Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 521

 

      Б.Б-, Ю.Т-, Б.Тө-, Б.Тү-

       нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч Б.Б-, Ю.Т-, Б.Тү-,

хохирогч А.Сосорбарам,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч А.Сосорбарамын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-, Ю.Т-, Б.Тө-, Б.Тү- нарт холбогдох 1709005850082 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овогт Б-ын Б-, 1998 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

2. Чулуут овогт Ю-ийн Т-, 1999 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

3. Сайн долоо овогт Б-ийн Тү-, 1999 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

4. Хэрээд овогт Б-ийн Тө-, 1998 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

Б.Б-, Ю.Т-, Б.Тү-, Б.Тө- нар нь 2017 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Митинг” баарны гадна талын автобусны буудалд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч А.Сосорбарамд хүч хэрэглэн, улмаар түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-, Ю.Т-, Б.Тө-, Б.Тү- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-, Ю.Т-, Б.Тө-, Б.Тү- нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.3-т зааснаар “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх”, 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч А.Сосорбарам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Б-, Тө-, Т-, Тү- нарт зодуулж эрүүл мэндээрээ хохирсон. Эдгээр хүүхдүүд надад 1.400.000 төгрөгийг төлсөн. Цаашид би толгойн судасны MRI шинжилгээ хийлгэх, “Мөнгөнгүүр” эмнэлэгт хэвтэн сэргээн засах эмчилгээнүүд хийлгэх, мөн “Эм Би Жи” эмнэлэгт хэвтэн хамар ясны бэхэлгээний хагалгаанд орох шаардлагатай байна. Эдгээр хүүхдүүд “нийт 4.850.000 төгрөгийг 3 сарын хугацаанд чамд төлье, харин чи өмгөөлөгч битгий аваач, бид 4 ял авах гээд байна, эвлэрлийн гэрээ байгуулъя” гэхээр нь би хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч одоогийн байдлаар надад 1 төгрөг ч төлөөгүй. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш хохирол төлбөр төлөх тал дээр идэвхи санаачилга огт гаргаагүй. Би зодуулсаны улмаас хамар ясны далд хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи, зүүн нүдний дотор тал, баруун чих зэрэгт цус хуралт, нурууны 3 дугаар үендээ гэмтэл авсан. Цаашид унаж татах магадлал өндөр гэсэн оноштой байгаа тул эмчлүүлмээр байна. Маш их гомдолтой байна. Иймд эмчилгээний зардалд 4.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие эхийн хамт амьдардаг. Хохирол төлбөрийг боломжийнхоо хэрээр бага багаар төлж барагдуулах болно...” гэв.

Шүүгдэгч Ю.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирол төлбөрийг бага багаар төлж барагдуулна. Хохирогчийг өөрийг авч яваад шинжилгээ хийлгүүлмээр байна...” гэв.

Шүүгдэгч Б.Тү- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг бага багаар төлж барагдуулах болно...” гэв.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтаст хэрэгт 1.583.567 төгрөгийн хохирлын баримт авагдсанаас нотлох баримтын шаардлага хангасан нь 927.603 төгрөгийн баримт байна гэж анхан шатны шүүх үзсэн. Мөрдөн байцаалтын явцад яллагдагч нараас хохиролд нийт 1.400.000 төгрөгийг төлсөн байдаг. Иймээс анхан шатны шүүх баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр төлөгдсөн гэж дүгнээд, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Б-, Ю.Т-, Б.Тө-, Б.Тү- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч А.Сосорбарамд хүч хэрэглэн, улмаар түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-, Ю.Т-, Б.Тө-, Б.Тү- нарыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, 2017 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Митинг” баарны өмнөх автобусны буудлын орчим буюу олон нийтийн газарт шүүгдэгч Б.Б- нь хохирогч А.Сосорбарамтай “танай 1 дүгээр хорооллынхон намайг бүлэглэж зодсон” гэж маргаан үүсгэн, улмаар шүүгдэгч Б.Б-, Ю.Т-, Б.Тө-, Б.Тү- нар нь ээлж дараалан хохирогчийн толгойн тус газарт цохисноос биед нь “тархи доргилт, хамрын ясны далд хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, доод зовхи, баруун чихний дэлбэнгийн цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэмээн яллах дүгнэлтэд дурьджээ.

Эрүүгийн хуулийн Арван Нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл зэргийг тус тус тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдад хүч хэрэглэж” гэх шинжид бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу өөр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хамааруулан ойлгохгүй бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзнэ.

Иймд хэргийн үйл баримтад бодитой, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-, Ю.Т-, Б.Тө-, Б.Тү- нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирлын талаар гаргасан хохирогч А.Сосорбарамын давж заалдах гомдлыг энэ удаад шийдвэрлээгүй болохыг дурьдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-, Ю.Т-, Б.Тө-, Б.Тү- нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Б-, Ю.Т-, Б.Тө-, Б.Тү- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                   ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Н.БАТСАЙХАН