| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Д-ын Г-д холбогдох 2116000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 12 дугаар сарын 24, 2020 оны 12 дугаар сарын 25, 2020 оны 12 дугаар сарын 26, 2020 оны 12 дугаар сарын 28, 2021 оны 01 дүгээр сарын 01, 2021 оны 01 дүгээр сарын 02, 2021 оны 01 дүгээр сарын 03, 2021 оны 01 дүгээр сарын 12, 2021 оны 01 дүгээр сарын 13, 2021 оны 01 дүгээр сарын 14, 2021 оны 01 дүгээр сарын 15, 2021 оны 01 дүгээр сарын 18, 2021 оны 01 дүгээр сарын 19, 2021 оны 01 дүгээр сарын 20, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд буюу нийт 15 өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, *** **** тоот гэртээ “Facebook”-ээр буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 667.145 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн өөрийн “Фэйсбүүк” хаягаар хөзөр тоглуулаад 6 хүнийг 5000 төгрөг, болон 10.000 мянган төгрөгүүдээр бооцоо тавиулж тоглуулдаг байсан. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны орчим “Аз ёндоо” гэсэн фэйсбүүк хаяг би өөрөө нээгээд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл дахин 6 хүн оруулж тоглуулсан. Түүнээс хойш тоглуулаагүй... Нэг удаа тоглоход 6 хүний бүрэлдэхүүнтэй тоглодог ба 5000-10.000 мянган төгрөгийн бооцоог миний Хаан банкны **** тоот дансанд хийж суух суудлын тоог захиалдаг. Тэр суудалд 5 удаа үнэгүй тоглодог ба 6 хүн дундаас аль том хөзөртэй нь хожиж 5000 төгрөгийн бооцоонд тоглосон бол хожсон нь 25.000 төгрөг авдаг ба би 5000 төгрөгийн авдаг. 10.000 төгрөгийн бооцоонд тоглосон бол хожсон нь 10.000 төгрөг авдаг би 10.000 төгрөгийг авдаг. Би ганцаараа тоглуулдаг байсан. 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тоглуулсан. Гэхдээ хэд тоглуулснаа мартчихаж...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ125-126/,
Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Аз аз ёндоо гэсэн нэртэй цахим хаягаар “tехас покер” тоглоом тоглосон. 3 удаа тоглосон. 2020 оны 12 дугаар сарын 24-нд *** дугаарын дансанд 19 цаг 42 минутад 10.000 төгрөг шилжүүлж 2 дээр суудал авч тоглоод хожигдсон. 2020 оны 12 дугаар сарын 25-нд *** дугаарын дансанд 20 цаг 17 минутад 10.000 төгрөг шилжүүлж тоглоод хожигдсон. 2021 оны 01 дүгээр сарын 18-нд *** дугаарын дансанд 17 цаг 08 минутад 5000 төгрөг шилжүүлж 5 дээр суудал авч тоглоод хожигдсон. Нийт 3 удаа тоглож 25.000 төгрөг алдсан. Хэний хаяг гэдгийг мэдэхгүй. Энэ хаягаар Г цахим бооцоот тоглоом тоглуулдаг юм... Ажил дээр байхдаа би ийм тоглоом тоглуулж байгаа чи тоглоорой гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ93-94/,
Гэрч Л.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Аз аз ёндоо гэсэн нэртэй цахим хаягаар “tехас покер” тоглоом тоглосон. 1 удаа тоглосон. 2021 оны 01 дүгээр сарын эхээр байх *** дугаарын дансанд 10.000 төгрөг шилжүүлж тоглоод хожигдсон. Нийт 1 удаа тоглож 10.000 төгрөг алдсан...*** дугаарын Г гэсэн нэртэй дансруу тоглох мөнгөө хийгээд утга хэсэгт нь нэрээ суух суудалныхаа дугаарыг бичээд шилжүүлдэг юм. Тоглуулж байгаа хүн дугаартай суудлуудад хөзөр тараагаад аль том хөзөртэй нь хождог юм. ...” гэсэн мэдүүлэг /ХХ 27/
“Хаан банк” дахь Д.Г-ийн эзэмшлийн *** дугаартай депозит дансны хуулга /ХХ43-55, 159-171/, “Хаан банк” дахь Д.Г-ийн эзэмшлийн *** дугаартай депозит дансны хуулганд үзлэг хийсэн хийсэн талаарх ахлах мөрдөгчийн тэмдэглэл /ХХ12-34/, Хаан банкны 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 72 дугаартай албан бичиг, “Хаан банк” дахь Б.Д-ын эзэмшлийн *** дугаар, Л.Н-ийн эзэмшлийн *** дугаарын дипозит дансны хуулга /ХХ59-60,64/, Д.Г-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ6-11/, Эрүүгийн ахлах мөрдөгч Д.Сүрэнгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай ахлах мөрдөгчийн магадлагаа, /ХХ35-38/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 01 дугаартай тогтоол, **** улсын дугаартай, Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ84-88/,
Ашид билгүүн ХХ-ийн 280/167 дугаартай “...Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг үнийг 4.000.000 сая төгрөгөөр...” тогтоосон үнэлгээний тайлан/ХХ111/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь 2020 оны 12 дугаар сарын 24, 2020 оны 12 дугаар сарын 25, 2020 оны 12 дугаар сарын 26, 2020 оны 12 дугаар сарын 28, 2021 оны 01 дүгээр сарын 01, 2021 оны 01 дүгээр сарын 02, 2021 оны 01 дүгээр сарын 03, 2021 оны 01 дүгээр сарын 12, 2021 оны 01 дүгээр сарын 13, 2021 оны 01 дүгээр сарын 14, 2021 оны 01 дүгээр сарын 15, 2021 оны 01 дүгээр сарын 18, 2021 оны 01 дүгээр сарын 19, 2021 оны 01 дүгээр сарын 20, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд нийт 15 өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, **** **** тоотод байрлах өөрийн гэртээ “facebook” олон нийтийн сүлжээний шууд дамжуулалтын хэрэгсэлийг ашиглан хөзрөөр тоглодог техас покер гэх тоглоомыг бусдад тоглуулан нийт 667.145 төгрөгийн ашиг олсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохин байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэн олж авсан хууль бус хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгч Д.Г-ийн гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг орлого болох 667.145 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж шүүх үзлээ.
Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хангагдах хүртэлх хугацаанд ***улсын дугаартай /тоёота приус-11/ маркийн авто машиныг битүүмжилсэн 01 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Д-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Г-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Г-ийн хувьд ноогдох эд хөрөнгөнөөс гэмт хэрэг үйлдэж олсон 667.145 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хангагдах хүртэлх хугацаанд **** улсын дугаартай /тоёота приус-11/ маркийн авто машиныг битүүмжилсэн 01 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА