| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/0020/Э |
| Дугаар | 149/ШТ/0020 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 149/ШТ/0020
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.У
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч С.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Дд холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, //*// өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, //*// тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ны Д. /РД://*///
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Хонда фит загварын //*// //*// улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4-д заасныг зөрчин тээврийн хэрэгслийн ард зогсож байсан 02 настай Б.Н мөргөж зам тээврийн осол гаргаснаас Б.Нийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн өгсөн …… 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 09 цаг 50 минутын орчимд гэртээ байж байгаад аавынхаа хамаатнаас худалдаж авсан //*// //*// улсын дугаартай Хонда фит маркийн машин манай байшингийн гал тогооны цонх харалдаа тулаад тавьчихсан байсан юм. Тухайн үед хадам ах Г хүрч ирээд ээж чамайг байшингийнхаа зургийг урдаас нь аваадах гэж байна гэхээр нь зураг авах гээд машинаа ухраах үйлдэл хийсэн. Хадам аав Б хадам ах Г хоёр хашаан дотор байж байсан. Тэгтэл хадам ах Г над руу хандаж машин доор чинь Нааний орчихлоо гэж орилохоор нь би хүүе ээ аваач ээ гээд зогссон. Хадам ах Г талийгаачийг машин доороос аваад хадам аавын хамт эмнэлэг явсан. Би араас нь эмнэлэг явсан. Талийгаач нас барсныг би сувилагчаас сонссон. Хохиролд 9316837 төгрөг нэхэмжилснээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3 сая төгрөгийг дансаар, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр 3 сая төгрөг, нийт 6 сая төгрөг өгсөн. Одоо үлдэх 3316837 төгрөгийг Хонда фит болон Верна маркийн машинуудыг зараад 2021 оны 04 дүгээр сард багтаан төлж дуусгана. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эхнэр бид хоёр охин Н төрүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр Б 09 сартай жирэмсэн тул Мандал сумын нэгдсэн эмнэлэгт хэвтсэн юм. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өглөөний 09 цагт босоод охиноо хооллож хувцаслаад 2 ахтай нь үлдээгээд айлаас сүү авахаар явсан. Айлаас сүү аваад ирэхэд охин Н. хүргэн Г машинд суугаад Ду-ийнх руу явсан гэж манай ээж хэлсэн. Би дэлгүүр явж байхад Г, Д хоёр дуудсан. Яасан гэсэн чинь танай охин Нааний машин доогуур орчихлоо гэж хэлэхээр нь би эмнэлэг рүү ороход охиныг маань орон дээр хэвтүүлээд юмаар хучсан байсан. Би хучсан юмыг нь авч харахад охин маань нас барсан байсан. Тэгээд би юу болсныг санахгүй байна. Орой 17 цагт гэртээ ухаан орсон. Оршуулгын зардалд 9316837 төгрөг гарснаас одоогийн байдлаар 6 сая төгрөг аваад байна. 3 сая төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дансаар, 3 сая төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр авсан. Эдний нөхрийн хамаатан Хишигмаа гэх хүн оршуулгын үеэр ирээд Д буруугүй гэж хэл ам гаргасан. Талийгаачийг оршуулах ажилд Дгийн аав, нөхөр хоёр оролцсон. 6 сарын хугацаанд эхнэр бид хоёроос нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. Уучлалт гуйх байх гэж зөндөө харсан. Мөн Д нь биднийг 30 сая төгрөг авсан гэж худал ярьсан байсан. Эцсийн эцэст би хүүхдийнхээ амины төлөө энд зогсож байгаа болохоос мөнгөний төлөө энд зогсож байгаа юм биш. Энэ хэрэгт миний ээжийг битгий оролцуул гэж Дгаас гуймаар байна. Хүний амьд явах эрхийг ингэж хасч болохгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 10 цагийн үед өөрийн бага хүү болох Г гэрт очиход гэрт нь манай бэр Д хүүхдийн хамт байж байсан. Тэгээд нэг их удалгүй миний хүү Г ногоо өгөх гээд хүрээд ирсэн. Тэгээд би тэр үед өөрийнхөө хувцасны цахилгаан болохгүй байхаар нь янзлах гээд хашаанд зогсож байтал гэнэт хүүе хаая хүүхэд гээд орилохоор нь очоод хартал машин доор хүүхэд байсан. Тэгээд Г түргэн эмнэлэг явмаар байна намайг хурдан машинд суу гэж хэлээд би хүүхдийг нь тэврээд машинтай эмнэлэгт хүргэж өгсөн. Тиймл зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 35 дугаар хуудас/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 09 цагийн үед өөрийнхөө гэрээс М хүүгээ дагуулаад баз Б гэрт очсон. Би Дгийн гэрт төмс хүргэж өглөө шүү гэхэд хадам ээж Бадамханд энэ утсыг аваад Дд өгчих байшингийн зургийг урдаас аваад буцаагаад гар утас аваад ирээрэй гэж хэлээд надад гар утас өгсөн. Би тэр гар утсыг нь аваад гарахад Б хүүхэд Мөнхбаатар талийгаач Н тэврээд миний машины хажууд ирэхээр нь машиндаа суулгаад М, Мөнхбаатар, талийгаач Н. нарыг суулгаад Дгийн гэрт нь очсон. Намайг очиход манай аав Б Дгийн охин М хөтөлчихсөн хашаан дотор явж байсан. Би машинтайгаа хашаан дотор нь ороод байшингийн хаалга руу машины багаажаа харуулаад зогсоод хадам ээж Бадамхандын өгсөн гар утсыг Дд байшингийнхаа зургийг урд талаас нь аваарай гэж хэлээд өгсөн. Тэгээд би өөрийнхөө машины багааж дотор байх 1 шуудай төмсийг буулгаад Дгийн байшингийн амбаарт нь буулгаж буцаж тал хувин төмсийг аваад амбаарт тавих гэж байхад манай аав Б машин доор чинь хүүхэд байна гэж орилохоор нь би амбаараас гарч ирээд харахад Дгийн Хонда фит маркийн //*// //*// улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн талын урд хойд дугуйны дундаас талийгаач Н авахад сонин дуугараад амьсгал авахад хэцүү байхаар нь манай аав Б эмнэлэг рүү авч явъя гэхээр нь би талийгаач Н аваад аавд өгөөд өөрийнхөө машиныг унаад Баянгол сумын нэгдсэн эмнэлэг явсан. Би эмнэлгийн гадаа очоод талийгаач Н тэвэрч аваад эмнэлэг рүү ороход эмч нар юу болсон бэ гэхээр нь машин доогуур хүүхэд орчихлоо гэж хэлээд талийгаач Н эмнэлгийн орон дээр тавиад буцаж гараад өөрийн эхнэр Э руу залгаад хурдан эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Талийгаач Нийн аав Б машинтайгаа явж байхаар нь би араас нь орилоод дуудахад Б намайг хараад над дээр ирэхээр нь наранзул машин доогуур орчихлоо гэж Дг хэлэхэд Б орилоод эмнэлэг рүү орсон. Би хадам ээж Б дуудах гээд гэр рүү нь явсан гэх мэдүүлэг /Хх-н 36-38 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Өөөрийн нэр дээр байгаа //*// //*// улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Дд зарж борлуулсан. Уг //*// //*// улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг машин худалдаж авсан Дд шилжүүлж амжаагүй байгаа. Иргэний нэхэмжлэгч Ц.Г надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /Хх-н 42 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №.... Дүгнэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” мөн 10.14-т “БУсдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх /Хх-н 50 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр № ..... Дүгнэлт:
1.Талийгаач Б.Нийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн чамархай, зүүн чамархайнаас дагзны доод хэсэг баруун чамархай чиглэлтэй шугаман хугарал, их тархины зүүн талын бөмбөлөгт аалзан бүрхэвч доорх цус харвалт, хуйхны дотор тал, баруун зүүн чамархайн булчин тархмал цус хуралт, духны зүүн хажуу хэсэг, зүүн шанаа, зүүн хацрын дээд хэсэг, зүүн чихний орой хэсгийг хамарсан, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний зовхины гадна хэсэг сэтэрсэн шарх гэмтэл тогтоогдсон.
2. дээрх гэмтэл шарх нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн толгой дээгүүр машины дугуй гарах үед үүсгэгдсэн байх боломжтой.
3. Талийгаач Б.Н. нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэх /Хх-н 60 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр № 5349..... Дүгнэлт:
1.2.Шинжилгээнд ирүүлсэн Б.Д 29 эм гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй гэх /Хх-н 70 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-10 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 25-30 дугаар хуудас/
Б.Д нь ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт //*// тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 83 дугаар хуудас/
Б.Д нь урьд нь ял шийтгүүлсэн талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 92 дугаар хуудас/
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч Б.Бод гэм хорын хохирол 9316837 төгрөг төлөхөөс 6 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэлээс үлдсэн 3316837 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сард багтаан төлөхөө илэрхийлж байна гэсэн баримт, мөн Б.Дгийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч гэсэн баримт бичиг зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Хонда фит загварын //*// //*// улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4-д заасныг зөрчин тээврийн хэрэгслийн ард зогсож байсан 02 настай Б.Н мөргөж зам тээврийн осол гаргаснаас Б.Нийн амь нас хохирсон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь **** дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлахад хангалттай тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь талийгаачийг оршуулах ёслол болон бусад гарсан зардалд мөрдөн шалгах ажиллагаанд 9316837 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ХААН банкны ***** дансаар 3000000 төгрөгийг шилжүүлэн төлсөн, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Бод 3000000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч нийт 6000000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Бын нэхэмжилсэн 9316837 төгрөгнөөс төлөгдөөгүй үлдсэн 3316837 төгрөгийг шүүгдэгч Б.Д нь 2021 оны 04 дүгээр сард багтаан төлөхөө илэрхийлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б хүлээн зөвшөөрч өөр өөрсдийнхөө өмгөөлөгч нарыг байлцуулан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зуралцаж баримт үйлдсэн болохыг дурьдах нь зүйтэй ба 3316837 төгрөгийг шүүгдэгч Б.Дгаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бод олгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ..... Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт .... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина...... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Дгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох зүйл тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын ихэнх хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Б.Дд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.Д нь 24-25 долоо хоногтой жирэмсэн болох нь түүний шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч гэсэн баримтад авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан энэ хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бод 3316837 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сард багтаан нөхөн төлөхөө илэрхийлж хүлээн зөвшөөрцгөөсөн байх тул Б.Дгийн эзэмшилд байсан //*// //*// улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Дгийн В ангиллын № 1328723 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Х овогт Ба-ны Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд Б.Дд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 01 жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Дгийн В ангиллын № дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дгаас 3316837 төгрөгийг гаргуулж //*// тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт Б.Б /РД:****/ олгосугай.
8. Энэ хэргийн улмаас Хонда фит маркийн //*// //*// улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтооол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН