Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 198

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум 9 дүгээр багт оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОТ65121068, Хошууд овогт Сүндэвийн Норовын,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Норов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч С.Норов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1965 онд төрсөн, 52 настай. Би 1981 оноос 1991 оны хооронд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр аваагүй. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Иймд намайг 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ж.Уранчимэг, Ц.Оюунгэрэл нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч С.Норов нь 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Сүндэвийн Норовын 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

      Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Уранчимэг, Ц.Оюунгэрэл нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Уранчимэг “Миний бие нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1974 оноос 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байх үед С.Норов нь  1981 оноос эхлэн Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оныг дуустал ажилласан болно. С.Норов нь голдуу бод мал малладаг байсан. Тухайн үед Сагил сумын Ялалт нэгдлийн даргаар Бамбадай, Содномжамц гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Оюунгэрэл “Миний бие нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1971 оноос 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байх үед С.Норов нь 1981 оноос эхлэн Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Намайг 1990 онд нэгдлээс гарах үед С.Норов нь тус нэгдэлдээ малчнаар ажиллаад үлдсэн” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

     Нэхэмжлэгч С.Норов нь 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ж.Уранчимэг, Ц.Оюунгэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

       Иймд нэхэмжлэгч С.Норовын хүсэлтийг хангаж, түүний 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар 11 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Норов нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 476 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хошууд овогт Сүндэвийн Норовын 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар 11 /арван нэг/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.       

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Норов улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 476 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ