Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 149/ШТ/0026

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Тэд холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1995 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, *** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депод засварчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Х-ийн Тө. /РД:******/

 

           Шүүгдэгч Х.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 17-18 цагийн орчимд //*// тоотод байрлах өөрийн гэртээ хамт архи ууж байсан иргэн Д.М маргалдан түүний нүүрэн тус газар луу пиво ууж байсан аяга шидсэнээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Тийн өгсөн …. ... 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай гэрт 17 цагийн үед хамт ажилладаг найз Саруул, Ж, М 3 ирсэн. Тэгээд тэд нарын авчирсан архийг хувааж уусан. Би архи уугаагүй пиво уусан. Тэр хэд архиа уусан. Тэгээд би Мтай маргалдсан. М надад ахархаад олон юм яриад байхаар нь би тэсвэр алдаад айлгах гээд пиво ууж байсан аягаа шидсэн чинь Мы толгойд оносон. М тэгээд цагдаа дуудаад цагдаа хүрч ирээд бид хоёрыг авч явсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Мы  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед хамт ажилладаг Х.Тийн гэрт найз Ж, Саруул бид гурав очсон. Х.Т, Ж, Саруул бид хэд нийт 2 шил 0.75 граммын шилтэй Хараа архи болон 2 литрийн 2 ширхэг Сэнгүр пиво уусан. Тухайн үед би ууж байгаад Х.Ттэй жаахан маргалдаад байх шиг байсан. Тэгээд Х.Т над руу юм аваад шидэх шиг болсон. Тэгэхэд миний толгойноос цус гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан..... Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 9 дүгээр хуудас/

Гэрч Д.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажлын залуу Х.Тийн гэрт ажлын залуу Д.М, Б.С бид хэд юм ярьж бага хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Юм яриад сууж байхад Д.М, Х.Т хоёр хоорондоо ажил төрөл ярьж байгаад хоорондоо жаахан маргалдаад байх шиг байсан. Тэгээд Х.Т нэг юм аваад Д.М руу шидэх шиг болсон. Тэгсэн Д.Мы толгой хэсгээс цус гарсан. Тэгээд М эмнэлгийн байгууллага цагдаагийн байгууллага руу яриад байх шиг байсан гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн № 58 ...... Дүгнэлт:

1.Д.Мы биед толгойн баруун хажуу хэсэгт хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл  тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 20 дугаар хуудас/

Х.Тийн согтолтын зэргийг Алкотест 6820 багажаар үлээлгэж шалгахад 1.20 хувийг зааж байв гэх согтуурал шалгасан тэмдэглэл /Хх-н 03 дугаар хуудас/

Х.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 39 дүгээр хуудас/

Х.Т нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 42 дугаар хуудас/

Яллагдагч Х.Тийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Д.Мы биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 46 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 17-18 цагийн орчимд //*// тоотод байрлах өөрийн гэртээ хамт архи ууж байсан иргэн Д.М маргалдан түүний нүүрэн тус газар луу пиво ууж байсан аяга шидсэнээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Х.Тийн хохирогч Д.Мы нүүр лүү аяга шидсэн үйлдэл нь хамт архидан согтуурч хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.М нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Ха овогт Хи-ийн Тө-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Т-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Т нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Тэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН