| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00151/И |
| Дугаар | 179 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 179
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4-36 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ЕС63100621, Боржигон овогт Бадамсүрэнгийн Сувдаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сувдаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1963 онд төрсөн, 54 настай. Би 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн барилгын бригадад шаварчнаар 1992 оныг дуустал 11 жил 5 сар тасралтгүй ажилласан. Миний бие хуулийн дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгох хугацаа болж байгаа тул улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. Иймд миний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр, гэрч нарын баримтыг үндэслэн 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оныг дуустал буюу 11 жил 5 сарын хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн барилгын бригадад шаварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Цэнджав, П.Ичинноров нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сувдаа нь 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрт шаварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Барилга угсралтын трестийн цалингийн баримтыг шүүн үзэхэд Б.Сувдаагийн цалин гаргаагүй нь үнэн болно” гэжээ.
Барилгын материал үйлдвэрийн захиргаанаас Б.Сувдаад 1981 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “...1981 оны 7 дугаар сарын 29-ний өдөр барилгын бригадад шаварчнаар авч ажиллуулав, 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барилгын бригадын шаварчны ажлаас чөлөөлөв” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн даргын 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалд: “...Бадамсүрэн овогтой Сувдааг 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн барилгын бригадад шаварчнаар авч ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Тус үйлдвэрт барилгын бригадад шаварчнаар ажиллаж байсан Бадамсүрэн овогтой Сувдаа өөр газар шилжих болсон тул 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Цэнджав, П.Ичинноров нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Цэнджав “Миний бие нь 1973 оноос 2003 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэр, Их барилга-Увс ХХК-д өрлөгчнөөр ажиллаж байсан. Намайг Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрт өрлөгчнөөр ажиллаж байхад Б.Сувдаа нь 1981 оноос эхлэн тус газарт шаварчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн даргаар Батзул, орлгоч даргаар Нүүнээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч П.Ичинноров “Миний бие нь 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрт армотурчнаар ажиллаж байсан. Б.Сувдаа нь 1981 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материал үйлдвэрийн барилгын бригадад шаварчнаар ажиллаж эхэлсэн. Би 1991 оныг дуустал тус газарт армотурчнаар ажилласан бөгөөд намайг ажлаас чөлөөлөгдөх үед Б.Сувдаа нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материал үйлдвэрийн барилгын бригадад шаварчнаар ажиллаад үлдсэн” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Б.Сувдаагийн 1981 оноос 1992 оны хооронд ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрт шаварчнаар ажиллаж байсан болох нь Барилгын материал үйлдвэрийн захиргаанаас түүнд 1981 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн даргын 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Б.Цэнджав, П.Ичинноров нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Сувдаагийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрт шаварчнаар 11 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Бадамсүрэнгийн Сувдаагийн 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрт шаварчнаар 11 /арван нэг/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Сувдаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ