| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/49 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Г.О, Э.О,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Г-н О, Т овгийн Э-н О нарт холбогдох эрүүгийн 2128000380029 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ...................,
Монгол Улсын иргэн, .......................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Г.О, Э.О нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар багт байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах угтах үйлчилгээний цонхон дээр иргэн Ш.Б-н мартаж орхисон Самсунг А51 маркийн утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч Д.Дд 300.000 төгрөгөөр худалдан борлуулж, тус бүр 150.000 төгрөг авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 02 дугаар сарын 01-ний өдөр цагаан дэвтэр бөглүүлэх ажилтай эмнэлэг орсон. Эмнэлэг их оочиртой байсан. Авсан утсаа эмнэлгийн ажилтны утас гэж эхлээд мэдээгүй. Дараа нь утсаа хайж байгааг нь хараад нэгэнт авчсан юм чинь өнгөрсөн гээд яваад өгсөн. Найз хүүхэндээ аваачиж энэ утсыг хэдээр авах вэ гэхэд 300.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгээд 300.000 төгрөгөөр зарсан гэв.
Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эмнэлгийн цонхны тавцан дээр утас байсан. Хүн ирж авахгүй байхаар нь авч цүнхэндээ хийчихээд байж байгаад урд эмнэлэг орж үзүүлчихээд буцаж ирэхэд Б гэдэг хүн утсаа хайгаад явж байгаа харагдсан. Тэгээд тэр утсыг Д гэх хүн дээр очиж 300.000 төгрөгөөр зарчихаад мөнгийг нь хувааж авсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажлын байран дээрээ 08 цаг 05 минутад ирж эмнэлгийн хүлээн авах угтах үйлчилгээний халуун хэмжих багажийг залгаж ажлаа хийх бэлтгэлийг хангасан юм. Энэ үед миний хармаанд байсан гар утас унах гээд байхаар нь би гар утсаа хүлээн авах заалны зэрэгцээ 2 цонхны баруун талын цонхны тавцангийн булан дээр тавьсан юм. Тэгээд байж байтал эмнэлгийн үүдэнд үйлчлүүлэгч нар ирж харуул хаалга нээж би өөрийн гар утсаа цонхны тавцан дээрээс авахаа мартаад үйлчлүүлэгч угтах үйлчилгээнд ажилласан. 09 цаг болж байх үед би өөрийн гар утсаа үгүйлж гар утсаа тавьж орхисон цонхны тавцан дээр очиж үзтэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд би техникийн мэргэжилтний өрөөнд орж камер шүүж үзэхэд миний гар утсыг улаан ороолттой хар хөх өнгийн куртиктэй эмэгтэй хүн аваад явж байгаа бичлэг камерын бичлэгт бичигдсэн байсан. Би өөрийн гар утас руугаа залгаж үзэхэд миний утас холбогдож дуудаж байсан. Нэг цаг гаруйн дараа миний утас холбогдохоо больсон. Би яахаа мэдэхээ больж цагдаагийн байгууллагад хандсан юм... Би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Мобиком салбараас 940.000 төгрөгөөр худалдаж авсан А51 маркийн улаан өнгийн нээдэг гэртэй, хар өнгийн корпустай гар утас байсан. Эвдэрсэн гэмтсэн хагарсан зүйлгүй шинээрээ шахуу гар утас байсан... Анх намайг эмнэлгийн хүлээн авах зааланд ирж техник хэрэгсэл болон бусад зүйлсээ янзалж байхад хүлээн авах зааланд харуулаас өөр хүн байгаагүй. Намайг тоног төхөөрөмж залгаж сууж бөхийж байхад миний хармаанд байсан гар утас унах гээд байхаар нь би гар утсаа хүлээн авах заалны цонхны тавцан дээр тавьсан байсан юм. Тэгээд байж байтал харуул хаалга нээж үйлчлүүлэгч нарыг оруулахад би угтах үйлчилгээний ажлаа хийгээд гар утсаа авахаа мартсан байсан гэжээ. /хх-21-22/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б мэдүүлэхдээ: Би яг өөрийн гар утсаа бол олж авч чадаагүй миний гар утас цаашаа зарагдсан гэсэн би миний гар утсыг авсан хүнээс гар утасны хохирол болох 1.000.000 /нэг сая төгрөг/-ийг дансаар шилжүүлэн авч одоо ямар нэгэн хохиролгүй болсон гэжээ. /хх-24/,
Гэрч Д.Д мэдүүлэхдээ: Би Даланзадгад сумын төвд “Дээж” гэсэн нэртэй хоолны газар ажиллуулдаг юм. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд байсан санагдаж байна намайг “Дээж” гэсэн нэртэй хоолны газрын дээд давхарт байх гэртээ байж байхад манай найз О 88152993 дугаарын өөрийнхөө утаснаас над руу залгаж гар утас үзүүлэх гэсэн юм гэж намайг дуудсан. Тэгээд би гарч очиход О өөрийн нөхрийн дүү Отай хамт явж байсан. Тэгээд манай Дээж хоолны газарт орж О надад 1 ширхэг гар утас үзүүлсэн. Би хоолны газартаа жижигхэн лангуу нээгээд гар утасны худалдаа эхлүүлэх гэж байгаа юм. Намайг гар утасны худалдаа хийх гэж байгааг манай найз О мэддэг болохоор надад гар утас зарахаар ирсэн байсан. О-н надад үзүүлсэн гар утас нь хар хөх өнгийн А51 маркийн гар утас байсан. О надад хэлэхдээ манай энэ О дүүгийн нөхрийнх нь гар утас байгаа юм мөнгөний хэрэг болоод яаралтай зарах гэсэн юм гэж надад хэлсэн. Би уг гар утсыг нь үзээд 300.000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн. О болно 300.000 төгрөгөөр заръя гэж хэлсэн. Тэгээд би О-н дүү О-н ХААН банкны данс руу нь 300.000 төгрөг шилжүүлж уг гар утсыг худалдаж авсан санагдаж байна. Дараа нь би уг гар утсыг өөрийн “Дээж” хоолны газрын дотор байх лангуун дээр хүүхдийнхээ ломбарднаас гарсан бусад гар утастай хамт тавьсан. Цагаан сараас өмнөхөн яг өдөр хоногийг нь хэлж мэдэхгүй байна танихгүй нэг эрэгтэй хүн бэлэн мөнгөөр 480.000 төгрөгөөр уг гар утсыг надаас худалдаж авсан. Тэр хүн надаас гар утас худалдаж авахдаа бэлэн мөнгө өгч авсан. Өөр надад мэдэх зүйл алга. Би О-н дүүгийн нөхрийн гар утас гэж л ойлгосон. О, О надад гар утас зарахдаа уг гар утсыг хууль бусаар олж авсан гар утас гэж хэлж тайлбарлаагүй. Хэрэв хууль бусаар олж авсан гар утас гэж надад хэлсэн бол би уг гар утсыг худалдаж авахгүй байсан гэжээ. /хх-32-33/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-10/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/,
Видео дүрс бичлэгт үзлэг хийж, хүлээн авсан тэмдэглэл /хх-15/,
Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 865 дугаартай үнэлгээний дүгнэлтэд “Самсунг А51 маркийн гар утас 700.000 төгрөг” гэжээ. /хх-35/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-58/,
Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-59/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60-61/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-63/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/,
Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-65/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-66/,
Гэрээний хувь /хх-68-69/,
Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-71-88/,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.О, Э.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.О, Э.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Г.О, Э.О нарын мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй.
Шүүгдэгч Г.О, Э.О нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар багт байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах угтах үйлчилгээний цонхон дээр иргэн Ш.Б-н мартаж орхисон Самсунг А51 маркийн утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч Д.Дд 300.000 төгрөгөөр худалдан борлуулж тус бүр 150.000 төгрөг авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-н мэдүүлэг /хх-21-22,24/, гэрч Д.Дгийн мэдүүлэг /хх-32-33/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/, видео дүрс бичлэгт үзлэг хийж, хүлээн авсан тэмдэглэл /хх-15/, дүрс бичлэг бүхий СД зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.О, Э.О нар Самсунг А51 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж иргэн Д.Дд 300.000 төгрөгөөр худалдаж тус бүр 150.000 мянган төгрөгийн ашиг олсон болох нь гэрч Д.Дгийн мэдүүлэг /хх-32-34/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-77,72/, шүүгдэгч нарын тайлбар мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.О, Э.О нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-н өмчлөл, эзэмшлийн гар утсыг завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.
Мөн хуулийн 116.2-т Энэ хуулийн 116.1-д заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.
Мөн хуулийн 116.6-д Олон нийтийн газар, албан тасалгаа, нийтийн тээврийн хэрэгслээс гээгдэл эд хөрөнгө олсон этгээд түүнийг тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгнө гэж тус тус Иргэний хуульд заасан.
Шүүгдэгч Г.О, Э.О нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-н эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсыг олсон даруйдаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захиргаанд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх эсхүл орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байхад дээрх үүргийг хэрэгжүүлэлгүй худалдан борлуулсан байх тул завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж Эрүүгийн хуульд тодорхойлсон.
Шүүгдэгч Г.О, Э.О нар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах угтах үйлчилгээний цонхон дээр мартаж орхисон хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-н эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсыг эзэн нь ирж авахгүй байгааг ажиглаж, уг гар утсыг авах гэсэн санаа зорилго, үйлдлээр нэгдэж гар утсыг авч, худалдсан байх тул бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Шүүгдэгч Г.О, Э.О нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-н эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж цүнхэндээ авч яван захиран зарцуулсан байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Г.О, Э.О нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт 1.000.000 төгрөг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Г.О, Э.О нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор тодорхойлсон.
Шүүгдэгч шүүгдэгч Г.О, Э.О нарын бусдад учруулсан 700.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарахаар байна.
Шүүгдэгч Г.О нь ..................,
Шүүгдэгч Э.О нь ..........................болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-58/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-59/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60-61/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-63/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-65/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-66/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-71-88/ зэргээр тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Г.О, Э.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Г.О, Э.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч нар улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заажээ.
Иймд шүүх шүүгдэгч Г.О, Э.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Э.О нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.О, Э.О нарын үйлдэлд ялыг ялгамжтай оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн.
Шүүгдэгч Г.О, Э.О нар нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулах ба шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-д 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 865 дугаартай үнэлгээний “Самсунг А51 маркийн гар утас 700.000 төгрөг” гэх дүгнэлтээр /хх-35/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.О, Э.О нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-д хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-н “...Би яг өөрийн гар утсаа бол олж авч чадаагүй миний гар утас цаашаа зарагдсан гэсэн би миний гар утсыг авсан хүнээс гар утасны хохиролд 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй, хохиролгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-24/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.О, Э.О нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1.000.000 төгрөгөөр төлж барагдуулсан боловч илүү төлсөн 300.000 төгрөгийг нэхэмжлэхгүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.О, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн дүрс бичлэг хуулбарласан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О, Э.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.О, Э.О нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Г-н О, Т овгийн Э-н О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Од 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.О, Э.О нар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Э.О нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.О, Э.О нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-д хохирол төлбөрт 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.О, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт хавсаргаж, нотлох баримтаар ирүүлсэн дүрс бичлэг хуулбарласан СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О, Э.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.О, Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ