Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 149/ШТ/0027

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.От холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Орхон суманд //*// өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, //*// тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бо овогт Н-ийн Ог. /РД://*///

 

           Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчимд //*// тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б.Э маргалдан түүн рүү заазуур шидсэнээс зүүн шанаанд онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Оийн өгсөн …. ... 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шөнийн 22 цагийн үед Э орж ирээд танайд жаахан унтъя гэсэн. Бид нар ээжийнх рүүгээ явчихаад ирэхэд Э босоогүй унтаж байхаар нь бос дүү нар чинь ирсэн байна одоо гэртээ харьж унт гэж хэлсэн чинь босч ирээд намайг хэл амаар доромжлоод салаавч гаргаад байсан. Тэгээд би Этай хэрэлдсэн. Би айлгах санаатай заазуур шидсэн чинь зүүн шанаанд нь оноод цус гарсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Эы  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Гадаа хүйтэн байсан болохоор би надтай хамт амьдардаг дүү Э өөрийн гар утсаар дуудсан чинь гадуур явж байна түр хүлээж бай одоо очлоо гэхээр нь би Түнхэл тосгоны Булгийн хэсэгт байдаг манай урд хамар хашааны айл болох М гэрт ороод түр дулаацаад байж байтал гэрийн эзэд болох М, О нар чи гэрт байж байх юм уу бид нар түр гарчаад ирье гэхээр нь би гэрт нь сууж байгаад унтчихсан юм. Хэсэг хугацааны дараа гэнэт М намайг сэрээгээд хойно дүү нар чинь ирсэн байна гэж хэлчихээд гадагш гарсан юм. Тэгээд Мг гарсан хойно О чи яагаад манайд гэрт унтаж байгаа юм гэр орондоо очиж унт гээд салаавч гаргаад нилээн согтуу орилоод байсан юм. Тэгэхээр нь би гарахын завдалгүй чи муу гээд орилоод байгаа юм би чиний гэрт байгаа юм уу гэж хэлээд гэрээс нь гарах санаатай орон дээр сууж байгаад бостол миний урдаас хатуу төмөр шидсэн юм. Тэгээд би хэсэг хугацаанд цус нь тогтох байх гэж бодоод сууж байтал цус тогтохгүй байхаар нь өөрийн хүргэн дүү болох Нэргүйг дуудаж машинаар нь Түнхэл тосгоны эмнэлэгт хүргүүлсэн ....... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 11-12 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № 42 ...... Дүгнэлт:

1.Б.Эы биед зүүн шанаанд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл  тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 21 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-07 дугаар хуудас/

Н.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 05 дугаар хуудас/

Н.О нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 48 дугаар хуудас/

Яллагдагч Н.Оийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Эы биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна, бид хоёр эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 53 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчимд //*// тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б.Э маргалдан түүн рүү заазуур шидсэнээс зүүн шанаанд онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.Оийн хохирогч Б.Эы нүүр лүү зазуур шидсэн үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.Отгонзаяагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Э нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай шар хар өнгийн бариултай саарал өнгийн заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Б овогт Н-гийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.О нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай шар хар өнгийн бариултай саарал өнгийн заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН