд хаваржаан дээрээ очиж буусан юм. Тэгээд өвөлжөөгөө иргэж очилгүй байж байгаад 2019 оны 04 сарын 10-ны өдөр өвөлжөөгөө иргээд, өвөлжөөнөөсөө юм авах гээд очтол манай өвөлжөөний амбаарын цоожийг нь эвдэлчхээд буцаагаад зүүчихсэн бололтой цоож онгорхой зүүлгээтэй байсан юм. Би гайхаад амбаарынхаа цоожийг нь аваад амбаартаа орсон чинь амбаар дотор эд зүйлийг тараагаад, сандаачаад хаячихсан байсан юм. Тэгээд би буцаж хаваржаан дээрээ очиж эхнэртээ энэ тухайгаа хэлчхээд гэрээс илүү цоож аваад эхнэрийн хамт буцаад өвөлжөөн дээрээ очсон юм. Тэгээд эхнэртэйгээ амбаар дотор байсан эмх замбараагүй болсон зүйлээ цэгцэлж янзлаад, эд зүйлээ бүртгэж үзэхэд амбаарын бандан дээр байсан үстэй хурган дотортой дээлүүд, мөн хөдсөн дээл, цаасан хайрцагт байсан эмэгтэй дээл, мөн лоовуузан малгай нар алга болсон байсан юм. Амбаар дотроос өөр эд зүйл алдагдаагүй байсан юм. Тэгээд амбаараа цоожилчхоод амбаарын ойр очмоор мөр ирж хайсан юм. Тухайн үед ямар нэгэн мөр ажиглагдаагүй юм...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нүүгээд тэрнээсээ хойш очоогүй юм. Манайхыг өвөлжөөн дээрээ байхад бол хулгай ороогүй юм...Би 4 ширхэг дээл хулгайд алдсан юм. Тухайн 4 ширхэг дээлний 3 дээл нь мөнгөн товчтой юм. 3 ширхэг эрэгтэй дээлэнд мөнгөн товч байгаа юм. Хөх ногоон өнгийн сэгсүүргэн дээлэнд 4 мөнгөн товч байгаа юм. Тухайн товчнууд нь товгор хээтэй болон цулгай хээгүй товчтой юм. Хөх ногоон өнгийн дээлэнд байгаа мөнгөн товчнууд нь хуучин цагийн мөнгөн товчнууд юм. Саарал өнгийн хөдсөн дээлэнд 6 ширхэг хуучин цагийн мөнгөн товч байгаа юм. Харин ногоон өнгийн нэхий дээлэнд 5-6 мөнгөн товч байгаа байх сайн мэдэхгүй байна. Нэхий дээлэнд байгаа товчнууд нь мөн хуучин цагийн товчнууд юм.Тухайн дээлнүүдэд байгаа товчнуудад дүрс, хээ хэлбэр гэж бараг байхгүй байх...Сэгсүүргэн дотор гэдэг нь төлөгний арьсаар хийсэн арьс нь нимгэн, үс нь шингэн, урт үстэй байдаг юм. Нэхий, хөдсөн дээл гэдэг нь бүдүүн хонины арьсаар хийгдсэн дотор, хурганы арьсаар хийсэн бол хурган дотортой дээл...Алдагдсан дээл малгайнуудыг өмсөж эдэлж байсныг манай охин, хүргэн хүүхдүүд бүгд мэднэ. Өмсөж хэрэглэж байхыг харж байсан...” гэх мэдүүлэг /1ХХ34-37,

 Гэрч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 04 сарын 10-ны өдөр би нөхөртөө хандаж өвөлжөөний амбаараас дээл аваад ир өнгийг нь сольё гэж хэлээд явуулсан юм. Тэгээд манай нөхөр явчхаад ирэхдээ дээл байхгүй байна, хулгай орсон бололтой амбаар дотор байсан эд зүйлийг бүгдийг нь уудлаад тараагаад хаячихсан байна гэж хэлсэн юм. Мөн цоож нь эвдэрчихсэн байна гэж хэлсэн юм. Тэгээд манай нөхөр бид 2 гэрт байсан цоожийг аваад өвөлжөө рүүгээ явсан юм. Өвөлжөөн дээр очоод амбаарлуугаа ортол амбаар дотор байсан зүйлсийг бүгдийг нь уудлаад онгичоод хаячихсан байсан. Би амбаар доторх байгаа эд зүйлийг бүгдийг нь буцааж янзалж цэгцэлж хийсэн. Мөн эд зүйлийг бүртгэсэн юм. Бүртгэхэд 3 үстэй дээл, 1 шинэ хиймэл дотортой дээл, 2 лоовуузан малгай алга болсон байсан юм. Тэгээд эд зүйлээ цэгцэлж бүртгэчихээд нөхөртэйгөө хамт гэрлүүгээ явсан юм... Ногоон өнгөтэй сэгсүүргэн дээл 1 ширхэг, саарал өнгөтэй нэхий дээл 1 ширхэг, хар ногоо өнгөтэй нэхий дээл 1 ширхэг дээрх дээлнүүд бүгд мөнгөн товчтой байсан юм. Мөн хүрэн өнгөтэй сайраа торгоор хийсэн хиймэл дотортой шинэ эмэгтэй дээл алга болсон. Мөн улаан өнгийн хурганы арьсаар хийсэн бор шаргал торгон өнгөтэй лоовуузан малгай 1 ширхэг, бор торгон өнгөтэй үнэгэн лоовуузан малгай алдагдсан... Амбаар дотор бандан дээр байсан түнтүү/уут/ дотор байсан хөх ногоон өнгийн сэгсүүргэн дээл 1 ширхэг, саарал өнгийн хөдсөн дээл 1 ширхэг, хар ногоон өнгөт хурган дээл 1 ширхэг, бор шаргал өнгөтэй улаан хурганы арьсаар хийсэн лоовууз малгай 1 ширхэг, бор торгон өнгөтэй үнэгэн лоовуузан малгай 1 ширхэг алдагдсан юм. Мөн бандан дээр хайрцаган дотор байсан хүрэн сайра өнгийн хиймэл доторт эмэгтэй дээл 1 ширхэг алдагдсан байсан юм...Манайх өвөлжөөний амбаараасаа 4 ширхэг дээл хулгайд алдсаны 3 эрэгтэй дээл нь мөнгөн товчтой юм. Эмэгтэй дээл нь зүгээр сампин зангидсан товчтой. Хөх ногоон өнгийн сэгсүүргэн дээлэнд 4 мөнгөн товчтой, 3 шар гуулин товчтой. Тухайн дээлний мөнгөн товчнууд хээтэй болон цулгай хуучны мөнгөн товчнууд юм. Саарал өнгийн хөдсөн дээлэнд 6 ширхэг, хээгүй хуучны мөнгөн товчнууд байгаа юм. Ногоон өнгийн нэхий дээлэнд мөн 6 ширхэг хээгүй цулгай мөнгөн товчнууд байгаа. Товчнууд нь мөн л хуучны мөнгө юм. Тухайн дээлүүдийн товч нь бөөрөнхий хэлбэртэй, хуучны мөнгөөр хийгдсэн товчнууд юм... Алдсан 3 ширхэг эрэгтэй дээлүүдийг би 2013, 2014 онуудад өөрөө оёж хийсэн юм...Харин эмэгтэй сайра торгон дээлийг би өөртөө 2019 онд хийсэн хиймэл дотортой дээл...Тухайн алдагдсан дээлүүдийг хийхэд нэг дээлэнд нь 4 метр даавуу, торго орсон. 1 метр нь 40,000 төгрөгийн даавуу, торго орсон. Тэгэхээр нэг дээлний өнгөнд 160,000 төгрөгийн даавуу, торго орсон байна... Хүрэн өнгийн сайра торгон дээл нь шинэ дээл, хар ногоон өнгийн дээг шинэвтэр, саарал болон ногоон өнгийн дээлүүд хуучин дээлнүүд...Тухайн 4 дээлийг би өөрөө бүгдийг нь оёж хийсэн юм. Хөх ногоон өнгийн дээлийг хар өнгийн минчүүгээр саарал өнгийн дээлийг хар пүүсүүгээр, ногоон өнгийн дээлийг мөн пүүсүүгээр эмжсэн. Хүрэн сайра торгон дээлийг өөрийнх нь өнгийг нь эргүүлж эмжсэн...Нэг малгайг нь улаан хурганы арьс, бор торгоор хийсэн, нөгөө малгайг нь үнэгний арьс, бор өнгийн шаргал өнгийн материалаар тус тус. Хурганы арьс 1 ширхэг нь 25-30 мянган төгрөг үнэгний арьс мөн тийм үнэтэй гэж бодоод тооцоод нэмээд нэг малгайнд нь 40-50 мянган төгрөгийн материал орсон байх...Амбаар дотор бандан дээр үстэй дээлнүүд, лоовуузан малгайнуудыг цуг цаасанд хайрцагт хийсэн байсан юм. Харин эмэгтэй дээлийг нь тусад нь хайрцагт хийсэн байсан... Хурганы арьсаар хийхээр хурган дээл гэнэ. Сэгсүүргэн дотор гэдэг нь хурганы арьсыг бодвол урт шингэн үстэй, арьс нь нимгэн зөөлөвтөр, нэхий хөдсөн дээл гэдэг нь нас бие гүйцсэн хонины арьсаар хийсэн зузаан арьстай, урт шигүү үстэйгээрээ ялгаатай...Зах дээр худалдаалагддаг үйлдвэрийн аргаар бэлтгэж гаргасан дотор. Тухайн дээлнүүд, лоовуузан малгайнуудыг өмсөж эдэлж байсныг манай хүүхдүүд бүгд л мэдэх учиртай. Тухайн үстэй дээлнүүдийг өмсөж хэрэглээд олон жил бол байна. Гэхдээ зөвхөн өвлийн улиралд өмсдөг болохоор бараг шинээрээ, шинэвтэр байдаг...” гэх мэдүүлэг /1ХХ40-41, 51-52/, 

Гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2019 онд манай хадам аавынх *** сумын **** гол баг **** гэх газар өвөлжсөн... **** сумын төвөөс шулуун яваад очихоор ойролцоогоор 13-14 км орчим байдаг юм. Сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн талд нь байдаг... Өвөлжөөн дээр нь амбаар байдаг байсан юм. Нэг амбаар байдаг байсан... Одоо бол тухайн амбаар нь байхгүй бөгөөд 2020 оны 08 дугаар сард буулгаад манай хашаанд хураачихсан... 2019 оны 03 сарын үед манай хадам аав над руу ярихдаа манай өвөлжөөний амбаарт хулгай орчихсон байна гэж хэлж байсан юм...Манай хадам аавын амбаараас 3 ширхэг хурган дотортой дээл, 1 ширхэг эмэгтэй дээл 2 ширхэг лоовуузан малгай алдагдсан гэж надад хэлсэн... Саарал, хар ногоон, ногоон өнгийн нэхий болон хурган сэгсүүргэн дотортой дээлнүүд алдагдсан гэж хэлж байсан бөгөөд би тухайн дээлнүүдийг өмсчихсөн байхыг нь зөндөө л харж байсан юм. Манай хадам аавынд угаасаа дээрх алдагдсан гээд байгаа дээлнүүд нь байдаг байсан юм...Лоовуузан малгайнуудыг нь харж байсан 2-3 ширхэг лоовуузан малгай тэднийд байдаг юм...” гэх мэдүүлэг /1ХХ49/,

Хохирогч С.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр *** сумын *** гол багийн **** гэдэг газарт байрлах хаваржаан дээрээ хаваржиж байхад манай ах Т надруу залгаад урд орой өвөлжөөн дээр очлоо тэгтэл манайхны амбаар, гэрүүд рүү хулгай орчихсон байна гэж хэлсэн. Өвөлжөөн дээрээ очоод шууд гэрт ортол гэрийн цоожийг эвдчихсэн цоож онгорхой зүүлттэй байсан. Гэрийн хойморт байх хоёр авдрын цоожнуудыг эвдчихсэн байсан. Авдраас бор иштэй чинжаал хутга, шинэ цагийн дунд гарын 2 мөнгөн аяга алга болсон байсан. Гэрийн баруун талын амбаар дээр очиход цоож нь эвдэрчихсэн бололтой цохиод буцаагаад зүүчихсэн байсан. Амбаар дотроос эд зүйл алдаагүй байсан. Уг амбаараас гараад баруун талын амбаар дээр очтол амбаарын цоож нь эвдэрсэн байсан, амбаарт байсан авдрын цоожийг эвдлээд авдраас 0,5 литрийн шар Чингис 1 ширхэг, 0,75 литрийн шар Чингис 2 ширхэг, Е\/ОК архи 2 ширхэг, бор өнгийн модон шкафан дотроос 38 размерын орос хромон гутлыг хулгайч авч явсан байсан. Т ахтай уулзахад ах надад мотоциклийн мөр, хүний гутлын мөр үзүүлсэн ба тухайн мөрийг дагаж явахад *** сумын зүгтээ яваад төв замтай нийлсэн байсан. 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орчим хаваржаан дээр очсон. Хутга нь бор өнгийн модон иштэй, хутганы төмрөн дээр /Winchister/ гэсэн бичигтэй...Т ах надад шуудайтай эд зүйл үзүүлээд “энэ танай хурган дээл мөн үү” гэж асуусан Манай хурган дээлнүүд мөн байсан. Шуудайн дотор 2 ширхэг хурган дээл байсан. Эвдэгдсэн гэх цоожнуудыг үнэлэхгүй, үнэлгээ гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /1ХХ148-151/,

Хохирогч Ж.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайх тухай үед ***гэх газар хаваржаан дээрээ байсан. Өвөлжөөнөөс манай хаваржаа баруун зүгт 5-6 километрийн зайтай байдаг. Тухайн үед би анх очоод хулгай орсон байна гэж мэдчихээд гэрийн ар талд байх хашааны араас шуудайтай зүйл олсон юм. Тэгээд олоод шуудайн доторх зүйлийг үзчихээд хурган дээл байхаар нь машин дотроо хийгээд гэрлүүгээ аваад явсан юм. Тэгээд маргааш нь Ж-тай өвөлжөөн дээрээ уулзаад үзүүлсэн юм. Тэгэхэд Ж нь манай 2 хурган дээл байна гэж хэлсэн... Шуудайн дотор 2 хурган дээл байсан... Шуудайн дотор эрэгтэй эмэгтэй хүний 2 хурган дотортой дээлнүүд байсан. Би шуудайн дотор байсан 2 дээлийг Ж-д үзүүлээд манай дээлнүүд мөн байна гэхээр нь Ж-д хүлээлгэн өгсөн... “Комендарский” гэсэн нэртэй орос виски байсан. Оросоос би өөрөө худалдаж авсан юм. Тухайн үед би эгчтэйгээ хамт явж байсан. Би өөрөө Оросод байхдаа авсан...Архийг нь 18.000 төгрөгөөр, Вискиг нь 50.000 төгрөгөөр үнэлж байна...Нэг мотоциклийн мөр байсан...Гэрийн 1 ширхэг цоож, гэр дотор байсан авдрын 1 цоож, амбаарын 1 цоож нийт 3 ширхэг цоож эвдлэгдсэн байсан. Цоожнуудыг үнэлэхгүй үнэлгээ гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /1ХХ30-31/,

Хохирогч Ж.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...2019 оны 04 сарын 01 -нд манайх **** гэх газарт хаваржиж байсан юм. Манай илүү гэр *** сумын *** гол багийн *** суваргын дотор талд **** гэх газарт байдаг байсан юм. Өвөлжөөн дээрээ гэртэй мөн амбаартай байсан юм...Би сум орчихоод эхнэр Т, зээ нартайгаа явж байгаад замдаа өвөлжөөн дээрээ очтол манай гэрийн хаалганы цоожийг нь эвдээд буцаагаад зүүчихсэн бололтой онгорхой байсан юм. Цоожийг нь аваад гэр рүү ортол авдрын цоожийг эвдээд цоожгүй болгочихсон байсан, цоожийг нь авдар дээр нь гаргаад хаячихсан байсан юм. Тэгээд гэр доторх эд зүйлээ гүйлгэж харж бүртгэчихээд гараад амбаараа харсан чинь амбаар онгорхой цоожийг эвдээд буцаагаад зүүчихсэн байсан юм. Амбаартаа ортол хамаг зүйл нэгжээд тараагаад эмх замбараагүй болгочихсон байсан. Тэгээд амбаараас гараад мөр хараад малын хашааны ард очтол шуудайтай эд зүйл байсан. Мөн мотоциклийн мөр байсан, 2 хүний хөлийн мөр байсан юм. Би шуудайтай зүйлийг хартал үстэй дээл харагдсан юм.Тэгэхээр нь аваад машиндаа хийсэн юм. Тэгээд Ж-ы гэрлүү хартал цоожны гадна талын боолтууд нь алга болчихсон байсан юм. Бид нар гэрийнхээ цоожны гадна талыг гялгар цаас, даавуугаар боодог юм. Тэгээд би Ж-ы гэрт бас хулгай орсон байна гэж бодоод гэрлүү нь ойртоогүй. Мөн Ж-ы амбаарт очоод үзтэл цоож нь даавуу боолтгүй харагдсан юм. Тэгээд би Ж руу утасдаж хэлсэн юм. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд манайхаас 1 шил 0,75 граммын архи, 1 шил виски алдагдсан байсан юм. Тухайн архи нь гэрийн авдар дотор байсан...Ж эхнэртэйгээ гэрт ороод эд зүйлээ бүртгэсэн. Ж-ы архи, хромон гутал, хутга, борц алга болсон байна гэж байсан. Тэгээд Ж бид 2 дахиж мөр хайж үзэхэд 1 мотоциклийн мөр 2 хүний гутлын улны мөр байсан юм... 0,75 граммын хар X нэртэй архи байсан, Оросоос авсан виски байсан юм. Нэрийг сайн мэдэхгүй байна. Орос виски байсан юм. Мөнгөөр 40-50 мянган төгрөг л болж байсан байх. Манай эгч авч өгч байсан юм. Архи нь 18,000 төгрөг, Виски-50,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1ХХ154-155/,

Гэрч Д.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...чинжаал хутга, дугуй хайрцагтай шар Чингис архи, шинэ цагийн дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, 0,5 литрийн шар Чингис, 0,75 литрийн шар Чингис, Еvок архи 2, манай нөхрийн орос хромон гутлыг авсан байсан. 2018 оны аймгийн аварга малчны цайллага дээр хадам ээж, хадам эгч, Ж.Б нар нэг, нэг аяга өгсөн юм. Тухайн 3 аяганаас 2 нь алдагдсан. 2 мөнгөн аяга нь гэрийн баруун хойморт байсан авдар дотор хувцсанд боогоод тавьчихсан байсан. Бор өнгийн модон иштэй, том хутга байсан. Энэ хутгыг манай нөхөрт миний Америкт байдаг дүү Ё бэлгэнд явуулсан юм. Энэ хутгатай ижил хутга манай ах Ж-д байгаа. Хромон гутал амбаар дотор байх шкафан дотор байсан, ангийн уулзалтад явахдаа 2016 онд Улаанбаатар хотоос авсан, бараг өмсдөггүй шинээрээ гутал. 0,5 литрийн шар Чингис 1 ширхэг, 0,75 литрийн шар Чингис 2 ширхэг, Еvок архи 2-ыг алдсан. Т ах цагаан ууттай зүйлийг үзүүлэхэд манай нөхөр бид хоёрын нэг, нэг хурган дотортой дээлнүүд байсан, тэгээд бид хоёр дээлээ олоод буцаагаад авсан...” гэх мэдүүлэг /1ХХ159-160/,

Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайхаас 1 шил 0,75 граммын архи, 1 шил виски алдагдсан байсан. Манай нөхөр амбаараас гараад мөр хартал гэр тойруулчихсан байсан, модон хашааны ард шуудайтай эд зүйл байсан ба түүний хажууд мотоциклийн мөр, 2 хүний гутлын улны мөр байсан. Бид хоёр шуудайтай зүйлийг юу болохыг хартал үстэй дээл харагдаж байсан. Маргааш нь Ж-ы дээл гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /1ХХ157-158/,

Гэрч Д.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С.Ж-ийн өвөлжөөн дээр амбаар байдаг юм. 2019 оны 03 дугаар сард “манай өвөлжөөний амбаарт хулгай орчихсон байна” гэж надад утсаар хэлж байсан. “Архи, хутга зэрэг эд зүйл алдсан” гэж надад хэлсэн юм. “Ё бэлгэнд өгсөн хутгыг хулгайд алдчихлаа” гэж хэлсэн. Ё манай төрсөн дүү, одоо Америкт байдаг юм. 2006-2007 оны үед Ж бид хоёрт ижил хутга өгсөн юм. Америкаас бэлгэнд авчирч өгч байсан юм. Америк том хутга. С.Ж-ийн алдсан хутгыг харж байсан, яг адилхан хутга байдаг. Хутга одоо надад байгаа. Морь унасан хүний зурагтай, \Winchister/ гэсэн бичиглэлтэй, бор иштэй, том чинжаал хутга юм...” гэх мэдүүлэг /1ХХ156/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 сарын 01-ний өдрийн хооронд эхнэрийн хамтаар *** гол багийн нутаг “****” нэртэй газар байрлах өвөлжөөн дээрээ очсон юм. Өвөлжөөн дээрээ очиход манай өвөлжөөний амбаарын хаалга онгорхой байсан юм. Тэгээд гайхаад амбаар руу орсон чинь амбаар доторх эд зүйлийг эмх замбараагүй болгоод шалаар хөглүүлчихсэн, ханжин дээр байсан хорголжин тэжээлийг ураад сийчээд хаячихсан байсан. Мөн амбаар дотор эд зүйлсээсээ юу дутсаныг нь хайж гүйлгэж цэгцэлж үзэхэд амбаар дотор хураалгатай бараан дээр тавьсан байсан эмээлийн шинэ гөлөм алга болсон байсан. Мөн амбаарын гол нуруун дээр зүүчихсэн байсан сур алга болчихсон байсан ...2017 онд Улаанбаатар хотоос 100.000 төгрөгөөр авч байсан. Аваад хэрэглэж байгаагүй шинээрээ гөлөм байсан ...би морины чөдөр, ногт, хазаар, суран эдлэл хийж зарж борлуулахаар бэлтгэж 2018 оны өвөл 2 үхрийн шир зүсээд хусаад элдээд хийсэн...” гэх мэдүүлэг /2ХХ8/,

Гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өвөлжөөн дээрээ очиход манай өвөлжөөний амбаарын хаалга онгорхой , салхинд саваад байж байсан. Хулгай орсон байхаа гээд амбаар руу орсон чинь амбаар доторх эд зүйлийг уудлаад сандаачаад хөглүүлчихсэн, ханжин/тавцан/ дээр байсан малын тэжээлийг сийчээд ураад хаячихсан байсан. Амбаар доторх эд зүйлээ эмхэлж цэгцлэхэд хураалгатай бараан дээр байсан эмээлийн гөлөм алга болсон байсан. Мөн амбаарын гол нуруун дээр зүүчихсэн байсан сур алга болчихсон байсан юм” гэх мэдүүлэг/2ХХ11-12/

Гэрч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 1992 оноос мал маллаж эхэлснээсээ хойш суран эдлэл хийж байгаа. 1 үхрийн ширнээс 35-40 метр сур хангалттай гардаг юм. 2 нас бие гүйцсэн үхрийн ширийг зүсээд сур хийвэл 80-90 метр сур гарна...” гэх мэдүүлэг /2ХХ21-22/,

Б.Б-ийн өвөлжөөний амбаараас эд зүйл хулгайд алдагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ246-с 2ХХ3/, хэргийн газрын схем зураг /1ХХ7/, хулгайд алдагдсан ногоон болон саарал өнгийн 2 ширхэг дээлэнд үзлэг хийж Н.И-ээс хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ11-15/, хохирогч Г.М, гэрч О.Э нараар И-гээс хураан авсан 2 ширхэг дээлийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1ХХ16-21/, С.Ж, Ж.Т нарын өвөлжөөний амбаараас эд зүйл хулгайд алдагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ119-131/, Г.М-гийн өвөлжөөний амбаараас эд зүйл хулгайд алдагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ22-27/, Ашид билгүүн ХХК-ийн 820/12 дугаартай үнэлгээний  “...ногоон даавуун мөнгөн товчтой сэгсүүргэн дээл 1 ширхэг 500.000 төгрөг , саарал даавуун, мөнгөн товчтой хөдсөн дээл 500.000 төгрөг хар ногоон даавуун мөнгөн товчтой 1 ширхэг 750.000 төгрөг, сайра торгоор хийсэн хиймэл дотортой дээл 1 ширхэг 120.000 төгрөг, хэрэглэж байсан үнэгэн лоовууз 1 ширхэг 60.000 төгрөг, хэрэглэж байсан хурган лоовууз 60.000 төгрөг нийт 1.990.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан/1ХХ65-68/, С.Ж-ы хулгайд алдагдсан хутгатай ижил хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1ХХ133-136/, хулгайд алдагдсан 2 ширхэг дээлэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ137-140/, Н.И хулгайлан авсан хутгаа нуусан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ141-145/, “Ашид билгүүн” ХХК-ийн 820/11 дугаартай үнэлгээний “...дунд гарын, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг 300,000 төгрөг, \Winchister/ нэртэй Америк хутга 480,000 төгрөг, 38 размерын хромон гутал 266,000 төгрөг, 0.5 граммтай Шар Чингис архи 15,000 төгрөг, 0,75 граммтай Шар Чингис архи 2 ширхэг 40,000 төгрөг, 1 литрийн Evok нэртэй архи 2 ширхэг 76,000 төгрөг нийт үнэ 1,177,000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээний тайлан /1ХХ171-174/, “Ашид билгүүн” ХХК-ийн 820/113 дугаартай үнэлгээний “...дугуй хээтэй, бор торгон сампин зангидаж хийсэн товчтой, хуучин хурган дээл 1 ширхэг нь 450,000 төгрөг, ягаан өнгийн даавуутай, сампин зангидаж хийсэн товчтой, хуучин хурган дээл 1 ширхэг 450,000 төгрөг нийт үнэ 900,000 төгрөгөөрт тогтоов...” гэх үнэлгээний нэмэлт тайлан/1ХХ190-193/, “Ашид билгүүн” ХХК-ийн 820/114 дугаартай үнэлгээний “...0,75 граммтай Хар экс архи 1 ширхэг 17,500 төгрөг, 1 литрийн “Коминдарский” Орос виски 1 ширхэг 50.000 төгрөг нийт үнэ 67,500 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээний тайлан/1ХХ181-184/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 820/13 дугаартай “...Монгол ширэн гөлөм 250.000 төгрөг, гар аргаар элдсэн 75 метр сур 525.000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээний тайлан /2ХХ25-28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөх болон яллах талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь санаа зорилго нэгтэйгээр хамтран хүн байнга амьдрах орон байрны зориулалттай монгол гэрт болон эд зүйл хадгалах амбаар савны цоожыг эвдэх, тооноор нь орох зэрэг аргаар нэвтрэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, санаатайгаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан орон байран, агуулахад нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Учир нь:

Тусгайлан хамгаалсан орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн гэдэг нь шүүгдэгчийн хувьд уг байранд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд байр нь саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан эсвэл анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх төдийгүй хамгаалагдсан гэдэг нь илтэд мэдэгдэхүйц байхад түүнийг нь мэдсээр байж зөрчсөн үйлдлийг хэлдэг. Иймээс шүүгдэгч нарыг тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэл болсон болно. Тухайн орон байрны халдашгүй байдал нь хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд тухайн байрны өөрийн түлхүүрээр онгойлгох, түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглан цоож хаалгыг эвдлэх, онгорхой цонх, хаалга, тооноор орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэн хохирлын хэмжээнээс үл хамааран энэ шинжээр хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг тайлбарлах зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь хэдийгээр нэг шөнийн дотор хэд хэдэн амбаар, монгол гэрт нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан тэдний үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцон зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч нарын тухайд гэмт хэрэг үйлдэн бусдын эд зүйлийг хууль бусаар авч байгаагаа мэдэж байсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзлээ

 

Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.

 

Өмгөөлөгч нарын гаргасан “...хураан авсан, таньж олуулах ажиллагаа хийсэн эд зүйл шүүхэд ирээгүй нь мөрдөн шалгах ажиллагааны зөрчил мөн байна. Иймээс хэргийг прокурорт буцааж өгнө үү ?...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагаа явуулж зохих ажиллагаа буюу үнэлгээ, таньж олуулах ажиллагаа, үзлэг хийсэн байна. Мөн гэрч И нь тухайн дээлнүүдээ буцаан авсан талаараа мэдүүлсэн байх тул хэргийг заавал прокурорт буцаах шаардлагагүй гэж шүүх үзсэн бөгөөд харин нь дээрх эд зүйлсийн үнэлгээгээр нөхөн төлүүлэх хохирлоос хасан тооцохоор шийдвэрлэсэн болно.

            2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох зорилгоор Говь-Алтай аймгийн ***сумын 3-р багийн Засаг даргын “2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаартай Б.Э нь ам бүл 5 ээж, ах дүү нартайгаа хамт амьдардаг зан байдлын хувьд төлөв даруу, элдэв муу зуршилгүй, ах нь оюутан, ээжийгээ асардаг байнгын оршин суугч үнэн болно” гэсэн тодорхойлолт, хохирогч С.Ж-ы “...Д нь аав ээж дүү нарын хамт амьдардаг бөгөөд 12 жилийн сургуульд сурдаг учраас энэ хүүхдийн цаашдын сурах бололцоог тасалдуулахгүйн тулд энэ хүүхдийг энэ хэргээс нь ял зэм хүлээлгэлгүй өршөөж өгөхийг хүсэж байна. Энэ хүүхэд өөрийн биеэр ирж уучлалт гуйж, хохирлыг барагдуулсан тул надад цаашид санал хүсэлтгүй...” гэсэн өргөдөл, хохирогч Ж.Т-гийн “...Говь-Алтай аймгийн **** сумын 12 жилийн сурагч Б.Д нь цаашид сурч боловсрох тул энэ хүүхдийг ял шийтгэлгүй гаргаж өгнө үү. Хохирогч миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал хүсэлт байхгүй, надаас өөрийн биеэр ирж уучлалт гуйсан, Д-ийг би уучилсан...” гэх хүсэлт , хохирогч Б.Б-ийн “...Говь-Алтай аймгийн *** сумын 12 жилийн сурагч Б.Д нь цаашид сурч боловсрох тул энэ хүүхдийг ял шийтгэлгүй гаргаж өгнө үү. Хохирогч миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал хүсэлт байхгүй, надаас өөрийн биеэр ирж уучлалт гуйсан, Д-ийг би уучилсан...” гэх хүсэлт , хохирогч Б.Б-ийн “...миний бие Б.Б нь Н.Ид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол бүрэн төлөгдсөн болно гэсэн хүсэлт, хохирогч С.Ж-ы  “...миний бие С.Ж нь Н.И-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол бүрэн төлөгдсөн. Энэ хүүг ялгүй гаргаж өгөөч гэж хүсье...” гэх хүсэлт, хохирогч Ж.Т-гийн миний бие Ж.Т нь Н.И-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол бүрэн төлөгдсөн. Энэ хүүг ялгүй гаргаж өгөөч гэж хүсье...” гэх хүсэлт, хохирогч Г.М-гийн миний бие Г.М нь Н.Ид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол бүрэн төлөгдсөн. Энэ хүүг ялгүй гаргаж өгөөч...” гэх хүсэлт гэсэн хүсэлт, хохирогч Б.Б-ийн “....Б.Э нь ээж дүү нарын хамт амьдардаг. Зөн төлөвийн хувьд даруу төлөв, ахмад хүмүүсээ хүндэлдэг. Хүний үгэнд сайн ордог. Элдэв муу зүйлд орооцолдоод байдаггүй хүү байгаа юм. Энэ хүүхэд нь сургуульдаа яваад сурч байсан бол ийм хэрэг хийхгүй хүүхэд байх. Сурлага сайтай  анги хамт олон багш нартаа нэр хүндтэй хүүхэд юм. Энэ хүүхэд нь хийсэн хэрэгтээ гэмшин надтай ирж уулзаад уучлалт гуйгаад миний хохирлыг бүрэн барагдуулсан. Энэ хүүхэд нь би үүнээс хойш сайн хүн болно. Та бүхэндээ харуулна гэсэн. Миний хувьд энэ хүүхдийн гэнэн томоогүй юмны учир сайн олгохгүй байхдаа бусадтай нийлж хийсэн гэж бодож байна. Ганцаараа бол ийм юм хийх санаачлах хүүхэд биш ээ. Тийм учраас энэ хүүхдийг ял шийтгэлгүй гаргаж өгнө үү. Хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх хүсэлт, хохирогч С.Ж-ын “...Б.Э нь ээж дүү нарын хамт амьдардаг. Амьдрал ахуйн нь боломжийн хүүхэд. Би энэ хүүхдийг багаас нь сайн мэднэ. Хүмүүжил сайтай хүүхэд. Гэнэн томоогүйн улмаас дарвиж ийм хэрэг хийсэн тул цаашид сурч боловсрох бололцоог нь тасалдуулахгүйн тулд энэ хүүхдийг ял зэмээс өршөөж өгөхийг хүсэж байна. Э нь өөрийн биеэр ирж уучлалт хүсэж хохирлыг барагдуулсан учир надад өөр гомдол санал үгүй...” гэх хүсэлт, хохирогч Ж.Т-гийн “....Б.Э нь ээж, оюутан ах 2 дүүгийн хамт амьдардаг. Энэ хүүхэд нь төлөв даруу зантай мал малладаг тусархуу хүүхэд байсан гэнэн залуу нас учраас ийм хэрэг хийсэн байна. Хохирогч миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал хүсэлт байхгүй. Надаас уучлалт гуйсан би уучилсан. Энэ хүүхдийг ял шийтгэлгүй гаргаж өгнө үү...” гэх хүсэлт, шүүгдэгч Н.И-гийн ээж С.О хохирогч “...Г.М-ийн хохирол болох 990.000 төгрөг өгсөн. Үүнээс Э-ын ээж бэлнээр 330.000 төгрөгийг бэлнээр өгсөн болно...” гэх хүсэлт, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хохирогч С.Ж-ын **** дугаартай хаан банкны дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн банкны баримт, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хохирогч Б.Б-ийн *** дугаартай хаан банкны дансанд 261.000 төгрөг шилжүүлсэн банкны баримт, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ****дугаартай С.О-ийн “Хаан” банкны депозит дансны хуулгын хуулбар, хохирогч Г.М-гийн **** дугаартай хаан банкны дансруу Н-с 990.000 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч С.Ж-ы 5322029950 дугаартай хаан банкны дансруу Н-с 700.000 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч Б.Б-ийн *** дугаартай хаан банкны дансруу Н-с 775.000 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч Ж.Т-гийн *** дугаартай хаан банкны дансруу Н-с 675.000 төгрөг гэсэн баримт, шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 11 сар 02 хоногтой байсан талаар нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1ХХ75-76/, Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сар 02 хоногтой байсан талаар нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар /2ХХ154/ шүүгдэгч Б.И-н иргэний үнэмлэхний лавлагаа/2ХХ118/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/2ХХ113-114-115/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/14 дугаартай тогтоолын хуулбар/2ХХ142-153/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Үүний үндсэн дээр шүүгдэгч Б.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарын хохирлоо бүрэн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Н.И нь анх удаа гэмт хэрэг үйлдэж хохирлоо бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд мөн шүүгдэгч Б.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нар нь урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдсон, энэ гэмт хэргийг шүүгдэгч Н.И-н хамт бүлэглэж үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1.2 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн эсхүл бүлэглэж үйлдсэн...” байх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж мөн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ. Үүнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоол гарах үе дэх насыг бус харин гэмт хэрэг үйлдэх үеийн насыг харгалзан үзэхээр зохицуулсан гэж ойлгохоор байна. Шүүгдэгч Б.Э, Б.Д нар нь гэмт гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 03 дугаар сард 18 насанд хүрээгүй, шүүгдэгч Н.И нь 19 настай байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний бичиг баримтуудын хуулбар, төрийн эрх бүхий байгууллагын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмыг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирлоо бүрэн төлж барагдуулсан, тогтоогдсон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийн тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Н.И, Б.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

1. Шүүгдэгч Н.И, Б.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарт оногдуулахыг тэнсэж 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.И, Б.Э нь сургуульд суралцдаггүй, хөдөлмөр эрхлэх боломжтой байх тул тэнссэн 3 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал болох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3. дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Д нь  ерөнхий боловсролын сургуульд суралцдаг тул тэнссэн 3 жилийн хугацаанд зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нар нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/14 дугаартай тогтоолоор ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан боловч энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, харин тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийг нь хянан шийдвэрлэсэн тул нэгэнт шүүхээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, ял оногдуулахыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох түүнчлэн албадлагын арга хэмжээний хугацааг нэмж, нэгтгэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх үзсэн болно.  

Хохирогч Г.М-д 1.990.000 төгрөгийн хохирол учирснаас буцаан олгогдсон тус бүр 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг дээлний үнийг хасаж шүүгдэгч нараас 990.000 төгрөг, хохирогч С.Ж-д 2.077.000 төгрөгийн хохирол учирснаас 2 ширхэг дээлний үнэ болох 900.000 төгрөг хасаж 1.177.000 төгрөгийг, хохирогч Ж.Т-д учирсан 67.500 төгрөгийг, хохирогч Б.Б-т учирсан 775.000 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс уг хохирлыг нөхөн төлөх зорилгоор завсарлага авч “...хохирлыг бүрэн төлсөн гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн тул хохирлыг бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 19 хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Н-ийн И, Т овогт Б-ын Э, өсвөр насны шүүгдэгч Х овогт Б-ын Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр, агуулахад нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.И, Б.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарт ял оногдуулахыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.И, Б.Э нарт тэнссэн 3 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал болох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3. дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Д-д  тэнссэн 3 жилийн хугацаанд зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

5. Шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг шүүгдэгч нарт сануулсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 19 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.И, Б.Э өсвөр насны шүүгдэгч Б.Д, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА