Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 12

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Л.Баттулгад холбогдох Зээл, зээлийн хүү, алданги 2.736.789 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Боргүвээ 5 дугаар баг 1-р хэсгийн 124 тоотод оршин суугч Лүндэвбалжир овогтой Баттулга нь 2013 оны 11-р сарын 29-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас Гахайн аж ахуй эрхлэх төсөл хэрэгжүүлэхээр 3.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Л.Баттулга зээлийн хугацаа 2016.11.29-ний өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна. Иймд иргэн Л.Баттулга үндсэн зээл болох 2.574.827 төгрөг, зээлийн хүү 92.285 төгрөг, алданги 66.677 төгрөг, нотариатын үнэ 3000 төгрөг, нийт 2.736.789 төгрөгийг Л.Баттулгаас гаргуулан авч манай сумын төрийн сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5-р багийн 1-р хэсгийн 124 тоотод оршин суугч Бугат овогт Лхүндэвбалжирын Баттулга /МЭ-60020315/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Боргүвээ 5-р багт оршин суух Лхүндэвбалжир овогтой Баттулга миний бие нь 2013 оны 11-р сарын 29-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас Гахайн аж ахуй хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр 3.000.000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай авсан нь үнэн. Одоо үлдэгдэл болох 2.574.827 төгрөг, зээлийн хүү болох 92.285, алданги 66.677 нийт 2.736.789 төгрөгийг эргүүлэн төлөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.


ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын хариуцагч Л.Баттулгад холбогдуулан гаргасан Зээл, зээлийн хүү, алданги 2.736.789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 2.736.789 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 58.739 төгрөгний тал хувь 29.370 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Баттулгад холбогдох Зээл, зээлийн хүү, алданги 2.736.789 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 2.736.789 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 58.739 төгрөгний тал хувь болох 29.370 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                                    Л.СОЁЛМАА