Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0008

 

Гуравдагч этгээд Ч.И гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М

Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Ч овогтой И “Хүрэн толгойн” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгаа тул, энэ хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М

Хариуцагч Ч.Э

Гуравдагч этгээд Ч.И

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 112/2022/0012/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Б нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Ч овогтой И “Хүрэн толгойн” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгаа тул, энэ хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Чилхаа овогтой Илдоржид холбогдох “Хүрэн толгойн” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгааг хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгожшийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Ч.И нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт 1.405592.00 5034092.23 2.405592.00 5034132.23 405642.00 5034132.23 405642.00 5034092.3 солбилцолд байрлах өвөлжөөний 2000 мгазар дээр 2013 оноос буудаллаж ирсэн бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаартай Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын захирамжийн хавсралтын 23 дугаарт бичигдсэн 061601251 нэгж талбарт байрлах өвөлжөөг 000634372 дугаартай гэрчилгээгээр эзэмшдэг.

Гэвч Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Л.Б гэгч нь Захиргааны хэргийн шүүхэд нас барсан аав Г.Л нэр дээрх Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт байрлах 2000 м2 талбайтай өвөлжөөний зориулалттай 1999 оны 11-р сарын 04-ний өдрийн гэрчилгээтэй, 2001 оны 10-р сарын 11-ний өдрийн 52 дугаартай бууцны зориулалттай, эзэмшүүлсэн захирамжтай газрыг Ч.Илдоржийн эзэмшлийн дээрх газартай давхцаж байна гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхээс холбогдох захирамжийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Л.Б нь огт мал малладаггүй, өмнө нь тухайн бууцанд аав Л нь огт бууж байгаагүй бөгөөд өөр бууц буудаллаж байсан болохыг хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нар мэдүүлсэн. Л.Б нь тухайн бууц буудлыг өөрөө авах зорилгогүй, түүний өмнөөс тухайн бууцыг авах гээд байгаа М гэдэг хүн энэхүү асуудлыг зохион байгуулж өмнөөс нь хөөцөлдөж байгаа болно. Нэхэмжлэгч Л.Б аав Л нь миний бууц авсан Г.Н дүү бөгөөд тухайн бууцанд Л нь очиж бууж байгаагүйг төрсөн ах Н нь гэрчээр мэдүүлэг өгсөн.

Л.Б нэхэмжилж байгаа Г.Л нэр дээрх газар нь газрын гэрчилгээ, газар олгосон захирамжийн огноо илтэд зөрүүтэй, захирамжаасаа 2 жилийн өмнө гэрчилгээ олгогдсон, Ч.И эзэмшлийн  Хүрэн толгойн цэгийн буюу хойд бууцтай нэг газар давхцаж байгаа нь тогтоогдоогүй, газрын кадастрын зураггүй, гэрчилгээ болон захирамж дээр газрын байршил, нэршил огт бичигдээгүй, давхардуулсан гэдэг нь нотлохгүй, тогтоогдохгүй байхад таамаглаж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Г.Л нэр дээрх газрын нэгж талбарын хувийн хэргийг Г.Л нас барснаас нь хойш нээсэн, хувийн хэрэгт авагдсан газар эзэмших гэрээнүүдийг нөхөж хийсэн байх магадлалтай Г.Л гарын үсэн мөн эсэх нь тогтоогдоогүй байхад Ч.И газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2022/0028 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар Засаг даргын захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Ч овогтой И Хүрэн толгойн өвөлжөөг давхардуулан эзэмшүүлснийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “... аав Г.Л 2012 оны 04 дүгээр сарын 27-нд нас барж Чандмань сумаас олгосон нас барсны бүртгэлийн ... тоот гэрчилгээ олгогдсоноор өв нээгдсэн .. миний аав ... Чандмань сумд байршилтай 2000 м.кв талбайтай өвөлжөөний зориулалтттай газырг эзэмшиж байсан. Гэрчилгээний дугаар 06160050. Иймд ... газрыг Иргэний хуулийн 531.2-т заасныг баримтлан өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг нотариатчид хандаж гаргасан байх бөгөөд нотариатч С.Сайнбаяраас 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Чандмань сумд байршилтай 2000 м.кв талбайтай өвөлжөөний зориулалттай 06160050 гэрчилгээний дугаар бүхий газрыг өвлөх эрхийн 69 дугаар гэрчилгээ олгогосон, уг гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй байх тул нэхэмжлэгчийн “... газрын гэрчилгээ гаргуулахаар эрх бүхий этгээдэд хандахад Ч.И эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр гэрчилгээ гаргаж өгөхгүй байна. Түүнд газар давхцуулан эзэмшүүлсэн нь хууль бус” гэх үндэслэлээр маргасныг шүүх хүлээн авч хэрэг үүсгэж шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хэргийн оролцогч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийн хүрээнд “...Чандмань сумын 3 дугаар баг буюу Эрдэнэ-Уул багийн нутагт Хүрэн толгой гэх газарт Их бууц /урд бууц/, Цэгийн бууц /хойд бууц/, Доод бууц гэсэн 3 бууц байдаг бөгөөд Их бууц, Цэгийн бууцад айл өвөлждөг, доод бууцанд айл өвөлждөггүй хавар намартаа айл буудаг бууцтай газар болох талаар мөн маргаан бүхий өвөлжөөний бууц нь Чандмань сумын 3 дугаар багийн нутаг Хүрэн толгойн хойд бууц буюу цэгийн бууцболох талаар уг бууцанд гуравдагч этгээд Ч.И хүү Ч.Б хамт буудаллан амьдарч байгаа зэргээр маргаан бүхий өвөлжөөний бууц нь Хүрэн толгойн цэгийн бууц гэх нэртэй газар болох талаар тус тус дүгнэсэнтэй холбогдуулан хэргийн оролцогчид маргаагүй байна.

 

Хэрэгт Г овогтой Л газар эзэмших эрхтэй холбоотой 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Чандмань сумын нутаг дэвсгэрт 2000 м.кв газрыг 25 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 061600050 дугаар гэрчилгээ, Г овогтой Л “Хүрэн толгойн цэгийн бууц” гэх газарт өвөлжөөний газар эзэмших талаар гаргасан хүсэлт /огноогүй/, 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хүрэн толгойн цэгийн бууц” гэх байршил бүхий газрын “Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ” гэх баримтууд эх хувиараа авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Л.Б нь Г.Л төрсөн хүүхэд мөн болох, дээр дурдсанчлан нотариатчийн 2019 оны 68 дугаар гэрчилгээгээр төрсөн хүү гэх үндэслэлээр эцэг Г.Л 061600050 дугаар гэрчилгээ бүхий 2000 м.кв газрыг өвлүүлэхээр гэрчилгээ олгосонтой хэргийн оролцогчид тус тус маргаагүй байна.

 

Хэдийгээр дээр дурдсан Г овогтой Л 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чандмань сумын нутаг дэвсгэрт 2000 м.кв газрыг 25 жилийн хугацаагаар эзэмшүүлэх тухай 061600050 дугаар гэрчилгээнд эрх бүхий этгээдийн ямар шийдвэрийг үндэслэн уг гэрчилгээг олгосон талаар заагаагүй, 1999 оны 10 дугаар сарын 20 ны өдрийн “Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ”-нд Чандмань сумын Засаг даргын 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг үндэслэн талаар заасан, Чандмань сумын Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 52 дугаар  захирамжийн хавсралтын 54-т Г.Л 061600050 дугаар “бууц” гэж газар эзэмших эрх олгосон Засаг даргын шийдвэрийн талаар зөрүүтэй заасан, 2001 оны 52 дугаар захирамж хэрэгт авагдсан, харин 1998 оны 57 дугаар шийдвэр гэх баримт авагдаагүй байх боловч Г.Л газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших хүсэлтэд газрын байршлыг “Хүрэн толгойн цэгийн бууц” гэж заасан, эдгээр баримтуудыг хууль бус, хуурамч хүчин төгөлдөр бус баримт /хэргийн бусад оролцогчид энэ талаар баримт нотолгоо гаргаж маргаагүй/ гэж үзэх үндэслэлгүй,  хүчин төгөлдөр нотариатын өвлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Л.Б “Хүрэн толгойн цэгийн бууц” гэх газрын эзэмших эрх өвлөгдсөн байх тул уг газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг шүүх Газрын тухай хуулийн 31.3-т заасантай нийцээгүй, хууль бус гэж үзсэн нь үндэслэлтэй, уг шийдвэрийн улмаас хүчин төгөлдөр өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг өвлөн эзэмших нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна гэж үзлээ.

Түүнчлэн гуравдагч этгээдээс “маргаан бүхий Хүрэн толгойн  цэгийн бууцыг Г.Н шилжүүлэн авч эзэмшсэн” гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан Чандмань сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай А/22 дугаар захирамжийн хавсралтын 23-т Ч овогтой И Хүрэн толгой” хэмээх газрыг хаваржааны зориулалтаар, харин “Хар  завсар” хэмээх нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр заасан байхад Хүрэн толгой гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн нь зөрчилтэй байхаас гадна газар эзэмших эрх шилжүүлэн эзэмшүүлсэн захирамж гарсны дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Г.Н, Ч.И нарын хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ” байгуулагдсан, уг гэрээнд газрын байршил засвартай нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүйг илтгэх үндэслэл болж байна. 

 Мөн хэрэгт авагдсан гэрч Д.Ж, Ж.Л нар болон гуравдагч этгээд Ч.И тайлбараас үзвэл гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх Г.Н нь Хүрэн толгойн цэгийн бууцыг эзэмшиж, бодитоор ашиглаж байсан гэж үзэх үндэслэлтэй, гуравдагч этгээд Ч.И өвөлжөөний бууцыг шилжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байсан, гуравдагч этгээд 2013 оноос тус өвөлжөөний бууцыг бодитоор эзэмшиж, ашиглаж ирсэн гэж үзэхээр байх боловч уг өвөлжөөний хууль ёсны эзэмшигч мөн эсэх тухайд авч үзвэл анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын архивт хийсэн үзлэг, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас Чандмань сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжийг нотлох баримтаар гаргуулах тухай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр албан бичиг, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 23-ны 75 дугаартай “... 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0258622 дугаартай Чандмань сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 тоот шийдвэрийг үндэслэн Хүрэн толгойн хойд бууцыг өвөлжөөний зориулалтаар Г овогтой Н эзэмшүүлсэн” гэх албан бичиг зэргээс үзвэл Г.Н газар эзэмших эрхийн гэрчилгээнээс өөрөөр түүний газар эзэмших эрхтэй холбоотойямар нэгэн баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, энэ талаар баримт нотолгоог гуравдагч этгээдээс шүүхэд гаргаагүй, эх сурвалжийг зааж маргаагүй байна.

Ийнхүү гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон баримт шийдвэрүүд зөрчилтэй, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт” гэж заасантай тус тус нийцээгүй байхаас гадна нэхэмжлэгч Л.Б эцэг Г.Л-д өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулсан байхад энэ талаар түүний гэр бүлийн гишүүдээс нь тодруулах баримт бичгийг нягтлан шалгах гэх мэт хэлбэрээр нөхцөл байдлыг судалж тогтоолгүйгээр Г.Н-д газар эзэмших эрхийн гэрчилгээ давхцуулан /захирамжгүй/ эзэмшүүлж, улмаар гуравдагч этгээдэд гэрээ байгуулалгүйгээр шилжүүлэн эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй байна.  

Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр 2015 онд гарсан байхад анхан шатны шүүх Г овогтой Н-ээс Ч.И Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан тухайн маргаан бүхий Хүрэн толгой гэх газрыг бэлэглэж, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан Хүрэн толгой өвөлжөөний зориулалтаар 000634372 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна” хэмээн газар эзэмшүүлэх гэрээ байгуулсны дараа уг гэрээг үндэслэн гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгогдсон мэт агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх боловч уг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасан байх бөгөөд өвөлжөөний зориулалтаар газар эзэмшигч нь заавал мал малладаг иргэн байх талаар тусгайлан зааж хуульчлаагүй байх тул энэ талаарх хэргийн оролцогчдын маргасан үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүйг дурдах нь зүйтэй байна.

   Хэдийгээр Г.Л-д газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэр газар эзэмшүүлэх гэрчилгээ гэрээний дараа буюу 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар захирамжаар үүссэн гэж үзэхээр байх боловч  Г.Л-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг баримтууд эх хувиараа хэрэгт авагдсан, эдгээр баримтыг хуурамч, хууль бус гэж  үзэх үндэслэл тогтоогдохгүй, өмнө дурдсанчлан нэгэнд хүчин төгөлдөр нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Л.Б-д түүний эцэг Г.Лхагвасүрэнгийн газар эзэмших эрх өвлөгдсөн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй, мөн өмнө дурдсанчлан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийн газрын байршил заасан хэсэг зөрүүтэй, гэрээ засвартай, газар эзэмших эрх шилжүүлсэн гэх Г.Н-д газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гарсны дараа, Г.Н, Ч.И нарын хооронд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулагдсан, хэрэгт авагдсан Г.Л-ийн газар эзэмших гэрээ[1], газар эзэмшихийг хүссэн өргөдөл[2] зэрэг баримтад газрын байршлыг “Хүрэн толгойн цэгийн бууц” гэж тодорхой заасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... Г.Л-гийн газар эзэмших эзэмших гэрчилгээ, захирамжийн огноо зөрүүтэй, захирамжаасаа өмнө гэрчилгээ олгогдсон ... Ч.И-ийн эзэмшлийн хүрэн толгой гэх газартай давхцаж байгаа нь тогтоогдоогүй, кадастрын зураггүй, гэрээ, гэрчилгээн дээр газрын нэр бичигдээгүй, давхардсан нь тогтоогдоогүй байхад таамаглаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

  

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ