| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00145/И |
| Дугаар | 199 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 199
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 17-14 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОД68061001, Шарнууд овогт Намчингийн Цэрмаагийн,
Ажиллаж байсан байдал болон нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Цэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Цэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1967 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 49 настай. Намайг төрөөд 1 нас хүрч байхад аав, ээж маань Увс аймгийн Баруунтуруун суманд А.Намчин гэдэг хүнд үрчлүүлсэн юм. Тухайн үед аав, ээж маань төрсний бүртгэлд бүртгүүлэхдээ 1967 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Дүнгэрийн Цэгээч гэдэг нэрээр бүртгүүлсэн байсан. Гэтэл үрчилж авсан аав ,ээж маань намайг үрчилж аваад улсын бүртгэлд бүрггүүлэхдээ төрсөн оныг маань үрчилж авсан оноор тавьж 1968 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хэмээн буруу бүртгүүлсэн байсан. Үүнээс болоод одоо би 48 настай болоод байна. Эхээс төрсөн ондоо бүртгүүлсэн бол одоо би 49 настай. Энэ оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүрээд 50 нас хүрч, өндөр насны тэтгэвэрт гарах нас маань болоод байна. Анх намайг 1967 онд төрөхөд төрсөн аав, ээж маань тэр үеийн төрөлтийн бүртгэлд бүртгүүлэхдээ Д.Цэгээч гэдэг нэрээр бүртгүүлсэн байсан. Гэтэл үрчилж авсан аав ээж маань үрчлэлтийн бүртгэлд бүртгүүлэхдээ нэрийг маань Н.Охиноо гэдэг нэрээр бүртгүүлсэн байна. Миний нэрийг одоо Намчингийн Цэрмаа гэдэг бөгөөд бүх бичиг баримт маань энэ нэрээр явдаг болно. Миний бие 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо энэ оны 2 дугаар сарын 16-ны өдөр 50 нас хүрээд өндөр насныхаа тэтгэвэрт гарах нас маань болж байгаа тул шүүхэд хандаж төрсөн он, сар өдрөө зөвтгүүлэх шаардлагатай болоод байна. Түүнчлэн миний бие Увс аймгийн Баруунтуруун сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд улмаар 1984 оны 1 дүгээр сараас Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд ногоочноор ажилд орж тэндээ 1985 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад гарсан. Ингээд хүнтэй суугаад, гэр бүлийн хүнээ дагаад Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас эхлэн 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус нэгдэлд малчнаар ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул одоо ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1967 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. Одоо 49 настай болохьг тогтоож өгнө үү. Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1984 оноос 1985 оны хооронд ногоочноор, 1986 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тоггоож өгнө үү. Намайг хэдэн онд төрсөн талаар болон миний ажиллаж байсан байдлыг сайн мэдэх Р.Эрдэнэдэлгэр, З.Цэрэндолгор нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Цэрмаа нь 1984 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд ногоочноор, Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал болон 1967 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Намчингийн Цэрмаагийн 1984 оноос 1985 оныг дуустал Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Намчингийн Цэрмаагийн 1986 оноос 1987 оны 3 дугаар сарыг дуустал, 1988 оны 1-6 дугаар сар, 1989 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 108/000322 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд: “Цэвээний Дүнгэрийн гэр бүлд Д.Цэгээч нь 1967 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрснийг 1967 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 108/000326 дугаар үрчилсний бүртгэлийн лавлагаанд: ”1968 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн овог Дүнгэр, нэр ... ийг А.Намчин, В.Дүүдээ нарт үрчлүүлж 1968 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын үрчлэлтийн 2 дугаарт Намчингийн Охиноо болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч З.Цэрэндолгор, Р.Эрдэнэдэлгэр нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.Цэрэндолгор “Манайх Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багт Н.Цэрмаагийн өвөө Цэвээн гэх айлтай айл саахалт амьдардаг байсан бөгөөд Н.Цэрмаа нь өвөө, эмээ, ээжтэйгээ амьдардаг байсан. Н.Цэрмаагийн ээж Дүнгэр бид хоёр нэг үеийн сайн найзууд байсан бөгөөд Н.Цэрмаа нь Дүнгэрийн том охин юм. Н.Цэрмаа нь 1967 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд тухайн үед түүний ээж Дүнгэрийн амьдрал байдал хэцүү байсан учраас Н.Цэрмааг 1 нас өнгөрч байхад нь Баруунтуруун сумын малчин айлд үрчлүүлж байсныг би сайн санаж байна. Тэрнээс хойш Н.Цэрмаагийн талаар сураг чимээ байхгүй байж байгаад 1985 оноос Зүүнговь сумын Баяннуур сумын хүнтэй сууж манай суманд ирснээр бид нар нэгнийгээ таньж мэдэлцэж ирсэн” гэж, гэрч Р.Эрдэнэдэлгэр “Миний бие нь 1971 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд барилгачин, тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Н.Цэрмаа нь Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1986 оноос эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 он хүртэл ажилласан болно. Тухайн үед миний бие нь нэгдлийн малчдыг нүүлгэж, хадлан өвсийг хүргэж өгч, өтөг бууцыг нь хатгаж бэлтгэх ажлуудыг хийдэг байсан. Иймд Н.Цэрмаагийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Н.Цэрмаа нь голдуу үхэр малладаг байсан. Тухайн үед Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар Цэдэв, Т.Хүрэлхүү, Намсрайжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба Р.Эрдэнэдэлгэрийн ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Увс аймгийн Архивын тасагт Н.Цэрмаагийн 1987 оны 4-12 дугаар сар, 1988 оноос 7-12 сарыг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалин хадгалагдаагүй боловч энэ хугацаанд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал хэрэгт авагдаагүй, гэрч Р.Эрдэнэдэлгэрийн мэдүүлгээр 1986 оноос 1990 оныг дуустал Говийн хөгжил нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул дээрх онуудад нэхэмжлэгчийг ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.Цэрмаа нь 1984 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд ногоочноор, Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтууд, гэрч Р.Эрдэнэдэлгэрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Цэрмаагийн хүсэлтийг хангаж, түүний 1984 оноос 1985 оныг дуустал Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд ногоочноор 2 жил, 1986 оноос 1990 оныг дуустал Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар 5 жил, нийт 7 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Мөн Н.Цэрмаа нь 1967 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба түүнийг төрсний бүртгэлд бүртгүүлэхдээ “Цэгээч” гэх нэрээр бүртгүүлсэн болох нь гэрч З.Цэрэндолгорын шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн Намчингийн Цэрмаа нь 1967 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 108/000322 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Н.Цэрмаагийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Н.Цэрмаагийн хүсэлтийг хангаж, түүнийг 1967 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогт Намчингийн Цэрмааг 1967 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн болохыг тогтоож, түүнийг 1984 оноос 1985 оныг дуустал Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд ногоочноор 2 жил, 1986 оноос 1990 оныг дуустал Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар 5 жил, нийт 7 жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Цэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ