Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Т.О,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Т-н О-д холбогдох 2128000630038 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ......................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар баг Ногоочдын 1а-5 тоотод салсан эхнэр Н.Д-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Хохирогч Н.Д мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 02-ны орой 19 цагт хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас нь аваад гэртээ ирсэн чинь манай салсан нөхөр О манайд согтуу ирсэн байхаар нь хүүхдүүдтэйгээ уулзах гэж ирсэн байх гэж бодоод нээх юм ярихгүй байсан. О надтай хэрүүл маргаан хийх гээд хүүхдийн гар түлсэн байна, хүүхэд асрахгүй байна, гэртээ очооч гээд байхаар нь би юм хариулахгүй том хүү Энхмэндийн хичээлийг хийлгэнгээ хоолоо хийж байсан чинь О манай хүү хичээл хийх нас нь болоогүй байхад сургуульд суулгаж хүүхэд тамлалаа гээд хэрүүл өдөөд байсан. Би хоолоо хийж дуусаад хоолоо идчихээд орой 22 цагийн үед унтах гэж байхад О-г хэрүүл өдөөд байхаар нь одоо яв гэж хэлсэн чинь О уурлаад би чамайг эвээр гуйгаад байхад гэртээ ирсэнгүй чи өөр хүнтэй болсон юм байна гэж хэлээд гарнаас зуураад байхаар нь би гараа мулталж аваад гэрээсээ гүйж гараад гар утсаа авах гэж буцаж гэртээ орсон чинь О надад чи бид 2 сална гэж байхгүй хэн нэг нь үхэж байж сална гээд гэрийн зүүн талд байсан хоолны шкабнаас хутга аваад над руу далайсан чинь манай дүү Баярмаа бид 2-ын голоор ороод О-гээс хутгыг нь аваад газар шидээд та боль хэл амаараа учраа олж болдоггүй юм уу, бие биеэ алахад хүрлээ гэж хэлэх хооронд нь би дүүгийнхээ гар утсаар цагдаа руу залгасан чинь О миний үснээс зулгаагаад арагш нь ширээ мөргүүлээд газар унагасан дараа нь босгож ирээд газар мөргүүлээд хажуудаа байсан сандлыг бас мөргүүлсэн. О нэг хөлөө тайруулсан байсан болохоор суга таягтай байдаг тэгээд намайг суга таягаа мөргүүлээд байсан чинь манай дүү Баярмаа бид 2-ын голоор орж салгасан. О-гээс салаад холдоод сууж байсан чинь Б-н гар утас руу цагдаагаас залгаад хаягаа хэлээрэй гэхээр нь Баярмаа хаягаа хэлээд утсаа тасалсан гэсэн О-д цагдаа залгасан гэж мэдэгдээгүй хаягаа хэлээд утсаа салгасан гэсэн. Хэрвээ цагдаа ирж байгааг О мэдвэл зугтчих байх гэж бодоод хэлээгүй гэсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд О-г аваад явсан... 2020 оны 09-р сард О-гээс салаад тусдаа гэр авч хүүхдүүдтэйгээ хамт амьдрах болсон. Тэрнээс хойш О манай гэрт ирэхгүй байж байгаад 2021 оны 03-р сарын 02-ны өдөр ирж хэрүүл маргаан хийж намайг зодсон гэжээ. /хх-19-20/,

Гэрч Н.Б-н мэдүүлэгт: 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед намайг гэртээ эгч Д-гийн 4 настай Энхболд, 2 настай Энхбаяр, манай охин 7 сартай Эрдэнэчимэг нарын хамт байхад гаднаас манай эгчийн салсан нөхөр болох О дүү Батаа гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна хүнээр согтуу хүргүүлж ирсэн. Тэгээд гэрт ирээд 2 хүүхэдтэйгээ зууралдаж байгаад орой 19 цагийн үед эгч Д манай том хүү 5 настай Эрдэнэбаярыг цэцэрлэгээс нь аваад өөрийн том хүү 6 настай Энхмэндийг сургуулиас нь аваад гэртээ ирээд О-гээс чи яагаад согтуу ирсэн юм бэ гэж хэлээд хоолоо хийсэн. Тэгээд эгч Д-г хоолоо хийж байхад О үгээр өдөөд байсан чинь Д эгч юм хэлээгүй хоолоо хийж дуусаад хоолоо аягалж идсэний дараа О том Энхмэндийг ээж Д-гийн гар утсыг аваад ир гэж хэлсэн чинь Д эгч миний утас цэнэггүй унтарчихсан яах гээд байгаа юм гэж хэлсэн чинь чи хүнтэй яриад байна гээд хардаад гар утсыг нь аваад гар утас нь унтарсан байсан чинь О халаасандаа хийчихсэн. Тэгээд манай эгч Д-г О хардаад байхад нь манай эгч Д юм хэлэхгүй чи Баярмаа нялх хүүхэдтэй байхад битгий шөнө орой ирээд хэрүүл хийх гээд бай гээд өөр зүйл хэлээгүй. Тэгсэн чинь О Д эгчийг бага хүү Энхбаярын гарыг түлсэн байна гээд хэрүүл өдөөд байхаар нь чи согтуу намайг зодож нүдэх гэж ирлээ гэж хэлсэн чинь О би чамайг сонсоод байгаа шүү пизда минь чи хүнтэй явалдаад байгаа гэсэн гээд уурлаад босч ирэхээр нь би хэрүүлээ боль одоо унтаж амаръя гэж хэлээд орон дээр хүүхдээ аваад буруу хараад хэвтсэн чинь Д эгч ороо засаж байхад нь О Д эгчийн хөлнөөс нь зуураад байх шиг байсан. Би буруу хараад хэвтэж байсан болохоор харж чадаагүй. Тэгээд орой 22 цагийн үед байх Д эгч О-г яая хөл тавь гээд хэлсэн чинь О уурлаад шкабанд байсан хутга аваад Д эгчийг ална гээд эгээ рүү дайраад байхаар нь би нэг гартаа хүүхдээ тэврээд боль гэж голоор нь ороод О-гээс хутгыг нь булаацалдсан чинь О хутгаа гэрийн үүд рүү шидсэн. Тэгээд Д эгч гэрийн хойд талд зогсоод О гэрийн үүдэнд зогсохоор нь би та 2 эв зүйгээр учраа ол О та зодох гэж ирсэн юм уу гэж асуусан чинь би эв зүйгээ олох гэж ирсэн юм гэж хэлэхээр нь Д эгч цагдаа дууд наадах чинь одоо унтуулж хэвтүүлэхгүй гэж хэлсэн чинь О “чи цагдаа дуудах гэлээ” гэж хэлээд ахиад үүдэнд байсан хутга бариад Д эгч рүү дайрахаар нь би голоор нь ороод хутгыг нь булааж аваад шкабны араар хийх гээд явсан чинь О Д эгчийг бариад үснээс нь зулгаагаад модон сандал мөргүүлээд, ширээ мөргүүлээд газар хэвтүүлээд дараа нь өөрийнхөө таягийг мөргүүлсэн. Тэгээд би О дээр очоод тэр 2-ыг салгасан чинь миний гар утас дуугараад байсан. Тэгээд утсаа аваад ярьсан чинь цагдаагаас ярьж байна хаягаа хэл сая энэ утаснаас дуудлага ирсэн ярьж чадалгүй тасарчихлаа гэхээр нь би гэрээс гараад цагдаад хаягаа хэлсэн. Өмнө нь О-г цагдаад өгсөн чинь цагдаа нарыг ирэхээс өмнө мэдээд хашаа даваад зугтааж байсан болохоор мэдэгдэхгүй байж байгаад дуудлага өгсөн. Манай эгч Д миний утсаар цагдаад дуудлага өгөх гээд залгахад нь О үснээс нь зулгаагаад сандал мөргүүлээд ярьж чадалгүй гар утсаа тасалсан юм байна лээ. Тэгээд цагдаа нар удалгүй ирээд цагдаа руу аваад явсан. /хх-22-23/,

2021 оны 03 дугаар  сарын 05-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Д-гийн биед доод уруулд шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. Н.Д-гийн биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Д-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-28-29/,

Аюулын өндөр зэргийн үнэлгээний хуулбар /хх-12-13/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-37/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр арван жилийн сургуулийн архивын лавлагаа /хх-38/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-39/,

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-43-47/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл мэдээлэл /хх-50/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Т.О миний бие Н.Д-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-54/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоол /хх-55/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-56-57/,

Прокурорын санал /хх-58/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.О-н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.О-н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай прокурорын тогтоол /хх-55/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Т.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар баг Ногоочдын 1а-5 тоотод салсан эхнэр Н.Д-г үснээс нь зулгааж, ширээ, сандал, суга таяг зэргийг  мөргүүлж элэгдэн газарт унаган зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Д-гийн мэдүүлэг /хх-19-20/, гэрч Н.Б-н мэдүүлэг /хх-22-23/, 2021 оны 03 дугаар  сарын 05-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн: Н.Д-гийн биед доод уруулд шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. Н.Д-гийн биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Д-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-28-29/, Аюулын зэргийн үнэлгээний хуулбар /хх-12-13/, шүүгдэгч Т.О-н үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хамтран амьдрагч гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Т.О нь хохирогч Н.Дтай 2013 оноос хойш хамтран амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй болох нь хавтаст хэргийн 19-20 дугаар талд авагдсан хохирогч Н.Д-гийн мэдүүлэг, хавтаст хэргийн 22-23 дугаар талд авагдсан гэрч Н.Б-н мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул хамтран амьдрагч гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч Т.О нь хүүхэд сайн харсангүй, хайнга хандлаа, хүүхдийн гар түлсэн байна гэх асуудал болон бусадтай хардан хохирогч Н.Дтай маргалдаж улмаар хохирогч Н.Д-гийн үснээс нь зулгааж газар унаган ширээ, газар, сандал, суга таяг зэргийг мөргүүлэн, элэгдэж бие эрх чөлөөнд нь халдаж хохирогч Н.Д-гийн эрүүл мэндэд доод уруулд шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байх тул бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Т.О-н үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “ Т.О миний бие Н.Д-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-54/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Т.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв. 

Шүүгдэгч Т.О нь прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Д шүүгдэгч Т.О-гээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Т.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Т.О нь хохирогч Н.Д-гийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Т.О нь хувийн байдлын хувьд ............................ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.О-н үйлдэлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.О-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Т.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.О нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Т.О торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.О нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь

хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Т-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.О 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч Н.Д нь шүүгдэгч Т.О-гээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Т.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ