| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/0016/Э |
| Дугаар | 149/ШТ/0016 |
| Огноо | 2021-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 149/ШТ/0016
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Г
Улсын яллагч Я.А
Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Я.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ө.Бд холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, //*// өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, //*// тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ө-ын Б. /РД://*//
Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 18-19 цагийн орчимд //*// тоотод байрлах иргэн Л.Сү-ийн гэрт түүнтэй маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Бг-ийн өгсөн …. ... 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуурай ах С.Л хамт 17-18 цагийн үед алхаж явахад айлын үүдэнд хөл нь боолттой согтуу хүн хэвтэж байхаар нь Л бид хоёр оруулж өгсөн. Тэгсэн тэр айлын эзэн С гэх ах нэг том пиво уугаад сууж байсан. Л тэр ахыг таньдаг байсан тул бид хоёр тэнд сууж пиво уусан. Тэгсэн С ах бид хоёр луу дайрч элдэв үгээр доромжлоод байхаар нь би босоод нүүрэн тус газарт нь нэг цохичхоод гараад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Л.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 01 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн үед намайг гэртээ байхад гаднаас хуурай дүү Галбаатарыг гудамжинд уначихсан байна гэж хэлээд Л Б хоёр өргөж оруулж ирсэн. Тэгэхдээ Л Б хоёр нэг ширхэг 2.5 литрийн Боргио пиво авч орж ирсэн. Тэгээд Л Б бид 3 авч орж ирсэн пивийг нь ууж дуусаад юм яриад сууж байтал Л-тэй орж ирсэн Б гэх залуу нэг хүний нэр асуугаад танихгүй гэхэд уурлаж манай гэрийн эд хогшлыг эвдэж сүйтгэж миний толгой хэсэгт нэг удаа цохисон болохоор цагдаад хандсан.... Гэрийн жижиг цонхны дотор талын цонх хагарсан, цайны халуун сав хагарсан, цайны данх жижиг цайны аяга зэрэг эд зүйл эвдэрч хэмхэрсэн гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/
Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд орой 18 цагийн орчим С ахын гэрт очиход байшингийн шал нил ус болчихсон гал зуух нь цонх нь хагарчихсан, хойд өрөөний шалан дээр байсан дрож нь цус болчихсон болохоор нь би юу болсон юм бэ гэж асуухад Г ах нь хүнд зодуулчихлаа гээд хойд өрөөний хойд талын орон дээр хэвтэж байсан. С ах хойд өрөөний урд талын орон дээр толгойгоо хөнжлөөр нөмөрчихсөн унтаад байсан. Би Г ахад ямар аймар болчихсон юм бэ гэж хэлээд С ахын байшинг цэвэрлэсэн. Тэгээд байшингаа цэвэрлэж дуусаад урд орон дээр унтаж байсан С ахыг дуудаад сэрэхгүй болохоор нь хөнжлийг нь сөхөөд харахад С ахын нүүрнээс цус гарчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/
Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би С ахын гэрт хамт байж байгаад С ахын хамт нэг том 2.5 литрийн пиво хувааж уучаад гарч бие засангаа тамхи татах гэж гараад буцаж орж чадахгүй байж байхад Л Б хоёр ирж намайг гэрт оруулж өгөөд С ах Л, Б бид 4 хамт нэг 2.5 литрийн пиво уугаад сууж байхад С ах Б-тай муудалцаад байхаар нь би салгах гэтэл миний хөл өвдөөд босч чадахгүй байсан. Тэгэхээр нь би ар талын өрөө лүү орж хэвтсэн. Удалгүй С ахын зүүн хөмсөгнөөс цус гарсан байхаар нь юу болсон бэ гэхэд гаднаас Төмөрбаатар орж ирж эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 26 ...... Дүгнэлт:
1.Л.Сийн биед зүүн хөмсөгний гадна хэсгээс зүүн нүдний доод зовхи хүрсэн шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх шарх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 25-26 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-10 дугаар хуудас/
Ө.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 48 дугаар хуудас/
Ө.Б нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 51 дүгээр хуудас/
Хохирогч Л.Сийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Ө.Бд ямар нэг гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийддвэрлэхэд тусгайлан гаргах саналгүй гэсэн хүсэлт /Хх-н 62 дугаар хуудас/
Хохирогч Л.Сийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Ө овогтой Б нь миний нэхэмжилсэн 62500 төгрөгийг бүрэн барагдуулсан тул дахин нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 64 дүгээр худас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 18-19 цагийн орчимд //*// тоотод байрлах иргэн Л.Сийн гэрт түүнтэй маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Ө.Бгийн хохирогч Л.Сийг цохиж зодсон үйлдэл нь хамт архидан согтуурч хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ө.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж сард 166666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Л.С нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Б овогт Ө-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Б нь 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Х.