Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 218

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ67020501, Цэдэрхий зуутраг овогт Тогтохын Жавзангийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Жавзан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Т.Жавзан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. Би 1986 оноос 1990 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй, архиваас баримтуудаа шүүлгэхэд жил дутуу гарсан мөн сумын контор шатсан тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оноос 1990 оныг дуустал малчнаар ажилласан байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Дарьсүрэн, Ш.Оюунхүү нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Т.Жавзан нь 1986 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Тогтохын Жавзангийн 1986 он, 1988 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

        Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн захиргаанаас Т.Жавзанд 1986 оны 2 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Цог нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар Орлого бригадад малчнаар ажиллуулав, мөн түүний 1986 оноос 1990 оныг дуустал ажилласан хоног, авсан цалин хөлс бичигджээ”.

     Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Дарьсүрэн, Ш.Оюунхүү нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Дарьсүрэн “Миний бие нь 1972 оноос 1992 он хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллах байхад Т.Жавзан 1986 оноос 1990 он хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Т.Жавзан нь голдуу хонь малладаг байсан. Тухайн үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй, Гомбосүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ш.Оюунхүү “Миний бие нь 1978 оноос 1992 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг Цог нэгдэлд ажиллах байхад Т.Жавзан нь 1986 оноос тус нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Т.Жавзан нь голдуу хонь малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 332 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолтод Т.Жавзангийн 1986, 1990 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалин бичигдээгүй боловч нэхэмжлэгч нь дээрх онуудад ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал болон гэрч Д.Дарьсүрэн, Ш.Оюунхүү нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон гэж үзнэ.

      Нэхэмжлэгч Т.Жавзан нь 1986 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд  малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн захиргаанаас түүнд 1986 оны 2 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Дарьсүрэн, Ш.Оюунхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

      Иймд нэхэмжлэгч Т.Жавзангийн хүсэлтийг хангаж, түүний 1986 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 5 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

    Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Цэдэрхий зуутраг овогт Тогтохын Жавзангийн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 5 /тав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.   

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Т.Жавзангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ