Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/51

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Б-н Э-д холбогдох эрүүгийн 2128000000023 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, .............................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талд баригдаж байгаа 2 давхар барилга дотор Э.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, түүний эрүүл мэндэд баруун нүдний доод зовхи, зүүн нүдний угт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 02 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талд баригдаж байгаа 2 давхар барилга дотор Э.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, биед тархи доргилт, зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, толгой нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 талын мөр, бугалга, шуу, баруун гарын 1, 2, 3 дугаар хуруу, зүүн сарвуунд зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талд баригдаж байгаа 2 давхар барилга дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.С-г 2021 оны 01 дүгээр сарын 20, 2021 оны 02 дугаар сарын 13, 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр архи уусан байсан учраас хоорондоо маргалдаж хамтран амьдрагч Э.С-г зодсон нь үнэн. Гэр бүлийн асуудлаас болж бээлийтэй гараараа нүүр рүү цохисон, хөл рүү нь өшиглөсөн. 2021 оны 02 дугаар сарын 13, 14-ний өдөр архи уусан үедээ мөн утасны хэрүүлээс болж хэрэлдэж өшиглөж, нүү рүү нь цохиж, үснээс нь зулгааж зодсон нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Э.С-н мэдүүлэгт: “...Би 2021 оны 02 дугаар сарын 13-ны өглөө хамтран амьдрагч Э бид хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад би нэлээн согтоод тасарчихсан. Тэгээд нэг ухаан орсон чинь Э миний нүүр болон цээж, хөл, өгзөг рүү өшиглөөд намайг зодоод байхаар нь хайраа намайг битгий зодоод байлдаа өвдөөд байна гээд би хэлсэн чи өөрийнхөө амнаас болж зодуулдаг биздээ гэхээр нь би юу гэж хэлсэн юм бэ гэсэн чинь чи амнаасаа болж надад зодуулж байгаагаа мэдэж байна уу гэсэн би юу гэж хэлснээ мэдэхгүй байна. Бодоод байхад би амнаасаа болж зодуулдаг юм шиг байгаа юм. Тэгээд би уучлалт гуйгаад битгий намайг зодолдоо гэсэн чинь нэг юм зодохоо болиод унтацгаасан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна өдөр л болж байсан. Орой харанхуй болчихсон байхад сэрээд нүүрээ харсан чинь миний нүд болон нүүр хөхөрч хавдаад аймар болчихсон байсан. Тэгээд Э бид хоёр орой нь 0.5 литрийн хараа нэртэй архи уугаад унтацгаасан. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э өглөө босоод өнгөрсөн орой уугаад бараагүй үлдсэн архиа уусан. Тухайн үед би архи уугаагүй учир нь өөрийнхөө царайг хархаар Э-д гомдоод байсан. Тэгээд өдөржингөө Э бид хоёр үл ялих зүйлээс болж хэрэлдэж маргалдаж байгаад үдээс хойш оройхон унтаад шөнө сэрцгээсэн. Тэгээд би Э руу би хүүхдээ Дундговь аймгаас дуудчихсан байгаа би одоо ийм царайтай яаж хүүгээ харах юм бэ гээд уурласан. Бид хоёр нэлээд ширүүн маргалдсан чинь Э миний толгой руу гараараа цохиод намайг үсдэж чирч байгаад миний зүүн нүд рүү өшиглөөд хөл гар руу хөлөөрөө баахан дэвсээд өшиглөөд байхаар нь би чинь эмэгтэй хүн шүү дээ битгий намайг зодоод байлдаа гэсэн чинь чи амнаасаа болж зодуулдагаа мэдэж байна уу гээд дахиад баахан хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд зодохоо болиод Э гар утсаараа юм үзээд байж байсан. Тухайн үед би шөнөжин хүүгийнхээ царайг яаж харах уу одоо яах уу энд үхэх юм байна гэж нэлээн бодоод үүрээр би жоохон зайтай байж байгаад цагдаа дуудсан чинь Э хэнтэй яриад байгаа юм гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн гэсэн чинь Э өөдөөс нэг их юм хэлээгүй хэрэлдээгүй. Удалгүй цагдаа нар ирээд Э-г авч яваад намайг түргэн ирж авсан... 2021 оны 01 сард болон 2021 оны 02 сарын 13-ны өдрүүдэд юунаас болж зодуулснаа бол санахгүй байна. Гэхдээ зодуулж байснаа бол санаж байгаа. Бодвол би архи уухаараа нэлээн муухай ааш гаргасан байх. Харин 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би хүүгээ ийм царайтай яаж харах юм гээд нэлээн хашиграад уурласан чинь намайг зодсон... Э бид хоёр хамтран амьдраад 7 сар болж байна. Бид хоёрын дундаас хүүхэд гараагүй...” гэжээ. /хх-13-14/,

Хохирогч Э.С-н мэдүүлэгт: “...Манай хамтран амьдрагч Э бид хоёр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн үед ажлаа хийж байхдаа би дэлгүүр яваад Хараа нэртэй 0.75 литрийн архи авч ирж Э ганцаараа уусан. Бид 2 хамт барилгын засал чимэглэлийн ажил хийж байгаад 19 цаг өнгөрөөгөөд ажлаасаа буугаад барилга дотроо байхдаа Э бид 2 хуучин эхнэрээс нь болж маргалдаад сүүлдээ Э миний нүүр рүү гараараа 4-5 удаа гараа зангидаж байгаад цохисон. Бас миний зүүн талын гуя руу хөлөөрөө өшиглөсөн. Би эрүүл байсан болохоор согтуу нөхөр Э-с уучлалт гуйгаад миний буруу гэж хэлээд тайвшруулаад унтуулсан. Тухайн үед Э бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд энэ зодуулснаас хойш Э надаас уучлалт гуйгаад их гайгүй байдаг байсан. Угаасаа ч ажил ихтэй байсан болохоор архи ч уух завгүй байж байгаад Цагаан сарын үеэр буюу 2021 оны 02 дугаар сарын 13-ны өглөө цагаан сарыг далимдуулаад дэлгүүр орж цагаан сарын хоол хүнсээ бэлдэхдээ нэрийг нь мэдэхгүй захын дэлгүүрээс 2 шил Хараа нэртэй 0,75 литрийн архи худалдаж авсан. Тэгээд үдээс хойш Э бид хоёр 0.75 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад би нэлээн согтоод тасарчихсан. Тэгээд нэг ухаан орсон чинь Э миний нүүр болон цээж, хөл, өгзөг рүү өшиглөөд намайг зодоод байхаар нь хайраа намайг битгий зодоод байлдаа өвдөөд байна гээд би хэлсэн. Тэгтэл чи өөрийнхөө амнаас болж зодуулдаг биздээ гэхээр нь би юу гэж хэлсэн юм бэ гэсэн чинь чи амнаасаа болж надад зодуулж байгаагаа мэдэж байна уу гэсэн би юу гэж хэлснээ мэдэхгүй байна. Бодвол би амнаасаа болж зодуулдаг юм шиг байгаа юм. Тэгээд би уучлалт гуйгаад битгий намайг зодолдоо гэсэн чинь нэг юм зодохоо болиод унтацгаасан тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Өдөр л болж байсан. Тэгээд орой харанхуй болчихсон байхад сэрээд нүүрээ харсан чинь миний нүд болон нүүр хөхөрч хавдаад аймар болчихсон байсан. Тэгээд Э бид хоёр орой нь 0.5 литрийн хараа нэртэй архи уугаад унтацгаасан. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э өглөө босоод өнгөрсөн орой уугаад бараагүй үлдсэн архиа уусан. Тухайн үед би архи уугаагүй учир нь өөрийнхөө царайг хархаар Э-д гомдоод байсан. Тэгээд өдөржингөө Э бид хоёр үл ялих зүйлээс болж хэрэлдэж маргалдаж байгаад үдээс хойш оройхон унтаад шөнө сэрцгээсэн. Тэгээд би Э руу би хүүхдээ Дундговь аймгаас дуудчихсан байгаа би одоо ийм царайтай яаж хүүгээ харах юм бэ гээд уурласан. Бид хоёр нэлээд ширүүн маргалдсан чинь Э миний толгой руу гараараа цохиод намайг үсдэж чирч байгаад миний зүүн нүд рүү өшиглөөд хөл гар руу хөлөөрөө баахан дэвсээд өшиглөөд байхаар нь би чинь эмэгтэй хүн шүү дээ битгий намайг зодоод байлдаа гэсэн чинь чи амнаасаа болж зодуулдагаа мэдэж байна уу гээд дахиад баахан хөлөөрөө өшиглөөд байсан...” гэжээ. /хх-15-16/,

 Гэрч Р.Т-н мэдүүлэгт: “...2021 оны 01 сарын сүүлээр Э С-г зодсон байхаар нь би цагдаад дуудлага өгч байсан...” гэжээ. /хх-20/,

Хохирогч Э.С-н мэдүүлэгт: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн үед манай нөхөр Э ажлаа хийж байхдаа дэлгүүр яваад Хараа нэртэй 0.75 граммын архи авч ирээд ганцаараа уугаад бид 2 хамт барилгын засал чимэглэлийн ажил хийж байгаад 19 цаг өнгөрөөгөөд ажлаасаа буугаад барилга дотроо байхдаа Э бид 2 хуучин эхнэрээс нь болж маргалдаад сүүлдээ Э миний нүүр рүү гараараа 4-5 удаа гараа зангидаж байгаад цохисон. Бас миний зүүн талын гуя руу хөлөөрөө өшиглөсөн. Би эрүүл байсан болохоор согтуу нөхөр Э-с уучлалт гуйгаад миний буруу гэж хэлээд тайвшруулаад унтуулсан. Маргааш өглөө нь Т эмчийн нөхөр Б ах ирээд бид 3 урьд нь барилгын ажил дээр хамт ажиллаж байсан Баатар гэж хүний байшинг засаж өгнө гэж хэлсэн байсан болохоор тийшээ хамт явсан Баатарынд очиж засах байшингаа үзчихээд Баатарын хашаан дотор Б ахын машинд архи уусан. Б ахын авсан архи нь Хараа нэртэй 0.75 граммын архи байсан. Тэгээд Э Б ах бид 3 хувааж уусан. Баатар гэртээ байсан болохоор архи уугаагүй. Тэгээд бид 3 архиа ууж дуусаад өдөр барилга дээр ирээд Б ах, Э бид 3 юм яриад сууж байсан чинь Р.Т эгч ажлын байран дээр архи уулаа гээд цагдаа дуудсан. Бас би өмнөх өдөр нь Э-д зодуулсан байсан болохоор Т эгч Э-г чи архи уухаараа хүн зоддог гээд цагдаа дуудсан... Намайг Э маргалдаж байгаад уурлаад зодсон. Э миний зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн. Миний нүүр рүү 4-5 удаа гараа зангидаж байгаад цохисон...” гэжээ. /хх-42-43/,

Гэрч Р.Т-н мэдүүлэгт:  “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг өнгөрч байхад баригдаж байгаа барилга дээрээ очсон чинь барилга дотроосоо цоожтой байхаар нь хаалгыг нь нүдэж байгаад орсон чинь Сарангэрэл, Э 2 орон дээрээ сууж байсан. Сарангэрэл нь зодуулсан шинжтэй нүүр нь хөхөрсөн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад архи уугаад маргалдаад үл ойлголцол гараад маргалдсан гэж хэлсэн. Тэгээд би надаас уучлалт гуйгаад ажлаа хийнэ Сарангэрэл бид 2 эвлэрсэн гэж хэлэхээр нь би ажлаа хийгээрэй гэж хэлээд явсан. Ажлын чөлөөгөөрөө залгаж Э-с нь асуухад Э нь ажил дээрээ ажлаа хийж байна гэсэн. Тэгээд өдөр 14 цаг өнгөрөөгөөд баригдаж байгаа барилга дээрээ очиход Сарангэрэл, Э 2 байхгүй байсан. Тэгээд би баригдаж байгаа барилгын 2 давхрыг өөр хүмүүсээр засуулж байсан болохоор тэр хүмүүс рүү залгаж нэг давхрын эхнэр нөхөр 2 ирсэн үү гэж асуухад харагдаагүй гэж хэлсэн. Тэгээд залгаж хаана байна гэж асуусан чинь ажил дээрээ байна гэж хэлэхээр нь би ажил дээр чинь ирсэн байна та 2 алга байна гэж хэлсэн чинь утсаа тасалчихсан. Тэгээд утас нь холбогдохгүй байхаар нь 2 давхрын засал хийж байгаа залуугаас барилга дээр ирвэл хэлээрэй гэж хэлсэн чинь орой 17 цаг өнгөрч байхад заслын залуу залгаад эхнэр нөхөр 2 ирсэн. Ногоон өнгийн машинаар хүргүүлж ирсэн гэж хэлэхээр нь барилга дээр очоод Сарангэрэл Э 2-той уулзсан чинь Э нь уурлаад агсан тавих гээд байхаар нь цагдаад дуудлага өгнө гэж хэлсэн чинь уурлаад байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. /хх-45-46/,

Гэрч И.Б мэдүүлэгт: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед баригдаж байгаа барилга дээрээ очсон чинь Э, Сарангэрэл 2 барилга дээр ажлаа эхлээгүй байсан. Намайг барилга дээр очиход эхнэр С-н нүүр нь хавдсан байхаар нь та 2 юу болсон юм бэ С-н нүүр яасан юм бэ гэж асуусан чинь энэ бол гэр бүлийн асуудал гэж Э хэлсэн. С-с Э яасан юм гэж асуусан чинь бид 2-ын гэр бүлийн асуудал гэж хэлсэн...” гэжээ. /хх-51-52/,

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.С-н биед тархи доргилт, зүүн талын 5, 6, 7-р хавирганы хугарал, толгой, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 талын мөр, бугалга, шуу, баруун гарын 1, 2, 3-р хуруу, зүүн сарвуунд зулгаралт. 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Э.С-н биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Э.С-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх-22-23/,

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.С-н биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний угт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Э.С-н биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-54-55/,

Аюулын өндөр зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-33-34/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-65/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66/,

“Нинж ачлал” клиник ХХК-ийн тодорхойлолт /хх-67/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. /хх-68/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл мэдээлэл /хх-69-70/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-71-72/,

Банк түүний харилцагч нарийн талаарх мэдээлэл /хх-74-79/,

“Нинж ачлал” клиник ХХК-ийн тодорхойлолт /хх-81/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э-н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э-д  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Э-н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  Б.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талд баригдаж байгаа 2 давхар барилга дотор  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь Э.Сарангэрэл  “...салсан эхнэр чинь утсаар залгалаа...” гэснээс хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж хохирогч Э.С-н нүүр рүү гараа зангидан  4-5 удаа цохиж, зүүн талын гуя руу нь өшиглөж биед нь халдан, түүний эрүүл мэндэд баруун нүдний доод зовхи, зүүн нүдний угт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 02 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талд баригдаж байгаа 2 давхар барилга дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Э.С-г “амнаас болж надад зодуулдаг гэж хэлээд хохирогч Э.С-н нүүр болон цээж, хөл, өгзөг рүү өшиглөж, түүний биед халдан, биед нь тархи доргилт, зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, толгой нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 талын мөр, бугалга, шуу, баруун гарын 1, 2, 3 дугаар хуруу, зүүн сарвуунд зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.С-н мэдүүлэг /хх-13-14, 15-16, 42-43/, гэрч Р.Т-н мэдүүлэг /хх-20, 45-46/, гэрч И.Б мэдүүлэг /хх-51-52/, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай шинжээчийн: Э.С-н биед тархи доргилт, зүүн талын 5, 6, 7-р хавирганы хугарал, толгой, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 талын мөр, бугалга, шуу, баруун гарын 1, 2, 3-р хуруу, зүүн сарвуунд зулгаралт. 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Э.С-н биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Э.С-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-22-23/, шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн: Э.С-н биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний угт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Э.С-н биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-54-55/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч Э.С-н биед учирсан хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтлүүд нь  шүүгдэгч Б.Э-н  гэм буруутай хэд хэдэн удаагийн үйлдлээс учирсан гэж үзэхээр байна. 

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд заасан ба шүүгдэгч Б.Э нь хохирогч Э.С-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэрэглээгүй үедээ таарамжгүй харьцаа үүсгэн бие  махбодид нь халдаж зодсныг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.

Байнга гэдэг бол тооны ойлголтоос гадна, хуулийн ойлголт ба эрүүгийн эрх зүйд гурав ба түүнээс дээш давтагдсан, ирээдүйд давтагдах шинжтэй үйлдлийг ойлгохоор тодорхойлсон.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч, хамтран амьдрагч Э.С-н бие махбодид 2021 оны 01 дүгээр сарын 20, 2021 оны 02 дугаар сарын 13, 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд нийт 3 удаа зодсон болох нь гэрч Р.Т, хохирогч Э.Сарангэрэл, гэрч М.Б,  хохирогч Э.Сарангэрэл  нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ /хх-33-34, 71-72/, цагдаагийн байгууллагын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “...манай хамтран амьдрагч Э нь намайг удаа дараа зодсон...” гэх холбоо мэдээллийн хэрэгслээр өгсөн тэмдэглэл /хх-8/, мөн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн  Р.Т-н “...эхнэр, нөхөр хоёр согтуу байна эхнэр нь зодуулсан байна...” гэх холбоо мэдээллийн хэрэгслээр өгсөн тэмдэглэл /хх-38/ зэргээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хамтран амьдрагч” гэж тодорхойлсон.

Хохирогч Э.С-н “...Э бид 2 хамтран амьдраад 7 сар болж байна бид хоёрын дундаас хүүхэд гараагүй” гэх мэдүүлэг /хх-13-14/, шүүгдэгч Б.Э-н “Сарангэрэл бид хоёр 2020 оны 08 дугаар сараас хойш хамт амьдрах болсон” /хх-48-49/  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болох нь тогтоогдож байна.  

Хохирогч Э.Сарангэрэл нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд “...480.000 төгрөг бэлнээр хохирогчид төлсөн...” гэх тайлбар, мэдүүлэг гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Э.С-н бие эрх чөлөөнд байнга халдан зодож  буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Б.Э нь ............................. зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар маргаж, мэтгэлцээгүй. 

Улсын яллагч  дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хөнгөн ялыг хүнд нь нэмж нэгтгэн 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор буюу 60 хоногоор тооцож, нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Б.Э нь  Хөдөлмөр нийгмийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаартай амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох нь тогтоогдож улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байгаа учраас улсын яллагчийн гаргасан 900.000 төгрөгийн торгох ялыг  эдлэх боломжгүй. Мөн шүүгдэгч Б.Э-н хувьд оршин суух тодорхой хаяг нь Улаанбаатар хотод байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй. Оногдуулах боломжтой ял нь нийтэд тустай ажил хийлгэх ял байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн хувьд ялаас чөлөөлөх, эсвэл 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан. 

Шүүх шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгдэгч Б.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000  төгрөгийг хорих ялын 1  хоногоор тооцон 70  хоног буюу 2 сар 10 хоног хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Э-н нийт эдлэх ялыг 8  сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авч ял шийтгэл оногдуулах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Э-н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Улсын яллагчийн гаргасан санал болон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг,  мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг 1.050.000 /нэг сая тавин мянга/  төгрөгөөр тогтоож, тус ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцон 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хорих хөнгөн ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Э-н нийт эдлэх ялыг 8  /найм/ сар 10 /арав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Хохирогч Э.Сарангэрэл нь шүүгдэгч Б.Э-с хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ