| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00162/И |
| Дугаар | 202 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 202
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ66092609, Зөөд овогт Буянжаргалын Тунгалагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд төрсөн. Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд хонь, ямаа маллаж байсан бөгөөд нэгдэл тарах хүртэл ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Цог нэгдэлд ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд Цог нэгдэлд 1981 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Р.Пүрвээ, Д.Явуун нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Буянжаргалын Тунгалагийн 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Пүрвээ, Д.Явуун нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Пүрвээ “Миний бие нь 1974-1992 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Б.Тунгалаг нь 1981 оноос 1989 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болно. Б.Тунгалаг нь голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед миний бие нь нэгдлийн малчдыг нүүлгэж, хадлан өвсийг хүргэж өгч, өтөг бууцыг нь хатгаж бэлтгэх ажлуудыг хийдэг байсан. Иймд Б.Тунгалагийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Намайг ажиллаж байх үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Явуун “Миний бие нь 1971-1990 оны хооронд Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Б.Тунгалаг нь 1981 оноос эхлэн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан болно. Б.Тунгалаг нь голдуу шийр мал малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Р.Пүрвээ, Д.Явуун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Тунгалагийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 9 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зөөд овогт Буянжаргалын Тунгалагийн 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 9 /ес/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ