Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 194

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-4 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ59032677, Цолт гүенгүүд овогт Арслангийн Бадамсамбуугийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

     Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч А.Бадамсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд, соёл спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтнаар ажилд орсон. Түүнээс хойш тус байгууллагад үндсэн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй, хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан юм. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 42.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4,33.5 дахь заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргалтай уулзаж намайг яагаад ажлаас чөлөөлж байгааг асуухад дээрээс таныг хал гэж хэлсэн гэх хариуг өгсөн. Намайг ажлаас чөлөөлөх талаар надад урд өмнө ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/71 гоот тушаалыг хүчингүй болгож, намайг урд эрхэлж байсан Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд, соёл спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв. 

    Хариуцагч Н.Батжаргал шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Бадамсамбуугийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Бадамсамбуу нь нэхэмжлэлдээ намайг ажлаас чөлөөлөх талаар урд өмнө нь огт мэдэгдээгүй гэж дурдсан байна. А.Бадамсамбуу нь Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн эрүүл мэнд, соёл спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. 2016 оны Орон нутгийн сонгуулийн дараа сумын удирдлага солигдож шинээр сонгогдсон Засаг дарга Ц.Пүрэвжав нь удаа дараа А.Бадамсамбуутай уулзаж ярилцсан байсан. Заримдаа Засаг дарга, А.Бадамсамбуу бид гурав гурвуулаа нүүр нүүрээ харж суугаад уулзаж ярилцаж байсан. Засаг даргын зүгээс надад А.Бадамсамбууг ажлаас чөлөөлөхийг шаардаж байсан бөгөөд би өөрөө ч гэсэн А.Бадамсамбуутай биечлэн уулзаж ярилцаж, ажлаас чөлөөлөгдөх талаар Засаг даргатай тохиролцохыг санал болгож байсан. Иймд А.Бадамсамбуу нь ажлаас чөлөөлөгдөх талаараа урд өмнө нь огт юу ч мэдээгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй зүйл юм. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 8.30 минутад Засаг дарга намайг өрөөндөө дуудсан. Засаг даргын өрөөнд ороход эрүүл мэнд, соёл спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтан А.Бадамсамбуу, багийн бодлого зохицуулалт хариуцсан ажилтан Ж.Гансүх нар сууж байсан. Бид нүүр нүүрээ харж байгаад харилцан ярилцаж тохиролцоонд хүрсэн. А.Бадамсамбуу, Ж.Гансүх нар нь Засаг даргад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгочих гэсэн санал тавьсан. Засаг дарга санхүүгийн хүндрэлтэй байгаа тул 3 сар яагаад ч олгох боломжгүй, 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоё гэхэд хэн хэн нь зөвшөөрсөн. Ингэж харилцан ярилцаж санал зөвшилцөлд хүрсний үндсэн дээр Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагч хуулийн дагуу боловсон хүчний болон төсөв хөрөнгийн талаар зөвлөх эрхийнхээ дагуу надад чиглэл өгч Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар А.Бадамсамбууг ажлаас нь чөлөөлсөн. Мөн А.Бадамсамбуу нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан. Түүнчлэн А.Бадамсамбуутай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн” гэв.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч А.Бадамсамбуу нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан эрүүл мэнд, соёл спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

     Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан    буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “А.Бадамсамбууг ажлаас чөлөөлөх талаар түүнтэй биечлэн уулзаж ярилцаж, хэлж байсан. А.Бадамсамбуу нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан” гэж маргаж байна.

        Нэхэмжлэгч А.Бадамсамбуу нь 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд, соёл спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тус Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/71 дүгээр “А.Бадамсамбууг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

      Хариуцагч “А.Бадамсамбууг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь заалтыг тус тус үндэслэн гаргажээ.

     Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “...Ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байна.

      Хариуцагч нь нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэснийг нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

        Өөрөөр хэлбэл А.Бадамсамбууг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсныг салбарын буюу тухайн байгууллагаас шалгаж тогтоогоогүй, түүнчлэн хэзээ ямар үүрэг даалгавар өгч, түүний биелэлтийг шалгасан талаарх баримтгүй байна.

       Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “...Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд ажил олгогч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

     Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдаанд ”А.Бадамсамбуутай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул түүнийг ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарладаг боловч “А.Бадамсамбууг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаа гаргахдаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гаргаагүй учир энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

     Иймд хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр А.Бадамсамбуутай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Цолт гүенгүүд овогт Арслангийн Бадамсамбууг Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд, соёл спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.     

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Цолт гүенгүүд овогт Арслангийн Бадамсамбууг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд, соёл спорт, аялал жуулчлал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ