Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.С,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ийн С-д холбогдох 2128000320033 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ................................................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутагт байрлах нүүрс тээврийн замд “Тера Экспресс” ХХК-ийн эзэмшлийн 24-01 УНА улсын дугаартай “Норд бенз” загварын автомашины жолооч талын хаалганы гол цонх, хажуу талын загасан шил, толь зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж “Тера Экспресс” ХХК-д 320,000 төгрөгийн,

“Тера Экспресс” ХХК-ийн эзэмшлийн 19-01 УНА улсын дугаартай “Норд бенз” загварын автомашины жолооч талын хаалганд суурилсан цонхны голын цонхыг хууль бусаар устгаж, гэмтээж “Тера Экспресс” ХХК-д 120,000 төгрөгийн,

“Могул Ложистик” ХХК-ийн эзэмшлийн 29-17 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашины жолооч талын хаалганд суурилсан цонхны голын цонх, урд талын цонх, толь зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж “Могул Ложистик” ХХК-д 320,000 төгрөгийн, нийт 760,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.С-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нүүрс тээврийн зам дээр оочирлож байсан. Тухайн үед 3 машин оочир дайрч орж ирсэн. Би тухайн үед уурлаж буруу шийдвэр гаргаж 3 машины шилийг хагалж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан. Жолооч нар цагдаа дуудаж, цагдаа ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Маргааш өглөө нь би 3 машины шилийг бүтэн болгож, хохиролгүй болгож өгсөн. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэв.

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Тера экспресс” ХХК-д нүүрс тээврийн менежер ажилтай. Би нүүрс тээврийн замд жолооч нарыг хариуцаж ажилладаг. Уг хэрэгт намайг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, оролцуулахыг “Тера экспресс” ХХК-ийн захирал утсаар хэлж албан бичиг явуулсан... 24-01 УНА дугаартай тээврийн хэрэгслийн цонх, хаалганы дээд талын толийг хагалж 320,000 төгрөгийн хохирол учирсан байсан. 19-01 УНА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын цонхыг хагалж, 120,000 төгрөгийн хохирол учруулсан байсан. 24-01 УНА, 19-01 УНА дугаартай тээврийн хэрэгслүүд нь “Тера экспресс” ХХК-ийн эзэмшлийн өмч хөрөнгө юм. “Тера экспресс” ХХК-д холбогдогч этгээд хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо манай компанийн зүгээс санал, гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Могул ложистик” ХХК-д нүүрс тээврийн менежер ажилтай. Би нүүрс тээврийн замд жолооч нарыг хариуцаж ажилладаг. Уг хэрэгт намайг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, оролцуулахыг “Могул ложистик” ХХК-ийн захирал албан тоот гаргаж намайг томилсон... 29-17 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы 3 ширхэг жижиг цонхны голын цонх, урд талын цонх, жолооч талын 20x25 хэмжээтэй толь зэргийг нүүрс тээврийн жолооч ажилтай С гэгч өндөр биетэй ах лопатаг /төмөр хөшүүрэг/-аар цохиж хагалсан ба хохирлыг бүрэн барагдуулсан. Тухайн өмч нь “Могул ложистик” ХХК-ийн эзэмшлийн өмч хөрөнгө юм. Хохирлыг бүрэн барагдуулсан. “Могул ложистик” ХХК-ийн зүгээс гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ 

Гэрч П.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед жолооч Н-ын хамт Шивээхүрэн хилийн боомтын 3-н хаалтан дээр машин тэргээ байрлуулчхаад машин дотроо сууж байхад хойноос нэг өндөр ах ирээд шууд машины хаалга онгойлгоод хаалганы шилийг лопатаг /төмөр хөшүүрэг/-аар цохиод жолооч талын хаалганы шилийг хагалсан. Та нар яагаад оочир дайраад байгаа юм гэж хэлээд 29-17 УБЛ дугаартай машины жолооч талын шилийг хагалсан. Тухайн хаалганы шил хагалсан ах архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байх шиг байсан. Тэгэхдээ намайг зодож цохисон зүйл байхгүй. Миний машины жолооч талын хаалгыг төмрөөр цохиж шилийг нь хагалсан. Одоо миний хувьд цонхоо 260,000 төгрөгөөр үнэлж байна. 29-17 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Могул ложистик” ХХК-ийн эзэмшлийн нэр дээр байдаг. Манай менежерийг Тулга гэдэг... Надад гомдол санал байхгүй. Хохирлыг минь барагдуулна гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед нүүрс тээврийн замд цуваанд явж байгаад оочирт зогссон машинууд хил гаргах боломжгүй буюу Хятад улсын эрүүл мэндийн шинжилгээний хугацаа дууссан жолооч нар нэгдүгээр эгнээд зогсох ёстой байдаг. Тэр үед би хоёрдугаар эгнээгээр явж байгаад хаалтын тэр хавьд очиход хоёрдугаар эгнээг тээврийн машинууд хаачихсан байсан. Би жолооч нарын нэгдсэн группээр яагаад машин тэрэг явуулахгүй байгаа юм, шинжилгээтэй хүмүүс нь өнөөдөр хилээр ормоор байна гээд асуухад 3-н хаалт нээлттэй ямар ч машин явахгүй байна шинжилгээний хугацаа дуусаагүй жолооч нар явцгааж болно гээд байхаар нь машинаа асаагаад оочирт явж байсан машинуудын хажуугаар явж байтал жолооч нар бид нарыг эсэргүүцсэн зүйл байхгүй байсан. Гэтэл 3-н хаалтан дээр очоод зогсоход цэрэг гүйж ирээд одоо оруулахгүй машин татахгүй гэж хэлэхээр нь машинаа байрлуулчхаад Баярсайхан гэх жолоочийн машинд орж суугаад байж байтал жолооч талын хаалга онгойлгоод С ах машины жолооч талын цонхыг лопатаг /төмөр хөшүүрэг/-аар цохиод хагалсан. Тэр үед би та яаж байгаа юм гэж хэлэхэд та муу юмнууд оочир дайрлаа гэж хэлээд намайг лопатаг /төмөр хөшүүрэг/-аар нуруу руу нэг удаа хальт шүргээд авсан. Тэр үед хамт байсан Баярсайхан тусламж дуудаж ирэх гээд хилийн цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэдэг цэгээс цэрэг авч ирж ирнэ гээд явсан. Тэр хойгуур нь бид хоёр маргалдаад би С ахаас төмрийг нь авах гээд ноцолдож байхад С ах лопатаг /төмөр хөшүүрэг/ төмрөөр цохих гээд дайрахаар нь гараараа хаагаад бариад авсан. Бид хоёр хэрэлдэж байгаад салсан. Одоогоор миний биеийн байдал хэвийн байна. Зүүн талын гарын шуу бага зэрэг өвдсөн, нуруу бага зэрэг өвдөж байна...Миний жолоодож явсан 24-01 УНА дугаартай тээврийн хэрэгслийн хаалганы хоёр талын дөрвөлжин шил, загасан шил, зорчигч талын хаалганы толь хагарсан. Эдгээр бүгдийг нийлүүлээд 260,000 төгрөгийн хохирол учирсан... С ах архи уучихсан байсан, амнаас нь архи үнэртэж байсан... Надад гомдол санал байхгүй. Учирсан хохирлоо барагдуулчих юм бол гомдол байхгүй... Төмөрийн үзүүр хэсэг нь тахир, 80 см орчим урттай, бөөрөнхий эрхийн хуруун чинээ байсан. Цагаан /мөнгөлөг/ өнгөтэй байсан.” /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед жолооч Нын хамт Шивээхүрэн хилийн боомтын 3-н хаалтан дээр машин тэргээ байрлуулчхаад машин дотроо сууж байхад хамт ажилладаг Н миний машинд ирж суугаад бид хоёр юм яриад байж байтал гэнэт хаалга онгойгоод настай ах ирээд оочир дайрлаа гээд машины цонхыг нь хагалсан ба машины жолооч талын цонхны шилийг лопатаг /төмөр хөшүүрэг/-аар цохиж хагалахаар нь машинаасаа бид хоёр буугаад та яаж байгаа юм бэ гэж асуусан чинь Ныг лопатаг /төмөр хөшүүрэг/-аар нэг удаа нуруу руу нь цохисон. Би тэр үед тусламж дуудах гээд цэрэг рүү гүйсэн. Наранбаатар, өнөөх ахтай зууралдаад төмрийг нь авах гээд ноцолдоод үлдсэн. Би тэр үед тусламж дуудаж ирэхэд тэр хоёр зүгээр юм ярилцаад зогсож байсан. Намайг хэрэг болсон газар яваад очиход Н миний машины шилийг Д.С хагалчихсан гэж надад хэлсэн. Бас лопатаг /төмөр хөшүүрэг/ аваад цохих гэхээр нь гараараа хаасан. Тэгээгүй бол намайг зодох гээд байна гэж ярьсан. Надтай хамт хилийн цэргийн алба хаагч хамт очсон. Тэр залуу тухайн цонх хагалаад байсан төмрийг авсан байх. Тэрнээс өөр хүн аваагүй байх... Миний машины жолооч талын салхины шил хагарсан. Уг шилийг 80,000 төгрөгөөр үнэлж байна. Өөр эвдрэл гэмтэл байхгүй... 19-01 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Тера экспресс” ХХК-ийн эзэмшлийн нэр дээр байдаг... С гэдэг хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ойрхон байхаар ам хамраас нь архи үнэртээд байсан. Надад гомдол санал байхгүй. Машины цонх хагалсан хохирлоо буцаан төлчихвөл надад гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ өдөр ажлаа хийгээд явж байтал жолооч Н яриад машины цонхыг гадны нэг согтуу жолооч хагалчихлаа гэхээр нь цагдаа дагуулаад яваад очсон. 2017 оны 11 дүгээр сарын Хятад улсаас орж ирсэн шинэ машинууд юм. “Тера экспресс” ХХК-ийн 24-01 УНА, 19-01 УНА дугаартай машинууд нь бүрэн бүтэн байдлаар тээвэрлэлтэд явж байсан. Цонх, шил нь бүрэн бүтэн байсан бөгөөд байнгын засвар үйлчилгээ хийж, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажилладаг.” /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

 Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн замын 41 дэх км дээр 21-09 УНЗ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашинтайгаа ачаатай /нүүрс/ оочирт зогсож байхад 3 тээврийн хэрэгсэл оочир дайраад миний хажуугаар гараад цаашаа явахаар нь би машиныхаа лопатаг /төмөр хөшүүрэг/ төмрийг аваад тэр оочир дайрсан 3 “Норд” машин дээр очоод машинуудын жолооч талын хаалганы шилийг нь төмрөөрөө цохиж хагалсан. Мөн хоёр машины хажуу талын загасан гурвалжин шил болон толийг хагалчихсан. Сүүлийн машины жолооч Нараа гэх залуутай маргалдаж надаас лопатаг /төмөр хөшүүрэг/ төмрийг булааж авах гээд бид хоёр зууралдсан. Би төмрөөр хүн цохиогүй. Тэр 3 машины шил цонх толийг хагалчхаад буцаад машин руу ирсэн. Удаагүй сумын цагдаа ирээд намайг архи уусан эсэхийг шалгасан. Би архи уугаагүй эрүүл байсан. Би 19-01 УНА улсын дугаартай цагаан өнгийн толгойтой “Норд бенз” загварын автомашины жолоочийн талын хаалганы цонхыг нь хагалсан, 29-17 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн толгойтой “Норд бенз” загварын автомашины жолоочийн талын хаалганы цонх болон хажуу талын жижиг гурвалжин цонх, толийг нь хагалсан. Мөн 24-01 УНА улсын дугаартай цагаан өнгийн толгойтой “Норд бенз” загварын автомашины жолоочийн талын хаалганы цонх болон жолоочийн талын гурвалжин жижиг цонх, толийг нь төмөр лопатаг /төмөр хөшүүрэг/-аар хагалсан... Би бусдад учруулсан хохирлыг 100 хувь бүрэн төлж барагдуулсан... Би хийсэн хэрэгтээ их гэмшиж буруугаа ойлгож байна, дахиж ийм асуудал гаргахгүй, би хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 263 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд: эвдэрсэн эд ангиуд: зүүн хаалганы шил эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, зүүн толь эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 60,000 төгрөг /солих/, зүүн гурвалжин шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 110,000 төгрөг /солих/, эд анги солих /ажлын хөлс/ 70,000 төгрөг, шууд зардлын дүн 250,000 төгрөг, нийт дүн 320,000 төгрөг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 284 дүгээр автомашин техникийн үнэлгээний тайланд: эвдэрсэн эд ангиуд: зүүн хаалганы шил эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, зүүн кабины хажуугийн шил эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 60,000 төгрөг /солих/, зүүн хаалганы гурвалжин шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 110,000 төгрөг /солих/, эд анги солих /ажлын хөлс/ 70,000 төгрөг, шууд зардлын дүн 250,000 төгрөг, нийт дүн 320,000 төгрөг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 227 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд: эвдэрсэн эд ангиуд: зүүн урд хаалганы шил эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг /солих/, эд анги солих /ажлын хөлс/ 40,000 төгрөг, шууд зардлын дүн 80,000 төгрөг, нийт дүн 120,000 төгрөг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Н-ын биед зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Д.Н-ын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Д.Нын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй.” /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-14 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 80-83, 90, 92-95, 97-101,108-113/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Д.С-гээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.С-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Д.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутагт байрлах нүүрс тээврийн замд “Тера Экспресс” ХХК-ийн эзэмшлийн 24-01 УНА улсын дугаартай “Норд бенз” загварын автомашины жолооч талын хаалганы гол цонх, хажуу талын загасан шил, толь зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж “Тера Экспресс” ХХК-д 320,000 төгрөгийн, мөн компанийн эзэмшлийн 19-01 УНА улсын дугаартай “Норд бенз” загварын автомашины жолооч талын хаалганд суурилсан цонхны голын цонхыг хууль бусаар устгаж, гэмтээж “Тера Экспресс” ХХК-д 120,000 төгрөгийн,

Мөн цаг хугацаанд “Могул Ложистик” ХХК-ийн эзэмшлийн 29-17 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашины жолооч талын хаалганд суурилсан цонхны голын цонх, урд талын цонх, толь зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж “Могул Ложистик” ХХК-д 320,000 төгрөгийн, нийт 760,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.Д-гийн“...24-01 УНА дугаартай тээврийн хэрэгслийн цонх, хаалганы дээд талын толийг хагалж 320,000 төгрөгийн хохирол учирсан байсан. 19-01 УНА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын цонхыг хагалж, 120,000 төгрөгийн хохирол учруулсан байсан. 24-01 УНА, 19-01 УНА дугаартай тээврийн хэрэгслүүд нь “Тера экспресс” ХХК-ийн эзэмшлийн өмч хөрөнгө юм.” /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г-ын “...29-17 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы 3 ширхэг жижиг цонхны голын цонх, урд талын цонх, жолооч талын 20x25 хэмжээтэй толь зэргийг нүүрс тээврийн жолооч ажилтай С гэгч өндөр биетэй ах лопатаг /төмөр хөшүүрэг/-аар цохиж хагалсан ба хохирлыг бүрэн барагдуулсан. Тухайн өмч нь “Могул ложистик” ХХК-ийн эзэмшлийн өмч хөрөнгө юм.” /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, 

гэрч П.Н-ын “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед жолооч Н-ын хамт Шивээхүрэн хилийн боомтын 3-н хаалтан дээр машин тэргээ байрлуулчхаад машин дотроо сууж байхад хойноос нэг өндөр ах ирээд шууд машины хаалга онгойлгоод хаалганы шилийг лопатаг /төмөр хөшүүрэг/-аар цохиод жолооч талын хаалганы шилийг хагалсан. Та нар яагаад оочир дайраад байгаа юм гэж хэлээд 29-17 УБЛ дугаартай машины жолооч талын шилийг хагалсан.” /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

гэрч Д.-ын “...Б гэх жолоочийн машинд орж суугаад байж байтал жолооч талын хаалга онгойлгоод С ах машины жолооч талын цонхыг лопатаг /төмөр хөшүүрэг/-аар цохиод хагалсан... Миний жолоодож явсан 24-01 УНА дугаартай тээврийн хэрэгслийн хаалганы хоёр талын дөрвөлжин шил, загасан шил, зорчигч талын хаалганы толь хагарсан. Эдгээр бүгдийг нийлүүлээд 260,000 төгрөгийн хохирол учирсан... Төмөрийн үзүүр хэсэг нь тахир, 80 см орчим урттай, бөөрөнхий эрхийн хуруун чинээ байсан. Цагаан /мөнгөлөг/ өнгөтэй байсан.” /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

гэрч Б.Б-ы “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед жолооч Нын хамт Шивээхүрэн хилийн боомтын 3-н хаалтан дээр машин тэргээ байрлуулчхаад машин дотроо сууж байхад хамт ажилладаг Н миний машинд ирж суугаад бид хоёр юм яриад байж байтал гэнэт хаалга онгойгоод настай ах ирээд оочир дайрлаа гээд машины цонхыг нь хагалсан ба машины жолооч талын цонхны шилийг лопатаг /төмөр хөшүүрэг/-аар цохиж хагалахаар нь машинаасаа бид хоёр буугаад та яаж байгаа юм бэ гэж асуусан чинь Ныг лопатаг /төмөр хөшүүрэг/-аар нэг удаа нуруу руу нь цохисон... Миний машины жолооч талын салхины шил хагарсан. Уг шилийг 80,000 төгрөгөөр үнэлж байна. Өөр эвдрэл гэмтэл байхгүй... 19-01 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Тера экспресс” ХХК-ийн эзэмшлийн нэр дээр байдаг.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

гэрч Э.Адъяабаатарын “...Би энэ өдөр ажлаа хийгээд явж байтал жолооч Н яриад машины цонхыг гадны нэг согтуу жолооч хагалчихлаа гэхээр нь цагдаа дагуулаад яваад очсон. 2017 оны 11 дүгээр сарын Хятад улсаас орж ирсэн шинэ машинууд юм. “Тера экспресс” ХХК-ийн 24-01 УНА, 19-01 УНА дугаартай машинууд нь бүрэн бүтэн байдлаар тээвэрлэлтэд явж байсан. Цонх, шил нь бүрэн бүтэн байсан бөгөөд байнгын засвар үйлчилгээ хийж, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажилладаг.” /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 263 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 284 дүгээр автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 227 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэхүү шинжийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан.

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутагт байрлах нүүрс тээврийн замд “Тера Экспресс” ХХК-ийн эзэмшлийн 24-01 УНА улсын дугаартай “Норд бенз” загварын автомашины жолооч талын хаалганы гол цонх, хажуу талын загасан шил, толь зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж “Тера Экспресс” ХХК-д 320,000 төгрөгийн, мөн компанийн эзэмшлийн 19-01 УНА улсын дугаартай “Норд бенз” загварын автомашины жолооч талын хаалганд суурилсан цонхны голын цонхыг хууль бусаар устгаж, гэмтээж “Тера Экспресс” ХХК-д 120,000 төгрөгийн,

Мөн “Могул Ложистик” ХХК-ийн эзэмшлийн 29-17 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашины жолооч талын хаалганд суурилсан цонхны голын цонх, урд талын цонх, толь зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж “Могул Ложистик” ХХК-д 320,000 төгрөгийн, нийт 760,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тера Экспресс” ХХК-ийн эзэмшлийн 24-01 УНА улсын дугаартай “Норд бенз” загварын автомашинд 320,000 төгрөг, 19-01 УНА улсын дугаартай “Норд бенз” загварын автомашинд 120,000 төгрөг, “Могул Ложистик” ХХК-ийн эзэмшлийн 29-17 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашинд 320,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тера Экспресс” ХХК болон “Могул Ложистик” ХХК-ийн зүгээс хохирлоо бүрэн барагдуулж авсан, дахин нэхэмжлэх хохирол, гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан нь хавтаст хэргийн 115, 116 дугаар хуудсанд тус тус авагджээ.   

Иймд шүүгдэгч Д.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж шүүх үзэж, түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 760,000 төгрөгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогч нарт нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Д.Сг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.    

Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тера экспресс” ХХК-д 440,000 төгрөг, “Могул Ложистик” ХХК-д 320,000 төгрөг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг лопатаг /төмөр хөшүүрэг/ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Сг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тера экспресс” ХХК-д 440,000 төгрөг, “Могул Ложистик” ХХК-д 320,000 төгрөг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг лопатаг /төмөр хөшүүрэг/ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ