Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 997

 

 

 

 

 

 

М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00394 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мотиваци” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27 624 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Алтанцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Ариунжаргал

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгч тайлбарлахдаа: Би “Мотиваци” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийн лотки нийлүүлсэн. Урьдчилгаа 6 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн.

Үлдэгдэл 25 160 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч 25 160 000 төгрөг төлөх, төлөхгүй бол алданги төлөхөөр тохиролцсон.

3 000 000 төгрөг төлсөн тул үндсэн төлбөр 22 160 000 төгрөг, алданги 9 972 000 төгрөг, нийт 35 132 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн М.Алтанцэцэгтэй 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийн хуучин лотки худалдаж авахаар болсон. Урьдчилгаанд 6 000 000 төгрөг өгсөн. Лоткиг 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 18-ныг өдрийг хүртэл хүлээж авсан.

Нийлүүлсэн бараа материалын ихэнх нь чанарын шаардлага хангаагүй байсан бөгөөд ашиглах боломжгүй бараа өгсөн нь одоо ч манай талбай дээр байгаа.

2015 оны эцсээр 25 160 000 төгрөгний үлдэгдлээр тооцоо нийлж байсан. Бид 6 000 000 төгрөг өгөөд сүүлд 3 000 000 төгрөгийн хайрга нийлүүлсэн.

Манай талаас хуучин материалын үнийг бодитой үнэд тааруулан тохиролцох боломжтой байгаа. Гэвч одоогоор бодитойгоор тооцох боломжгүй байна.

Гэрээний нэмэлтийг нэхэмжлэгч талаас хүмүүс авчирч төлбөрөө шаардаж байгаад хийсэн гэж үзэж байгаа. Мөн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт нөхцөл гэсэн гэрээний 2 дахь хуудсанд “Мотиваци” ХХК-ийн захирал гэж гарын үсэг зурсан байгаа боловч гэрээнд нэмэлт нөхцөл орсон гэж дурдагдсан зүйл байхгүй, тамга тэмдэг байхгүй байгаа гэв. 

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5 дахь хэсэгт зааснаар“Мотиваци” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 32 132 000 төгрөг гаргуулж М.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Мотиваци” ХХК-иас 318 609 төгрөг гаргуулж М.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 431 143 /296 072+135 071/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.

Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу гэрч асуулгахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг гомдол гаргах эрхгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Мөн анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа боллоо.

Хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны үеэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар хэргийг дангаар шүүгч шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргах хуулийн зохицуулалттай байна.

Гэвч хариуцагчийн шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэн сүлээж авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй үйл ажиллагаа болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь хариуцагч “Мотиваци” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35 132 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтүвшин нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Алтанцэцэг болон “Хос нуурын овоо” ХХК-иас нотлох баримтууд гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасан байна.

 

Хариуцагч талаас гаргасан хүсэлтийн үндэслэл тодорхойгүй учраас анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах эрхтэй ба энэ эрхийн хүрээнд хариуцагч тал татгалзлаа шүүх хуралдаан дээр гаргажээ.

 

Шүүгчийн татгалзах гаргах хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зохицуулжээ.

 

Гэтэл шүүгчийг татгалзан гаргах хариуцагчийн эрх дуусгавар болсон гэж хуулиар тогтоогоогүй үндэслэл зааж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт зааснаар хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэж захирамж гаргах журмыг шүүх зөрчжээ. Энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мотиваци” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

 

                                ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                           Э.ЗОЛЗАЯА