| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2021/0050/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/52 |
| Огноо | 2021-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/52
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.О,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овгийн Б-н О-д холбогдох 2128000310027 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ..................................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 12 дугаар сард Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар баг Ногоочдын 2-27 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.О-н биед халдан нүүр хэсэгт алгадсан, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.
Хохирогч А.О-н мэдүүлэгт: 2021.02.01-ний орой 21 цагийн үед би Отай маргалдсан чинь О гэрээс гараад явсан. Тэгээд үүрээр 04 цагийн үед би охин Хувьзаяа 7 настай, манай хүү Төрмөнх 3 настай хүүтэйгээ унтаж байсан чинь О ирээд гэрийн үүд нүдээд байхаар нь хаалгаа нээхгүй байсан чинь О гэрийн хаалганы цүүг татаад хаалганы цүү эвдээд ороод ирсэн. О ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд би О-г согтуу ирлээ гээд Отай маргалдаж байсан чинь О гэрийн зүүн талд байсан хоолны шкабнаас заазуур аваад над руу далайсан. Тэгээд над руу далайж байгаад заазуурны ишний ар талаар нь миний зүүн нүдний дээд хэсэг рүү цохичихсон. Тэгээд би доошоо суугаад газар байсан таавчиг аваад О-г цохиж байсан чинь манай том охин Хувьзаяа сэрээд уйлаад байсан. Тэгээд би гар утсаа аваад дүү охин руугаа залгаж хэлнэ гэсэн чинь миний гар утсыг аваад үүд рүү шидчихсэн. Тэгээд би О-г хөөсөн чинь явахгүй байсан. Тэгээд цагдаа дуудна гэсэн чинь айгаад цүнхтэй хувцсаа аваад гэрээс гараад явсан. О-г гэрээс гараад явсны дараа би гар утсаа эвлүүлээд цагдаад дуудлага өгсөн гэжээ. /хх-15-16/,
Хохирогч А.О-н мэдүүлэгт: О бид 2 гэр бүлийн асуудлаас болж маргалдаад надад гар хүрдэг байсан. Миний санаж байгаагаар 2020 оны 12-р сарын 20-ны үеэр байх О бид 2 гэртээ байсан чинь Туул хөдөөнөөс аав нь өвдсөн гэж аймагт ирээд хэд хонож байгаад манайд ирээд намайг хамт гаръя хүнтэй уулзаад ирье гэхээр нь би хамт гарах гэсэн чинь О уурлаад гэрээс гаргахгүй гээд О бид 2 маргалдсан. Тэгээд О миний нүүр рүү гараараа 2 удаа алгадсан. Тэгээд би уурлаад Туултай хамт гэрээс гараад би сайн танихгүй Туулын таньдаг айлд хөдөөнөөс юм ирсэн гээд хамт очоод авч байсан чинь О араас залгаад хаана байгаа юм гээд амраахгүй байхаар нь би хаягаа хэлсэн чинь нөгөө айлд О хүрээд ирсэн. Тэгээд О бид 2 гэртээ харьсан. 2021 оны 01-р сарын эхээр байсан байх өдрийг нь мэдэхгүй байна орой 20 цагийн үед байх Туул манай гэрт ирээд бид 2 лаазтай пиво уугаад сууж байсан чинь О гаднаас орж ирээд уурлаад байсан. Тэгээд би хоолоо ид гэж О-д хэлсэн чинь хоолоо идчихсэн. Тэгээд Туул надад 2-уулаа гэрээс гарч дэлгүүр ороод ирье гэж хэлэхээр нь би хамт гарах гэсэн чинь О гаргахгүй гэж уурлаад миний куртикнээс зуурч байгаад урчихсан. Тэгээд би гэрээс гараад Туулыг тамхи татахад нь хань болоод зогсож байсан чинь О гэрээс хутга бариад гарч ирээд над руу далайх шиг болохоор нь би гэр рүүгээ орчихсон. Тэгсэн чинь Туул цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд О-г эрүүл байсан болохоор ахиж ийм үйлдэл гаргаж болохгүй гэж хэлээд цагдаа руу аваад явсан. Тэгээд 2 цагийн дараа О эрүүл байсан болохоор эрүүлжүүлэхэд ороогүй хүрээд ирсэн. Тэгээд 2021 оны 02-р сарын 01-ний өдөр надтай муудаад гэрээс гарч Далангийн гол дээр очиж архи уусан гэсэн гэжээ. /хх-19/,
Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.О-н биед тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-9-10/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-7-8/,
Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-41-45/,
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-46/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-47/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/,
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-55/,
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-59/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл мэдээлэл /хх-61/,
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-69/,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэд гаргасан “Б.О миний бие хамтран амьдрагч болох эхнэр О-н бие эрх чөлөөнд халдсан нь үнэн болно. О миний бие эхнэр Оээс уучлалт гуйж эвлэрч одоо хэрүүл маргаангүй амьдарч байна. Би ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж харамсаж байна. Би ахин ийм үйлдэл гаргахгүй амлаж байна. Иймд Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-72/,
Хохирогч А.О-н “А.О миний бие хамтран амьдрагч болох нөхөр О-д зодуулсан нь үнэн болно. Манай нөхөр надаас уучлалт гуйж надад учруулсан хохирлоо барагдуулсан бид 2 эвлэрч одоо хэрүүл маргаангүй амьдарч байна. Би нөхөр О-д ямар ч гомдол санал байхгүй. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт /хх-73/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай прокурорын тогтоол /хх-74-75/,
Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-79/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О-г гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.О-г нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хх-72,73/ гаргаж 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай прокурорын тогтоол /хх-74-75/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 12 дугаар сард Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар баг Ногоочдын 2-27 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.О-н нүүр хэсэгт алгадсан,
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч А.О-н гар, нуруу, цээж хэсэг рүү гараараа, заазуурны ишний ар талаар зүүн нүдний дээд хэсэг рүү цохиж биед нь тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.О-н мэдүүлэг /хх-15-16, 19/, шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн: А.О-н биед тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-9-10/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-7-8/, шүүгдэгч Б.О-н үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хамтран амьдрагч гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.О нь А.О-тэй гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч 2020 оны 09 дүгээр сараас хойш хамтран амьдарсан болох нь хавтаст хэргийн 3-4 дугаар талд авагдсан хохирогч А.О-н мэдүүлэг, хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан гэрч Б.О-н мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч Б.О нь хохирогч А.О-г гэрээс гарч гадуур гарах шалтгаанаас болж маргалдан улмаар хохирогч А.О-н нүүр хэсэгт 2020 оны 12 дугаар сард Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар баг Ногоочдын 2-27 тоотод орших гэртээ алгадсан, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.О-н гар, нуруу, цээж хэсэг рүү гараараа, заазуурны ишний ар талаар зүүн нүдний дээд хэсэг рүү тус тус цохиж бие эрх чөлөөнд нь халдаж хохирогч А.О-н эрүүл мэндэд тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байх тул бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.О-н үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Б.О миний бие хамтран амьдрагч болох эхнэр А.О-н бие эрх чөлөөнд халдсан нь үнэн болно. Миний бие эхнэр А.Оээс уучлалт гуйж эвлэрч одоо хэрүүл маргаангүй амьдарч байна. Би ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж харамсаж байна. Би дахин ийм үйлдэл гаргахгүй амлаж байна. Иймд миний холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-72/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.О нь Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.О шүүгдэгч Б.Оаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Б.О нь хохирогч А.О-н бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.О нь хувийн байдлын хувьд .............................. зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Б.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь
хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Б-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.О нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хохирогч А.О нь шүүгдэгч Б.Оаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ