| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/0021/Э |
| Дугаар | 149/ШТ/0021 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 149/ШТ/0021
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Од холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, //*// өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, //*// тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, чөлөөт бөхийн спортын дэд мастер, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мон овогт Эн-ийн О. /РД://*///
Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дүгээр сарын 13-ны өдөр 17-18 цагийн орчимд *** тоотыг түрээслэн амьдарч байсан өөрийн гэртээ нөхөр Б.С нүүрэн тус газар луу шилэн аяга шидэж оносноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Огийн өгсөн …. ... 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд найз Э,Н,Б,С нарын хамт юм ярьж сууж байгаад пиво уусан. Хэрэг болохоос 2 хоногийн өмнө нөхөр Б.С өөр хүүхэнтэй явж байхыг нүдээрээ харсан. Тэр үедээ би юм яриагүй. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр пиво уучихаад нөхөртөө чи өөр хүүхэнтэй явлаа гэж хэлээд бид 2 маргалдсан. С намайг газар унатал алгадсан. Тэгтэл хажуу өрөөнөөс манай хоёр найз Н Э нар гарч ирээд бид дөрөв ширээндээ буцаж суусан. Ширээнд суугаад би уйлаад чи намайг дандаа дээрэлхдэг гээд аяга аваад С луу шидсэн чинь нүүрэн тус газарт нь оноод цус гарсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Уг өдрийн 17 цагийн үед гаднаас эхнэр Э.Огийн найз болох Г.Э орж ирээд хоол цай идэж уучаад эхнэр Э.О болон түүний найз Г.Э бид гурав манай гэрт байсан 2 литрийн 2 ширхэг Сэнгүр нэртэй пиво уугаад сууж байхад гаднаас эхнэр Огийн найз Б.Н орж ирсэн. Тухайн үед ууж байсан хоёр пиво дуусах үед би Нын хамтаар дэлгүүр орж 2 литрийн Сэнгүр нэртэй пиво 3 ширхгийг аваад гэртээ орсон. Тухайн үед гаднаас авч орсон 3 пивоо уугаад сууж байхад эхнэр О чи Улаанбаатар хотод нэг эмэгтэй хүнтэй яваад байгаа биз дээ гээд миний өөдөөс орилоод байсан. Тэгсэн эхнэр О пиво ууж байсан шилэн аягаа аваад миний нүүр хэсэг рүү шидсэн. Тэгээд миний зүүн талын хөмсөг сэтэрч цус гарсан. ... Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 11-12 дугаар хуудас/
Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тухайн үед найз Огийн гэрт Огийн нөхөр С болон 1 хүүхэд байсан. Тэгээд бид 3 хоол идээд сууж байхад гаднаас зүс таних Н гэх залуу орж ирсэн. Э.О болон түүний нөхөр С, зүс таних Н бид 4 пиво уугаад сууж байхад Э.О Б.С хоёр маргалдаад байсан. Тэгэхээр нь би зүс таних Нтой хажуу өрөөнд ороод удаагүй байхад нэг алгадах шиг чимээ гарахаар нь Н бид 2 хажуу өрөөнөөс гараад за юу болоод байна гэхэд О намайг Б.С зодоод байна гэж хэлж байсан. Тэгээд бид 4 ширээн дээр сууж байсан чинь аяга газар унах шиг болсон тэгсэн чинь Б.С нүүр хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тэгээд Э.Огийн дүү нь гаднаас ороод ирэхээр нь Н бид хоёр гэрээс нь гараад явсан гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/
Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд бид 4 ширээнд сууж байхад Э.О пиво ууж байсан шилэн аягыг аваад Б.С нүүрэн тус газар луу шидсэн. Тэгээд Б.С зүүн талын хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Г.Э газар урссан цусыг арчаад байж байхад Э.Огийн төрсөн дүү Т гаднаас орж ирэхээр нь Г.Э бид хоёр гараад явсан гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № 43 ...... Дүгнэлт:
1.Б.С биед зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 24-25 дугаар хуудас/
Э.Огийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 05 дугаар хуудас/
Э.О нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 47 дугаар хуудас/
Яллагдагч Э.Огийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Б.С биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 51 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дүгээр сарын 13-ны өдөр 17-18 цагийн орчимд *** тоотыг түрээслэн амьдарч байсан өөрийн гэртээ нөхөр Б.С нүүрэн тус газар луу шилэн аяга шидэж оносноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.Огийн хохирогч Б.С нүүр лүү шилэн аяга шидсэн үйлдэл нь хамт архидан согтуурч хоорондын таарамжгүй харьцаа буюу эр эмийн хардалтаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.С нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч М овогт Эн-ийн Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН