Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 180

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 8-1 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ62111300, Эмээлт овогт Юнгэрийн Оюунчимэгийн,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Ю.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 онд төрсөн, 54 настай. Би 1978 онд 8 дугаар ангиа төгссөн ба дараа нь Завхан аймгийн Худалдааны техникумд суралцаж төгсөөд 1981 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар 1989 оныг дуустал тасралтгүй ажилласан. Миний бие Завхан аймгийн Худалдааны сургуульд очоод нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрээ ажилд орохдоо үргэлжлүүлэн бичилт хийлгэж байсан боловч ажлаасааа чөлөөлөгдөхөд авч чадаагүй. Иймд аймгийн архиваас ажиллаж байсан жилийнхээ цалингийн тодорхойлолтыг гаргуулж авсан боловч ажилд орсон, гарсан тушаалууд олдохгүй байна. Би 4 хүүхэдтэй хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангасан боловч бичиг баримт дутуу учраас өнөөдрийг хүртэл тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд дээрх баримтуудыг үндэслэн миний 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал буюу 8 жил 6 сарын хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн надтай хамт ажиллаж байсан Ч.Бүзмээ, Ү.Туяа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ю.Оюунчимэг нь 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

     Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Юнгэрийн Оюунчимэгийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

      Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.Бүзмээ, Ү.Туяа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Бүзмээ “Миний бие нь 1974 оноос 1992 он хүртэл Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Ю.Оюунчимэг нь 1981 оны 7 дугаар сараас эхлэн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар ажиллаж эхэлсэн. Ю.Оюунчимэг нь тус газрын харьяа хүнсний дэлгүүрүүдэд кассчин, худалдагчаар ажиллаж байсан бөгөөд 1989 оныг дуустал ажилласан болно. Тухайн үед Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар Цэвээнжав, Довдон, Пүрэвсүрэн, Цэрэннамжил гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ү.Туяа “Миний бие нь 1974 оноос 1992 он хүртэл Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Ю.Оюунчимэг нь 1981 оны 7 дугаар сараас эхлэн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трест нь 16 дэлгүүр, 15 гуанзтай байсан бөгөөд 400-500 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байсан. Ю.Оюунчимэг нь голын дэлгүүр, арын дэлгүүрүүдэд кассчин, худалдагчаар ажиллаж байсан бөгөөд 1989 оныг дуустал ажилласан болно” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

     Нэхэмжлэгч Ю.Оюунчимэг нь 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ч.Бүзмээ, Ү.Туяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

     Иймд нэхэмжлэгч Ю.Оюунчимэгийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар 8 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

    Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Эмээлт овогт Юнгэрийн Оюунчимэгийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар 8 /найм/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ю.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ