Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/549

 

 

 2021         05          11                                       2021/ШЦТ/549

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ц.Г,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох 2106 00171 0309 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, “Их Монгол хийц” ХХК-д туслах ажилтан, ам үл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны 1945 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гийн Б /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75-3 байрны 1-3 тоот гэртээ өөрийн эзэмшлийн Самсунг S-7 маркийн гар утсаар мэдээллийн технологи ашиглан буюу ашиг олох зорилгоор фейсбүүкт “Техаs рокег” гэсэн хаяг нээн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2-4/,

Г.Бий ХААН банкны 5018777050 дугаартай дансны хуулга /хх.28-76/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Анхзаяагийн өгсөн: “... Би хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Манай нөхөр болох Б, хүү Ган-Очир бид гурав хамт байж байгаад цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан. Би яаж зохион байгуулдаг талаар сайн мэдэхгүй. Манайх айлын хажуу өрөө түрээслэн амьдардаг. Манай байрны эзэн байхгүй үед манай нөхөр тоглоом зохион байгуулдаг. Манай хүүхэд жоохон болохоор тоглоом зохион байгуулахад саад болоод байдаг, тэгээд байрны эзэн өвөө байхгүй хойгуур байрны эзэн өвөөгийнд тоглуулдаг. Би тэр үед хүүхдээ хараад өөрийнхөө өрөөнд байдаг... Манай нөхөр Б өөрийн эзэмшлийн 5018777050 гэсэн дугаартай ХААН банкны данс ашигладаг байсан. Б өөрийнхөө Самсунг маркийн утас ашиглан цахим орчинд лайв хийж тэмцээн зохион байгуулдаг. Хэдэн төгрөгөөр болон хэдэн хүн яаж тоглодог талаар мэдэхгүй байна. Тоглолт явагдаж дуусаад миний данс руу ашгаа шилжүүлдэг байсан. Миний 5019912998 гэсэн ХААН банкны данс байгаа... Б ганцаараа тоглоом зохион байгуулдаг, хэзээнээс эхлэн зохион байгуулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.8-10/,

Эд зүйл түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх.11,77/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх.13/,

Эд зүйл баримт хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, Г.Бий ХААН банкны 5018777050 тоот дансны хуулга /хх.27-60/,

Гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.14-19/,

Г.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.22-23/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Жагваралын “Г.Бий ХААН банкны 5018777050 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх.78/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тамирын өгсөн: “... Би цахим орчинд бооцоот тоглоом нэг удаа тоглож байсан. Хэзээ тоглосон талаараа сайн санахгүй байна. Нэг удаа 6000 төгрөг шилжүүлээд Техас покер тоглож байсан. Одоо би хэн гэж хүний данс руу шилжүүлсэн талаараа сайн санахгүй байна. фейсбүүкээр лайв яваад 5 хүн тоглож байсан байх, тэгээд нэг нь хожоод 25.000 төгрөг авах байсан санагдаж байна... би хожиж байгаагүй... хууль бус гэдгийг мэдэж байсан Сонирхол татаад өөрийн хүсэлтээр нэг л удаа тоглосон...” гэх мэдүүлэг /хх.80-82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бий яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлээд 2020 оны 12 дугаар сарын 27-ны хооронд Техас покер гэсэн фейсбүүк хаяг нээгээд өөрийн 5018777050 гэсэн дугаартай ХААН банкны данс ашиглан цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан. Би тухайн үед эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75-3 дугаар байрны 1-3 тоотод байр түрээслэн амьдардаг байсан. Би фейсбүүк хаягаар лайв хийгээд хүмүүс түүгээр ороод тоглодог байсан. Би 5000 төгрөгөөр 6 хүн тоглуулаад тэрнээс 1 нь хожоод 25.000 төгрөг аваад би 5000 төгрөг авдаг байсан. Бас 2 хүн хооронд нь халз тоглуулаад нэг тоглолт 2000-5000 төгрөг авдаг байсан. Тоглолт дуусаад олсон мөнгөө эхнэр Анхзаяагийн 5019912998 дугаартай ХААН банкны данс руу шилжүүлдэг байсан. Тэгж байгаад 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлээд хууль бус гэдгийг мэдээд дахин тоглуулахаа больсон... мөнгө олох хэрэгтэй болоод бас фейсбүүкээр хүмүүс тоглуулаад байхаар болдог юм байна гэж бодоод тоглуулсан юм... ойролцоогоор 3-4 сая төгрөг олсон байх... би мөрийтэй тоглоомыг ганцаараа тоглуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх.69/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75-3 байрны 1-3 тоот гэртээ өөрийн эзэмшлийн Самсунг S-7 маркийн гар утсаар, мэдээллийн технологи ашиглан буюу ашиг олох зорилгоор фейсбүүкт “Техаs рокег” гэсэн хаяг нээн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2-4/,

Г.Бий ХААН банкны 5018777050 дугаартай дансны хуулга /хх.28-76/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Анхзаяагийн өгсөн: “... Манай байрны эзэн байхгүй үед манай нөхөр тоглоом зохион байгуулдаг... Манай нөхөр Б өөрийн эзэмшлийн 5018777050 гэсэн дугаартай ХААН банкны данс ашигладаг байсан. Б өөрийнхөө Самсунг маркийн утас ашиглан цахим орчинд лайв хийж тэмцээн зохион байгуулдаг... Тоглолт явагдаж дуусаад миний данс руу ашгаа шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх.8-10/,

Эд зүйл түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх.11,77/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх.13/,

Эд зүйл баримт хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, Г.Бий ХААН банкны 5018777050 тоот дансны хуулга /хх.27-60/,

Гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.14-19/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Жагваралын “Г.Бий Хаан банкны 5018777050 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх.78/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тамирын өгсөн: “... Би цахим орчинд бооцоот тоглоом нэг удаа тоглож байсан... Нэг удаа 6000 төгрөг шилжүүлээд Техас покер тоглож байсан. Одоо би хэн гэж хүний данс руу шилжүүлсэн талаараа сайн санахгүй байна. фейсбүүкээр лайв яваад 5 хүн тоглож байсан байх, тэгээд нэг нь хожоод 25.000 төгрөг авах байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.80-82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бий яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлээд 2020 оны 12 дугаар сарын 27-ны хооронд Техас покер гэсэн фейсбүүк хаяг нээгээд өөрийн 5018777050 гэсэн дугаартай Хаан банкны данс ашиглан цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан. Би тухайн үед эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа Амгалан хотхоны 75-3 дугаар байрны 1-3 тоотод байр түрээслэн амьдардаг байсан. Би фейсбүүк хаягаар лайв хийгээд хүмүүс түүгээр ороод тоглодог байсан. Би 5000 төгрөгөөр 6 хүн тоглуулаад тэрнээс 1 нь хожоод 25.000 төгрөг аваад би 5000 төгрөг авдаг байсан. Бас 2 хүн хооронд нь халз тоглуулаад нэг тоглолт 2000-5000 төгрөг авдаг байсан. Тоглолт дуусаад олсон мөнгөө эхнэр Анхзаяагийн 5019912998 дугаартай ХААН банкны данс руу шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх.69/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Г.Бий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

   Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Цахим хуудас ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

2.“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

3.Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Г.Бий гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3.974.741 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Самсунг S-7 маркийн гар утас зэргийг хувьд ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Бий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Гийн Бийг “Цахим хуудас ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Бд сануулсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, Г.Бий гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3.974.741 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Самсунг S-7 маркийн гар утас зэргийг хувьд ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж улсын орлогод шилжүүлсүгэй.

          6. Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                      С.ӨСӨХБАЯР