Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2022/0184/З |
Дугаар | 221/МА2023/0029 |
Огноо | 2023-01-05 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2023/0029
Б э б э ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Б э б эХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 716 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0184/З
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б э б эХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Б э б эХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 716 дугаар шийдвэрээр:
2.1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б э б эХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Б э б эХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“ ...Тус шүүхээс гарсан шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах ...” 32.1-д
“Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө” гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, зөрчсөн байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүй ёсны юм... мөн хариуцагчаас Ашигт малтмалын ашиглалтын MV-0212358 MV-021236 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрөө бүрэн төлж бүртгүүлэхийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын mrpam.gov.mn сайтад мэдэгдэл хэлбэрээр байршуулсан байхаас гадна Үндэсний шуудан сонины 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 дахь нүүрэнд нийтэд мэдээлэн нийтэлсэн ... Дээр дурдсан үйл баримтаас үзвэл хариуцагч хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн байх тул түүнийг хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашигт халдах шийдвэр гаргахдаа тухайн этгээдэд мэдэгдэж, оролцоог хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах өчүүхэн ч үндэслэл байхгүй болно...” гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь тус шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах процесс ажиллагааны холбогдох заалтуудыг зөрчсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.6 дахь хэсэгт “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж зарчмын үндсэн дээр бидэнд тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдэх ёстой байсан мөн бидний оролцоог хангаж санхүүгийн болон удирдлагын хувьд хүнд нөхцөл байдалд байгааг харгалзан үзээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу компанийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа компанийн санхүүгийн болон удирдлагын хувьд доголдолтой байгаа бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэхэд дүгнэлт хийгээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу Ашигт малтмал , Газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс бидэнд нөхцөл байдлаа тайлбарлах, тусгай зөвшөөрлийн төлбөрийг тодорхой хугацаанд нөхөж төлөх боломжийг тус тус олгоогүй” болох талаар шүүх дүгнэлт хийгээгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасан.
Захиргааны байгууллага шийдвэрээ батлан гаргахын өмнө иргэн, хуулийн этгээдэд санал, тайлбар гаргах боломж олгодог. Энэ нь юуны өмнө тухайн шийдвэрийг гаргаснаар эрх, хууль ёсны ашиг сонирхолыг нь хөндөж болзошгүй этгээдийн хүрээг тодорхойлж, тэдэнд урьдчилан заавал мэдэгдсэнээр санал, тайлбараа гаргах бололцоог бүрдүүлж өгдөг. Харин оролцогч нь өөрийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх боломжийг ашиглаагүй тохиолдолд захиргааны байгууллага байгаа баримтуудад тулгуурлан шийдвэр гаргах нөхцөл бүрддэг. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь тухайн нөхцөл байдалд тохирсон сонсох ажиллагаа явуулалгүйгээр захиргааны акт гаргасан нь бидний эрх ашгийг зөрчсөн байхад Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүх тухайн захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах процесс ажиллагааны алдаа грагасан эсэхийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2022/0716 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б э б э ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Б э б эХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2258 дугаар шийдвэрээр “ДБТХ” ХХК-д олгосон Төв аймгийн Бүрэн сумын Бор тал нэртэй 1024 га хайгуулын талбайн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр Б э б эХХК шилжүүлэн авч, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 771 дугаар шийдвэрээр MV-021236 ашиглалтын тусгай зөвшөөрөл, Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл нэртэй 689 га хайгуулын 9304Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1758 дугаар шийдвэрээр иргэн М.Дүүрэнбаярт Ашигт малтмал хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1115 дугаар шийдвэрээр “Нью мега энержи” ХХК-д, 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр талбай бүхий дээрх компаниас Б э б эХХК шилжүүлэн авч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 772 дугаар шийдвэрээр Дундговь, Төв аймгийн Адаацаг, Бүрэн сумын нутаг дахь Бор тал нэртэй 1023.69 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт MV-021235 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.6-т “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34 дүгээр зүйлийн 34.7-т “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус хуульчилжээ.
3.3. Нэхэмжлэгч Б э б эХХК нь MV-021236, MV-021235 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг жил бүрийн 12 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байх бөгөөд 3 дахь жилийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төлөх байсантай нэхэмжлэгч маргаагүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Б э б э ХХК-ийн MV-021236, MV-021235 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн уг шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална, 56.1.2 тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасантай нийцсэн байна
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах процесс ажиллагааны холбогдох заалтыг зөрчсөн. ... бидэнд тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдэх ёстой байсан. Мөн бидний оролцоог хангаж санхүүгийн болон удирдлагын хувьд хүнд нөхцөл байдалд байгааг харгалзан үзээгүй. ... удирдлагын хувьд доголдолтой байгаа бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэхэд дүгнэлт хийгээгүй. ... тусгай зөвшөөрлийн төлбөрийг тодорхой хугацаанд нөхөж төлөх боломжийг олгоогүй...” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах..., 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө заасан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, зөрчсөн болох нь нэгэнт хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна. Тухайлбал,
3.5. Хэдийгээр нэхэмжлэгч Б э б эХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Инж-Улбаа болон Б.Цасчихэр нар хилийн чанадад амьдарч байгааг тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй буюу энэ талаарх анхан шатны шүүхийн “... Б э б эХХК нь хуулиар хүлээсэн ээлжит жилийн төлбөрөө төлөхөд захиргааны байгууллагад зайлшгүй биечлэн ирэх шаардлагагүй байдаг. Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний төлбөрийн системийн хууль батлагдан, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн үеэс 24 цагийн турш цахимаар мөнгөний орлого, зарлага, шилжүүлэг хийх, төлбөр шилжүүлэх цаг алдалгүй хийх боломжтой болсон тул Засгийн газрын дээрх тогтоолууд нь Б э б эХХК-ийг хуулиар хүлээсэн ээлжит жилийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхээр банкны гүйлгээ хийх, төлбөр шилжүүлэхэд нь нөлөөлөхгүй. Нэхэмжлэгчийн хувьд төлбөрийг цаг үеийн дэвшилтэд технологийн нэг болох цахим гуйвуулгаар дэлхийн хаанаас ч шилжүүлэх бүрэн боломжтой байсан” гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
3.6. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43 дугаар зүйлийн 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж хуульчилжээ.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчаас Ашигт малтмалын ашиглалтын MV-0212358 MV-021236 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн төлбөрөө бүрэн төлж бүртгүүлэхийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын mrpam.gov.mn сайтад мэдэгдэл хэлбэрээр байршуулсан байхаас гадна Үндэсний шуудан сонины 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 дахь нүүрэнд нийтэд мэдээлэн нийтэлсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8/5621 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” болон 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Б э б эХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-021235, MV-021236 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу цуцалсныг мөн өөрийн www.mrpam.gov.mn сайтад байршуулсан, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 8/263 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэх хүргүүлэх тухай” албан бичгээр тус компаниас Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрчлөн бүртгүүлсэн хаяг болох Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Жуковын өргөн чөлөө Росзагрансобственность в Монголий байранд 55/1 51 тоот хаягаар хүргүүлсэн байх боловч буцаагдаж ирсэн байна.
4.1. Иймээс анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч Б э б э ХХК өөрийн албан ёсны хаягийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа дээр 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 3-р хороо, 1 тоот гэж тэмдэглэсэн байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамж-42 Капитал центр 1401 тоот гэж маргах боловч уг хаягийн өөрчлөлтийн талаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн байх тул түүнийг хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашигт халдах шийдвэр гаргахдаа тухайн этгээдэд мэдэгдэж, оролцоог хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах өчүүхэн ч үндэслэл байхгүй болно” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ