Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2017/00048/И |
Дугаар | 195 |
Огноо | 2017-02-24 |
Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 195
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Далан хуруу багт оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОС72120918, Гэлэнгүүд овогт Ягааны Алтангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Далан хуруу багт оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОС81030810, Булгадар овогт Ягааны Төөрүүлд холбогдох,
Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Алтан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1972 онд төрсөн, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний эцгээс өвлөгдөн ирсэн мөнгөөр бөгжилсөн, шүрэн толгойтой, халтар манан хөөргийг Далан хуруу багийн малчин Ягаан овогтой Төөрүүл нь 2014 оны 7 дугаар сарын 20-нд бэр гуйж тамхилаад ирье гээд аваад явсан. Тэгээд 7 хоноод ирэхгүй болохоор нь очоод нэхэхэд би согтуу явж байгаад гээчихлээ, танд төлж өгнө гэж хэлээд одоог болтол өгөхгүй худлаа яриад утсаар ярих гэхээр утсаа авахгүй байна. Иймд 20.000.000 төгрөгийн үнэтэй хөөрөгний хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Я.Алтан, хариуцагч Я.Төөрүүл нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Бид нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 20.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг хасч 10.000.000 төгрөгийг Я.Төөрүүл нь Я.Алтан надад өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Алтан нь хариуцагч Я.Төөрүүлд холбогдуулан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Я.Алтан, хариуцагч Я.Төөрүүл нар нь нэхэмжлэлийн шаардлага 20.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг хасч, 10.000.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан банйа.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257.950 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 10.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийн тал хувь 87.475 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 170.475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Я.Төөрүүлээс 87.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Алтанд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Алтан, хариуцагч Я.Төөрүүл нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 20.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг хасч, 10.000.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 87.475 /наян долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Я.Төөрүүлээс 87.475 /наян долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я.Алтанд олгож, 170.475 /нэг зуун далан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Я.Төөрүүл сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ