Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 13

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Т.Энхтүвшинд холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 3.113.957 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:                     

        

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар баг 2 дугаар хэсэг 154 тоотод оршин суугч Тулга овогтой Энхтүвшин нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “хүлэмжийн аж ахуй хүнсний  үйлдвэрлэл” төсөл хэрэгжүүлэхээр 3.500.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Т.Энхтүвшин нь зээлийн хугацаа 2016.07.22-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна. Иймд иргэн үндсэн зээл болох 2.948.830 төгрөг, зээлийн хүү 86.250, алданги 75.877 төгрөг, нотариатын үнэ 3000 төгрөг нийт 3.113.957 төгрөгийг Т.Энхтүвшингээс гаргуулан авч манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8-р баг 2-р хэсэг 154 тоотод оршин суух Түндэв овогт Тулгын Энхтүвшин /ЕЭ-66013061/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Т.Энхтүвшин би Сум хөгжүүлэх сангаас 2013 онд 3.500.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 3.113.957 төгрөгийг төлөх нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын хариуцагч Т.Энхтүвшинд холбогдуулан гаргасан “Зээл, зээлийн хүү, алданги 3.113.957 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “....Т.Энхтүвшин би Сум хөгжүүлэх сангаас 2013 онд 3.500.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 3.113.957 төгрөгийг төлөх нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

  Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 3.113.957 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 64.773 төгрөгний  тал хувь 32.386 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Энхтүвшинд холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 3.113.957 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 3.113.957  төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 64.773 төгрөгний  тал хувь болох 32.366 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                        Л.СОЁЛМАА