Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 213

 

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОИ87062413, Тайчууд овогт Загиржавын Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д холбогдох,

         Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 698.970 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч З.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Увс Цахилгаан түгээх ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 24-нд шугам сүлжээний монтёроор анх ажилд орсон. Ажилд орсон цагаасаа ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байсан учир сахилгын ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр захирал Эрдэнэбаатар намайг өрөөндөө дуудаж оруулаад ажлаас халсан тушаал өгсөн юм. Халагдсан тушаал дээрээ “өөрийнхөө гэрийн тогийг задгайгаар дур мэдэн хэрэглэн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн” гэж буруутган ажлаас халлаа. 2016 оны 7 дугаар сараас Өлгий суманд цахилгааны шинэчлэл хийгдсэн. Энэ шинэчлэлээр сумын бүх айлуудын цахилгааны тоолуур гэр гэртээ байсныг гадаа хайрцагт оруулж багцалсан. Гэтэл энэ шинэчлэлтийг хийсэн компани нь зарим айл өрхүүдийн тоолуурыг хайрцганд оруулалгүй дутуу хаяж явсан учраас үлдсэн айлуудын бүх тоолуурыг хайрцганд оруулах ажлыг би ганцаараа хийж гүйцэтгэсэн. Энэ ажил 11 дүгээр сарын дундуур дууссан юм. Би өөрийнхөө гэрийн тоолуурыг 11 дүгээр сарын 12-нд хайрцганд оруулсан. Гэтэл тоолуурыг гэрээс гаргаж гадна хайрцганд оруулаагүй байсан үеийн зургийг дарж хулгайн тог хэрэглэж байсан мэтээр намайг буруутгаж тэр зургийг үндэслэн намайг ажлаас халсанд гомдолтой байна. Манайх сар бүр хэрэглэсэн тогны мөнгөө тоолуурынхаа заалтын дагуу төлж байсан. 2015-2016 оны хооронд цахилгааны төлбөрт нийт 271000 төгрөг төлсөн. Иймд намайг үндэслэлгүйгээр зөрчил гаргасанд тооцож ажлаас халсан тушаал гаргасан тул тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 698.970 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д даалгаж өгнө үү” гэв. 

    Хариуцагч Ц.Эрдэнэбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн З.Лхагвасүрэн нь ямар ч зөрчил дутагдалгүй ажиллаж байсан гэж байна. З.Лхагвасүрэн Өлгий сумын монтёроор ажиллаж байхдаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж өөрийн гэрийн хэрэглэж байгаа цахилгааныг дур мэдэн тоолуургүй, хулгайгаар авч хэрэглэж байсан бөгөөд мөн дэлгүүрээс бараа материал /архи/ зээлээр авч оронд нь тухайн айлын цахилгааныг нь хулгайгаар хэрэглүүлэх, айлаас шинэ тоолуурын мөнгө авч яваад оронд нь баталгаагүй хуучин тоолуур өгөх, намын үзэл бодлоор ялгаварлаж айлын цахилгааныг хязгаарлах зэрэг ажил үүргийн хуваарьт тохирохгүй ноцтой зөрчлүүдийг санаатайгаар гаргаж байсан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-р заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.1.6, 5.1.7-р заалтыг зөрчсөн үйлдэл болно. 2016 онд Өлгий суманд улсын төсвөөр хийгдсэн 0,4 кв-ын шугам сүлжээний шинэчлэлийн ажлын дутууг гүйцээж хийсэн мэтээр худал зүйл ярьж байна. Шинэчлэлийн ажлыг З.Лхагвасүрэн гүйцэтгэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Харин гүйцэтгэлийн ажлын чанар байдалд байнга хяналт тавьж ажиллах эрх бүхий манай компанийн ажилтан юм. Энэ үүргээ үл хайхран гадны компанийн ажилд хүч зүтгэсэн гэдгээ өөрөө батлан бичиж байгаа нь мөн л Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-р заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.1.6-р заалтыг санаатайгаар зөрчсөн болох нь батлагдаж байна. Мөн ажил гүйцэтгэж байгаа компани өөрсдийн хөрөнгө, хүн хүчээр ажлаа бүрэн дуусгаж Өлгий сумын захиргаанд хүлээлгэн өгсөн. Мөн 2015-2016 онд хэрэглэсэн цахилгааны төлбөр 271.000 төгрөг төлсөн гэжээ. Гэтэл төлбөр төлсөн баримт нь манайд байхгүй байна. Иргэн З.Лхагвасүрэнгийн дээрхи үйлдлүүдээс харахад дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, цалин хөлс авч амьдарч байгаа албан байгууллагаа үл тоомсорлосон ёс суртахуунгүй зан гаргаж байгаа нь цаашид бидэнтэй нэг хамт олон болж явах боломжгүй гэж үзэж байна. Иймд иргэн З.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч З.Лхагвасүрэн нь хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д холбогдуулан Өлгий сумын шугам сүлжээний монтёрын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 698.970 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д даалгах тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

      Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “З.Лхагвасүрэн нь хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.1.6, 5.1.7 дах заатуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн” гэж маргаж байна.

      Нэхэмжлэгч З.Лхагвасүрэн нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн Өлгий сумын шугам сүлжээний монтёроор ажиллаж байсан бөгөөд тус компанийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 129 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар түүнийг шугам сүлжээний монтёрын ажлаас чөлөөлжээ.

        Хариуцагч “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.1.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн гаргажээ.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “...Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байна.

     Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д “Албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын эд хөрөнгө мөнгийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч хувийн зорилгод ашигласан бол”, 5.1.9-д “Зөвшөөрөлгүйгээр хэрэглэгчдийг дур мэдэн цахилгаан эрчим хүчээр хангасан тохиолдолд” хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, цуцлахаар талууд тохиролцжээ.

         Хөдөлмөрийн гэрээний 5.1.9 дэх заалтыг талууд тохиролцож өөрчилсөн талаар  зохигчид маргаагүй болно.

       Хариуцагч нь Өлгий сумын иргэнээс ирсэн гомдол, гэрэл зургийг үндэслэн Захиргааны зөвлөлийн хурал хийж уг хурлаар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Өлгий сумын шугам сүлжээний монтёр З.Лхагвасүрэнг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

       Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл байхыг ойлгоно.

        Гэтэл ажил олгогч байгууллага нь ажилтан З.Лхагвасүрэнг хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчил гаргасан гэдгийг тогтоохгүйгээр иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

          Түүнчлэн Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 129 дүгээр тушаалд дурдсан “өөрийн албан тушаалаа урвуулсан ашиглан дур мэдэн өөрийн цахилгаан эрчим хүчийг задгайгаар хэрэглэсэн” гэх зөрчлийг Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.1.9 дэх заалтуудад нэрлэн заагаагүй байна.

        Мөн хариуцагчаас татгалзлийн үндэслэлээ нотлох зорилгоор ирүүлсэн 2 ширхэг гэрэл зургийг хэн, хэзээ, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус, зохигчдоос ирүүлсэн О.Бямбасамбуу, К.Содбаяр, Т.Бат-Орших, Б.Дэмчигжав, Н.Бадарч, М.Даваадорж, П.Очирбат нарын тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

      Нэхэмжлэгч З.Лхагвасүрэн нь сарын 335.585 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь зохигчдын  тайлбар болон Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаар албан бичиг, хөдөлмөрийн гэрээнд бичигдсэн байдлаар тогтоогдож байна.

      З.Лхагвасүрэнгийн сарын үндсэн цалин 335.585 төгрөг, нэг өдрийн цалинг тооцож үзэхэд 15.608 төгрөг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 13-наас 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 698.970 төгрөгийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч З.Лхагвасүрэнд олгох нь зүйтэй байна.

     Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч З.Лхагвасүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 13-наас 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д даалгаж шийдвэрлэв.

       Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Лхагвасүрэнг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн Өлгий сумын шугам сүлжээний монтёрын ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 13-наас 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 698.970 төгрөгийг хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д даалгах нь үндэслэлтэй гэж үзлээ.

    Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 698.970 төгрөг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжид 21.326 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 21.326 төгрөгийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч З.Лхагвасүрэнд олгож шийдвэрлэв.           

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тайчууд овогт Загиржавын Лхагвасүрэнг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн Өлгий сумын шугам сүлжээний монтёрын ажилд эгүүлэн тогтоосугай.

      2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн   “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 13-наас 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 698.970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Лхагвасүрэнд олгосугай.

       3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар нэхэмжлэгч З.Лхагвасүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 13-наас 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д   даалгасугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.326 /хорин нэгэн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас 21.326 /хорин нэгэн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Лхагвасүрэнд олгосугай.     

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ