| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/35 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/35
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгч Х.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Х-ын А-д холбогдох 2116000120036 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.А-н 2020 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 12 дугаар сарын 15, 2020 оны 12 дугаар сарын 16, 2020 оны 12 дугаар сарын 17, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн ***** багийн нутаг дэвсгэрт байрлах найз охин Д.А-ийн гэрт интернэт орчин дахь олон нийтийн сүлжээ болох фейсбүүк/facebook/-ийн шууд дамжуулалтын хэрэгслээр/live/ хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “texac poker” гэх тоглоомыг бусдаар бооцоо, мөрий тавиулан тоглуулж нийт 141.500 ашиг олсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.А-ын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бие анх фейсбүүкээр мөрийтэй тоглоом явж байхыг хараад тоглуулж үзэхээр шийдсэн. Эхний удаа тоглуулахад хүн орж ирээгүй дахиж тоглуулаад 2, 3, 4 удаа давтан хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Олсон орлогоо сум руугаа явах байсан. Тэгээд бензин тос, ойр зуурын юм авсан... Би 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Ёондоогоо үзээрэй” гэсэн фэйсбүүк хаяг нээгээд тухайн өдөр “Texas poker” тоглуулж эхэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдрүүдэд “Texas poker” тоглуулсан....Мөнгө олох зорилгоор фэйсбүүк хаягаараа “Texas poker” хөзөр тоглуулдаг байсан. Би хөзөр тоглуулаад 141.500 мянга орчим төгрөг олсон. Нэг удаа тоглоход 6 хүний бүрэлдэхүүнтэй тоглодог ба 5000-10000 төгрөгийн бооцоог миний хаан банкны **** тоот дансанд хийж суух суудлын тоог захиалдаг. Гол төлөв 10.000 төгрөгийн бооцоотой тоглодог байсан. Аль том хөзөртэй нь хожиж, хожил бүр 10.0000 төгрөгийн бооцоо авдаг. Би бас 10000 төгрөгийн авдаг. 5000 төгрөгийн бооцоотой тоглоомыг 4 хүн тоглуулдаг ба хожсон хүн 15.000 төгрөг хожиж би 5000 төгрөгийн ашиг авдаг ...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ106-107/,
Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай охин А нөхөр А-ын хамт Улаанбаатараас 2020 оны 12 сарын 06-ны өдөр ирсэн. Манай гэрт шууд ирээд хорио цээрийн дэглэмийн 14 хоногийн хугацаанд манайд байсан. 2020 оны 12 сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд манай хүргэн болох гэж байгаа Х.А нь нэг удаа тоглоом явуулаадахъя гээд утсаа бариад янз янзын юм хэлээд л юм явуулаад байсан. Би сайн ойлгохгүй болохоор юу явуулаад байгааг нь ойлгоогүй. Дараа нь харин цагдаа болоод байхаар нь буруу юм хийсэн байна гэдгийг нь мэдсэн. Түүнээс өмнө би ямар тоглоом яаж тоглуулаад байгааг нь ойлгоогүй...” гэх мэдүүлэг /ХХ77-78/,
Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 12 сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд манай найз залуу Х.А нь нэг удаа покер тоглодог лайв хийж үзье гээд байсан би бол дургүйцсэн. Тэгсэн өөрөө зүтгэсээр байгаад хийсэн. Хэдэн удаа тоглуулсан талаар сайн мэдэхгүй. Надад А хэлэхдээ 60.000 төгрөгийн ашиг олсон гэж байсан...” гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг /ХХ82-83/,
Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би тухайн үед гэртээ байсан. 2020 оны 12 сарын 16- ны өдөр 14 цагийн орчим байх манай хүргэн болох А нь утсаар лайв хийгээд хүмүүстэй холбогдоод нэг тоглоом тоглуулаад байсан. Би бол сайн ойлгоогүй. Сайн мэдэхгүй тоглоом байсан. Би онлайн хичээл хаагдаагүй цахим хичээл хүүхдүүддээ заадаг. Тэр өдөр хичээл заагаад Х.А-ын ямар тоглоом яаж явуулж байгаа талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /ХХ87-88/,
Гэрч Г.П-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Нэг өдөр фэйсбүүк ороод хэвтэж байхад покер тоглуулж байхаар нь 10.000 төгрөгөөр 1 удаа тоглоод хожлын 20.000 төгрөг орж ирсэн. Үлдсэн 10.000 төгрөгөөр нь ширээнд суусан. 4 хүн тоглож байсан. Нэг хүн 10.000 төгрөгөөр тоглодог. Хожсон хүн нь 30.000 төгрөг авдаг. Тоглуулж байгаа хүн нь 10.000 төгрөг авч үлддэг...” гэх мэдүүлэг /ХХ92-93/,
“Хаан банк” дахь Х.А-ын эзэмшлийн **** тоот дансны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга /ХХ61-66/,
“Хаан банк” дахь Х.А-ын эзэмшлийн *** тоот дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. 2020 оны 12 дугаар сарын 13, 15, 16, 17, 19-ний өдрүүд болон нийт 5 өдөр цахим бооцоот тоглуулсан байж болох орлого, зарлагын гүйлгээ, түүнд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /ХХ44-50/, мөрдөгчийн магадлагаа зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь 2020 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 12 дугаар сарын 15, 2020 оны 12 дугаар сарын 16, 2020 оны 12 дугаар сарын 17, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн **** багийн нутаг дэвсгэрт найз охин Д.А-ийн гэрт гар утсаараа интернэт орчин дахь олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкийн “ёндоогоо үзээрэй” гэх хаягны шууд дамжуулах хэрэгслийг/live/ ашиглан хөзрөөр “texac poker” гэх нэртэй тоглоомыг бусдаар мөрий бооцоо тавиулан тоглуулж, нийт 141.500 төгрөгийн ашиг олсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ
Шүүгдэгчийн үйлдэл нь мэдээллийн технологи буюу интернэт орчин дахь фэйсбүүк олон нийтийн сүлжээний шууд дамжуулах хэрэгслийг/live/ ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “texac poker” тоглоомыг бусад этгээдүүд мөрий бооцоо тавин тоглох боломжийг бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохин байгуулах” гэмт хэргийн “...мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Х.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохиролгүй байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэн олж авсан хууль бус хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгч Х.А-ын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг орлого болох 141.500 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-г 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Х.А-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон 141.500 төгрөгийг шүүгдэгч Х.А-с гаргуулан улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА