Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 113/ШШ2019/0020

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: “С” ХХК (РД:), Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 12 дугаар байрны 5 дугаар орцонд оршин байх;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О;

 “Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0063311 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Гомдол гаргагч “С” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Б шүүхэд гаргасан гомдолдоо: “Улсын байцаагч шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.2-т заасныг удирдлага болгожээ. Хэдийгээр манай компани нь хэд хэдэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулан богино хугацаанд ажилласан хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй боловч энэ нь санаатайгаар нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Харин хууль, эрх зүйн мэдлэг дутуу, ажилласан хугацааны хувьд зарим нь 1 сар ч болоогүй байсан. Манай байгууллагад хүмүүс олноороо орж гардаг тул төлөөгүй болохыг анхаарч үзээгүй харагдаж байна. Үнэхээр бид нуун дарагдуулсан бол цалингийн хүснэгтэнд оруулж цалин бодохгүй байсан. Тус нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй ажилчид дотор Д.Б нь хувиараа хувь хүнээр нийгмийн даатгалаа төлдөг байсан учир энэ хүний нийгмийн даатгалыг суутгаагүй болно. Бид орон нутагтаа өдийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлд 50 гаруй сая төгрөг, татварт 60 гаруй сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.

          Мэргэжлийн хяналтын газрын зүгээс манай компанид анх удаа шалгалт хийсэн. Энэ шалгалтын явцад зарим ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэх зөрчил илэрсэн бөгөөд үүнийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлага, зөрчил арилгах зөвлөмж манайд ирүүлсэн болно. Энэхүү актын хүрээнд уг зөрчлийг арилгаж нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг даалгасан. Бид энэ хугацаанд төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл хийгээгүй, уг төлбөрийг төлөх хугацаа болоогүй байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Гомдол гаргагч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн гэж буруутган хэрэг бүртгэлт явуулсан энэ ажиллагаанд дараах зөрчил байна.

          А/ Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг улсын байцаагч Б.О өөрөө 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр компанийн захирал Ж.Б надаас холбогдогчийн мэдүүлэг авч, тэр өдрөө материал танилцуулж, 0063311 дугаартай шийтгэлийн хуудас бичиж, надад хүлээлгэж өгсөн.

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэнээс хойш 14 хоногийн дотор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах боломжтой байхад 7 хоногийн дотор шалгаж дууссан гэх, ингэхдээ мэдүүлэг авах, хэрэг материал танилцуулах, шийтгэлийн хуудас бичих ажиллагааг 1 өдрийн дотор хийж гүйцэтгэсэн зэргээс үзэхэд манай компанийг өөрт ашигтай нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлөгчөөс шаардлагатай хууль зүйн зөвлөгөө авах боломжоор хангаагүй гэж үзэхээр байна.

          Б/ Зөрчлийн тухай хуульд хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэж болохоор заажээ. “С” ХХК бол хуулийн этгээд, захирлын албыг хашиж байгаа Ж.Б би бол иргэн хүн. Улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зөрчлийн хэрэг нээсэн тогтоол, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0063311 дугаар шийтгэлийн хуудас зэрэгт ““С” ХХК, захирал Ж.Б” гэж хамтад нь бичсэнээс харахад аль алинд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байгаа мэт ойлгогдож байна.

          В/ Ж.Б би “С” ХХК-ийн захирал мөн боловч энэ талаарх баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зөрчлийн хэрэгт байдаггүй. Компанид холбогдох зөрчлийг шалгахад улсын байцаагч нь заавал тогтоол үйлдэж, хууль ёсны төлөөлөгчийг томилж оролцуулах шаардлагатай болохыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт хэлж байна.

          Тиймээс шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 0063311 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, эсхүл дахин хууль ёсоор шалган шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүсье. Хууль ёсны дагуу шалган шийдвэрлээгүй, дээр дурдсан процедурын алдаа гаргасан улсын байцаагчийн үйл ажиллагаа хуулийн дагуу бүрэн нотолгоогүйгээр бичсэн шийтгэлийн хуудаснаас болж орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийн хувьд торгууль төлөх үүрэг хүлээв” гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Байгууллагын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр баталсан 09/15 тоот удирдамжаар “С” ХХК-ийн нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.О миний бие 2018 оны 4 дүгээр сарын 05, 09-ний өдрүүдэд хяналт шалгалт хийсэн.

Тус компанийн нийгмийн хамгааллын үйл ажиллагаа, холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг 4.2 кодтой “Ажилтны нийгмийн хамгааллыг шалгах хяналтын хуудас”-д тусгагдсан 37 асуудлын хүрээнд нягтлан бодогч О.Н-г байлцуулан 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны баримт материалыг хамруулан холбогдох баримт, тайлан мэдээнд үндэслэн шалгахад ололттой сайн талууд байсан хэдий ч нийт ажилтнуудыг нийгмийн даатгалд бүрэн хамруулаагүй, ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж буй ажилтнуудыг нийгмийн даатгалд хамруулаагүй, ажилтнуудад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нуун дарагдуулсан, шимтгэлийг дутуу тооцсон, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг үндэслэлгүйгээр илүү тайлагнасан, тайлан мэдээ зөрүүтэй зэрэг зөрчлүүд илэрсэн.

2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд нэр бүхий 25 ажилтанд олгосон 18881.8 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нуун худал мэдүүлсэн зөрчлийг арилгуулахаар 3965.1 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдох алданги 1982.6 мянган төгрөг, нийт 5947.7 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон акт 1 тогтоон хүргүүлсэн.

Шалгалтын дүнг шалгуулагч нэгжийн удирдлагад танилцуулан, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, захирал Ж.Б нь дээрх акт, албан шаардлага, шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан.

Нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нуун худал мэдүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчил байх тул тэмдэглэл үйлдэн аймгийн Прокурорын газарт бүртгүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 1817000082 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 3000.0 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Ж.Б-т мэдэгдэн, тайлбар мэдүүлэг аван хуулийн хүрээнд шийдвэрлэсэн, холбогдогч нь зөрчлийн хэргийн материалтай танилцан шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан, зөрчлийн хэрэг нээх тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах эрхтэйг танилцуулсан ч тухайн үед ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Нэхэмжлэлд дурдсанчлан компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжил дэвшилд шинээр ажлын байр бий болгох, хандив хөрөнгийн туслалцаа үзүүлэх зэргээр дэмжин тусалж хувь нэмрээ оруулж байгаа нь хуулийн зүйл, заалтыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл, хүндэтгэн үзэх шалтгаан биш юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлоор үүсгэсэн энэ хэрэг, түүнд хавсаргасан 1817000082 дугаартай зөрчлийн хэргээс хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 0063311 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч /цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэх/  Б.О нь ““С” ХХК, Гүйцэтгэх захирал Ж.Б”-ийг холбогдогчоор тодорхойлж, 1817000082 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.

Ингэхдээ “нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогоо нуун дарагдуулж, худал мэдүүлсэн[1] гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0063311 дугаартай шийтгэлийн хуудсаар ““С” ХХК, захирал Ж.Б”-т Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Тус хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлого нуусан, худал мэдүүлсэн, ... нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийн гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас үзэхэд (а) хуулийн этгээдийн удирдлага /гүйцэтгэх захирал/, эсхүл тайлан гаргах чиг үүрэг бүхий гүйцэтгэх албан тушаалтан нь зөрчлийн субъект болох бол (б) тэдгээрийн орлогоо нуусан буюу худал мэдүүлсэн идэвхитэй үйлдэл /объектив шинж/-ийг зөрчилд тооцохоор хуульчилсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасантай уялдана.  

I. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэх бөгөөд 1817000082 дугаартай зөрчлийн хэргээс үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь Гүйцэтгэх захирал Ж.Б-т эрх үүргийг танилцуулж, холбогдогчоор мэдүүлэг авсан боловч “С” ХХК-ийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох тус хуулийн этгээдийн “хууль ёсны төлөөлөгч”-ийг томилж, тогтоол үйлдээгүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2-т “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасныг зөрчсөн байна.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, ... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан.

Тэгэхлээр холбогдогчоор татсан Гүйцэтгэх захирал Ж.Б, эсхүл компанийн нягтлан бодогч зэрэг бусад албан тушаалтнаас хэнийг нь “С” гэдэг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулж буй эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийн дагуу шийдвэрлэх шаардлагатай байжээ. Энэ нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах үндэслэл болох юм.

“С” ХХК-ийн 000056415 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Гүйцэтгэх захирал: Ж.Б” гэж бүртгэгдсэн[2] боловч 1817000082 дугаартай зөрчлийн хэрэгт уг гэрчилгээ, эсхүл компанийн дүрэм зэрэг гүйцэтгэх удирдлагыг тодорхойлох бусад баримт бичгийг хавсаргаагүй ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчийг томилсон тогтоол үйлдээгүй болохоо хариуцагч мэдүүлсэн.

Хариуцагч шүүх хуралдаанд “Ж.Б өөрийгөө “С” ХХК-ийн Гүйцэтгэх захирал гэж холбогдогчийн мэдүүлэг өгсөн” гэж тайлбарлах боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, шаардлагатай нотлох баримт гаргуулж авах эрх нь эрх бүхий албан тушаалтанд олгогдсон болно.

II. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан нь “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1817000082 дугаар тогтоолын “Тогтоох нь:” хэсэгт заасан зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “С” ХХК, Гүйцэтгэх захирал, эсхүл нягтлан бодогч нарын алинд нь хамаарахыг шийтгэлийн хуудсаар бүрэн тодорхойлж, шалган тогтоох ажиллагааг гүйцэд явуулаагүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “ ... даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогч, ... гүйцэтгэнэ” гэж заасныг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасантай харьцуулан тайлбарлавал тухайн компанийн захирал, нягтлан бодогч зэрэг нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргахад оролцдог эрх бүхий албан тушаалтан нь шимтгэл ногдох орлогоо нуусан, худал мэдүүлсэн үйлдэл гаргасан нь тогтоогдвол тухайн хуулийн этгээд хариуцлага хүлээлгэхээр байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны үйлдсэн дараах баримт бичигт холбогдогчийн гаргасан зөрчил, түүнийг тогтоосон гэх нотлох баримтыг:

 1/ 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн зөрчил илрүүлсэн тухай тэмдэглэлд “нэр бүхий 25 ажилтанд олгосон 1881.8 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуун дарагдуулж, худал мэдүүлсэн /тайланд тусгаагүй/” гэж,

2/ 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд

 - “нэр бүхий 25 ажилтанд олгосон 1881.8 мянган төгрөгийн НДШ ногдох орлого нуун дарагдуулж, худал мэдүүлсэн /тайланд тусгаагүй/,

- Уг зөрчил нь ажилтнуудад олгосон цалингийн цэс, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, нягтлан бодогч нь танилцаж тооцоо нийлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, хяналтын хуудас, хяналт шалгалтын тэмдэглэл зэргээр нотлогдоно.

3/ 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0063311 дугаартай шийтгэлийн хуудасны

- “Шалгасан асуудал” гэдэгт ... нэр бүхий 25 ажилтанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тайлагнаагүй, нуун дарагдуулсан, “Олсон нь” гэдэгт ... хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тайлагнаагүй, “Шийдвэрлэх нь” хэсэгт ...хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нуун дарагдуулсан

- Зөрчил нь холбогдогч, гэрчийн мэдүүлэг, тайлан мэдээгээр нотлогдсон гэж тус тус тодорхойлжээ.

Тодруулбал, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол болон шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дурдсан атлаа зөрчилд хамаарах үйлдлийг ялгамжтай байдлаар тодорхойлж[3],  зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна:”, тус хэсгийн 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасан эрх зүйн хэм хэмжээний агуулгаар илэрхийлбэл эрх бүхий албан тушаалтан нь хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар зөрчил (үйлдэл бүр)-ийг шалган тогтоож, ажилтнуудад олгосон “С” ХХК-ийн цалингийн цэс, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан мэдээ зэрэг түүнд хамаарах бичгийн нотлох баримтуудыг 1817000082 дугаартай зөрчлийн хэрэгт хавсаргах шаардлагатай.

Нэгтгэн дүгнэвэл, 1817000082 дугаартай зөрчлийн хэргийн холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу тогтоогоогүй, тухайн хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоолоор томилоогүй, зөрчлийг тогтоосон гэх нотлох баримтуудыг зөрчлийн хэрэгт бүрэн хавсаргаагүй зэрэг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гаргасан алдааг залруулах нь зүйтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.10, 3.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах, зөрчлийг шалган тогтоох, шийтгэл ногдуулах шийдвэр гаргах зэрэг нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх чиг үүрэг буюу түүнд хуулиар олгосон бүрэн эрх юм.

Тиймээс цаашид тодруулах шаардлагатай дээрх нөхцөл байдлуудыг шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0063311 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тэмдэглэв.

Мөн 0063311 дугаартай шийтгэлийн хуудаст шийтгэл ногдуулсан хуулийн заалтыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн “10.17.2”  гэж бичиж хууль зүйн техникийн алдаа гаргасан, шийтгэлийг хэсэгчлэн төлөх эсэхийг шийдвэрлэхгүй орхигдуулсан зэргийг дурдав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0063311 дугаартай шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хариуцагч шинэ акт гаргаагүй бол Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0063311 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж “С” ХХК (РД:)-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2–т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       З.ГАНЗОРИГ


[1] Хэрэгт хавсаргасан 1817000082 дугаартай зөрчлийн хэргийн 2-3 дахь талд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол авагдсан.

 

[2] Хэргийн 5 дахь тал /арын нүүр/-д

[3] 0063311 дугаар шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “.. . худал мэдүүлсэн” гэх үйлдлийг дурдаагүй.