Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 201

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багт оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОД65032206, Цагаагчууд овогт Гочоогийн Дариймаагийн,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Г.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 онд төрсөн, 52 настай. Би 1981 оноос эхлэн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд хоньчин, үхэрчнээр 1983 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед аав, ээжтэйгээ хамт мал маллаж байсан тул тэр үед миний нэр дээр хөдөлмөрийн дэвтэр хөтөлж, цалинг тусад нь тооцож байгаагүй юм. Ер нь хүнтэй гэр бүл болж, тусдаа гарч байж хөдөлмөрийн дэвтэр, цалин нь тооцогдож байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болоод бичиг баримтаа бүрдүүлэхэд Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1981 оноос 1983 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Мөн надтай хамт ажиллаж байсан Р.Эрдэнэдэлгэр, Д.Батаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.                             

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Г.Дариймаа нь 1981 оноос 1983 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 39 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн 1981-1983 оны цалинг шүүн үзэхэд Гочоо овогтой Дариймаатай холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэжээ.

     Зүүнговь сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Говийн хөгжил нэгдлийн захиргаанаас 1982 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Г.Дариймааг шагнаж байсан сайшаалын үнэмлэхийн хуулбар хэрэгт авагдсан байна.

     Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Батаа, Р.Эрдэнэдэлгэр нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Батаа “Миний бие нь 1983 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд 1983 оноос ажиллаж эхлэхэд Г.Дариймаа нь Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1983 оныг дуустал ажилласан болно. Бид нар нэгдэлд айл хошой малаа малладаг байсан. Г.Дариймаа нь голдуу үхэр малладаг байсан. Тухайн үед Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар Цэдэв, Намсрайжав, Т.Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Р.Эрдэнэдэлгэр “Миний бие нь 1971 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд барилгачин, тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Г.Дариймаа нь Говийн хөгжил нэгдэлд 1981 оноос эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1983 оныг дуустал ажилласан болно. Тухайн үед миний бие нь нэгдлийн малчдыг нүүлгэж, хадлан өвсийг хүргэж өгч, өтөг бууцыг нь хатгаж бэлтгэх ажлуудыг хийдэг байсан. Иймд Г.Дариймаагийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Г.Дариймаа нь голдуу бод мал малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ. 

       Г.Дариймаагийн 1981 оноос 1983 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь 1981 оноос 1983 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Зүүнговь сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Говийн хөгжил нэгдлийн захиргаанаас 1982 оны 7 дугаар сарын 10-ны өдөр түүнийг шагнаж байсан сайшаалын үнэмлэхийн хуулбар, гэрч Д.Батаа, Р.Эрдэнэдэлгэр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

     Иймд нэхэмжлэгч Г.Дариймаагийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оноос 1983 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар 3 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

    Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Цагаагчууд овогт Гочоогийн Дариймаагийн 1981 оноос 1983 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар 3 /гурав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.              

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Г.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ