Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 203

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Давст сумын 3 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОВ62081314, Их тугтан овогт Ондовын Эрдэнэ-Очирын,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

    Нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1962 онд Увс аймгийн Давст суманд төрсөн, 55 настай. Би 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд аав ээжийн гар дээр малчнаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1981 оны 6 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байгаад 1981 оны 6 дугаар сар дхугацаат цэргийн албанд татагдаж 1984 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд үргэлжүүлэн Алдар нэгдэлд малчнаар 1991 оныг дуустал ажилласан. Би малчнаар ажиллаж байх хугацаандаа дан эх мал маллаж байсан. Ингээд 1978 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оныг дуустал малчнаар ажилласан жилээ баталгаажуулах гэхээр Увс аймгийн архивт орсон гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оныг дуустал малчнаар ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Т.Нямсамбууг гэрчээр асууж өгнө үү” гэв.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очир нь 1978 оны 10 дугаар сараас  1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Ондовын Эрдэнэ-Очирын 1980 оны 3 дугаар сараас 1981 оны 5 дугаар сарын хооронд, 1985 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын хооронд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн захиргаанаас 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр О.Эрдэнэ-Очирт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал, 1985 оноос 1988 оныг дуустал ажиллаж байх хугацаандаа авсан цалин хөлс, ажилласан хоног бичигджээ”.

       Түүнчлэн Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн захиргаанаас 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О.Эрдэнэ-Очирт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1991 оноос 1992 оныг дуустал ажиллаж байх хугацаандаа авсан цалин хөлс, ажилласан хоног бичигджээ”.

     Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 792 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “Алдар нэгдэл нь 1991-1992 он, Алдар ХК нь 1993 онд Увс аймгийн Давст суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.

       Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/263 дугаар архивын лавлагаанд: “Ондовын Эрдэнэ-Очир нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0132 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэргээс халагджээ” гэжээ.

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Нямсамбуугаас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Нямсамбуу “Би 1970 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг уг нэгдэлд ажиллаж байх үед О.Эрдэнэ-Очир нь 1978 оноос эхлэн нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн. О.Эрдэнэ-Очир нь 1981-1984 оны хооронд цэргийн алба хаасан бөгөөд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Алдар нэгдэлд малчнаар 1991 оныг дуустал ажилласан. О.Эрдэнэ-Очир нь голдуу эх мал малладаг байсан. Тухайн үед Давст сумын Алдар нэгдлийн даргаар Аюурзана, Магалжав, Бямбажав, Батжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг нотлох Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 515 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       О.Эрдэнэ-Очирын хөдөлмөрийн дэвтэр болон архивын тасгийн цалингийн тодорхойлолтод түүний 1978 оны 10 дугаар сараас 1980 оныг дуусталх цалин бичигдээгүй, гэрч Т.Нямбуугийн “О.Эрдэнэ-Очир нь 1978 оноос эхлэн Алдар нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн” гэх мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдохгүй байх тул түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

      Харин нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очир нь 1980 оноос 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн захиргаанаас 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 792 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/263 дугаар архивын лавлагаа, гэрч Т.Нямсамбуугийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

       Иймд нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очирын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1980 оноос 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар 8 жил 11 сар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1978 оны 10 дугаар сараас 1980 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Их тугтан овогт Ондовын Эрдэнэ-Очирын 1980 оноос 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар 8 /найм/ жил 11 /арван нэг/ сар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1978 оны 10 дугаар сараас 1980 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.     

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ