| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0044/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/48 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/48
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Э.Б,
Өмгөөлөгч Э.Наранцацрал,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Э-ийн Ба-д холбогдох 2128000370034 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг, Могойт гэх газарт гэртээ хамтран амьдрагч М.М-тэй маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, үсдэж, толгойгоор нь орны толгой мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь баруун чамархай, цох, хүзүү, цээж, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Могойт гэх газар эхнэртэйгээ маргалдсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа. Эхнэрээсээ уучлалт гуйсан гэв.
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймаг Ханхонгор сумын Жаргалант 4 дүгээр багийн нутаг Могойт гэх газарт манайх өвөлжөөн дээрээ байсан. 2021 оны 02 дугаар сарын 03-ны орой саахалт айл Э гэдэг айлд би нөхөр 2 хүүхдийн хамт очсон. “Экс” нэртэй архи 0,75 литрийн нэг ширхэг, 0,5 литрийн нэг ширхэг уусан. Тэгсэн Э.Б хоёр хүүхдээ аваад явсан байсан. Би Э гэдэг айлд хоносон. 2021 оны 02 дугаар сарын 04-нд өглөө 09 цагийн үед Б хүрээд ирсэн. Э гэдэг айлд 0,5 литрийн “Экс” нэртэй нэг шил архи уугаад 12 цагийн үед гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд Б орон дээр унтсан. Би мал руу яваад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд Б сэрсэн байсан. Б хоол унд хийхгүй ажилгүй гадуур яваад энэ мал чинь дутуу байна гэж хэлсэн. Бид хоёр машинаар тойроод хараад гэрт ирсэн. Б малаа сайн харж байгаарай би машинаараа адуунд явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь чи явахаараа сар эсхүл 15 хоног алга болчихдог биз дээ, би машин өгч явуулахгүй, хоёр нялх хүүхэдтэй, настай өвгөнтэй гэсэн чинь Б яваад ирье явах гэхээр нь энэ загнаад хаагаад элдэв янзаар хэлээд байдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи явахаараа алга болчихдог биз дээ гэсэн чинь Б намайг ор руу түлхээд, би ор руу унасан. Тэгсэн Б миний дээр гараад дараад авсан. Би Б-ын цамцны захаас нь барьсан. Б энэ ингэж давардаг шүү дээ гээд миний толгойн баруун шанааны үснээс татаад орны толгойг 2 удаа мөргүүлээд би босъё гэхэд намайг тэг тэг гээд босгосон. Би бие засмаар байна гээд гараад гүйсэн. ... 2020 оны 02 сард би Б-ыг тэнээд архи их уугаад байна, хашаа хороогоо янзлахгүй байна гэхэд чи өөрөө ажилгүй биз дээ гээд миний гарыг хальт өшиглөсөн. Мөн 2020 оны 05 сард архи ууж ирсэн. Хаагуур тэнээд яваад байгаа юм, ажил төрөлгүй, хороо хашаагаа янзлаач гэж хэлсэн. Тэгсэн Б чамд ямар хамаатай юм, тэгээд байж л байг гэж хэлсэн. Тэгж хоёр удаа маргалдсан. Өөр маргалдсан зүйл байхгүй. Би Б гэдэг эмнэлэгт 10 хоногийн 150,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Тухайн эмчилгээний зардлыг Б гаргасан. Одоо надад өвдөж байгаа зүйл алга. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/
Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний орой Б, М хоёр хэрэлдээд Б, Мг үсдэж аваад Модон орны толгой хоёроос гурван удаа мөргүүлсэн. Тэгээд дээр нь дараад суусан. Б, Мг гаргахгүй байсан. М гарч бие засмаар байна гээд гараад алга болсон. Б дүү нартайгаа эрээд олоогүй. 2 цагийн дараа илүү гэрээс Б дүүтэйгээ чирч гэрт оруулсан. Тухайн үедээ Б согтуу байсан.” /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/
Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед манайд ах Б, эхнэр М хоёр ирсэн, удалгүй гараад явсан. Орой 19 цагийн үед манай нагац ах мал шүүгээд тэднийд очоод ирсэн. Эх манай хүүхдүүд юу хийж байна гэж асуусан. Б гэдэг айл хоол хийж идэж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш 19.30 минутад Мөнхчулуун ах М над руу залгаад эхийг хүрээд ир, утас нь холбогдохгүй байна гэж хэлүүлсэн. Эх Эрдэнэтуяа, дүү Ариунхишиг хоёр Б-ын гэр рүү явсан. Би гэрт үлдсэн. Тэгсэн урд айлын хүн бууз боогоод өг гэж хэлсэн. Би урд айлд бууз боох гээд сууж байсан чинь 21 цагийн үед эх над руу залгаад М алга болчихлоо гэж хэлсэн. Тухайн айлын залуугаар хүргүүлээд Б ахынд очоод эрж хайсан. М, Б наад хүмүүсээ тараа би гэртээ очлоо гэж мессеж бичсэн байсан. Бид 23 цагийн үед гэр рүүгээ харьсан. Б руу залгаад М очсон уу гэж асуухад ирээгүй гэж хэлсэн. Буцаад хайгаад явж байгаад олдохгүй байсан. М илүү гэрт ямааны цаагуур ороод хэвтсэн байна. Би илүү гэр рүү ороод илүү гэрт байна гэж хэлээд Б бид хоёр М гэдэг хүнийг гэр рүү ор гэж хэлсэн. ...Тэгээд илүү гэрээс гарч зугтаах гэж оролдсон. Би барьж аваад гэр рүү өргөөд оруулсан. Э.Б 16 цагийн үед манайд ирэхэд халамцуу байсан. 23 цагийн үед эрүүл байсан.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би М-тэй 2012 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөж байгаа. Гэрлэлтийн баталгаагүй, гэр бүл байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед М бид хоёр Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт байрлах Могойт гэх газарт өөрийн өвөлжөөндөө гэртээ байж байгаад эхнэртэйгээ муудалцаад уурандаа эхнэрийгээ үснээс нь зулгаагаад ор руу мөргүүлсэн. Тэгсэн чин эхнэр гарч бие засна гэж байхаар нь би гэрээс гаргахгүй нэлээн байж байгаад гаргасан чинь эхнэр гараад эргэж ирэхгүй алга болчихсон. Би гарч яваад эрж хайж байгаад олохгүй байсан чинь манай эх ойролцоо байдаг гэрээсээ ирсэн. Бид нар хамтдаа хайгаад олохгүй байсан чинь М хажуу талын илүү гэрт ороод нуугдчихсан байсныг олсон. Түүний дараа шөнийн 01 цагийн үед сумын цагдаа ирсэн. Би Мг хоол хийгээд өгчих гэсэн чинь чадахгүй гээд байсан. Тэгээд муудалцаж эхэлсэн. Мг үснээс нь зулгааж ор руу мөргүүлэх үед газар унаж байсан, бас хувцаснаас нь татаад чангаах үед биед нь зулгаралт үүссэн байх гэж бодож байна” /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...М.М-гийн биед баруун чамархай, цох, хүзүү, цээж, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. М.М-гийн биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. М.М-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/
Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дугаар хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 57-58, 61-67, 70, 72, 81-84/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.Бад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд согтуурсан үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг, Могойт гэх газарт өөрийн гэртээ хамтран амьдрагч М.М-тэй маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зодож хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч М.М, гэрч С.Г, М.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас М.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй. Мөрдөн байцаалтын шатанд эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал 150,000 төгрөгийг Э.Б нь төлсөн гэж мэдүүлэг өгсөн. Ийм учраас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлийг тууштай хүлээн мэдүүлсэн байдаг. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Э.Б хохирогчид эмчилгээний зардалд 150,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан М.М-гийн хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэдэг мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Э.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Бад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг, Могойт гэх газарт гэртээ хамтран амьдрагч М.М-тэй маргалдан үсдэж, толгойгоор нь орны толгой мөргүүлэн зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ эрүүл мэндэд нь баруун чамархай, цох, хүзүү, цээж, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч М.М-гийн “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Э.Б архи уусан байсан. Бид хоёр маргалдсан. Э.Б сууж байгаад босож ирээд намайг түлхээд орон дээр унагаасан. Намайг алгадаад үснээс татаад ор мөргүүлсэн. Би бие засмаар байна гээд гараад зугтсан. Машин унаад адуунд явна гэж хэлсэн. Би машин өгч явуулахгүй 2 нялх хүүхэд, 65 настай өвгөн байдаг. Машингүй яв гэж хэлсэн. Тэгээд маргалдаад намайг цохисон... Б намайг ор руу түлхээд, би ор руу унасан. Тэгсэн Б миний дээр гараад дараад авсан. Би Б-ын цамцны захаас нь барьсан. Б энэ ингэж давардаг шүү дээ гээд миний толгойн баруун шанааны үснээс татаад орны толгойг 2 удаа мөргүүлээд би босъё гэхэд намайг тэг тэг гээд босгосон... Тухайн үедээ толгой эргээд толгой хавдсан байсан. Би Б гэдэг эмнэлэгт 10 хоногийн 150,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн.” /хавтаст хэргийн 20, 23-24 дүгээр хуудас/,
гэрч С.Гийн “...2021 оны 02 дугаар сарын 04-ний орой Б, М хоёр хэрэлдээд Б, Мг үсдэж аваад Модон орны толгой хоёроос гурван удаа мөргүүлсэн. Тэгээд дээр нь дараад суусан. Б, Мг гаргахгүй байсан. М гарч бие засмаар байна гээд гараад алга болсон... Тухайн үедээ Б согтуу байсан.” /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
гэрч М.О-ын “...19.30 минутад Мөнхчулуун ах М над руу залгаад эхийг хүрээд ир, утас нь холбогдохгүй байна гэж хэлүүлсэн. Эх Эрдэнэтуяа, дүү Ариунхишиг хоёр Бын гэр рүү явсан. Би гэрт үлдсэн. ... 21 цагийн үед эх над руу залгаад М алга болчихлоо гэж хэлсэн. Тухайн айлын залуугаар хүргүүлээд Б ахынд очоод эрж хайсан. М, Б наад хүмүүсээ тараа би гэртээ очлоо гэж мессеж бичсэн байсан. Бид 23 цагийн үед гэр рүүгээ харьсан. Б руу залгаад М очсон уу гэж асуухад ирээгүй гэж хэлсэн. Буцаад хайгаад явж байгаад олдохгүй байсан. М илүү гэрт ямааны цаагуур ороод хэвтсэн байна. Би илүү гэр рүү ороод илүү гэрт байна гэж хэлээд Б бид хоёр М гэдэг хүнийг гэр рүү ор гэж хэлсэн. ...Тэгээд илүү гэрээс гарч зугтаах гэж оролдсон. Би барьж аваад гэр рүү өргөөд оруулсан. Э.Б 16 цагийн үед манайд ирэхэд халамцуу байсан. 23 цагийн үед эрүүл байсан.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 132 дугаартай М.М-гийн биед баруун чамархай, цох, хүзүү, цээж, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Э.Б нь хохирогч М.М-гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч Э.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.
Шүүгдэгч Э.Б, хохирогч М.М нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч тэд 2012 оноос хойш хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Э.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 150,000 төгрөг өгсөн, мөн хохирогчийн зүгээс “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн” гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Б-ыг үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон учраас хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. Гэмт хэрэг гарах болсон шалтгааны хувьд үл ойлголцол, гэр бүлийн жижиг асуудлаас болж маргалддаг байдал харагддаг. Залуу гэр бүлийн хувьд нөхөр нь хөдөө мал малладаг. Эхнэр нь төв дээр хүүхдүүдээ хардаг. Мөн тээврийн хэрэгсэл хэн хэнд нь хэрэг болдог учраас маргаан үүсдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байдал харагдаж байна. Э.Б-ын хувьд ам бүл 4, залуу малчин гэр бүл байгаа. Миний үйлчлүүлэгчид ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Хавар цаг мал төллөж, ноос ноолуурын цаг эхэлж байгаа. Хохирол төлбөр төлсөн, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Э.Б нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.
Шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс Э.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Э.Бад торгох ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан бөгөөд шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн болно.
Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч М.М-д 150,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Э-ийн Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч М.М-д 150,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ