Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00021

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.П-д холбогдох “Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0143019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Ө, прокурор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.П нь “2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн иргэн Л.Б нь Жаргалант сумын “Тойн чулуут” гэх газраас 26 ширхэг дүнз бэлтгэсэн” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 0170896 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 50 нэгж буюу /тавин мянга/ төгрөгийн шийтгэл оногдуулсан байна. Зөрчил гаргагч Л.Б нь хэрэглээний мод бэлтгэх 0050383 дугаартай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг хүртэл 2 хоногийн хугацаагаар бичигдсэн хугацаа дууссан эрхийн бичгээр 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэрэглээний 26 ширхэг дүнз мод бэлтгэсэн байна. Дээрх үйлдэл нь зөрчлийн шинжгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх “ гэмт хэргийн шинжтэй эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын хяанлтын байцаагч Б.П-ийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 0170896 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.  

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар багийн иргэн Л.Б-д ногдуулсан 0170896 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 50 нэгж буюу /тавин мянга/ төгрөгийн шийтгэл ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэх нь:

Зөрчил гаргагч Л.Б нь хэрэглээний мод бэлтгэх 0050383 дугаартай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг хүртэл 2 хоногийн хугацаагаар бичигдсэн хугацаа дууссан эрхийн бичгээр 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэрэглээний 26 ширхэг дүнз мод бэлтгэсэн нь эрхийн бичигт заасан нөхцөл болзлыг зөрчсөн нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй тул 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.П шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Л.Б нь мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгээгүй. Иргэн мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацааг нэг удаа сунгуулах эрхтэй боловч сунгуулаагүй байсан. Аавынх нь бие муу учир хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж чадаагүй гэж хэлсэн. Гэхдээ энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Ойн цэвэрлэгээний аргаар мод бэлтгэх зөвшөөрөл олгосон бөгөөд унасан болон ургах чадваргүй болсон мод бэлтгэн авах ёстой байсан. Л.Б нь 26 ширхэг нойтон мод буюу дүнз бэлтгэсэн байсан. Иргэн гэрийн мод хийх зорилгоор нойтон мод авсан байсан. Учир нь гэрийн модыг хийхэд нойтон модыг цуулж хийх онцлог шаардлагатай байдаг. Гэтэл иргэнд нойтон мод бэлтгэх зөвшөөрөл хуулиар олгогдоогүй. Нойтон модыг ойн мэргэжлийн байгууллага бэлтгэх эрхтэй байдаг. Хууль зүйн хувьд ийм хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас иргэдэд нойтон мод бэлтгэх эрх үүсэхгүй байгаа юм. Иргэнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх гэхээр тухайн эрхийн бичгийг ганц удаа л ашигласан бөгөөд хугацааг нь л хэтрүүлсэн байна. Хугацаа хэтрүүлсэн болохоос биш эрхийн бичигтэй байсан, түүнийгээ урьд нь ашиглаагүй байсан. Миний бие прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.П нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б-ийн хугацаа дууссан эрхийн бичгээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Тойн чулуу гэх газраас 26 ширхэг дүнз хийсэн гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0170896 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг зөрчсөн хэмээн 50 нэгж буюу 50 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.П-ийн үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0170896 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

   Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түүний 2019 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0170896 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Л.Б-д 50 000 /тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна.

            Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.2-т “... зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно”,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар  тушаалын  1 дүгээр хавсралтаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.6-д “Иргэн уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх /... гэрийн мод ... хийх/ ... зорилгоор ойгоос бэлтгэх модыг Ойн анги эсвэл байгаль хамгаалагч тэмдэглэн өгч, хяналт тавина”, 3.7-д “Иргэн уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон ахуйн хэрэглээний зорилгоор ойгоос мод бэлтгэхдээ  ойн нөөц ашигласны төлбөр төлнө”, 3.8-д “Иргэн уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор ойгоос нас гүйцсэн ургаа нойтон мод бэлтгэхдээ сонгон түүвэрлэх аргаар бэлтгэх ба модны үндэс, ур, холтос, үзүүр ёзоор, үйсээр хийдэг уламжлалт бүтээгдэхүүний бэлдэцийг мод бэлдэхээр тусгаарласан талбай дахь огтлолтод орохоор тэмдэглэгдсэн модноос авна” гэж зааснаас үзвэл иргэн уламжлалт бүтээгдэхүүн буюу гэрийн мод хийх зорилгоор нас гүйцсэн ургаа нойтон модыг зохих зөвшөөрлөөр хууль зүйн дагуу бэлтгэх эрхтэйг дурдъя.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан тул иргэн Л.Б-ийн хугацаа нь дууссан мод бэлтгэх эрхийн бичгээр 26 ширхэг дүнз бэлтгэсэн үйлдэл нь гэмт хэрэгт хамаарах эсэхийг шалгах тогтоох шаардлагатай тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дугаар зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн “Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0170896 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.П зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ