Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 204

 

        Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, 311 дүгээр байрны 504 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62061813, Чоно овогт Дамбын Ринчинсамбуугийн,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

    Нэхэмжлэгч Д.Ринчинсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатаржав шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай. Би 1978 оны 8 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Барилга угсралтын трест Барилга материал үйлдвэрийн тоосгон заводын дугуй зууханд галчаар ажиллаж байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт орох болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхэд хандаж тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Барилга угсралтын трест Барилга материал үйлдвэрийн тоосгон заводын дугуй зууханд галчаар 1978 оны 8 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ц.Оюун, С.Цоггэрэл нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Д.Ринчинсамбуу нь 1978 оны 8 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материал үйлдвэрийн тоосгон заводын дугуй зууханд галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.           

      Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дамбын Ринчинсамбуугийн 1978 оны 8 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материал үйлдвэрийн тоосгон заводын дугуй зууханд галчаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Оюун, С.Цоггэрэл нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Оюуны “Миний бие нь 1982 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материал үйлдвэрийн тоосгон завод, Өгөөмөр ББХК-д тоосгочноор ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж эхлэхэд Д.Ринчинсамбуу нь галчаар ажиллаж байсан. Д.Ринчинасамбуу нь тус байгууллагад 1992 оныг дуустал галчаар ажилласан болно. Тухайн үед Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материал үйлдвэрийн тоосгон заводын даргаар Гэндэн, Дэлгэр гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Цоггэрэл “Миний бие нь 1977 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материал үйлдвэрт дугуй зуухны өрөгчөөр ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж байхад Д.Ринчинсамбуу нь 1978 оноос эхлэн галчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 оныг дуустал ажилласан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар шийдвэрийн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.            

      Нэхэмжлэгч Д.Ринчинсамбуу нь 1978 оны 8 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материал үйлдвэрийн тоосгон заводын дугуй зууханд галчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Оюун, С.Цоггэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

      Иймд нэхэмжлэгч Д.Ринчинсамбуугийн хүсэлтийг хангаж, түүний 1978 оны 8 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материал үйлдвэрийн тоосгон заводын дугуй зууханд галчаар 14 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

     Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чоно овогт Дамбын Ринчинсамбуугийн 1978 оны 8 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материал үйлдвэрийн тоосгон заводын дугуй зууханд галчаар 14 /арван дөрөв/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Д.Ринчинсамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ