Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 149/ШТ/0031

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Тт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, //*// өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гүүрэн краны машинч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, //*// тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мо овогт Б-ийн Т. /РД://*///

 

           Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд //*// тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр С.Сг хардаж түүний гар, нуруу, цээж, нүүр, толгойн тус газарт чихрийн таваг болон эсгий түрийт гутлаар цохиж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тын өгсөн …. ... 2021 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эхнэр хүүхдийн хамт байж байгаад эхнэртэйгээ маргалдсан. Эхнэрийгээ Улаанбаатар хотод байхдаа хаана байсан гэж асуухад хэлэхгүй байхаар нь гар утсаа өгч бай гээд аваад нээх гэхэд кодыг нь хэлэхгүй байхаар нь уурлаад цохиж зодсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч С.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... //*// тоотод гэртээ 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүүхэд Т.Т нарын хамтаар байх үед нөхөр Б.Т намайг ямар нэгэн шалтгаангүй хардаж гар утасныхаа кодыг тайлж өг өгөхгүй бол ална шүү гэж айлган сүрдүүлж 2021 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед хэрүүл маргааныг хийж эхэлсэн. Би тухайн үед гар утасныхаа код тайлж өгөхгүй гэхэд чи ямар шалтгааны улмаас гар утасныхаа кодыг тайлж өгөхгүй байгаа юм Улаанбаатар хотод хаана амьдарч байгаагаа хэл гээд миний өөдөөс орилоод байсан. Би тухайн үед нөхөр Б.Таас айгаад гар утасныхаа кодыг онгойлгож өгсөн чинь Б.Т чи надад худлаа хаяг хэлсэн байна гэж хэлээд намайг хэвтэж байсан орон дээрээс үсдэж чирээд газар буулгаж хоёр удаа толгойн тус газар луу чихрийн тавгаар цохисон. Би босоод зогсож байхад Б.Т гал тогооны өрөө рүү явах гэхээр нь подволкноос нь татаж бид хоёр газар унасан. Тэгээд газар байсан эсгий түрүүт гутлыг Т гартаа барьж байгаад миний гар нуруу цээж нүүрэн тус газар толгой хэсэг рүү гутлаараа цохиж зодож эхэлсэн. Б.Т 2021 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 01 цагаас 02 цагийн хооронд намайг зодож байгаад нойлын өрөө рүү орох хооронд би ээж Л.Ц болон дүү С.О нарыг дуудсан гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

Гэрч Л.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед миний ***** дугаарын утас руу охин С ***** дугаарын утсаар залгаж юм ярихгүй утсаа салгаад байсан тэгсэн удалгүй охин Сы нөхөр Т өөрийнхөө утаснаас залгаад ээж яасан бэ гэж асуухаар нь би та нар одоо юу болоод байгаа юм гэсэн чинь зүгээр зүгээр гээд Т утсаа салгасан. Т надтай ярьж байхад охин С цаана нь уйлж байгаа чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би охин Сы гэрт очиход охин Сы уруул хөхөрсөн байдалтай мөн уйлсан зодуулсан байдалтай байсан. Тухайн үед би охин Сы нөхөр Тт чи ямар учраас хүүхэд зодоод уйлуулаад байгаа юм гэсэн чинь Т би зодоогүй хальт цохисон өөр зүйл болоогүй гэж хэлсэн. Тэгээд охин С түүний хүүхэд Т.Тулай нарыг хувцсыг нь өмсгөөд аваад гарах гэсэн чинь Т хүүхдээ явуулахгүй гээд аваад үлдсэн. Би охиноо аваад гарсан гэх мэдүүлэг /Хх-н 15-16 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 50 ...... Дүгнэлт:

1.С.С биед уруулын баруун дээд хэсэг, баруун хацрын доод хэсэг, зүүн гарын бугалга, зүүн далны доод хэсэг, баруун гарын бугалга, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 20 дугаар хуудас/

Б.Тын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /Хх-н 45 дугаар хуудас/

Б.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 46 дугаар хуудас/

Б.Т нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 49 дүгээр хуудас/

Яллагдагч Б.Тын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан эхнэр Саас уучлалт гуйж эвлэрсэн, бид хоёрт ямар нэгэн хохирлын маргаан байхгүй тул эргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 53 дугаар хуудас/

Хохирогч С.С Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан нөхөр Б.Тт гомдол санал байхгүй ямар нэгэн нэхэмжлэх зүйл үгүй болно гэх хүсэлт /Хх-н 54 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд //*// тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр С.Сг хардаж түүний гар, нуруу, цээж, нүүр, толгойн тус газарт чихрийн таваг болон эсгий түрийт гутлаар цохиж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Тын хохирогч С.С гар, нуруу, цээж, нүүр, толгойн тус газарт чихрийн таваг болон эсгий түрийт гутлаар цохиж зодсон  үйлдэл нь Улаанбаатар хотод байхдаа хаана байснаа хэлсэнгүй, гар утасныхаа кодыг тайлж өгсөнгүй гэсэн хоорондын таарамжгүй харьцаа буюу эр эмийн хардалтаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 04 сарын хугацаанд 4 хувааж сард 120000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч С.С нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Мо овогт Б-ийн Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т нь 480000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Тт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.